| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04882/И |
| Дугаар | 192/ШШ2026/00814 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 192/ШШ2026/00814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: дүүрэг, дүгээр хороо, Хл тоот хаягт оршин суух ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Их монгол улсын гудамж, тоот хаягт байрлах ******* ХХК /РД:/-д холбогдох
Цахилгаан дамжуулах 0.4 кв агаарын шугамыг татан буулгуулж, газар ашиглалтын төлбөр 152 015 388 төгрөг, сэтгэл санааны хохирол болон хаалга эвдэлсэн төлбөр 2 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үнэ 230 000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлсэн зардал 137 000, нийт 154 882 388 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн өмгөөлөгчшүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ч.Наранбаяр нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Цахилгаан дамжуулах 0.4 кв агаарын шугамыг татан буулгуулж, газар ашиглалтын төлбөр 152 015 388 төгрөг, сэтгэл санааны хохирол болон хаалга эвдэлсэн төлбөр 2 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үнэ 230 000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлсэн зардал 137 000, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нийт 157 382 388 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөгөөс татгалзаж, 154 882 388 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ч.Наранбаяр миний бие 2022.08.23-ны өдрийн А/563 тоот захирамжаар 1333110384 нэгж талбартай 699 метр квадрат талбайтай газрын******* дугаартай эзэмшигч. Гэтэл Жи эм ти зэт ХХК нь зөвшөөрөлгүй 380 вольт өндөр хүчдэлийн агаарын дамжуулах тулгуурыг 2023 оны 05 дугаар сард босгосонд миний бие 2024.05.08-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргахад шүүхэд ханд гэсэн тул Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид 2024.05.01-ний өдөр амаар, 2024.06.07-ны өдөр бичгээр хүсэлт гаргаснаар тодруулга өгөөд Улаанбаатар дулааны цахилгаан түгээх сүлжээ компани нь Жи эм ти зэт ХХК-д 2024.06.06-ны өдөр албан бичгээр шаардсан ч тулгуурыг буулгаагүй тул нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчаас эзэмшлийн хамгаалалтын зурвас зөрчиж байрлуулсан 152 015 388 төгрөг нь талбай ашиглалтын хохиролд гаргуулна. Энэ төлбөр нь эрчим хүчиний хамгаалалтын зурвасны хэмжээгээр 1-1,5 м тооцож төлбөрийг тооцно гэдгийг үндэслэсэн. Цахилгаан дамжуулах шугамаас 2 тийш 1 метрээр аваад 1 м.кв 165 775 төгрөгөөр 699 мкв талбайгаар үржүүлсэн. Хамгаалалтын зурвас 21,83 мкв-ын өргөнтэй, бөгөөд 2 тийш нь 1 м, нийтдээ 43.66 мквыг 165 775 нийт 7 238 828 төгрөг болно. Үүнийг нийт хугацаа болох 21 сараар үржүүлээд 152 015 388 төгрөг болж байгаа тул миний эзэмшлийн газрыг ашигласан гэх үндэслэлээр гаргуулахаар шаардаж байна. Өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөгөөс татгалзаж болно. Сэтгэл санааны хохирол 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд 2 500 000 төгрөгийн 754 000 төгрөг нь хаалга эвдэлсэн бөгөөд шинэ хаалга хийлгэсэн төлбөр юм. Нэмээд үнэлгээ 230 000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлсэн баримтын зардал 137 000, нийт 154 882 388 төгрөг гаргуулахаар шаардаж байна. 2024.09.17-ны өдөр хариуцагч шонгоо авсан боловч цахилгаан дамжуулах утсаа үлдээсэн. 2024.06.07-ны өдөр цахилгаан түгээх компанид хандсан. 2025.04.28-ны өдөд тогийг нь тасалсан гээд надад бичиг хийж өгсөн. 1-1.5 метрийн зайтай байх заалтыг зөрчсөн байх тул чөлөөлсөн гэсэн боловч 2025.06.05-ны өдрөөс 2025.06.07-ны өдрийн хооронд хариуцагч авсан гэв.
2. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбар гаргаж байна. Үүнд: Тус шүүхэд хянагдаж буй иргэн Ч.Наранбаярын нэхэмжлэлтэй "Жэй Эм Ти Зэт" ХХК-д холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ч.Наранбаяр нь хариуцагч Жэй Эм Ти Зэт" ХХК-д холбогдуулан ашиглалтын төлбөр төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь манай компани 380В өндөр хүчдэлийн агаарын дамжуулах тулгуур баганыг 2023 оны 05 сард Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн 15/05437/22 тоот техникийн нөхцөлийн дагуу "Геолайн" ХХК-иар 380В цахилгааны дамжуулах агаарын шугамын тулгуурын солбицлын цэгүүдийг гүйцэтгүүлж тус солбицлын дагуу цахилгааны дамжуулах агаарын шугамын тулгуурыг босгосон. Тухайн үед цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг аливаа иргэн, хуулийн этгээдийн хашаанд босгосон зүйл байхгүй болно. Гэтэл тус цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг босгосны дараа нэхэмжлэгч Ч.Наранбаяр тулгуурыг тойруулж хашаа бариад миний хашаанд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур босгосон байна гэх гомдол хэлсэн учир манай компани 2024 оны 07 сард дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг буулгасан билээ. Хариуцагчийн газрын үнэд жилд 9 000 төгрөг төлдөг байна. Иймд газрын татварт жилд 9 000 төгрөг төлдөг атлаа газраасаа ч үнэтэй 152 015 388 төгрөгийн нөхөн төлбөрийг биднээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Тоо тооцооллын хувьд 43.66 м.кв газрыг ашигласан гэх тооцооллын хувьд тухайн газрын хэмжээг хэрхэн тодорхойлсныг шүүх анхаарна уу. Хамгаалалтын зурвас хааш хаашаа 1 метр байна гэж нэхэмжлэгч тайлбарлаад 21,83х1 метр гэж тодорхойлох боловч хаанаас аль хүртэл газрын хэмжээг тооцоод байгаа нь тодорхойгүй. 21.83 метрыг хааш хааш нь 2 метр хамгаалалтын зурвас гэж тодорхойлоод 2-оор үржиж 43,66 мкв *165 775 төгрөгөөр тооцож, нийт 7 238 828 төгрөг гэж шаардлагаа тодорхойлсон юм байна. Хэдэн метр квадрат талбайг ашигласан гэж үзэхдээ юуг үндэслээд байгаа нь тодорхойгүй. 7 238 828 төгрөг нь 1 сар агаарын шугам байрлуулсны төлбөр гэж тайлбарлаад байна. Агаарын шугамны хөл байрласны төлөө аж ахуй нэгж сар тутам 7 238 828 төгрөг төлөхөөр бол аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаа алдагдах тооцоолол юм. Нэхэмжлэгч газраа ашиглах боломжгүй ямар нөхцөл байдал үүссэн бэ. Нэхэмжлэл газраа тасралтгүй ашиглаж байсан уу гэдэг асуудал яригдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуугдаж, сайтад үзлэг хийсэн бөгөөд агаарын шугам босгох хөлийг байрлуулахад тухайн газар ямар нэгэн хашаалсан нөхцөл байгаагүй. 2025.05.30-ны өдрийн байдлаар харахаар хашаалаад онгорхой байсан газрыг битүүлээд байшин барьсан болох нь харагдана. Энэ нь байшингаас шугамны хөл 1 метрээс хэтэрсэн байдалтай байна. Шугам нэхэмжлэгчийн газар дээр байрлаагүй. Хууль зүйн үндэслэлийн хувьд 2024 онд нэхэмжлэгчийн шаардлагын хамгаалалтын зурвас зөрчсөн байхыг үгүйсгэхгүй гээд авсан. 2 дахь шаардлагын хувьд сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлын хувьд агаарын шугам түүний хөлийг нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын ойролцоо босгосноор нэхэмжлэгчийн сэтгэл санаанд хохирол ямар хохирол учирсан нь тодорхойгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д гаргасан хүсэлт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2024.05.01-ний өдрийн зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2024.06.06-ны өдрийн 31/172 тоот албан бичиг, 0000146469 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, фото зургийн хуулбар, Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ийн 2024.07.18-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 1333110384 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, фото зураг, 2024.06.14-ний өдрийн гүйлгээний баримт, 2025.03.31-ний өдрийн гүйлгээний баримт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2025.04.28-ны өдрийн албан бичиг, газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт, 2024.12.17-ны өдрийн 5771 дугаартай орон сууц хөлслөх гэрээ, Ч.Наранбаярын Голомт банк ХК-ийн 1701115508 тоот дансны 2024.12.17-ны өдрөөс 2024.12.18-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, Ү-2204131545 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 38 дугаар хороо, Улаанхуаран, цагдаагийн академийн гудамж, 304 байр, зоорийн давхрын А22 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.04.05-ны өдрийн 0942 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, Ч.Наранбаярын Хаан банк ХК-ийн 5107068087 тоот дансны 2023.08.04-ний өдрөөс 2025.05.21-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, Ч.Наранбаярын Голомт банк ХК-ийн 1701115508 тоот дансны 2025.02.04-ний өдрөөс 2025.04.05-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, Ч.Наранбаярын Голомт банк ХК-ийн 1701115508 тоот дансны 2025.04.05-ны өдрийн дансны хуулга, Ч.Наранбаярын Хаан банк ХК-ийн 5107068087 тоот дансны 2023.09.27-ны өдрөөс 2025.06.19-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 2-33, 59-60, 67-72,*******6-117, 153, 155, 164-173, 180 тал/
4. Хариуцагчаас: Хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2022.10.31-ний өдрийн 15/05437/22 дугаар техникийн нөхцөл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 44-45, 245-246 тал/
Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч Ч.Наранбаяр нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Цахилгаан дамжуулах 0.4 кв агаарын шугамыг татан буулгуулж, газар ашиглалтын төлбөр 152 015 388 төгрөг, сэтгэл санааны хохирол болон хаалга эвдэлсэн төлбөр 2 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үнэ 230 000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлсэн зардал 137 000, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нийт 157 382 388 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөгөөс татгалзаж, 154 882 388 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Хариуцагч нь миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн******* дүгээр хороо, хөлийн голын******* тоот хаягт байрлах газар дээр миний зөвшөөрөлгүйгээр 380 вольтын өндөр хүчдэлийн агаарын дамжуулах тулгуурыг 2023 оны 05 дугаар сард босгож цахилгааны утас татсан. Иймд цахилгааны утас татсан газрын уртын хэмжээ болох 21.83 метрын уртыг өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас шугамнаас хоёр тийш 1-1.5 метр байх ёстойг харгалзан ашиглах бооломжгүй болсон газрын хэмжээг 21.83 метрийг 2 дахин үржүүлж 152 015 388 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. Гаргасан тооцооллын хувьд өөрийн эзэмшлийн газрын зах зээлийн үнэлгээнд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд*******5 877 000 төгрөгөөр тогтоосон. Энэ үнийн дүнг газрын нийт хэмжээ болох 699 мкв талбайд хуваахад 1 мкв талбайн үнэ 165 800 төгрөг болно. 165 800 төгрөгийг цахилгааны шон татаж тулгуур босгосны улмаас ашиглах боломжгүй болсон талбайн урт 43.66 метрээр үржүүлж, 2023 оны 5 дугаар сараас 2025 оны 4 дүгээр сар хүртэл нийт 29 сарын хугацаагаар үржүүлж 152 015 388 төгрөгийг тооцоолон гаргасан. /21.83*2=43.66*165 800=7 238 828*29 сар/ Үүнээс тулгуураа буулгахдаа миний эзгүйд манай хашааны хаалгыг эвдэлж ороод буулгасан байсныг 754 000 төгрөгөөр шинэ хаалга хийлгэсэн тул уг зардлыг, тухайн үйл явдаас улбаатай сэтгэл санааны хохирол учирч, гарсан хог хаягдлыг цэвэрлэх зэрэг зардал гарсан тул 1 746 000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд, газрын үнэлгээ хийлгэсэн төлбөр 230 000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргах баримт бүрдүүлсэн зардал 137 000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй. Өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөгөөс татгалзаж байна гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд цахилгааны шугам татаж, тулгуураа босгосон газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар мөн эсэх нь хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдохгүй, маргаан бүхий шугамыг тавих үед нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх газрыг хашаалаагүй, гудамж байсан болох нь агаар сансрын зураг болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Газрыг үнэлсэн үнэлгээ үндэслэлгүй, өөрөөр хэлбэл газрын дуудлага худалдааны анхны үнэ нь 7 000 000 төгрөг, жилд татварт 9000 төгрөг төлдөг атал үндэслэлгүй өндөр үнээр газрын үнэлгээг нэхэмжлэгч тодорхойлж байна. Мөн ашигласан гэх газрын хэмжээг 41.66 метр гэж тооцож байгаа тооцоолол нь үндэслэлгүй, Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг нь бичгийн баримтаар тогтоогдохгүй тул бүхэлд нь эс зөвшөөрнө гэж тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4-т дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 Баянзүрх дүүрэг,******* дүгээр хороо,*******-3, 39 тоот хаягт байрлах 1333110384 дугаар бүхий 699 метр квадрат газрыг гэр орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгож, кадасрын зурагт газрын урт өргөний хэмжээ 21.83*32.63*20.12*24.17 гэж тэмдэгдэгдсэн, /хх 10,******* тал/
4.2 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ашиглалт засвар зүүн төвийн 2024.06.06-ны өдрийн 31/172 тоот албан бичгээр ******* ХХК нь 2023 оны 05 дугаар сард шинээр цахилгаан дамжуулах агаарын шугам татах явцдаа иргэн Ч.Наранбаярын хувийн эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүй тулгуур босгосон тул тулгуурыг Ч.Наранбаярын эзэмшлийн хашаанаас гаргах тухай албан бичгийг хүргүүлсэн, /хх 9 тал/
4.3 Арвижих эстимейт үнэлгээ ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг,******* дүгээр хороо,*******-3, 39 тоот хаягт байрлах гэр орон сууцны хашааны зориулалттай газрын эзэмших эрхийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг*******5 877 000 төгрөгийн үнэтэй байх боломжтой болохыг тодорхойлж, Ч.Наранбаяраас 230 000 төгрөг хүлээн авсан бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн, /хх 15-33 тал/
4.4 Ч.Наранбаярын Хаан банк ХК-ийн 5107068087 тоот данснаас 2023.09.27-ны өдөр 750 000 төгрөгийг хаалга урьдчилгаа гэх гүйлгээний утгаар, 2024,07,22-ний өдөр 230 000 төгрөгийг газрын үнэлгээний төлбөр гэх утгатай зарлагын гүйлгээ тус тус хийгдсэн, /хх 34, 180 тал/
4.5 Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2025.04.28-ны өдрийн 01/1083 тоот албан бичгээр Ч.Наранбаярын эзэмших эрхтэй Баянзүрх дүүрэг,******* дүгээр хороо,************** тоот хашаагаар ******* ХХК нь 380 В-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татахдаа эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2 дахь 1Кв хүртэл цахилгаан дамжуулах шугам нь хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 1-1.5 метр байна гэх заалтыг зөрчсөн тул тус цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлээс чөлөөлсөн талаар мэдэгдсэн, /хх153 тал/
4.6 ******* ХХК-д 2022.10.31-ний өдөр 15/05437/22 дугаартай Баянзүрх дүүргийн******* дүгээр хороо,******* гудамж 216 тоот хаягт байрлах, 2022.09.21-ний өдрийн 000119309 тоот гэрчилгээ бүхий газарт шинэ холболт хийх техникийн нөхцөл олгогдсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 245-246 тал/
5. Зохигч цахилгааны шугам татаж, тулгуур босгосон газар нэхэмжлэгч Ч.Наранбаярын эзэмшлийн газар мөн эсэх, нэхэмжлэгч газар ашигласны төлбөр шаардах эрхтэй эсэх, улмаар түүний зөвшөөрөлгүй газар ашигласны улмаас учирсан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй эсэхэд маргаантай, харин 2025 оны 5 дугаар сард агаарын шугамыг буулгасан үйл баримтад маргаангүй.
6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгч Ч.Наранбаяр нь 4.1 Баянзүрх дүүрэг,******* дүгээр хороо,*******-3, 39 тоот хаягт байрлах 699 мкв хэмжээ бүхий газрын хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдох бөгөөд түүний эзэмшил газарт түүний зөвшөөрөлгүйгээр ******* ХХК нь өөрийн эзэмшлийн цахилгааны шон байрлуулж, утас татсан болох нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ашиглалт засвар зүүн төвийн 2024.06.06-ны өдрийн 31/172 тоот цахилгааны шугамыг чөлөөлөх агуулгатай албан тоот, 2025.04.28-ны өдрийн 01/1083 тоот цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлээс чөлөөлсөн талаар мэдэгдсэн албан бичиг зэргээр нотлогдож байна.
Хэрэгт авагдаж, үзлэгээр баталгаажуулсан агаар сансрын зургаас үзэхэд зохигчдын эзэмшлийн газар нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заасан хөрш залгаа эд хөрөнгө байх ба Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Хөрш залгаа газрыг эзэмшигч нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болох барилга байгууламжийг газар дээр буюу доор барих, ашиглахыг хориглон нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий цахилгааны шонг буулгахын хариуцагчид даалгах шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий шонг буулгасан нөхцөл байдал тогтоогдож байх тул тухайн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7. Газар ашигласан төлбөр 152 015 388 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2-т Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Хариуцагч маргаан бүхий газарт цахилгааны шон татах үед хашаалаагүй гудамж байсан гэж маргах боловч хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээр үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагч тал Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д заасан үндэслэлээр маргаагүйг нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 2023 оны 5 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цахилгааны шугамыг байрлуулсан үйл баримттай харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийг нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.
Тодруулбал, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1-д хамгаалалтын зурваст инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, авто замын гарц гаргах, газар шорооны ажил гүйцэтгэхдээ эрчим хүчний сүлжээ эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг авсан байна гэж, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2-т Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 1-1.5 метр зайтай байхаар тусгасан байна.
Иймд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газрын зах зээлийн үнэлгээг*******5 877 000 төгрөгөөр шинжээчээр тогтоосныг үндэслэн газрын өргөний хэмжээ болох 23.83 метрыг шугамын захын утаснаас хоёр тийш 1-1.5 метр зайтай байх журамд нийцүүлэн 2 дахин үржүүлж, 43.66 метрийг нэгж метр кв талбайн үнэлгээ болох 165 800 төгрөгөөр тооцож, нэг сарын нөхөн төлбөрийн хэмжээг 7 238 828 төгрөгөөр тогтооснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Харин ашигласан гэх 29 сарын хугацаагаар нөхөн төлбөрийн хэмжээг тооцох нь нэг удаагийн нөхөн төлбөрийг харилцан тохиролцох хөршийн харилцааг зохицуулсан хуулийн зарчимд нийцэхгүй тул газар ашигласны төлбөрт 152 015 388 төгрөг гаргуулах шаардлагаас үлдэх 144 776 560 төгрөгийг хэрэгсэхгүй болгоно.
8. Үнэлгээ хийлгэсэн төлбөр 230 000 төгрөг, баримтын зардал 137 000 төгрөг, хаалганы үнэ болон сэтгэл санааны хохирол 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.
Гэм хорын хохирлыг хариуцан арилгах хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.
Иймд үнэлгээний төлбөр 230 000 төгрөгийг эрх зөрсөний улмаас учирсан хохирол гэж үзэж хангахаар шийдвэрлэв.
Харин сэтгэл санаа болон хаалга эвдэлсний улмаас шинээр хийлгэсэн зардал 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хаалга эвдэрсэн эсэх, эвдэрсэн бол тухайн үйл баримт нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх нь бичгийн баримтаар тогтоогдохгүй гэх үндэслэлээ, сэтгэл санааны хохиролыг хариуцагч ийнхүү цахилгааны шугам татсаны улмаас нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учирсан гэх үндэслэл нь эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах хуульд тусгайлан заасан тохиолдолд хамаарахгүй гэх үндэслэлээр, шүүхэд баримт бүрдүүлсэн зардал 137 000 төгрөг нь нэхэмжлэгч өөрөө шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.
9. Нэхэмжлэгч өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын 2 500 000 төгрөгт холбогдох хэргийг, хариуцагч биелүүлсэн гэх үндэслэлээр цахилгааны шугамыг буулгахыг хариуцагчид даалгах шаардлагад холбогдох иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгов.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыцг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.2,*******6,*******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 7 468 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Наранбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 147 413 560 төгрөгийг хэрэгсэхгүй олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Наранбаяр нь өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсныг, хариуцагч ******* ХХК нь агаарын шугам буулгах шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Наранбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 218 265 /346 950+7 550+729 027+57 142+ 54 950+22 646/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч ******* ХХК-иас 134 451 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ