Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2018/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1814001300117 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Сэтгэцийн өвчтэй ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-9-33 тоотод 2018 оны 03 сарын 03-ны өдөр өөрийн төрсөн эцэг *******ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Хохирогч *******ы мөрдөн байцаалтанд өгсөн ... 2018 оны 03 сарын 03-ны өдөр 10 цагийн үед охин *******, ач охин ******* бид 3 босоод цай ундаа уучихаад зурагт үзээд сууж байсан чинь ******* гадуур гарах гээд байхаар нь чи гадуур дэмий тэнээд байна гээд хэлсэн чинь ******* нь хутга бариад хий цавчаад байхаар нь би хутгийг нь авах гэтэл миний зүүн талын тохойны дээд хэсэгт хутгалчихаар нь хөөе чи намайг алах нуу гэтэл гэрээс гараад яваад өгсөн. ******* нь хутгатайгаа гараад гүйсэн бөгөөд би араас нь гүйх гэтэл миний гарнаас цус гараад байхаар нь хажуу айл *******гийнд орж болсон явдлын талаар хэлсэн. ******* аймгийн цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. ******* нь 2-3 жилийн өмнөөс сэтгэцэнд нь өөрчлөлт орж сэтгэцийн өвчтэй болж аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналтанд байдаг. Улаанбаатар хотод сэтгэцийн эмнэлэгт 2-3 удаа хэвтэж байсан. Урд өмнө гадуур явж гадуур хоноод ганцаараа юм яриад явчихдаг бөгөөд хүнтэй юм ярихгүй 3 жил болж байгаа. Урд өмнө нь өөрийгөө боож үхнэ гэж байсан юм. Өнөөдөр би гадуур тэнээд явлаа гээд хэлсэн чинь ална шүү гээд хутга бариад намайг хутгалсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-27/,

Гэрч С.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Манайх Баянхонгор сумын Цагаан чулуут 5 дугаар багийн 9 дүгээр гудамжны 32 тоотод амьдардаг юм. 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн өглөө 10 цагийн үед гэртээ байж байгаад цонхоороо хартал манай хажуу талын айл болох 5-9-33 тоотод байх сэтгэцийн өвчтэй А гэгч нь гүйгээд гудамж уруудаад яваад өгсөн. Би юу болж байна гээд гэрээс гараад иртэл Агийн аав нь болох Ө нь хажуугийн хашаа болох 33 тоотоос зүүн талын гараа бариад гарнаас нь цус гарч даавуугаар гараа боосон байдалтай гарч ирээд манай охин А нь миний зүүн талын тохой хэсэгт хутгалчихаад хутгаа бариад гараад гүйчихлээ гэхээр нь би цагдаагийн 7044102 дугаарын утасанд дуудлага өгөөд дараа нь нэгдсэн эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа нар нь болон түргэн тусламж ирсэн ... ******* нь хашааны хаалгаар гараад гудамж уруудаад баруун тийшээ гүйгээд явсан. Манайх 2002 оноос хойш уг хашаанд буусан манай хажуу талын хашаанд Өыг амьдрах болсон бөгөөд энэ айлыг сайн танина. Ө нь өөрийн сэтгэцийн өвчтэй хүүхэдтэйгээ 2 уулаа байсан бөгөөд ******* нь 2013 оноос хойш сэтгэцийн өвчтэй болоод 5 жил болж байгаа, аймгийн нэгдсэн эмнэлэгт хяналтанд байдаг сэтгэцийн хувьд нилээн хүндэрсэн уур уцаартай байх үед хутга барьдаг урд нь алга болж байсан ... Ө ахын биед зүүн талын тохойн хэсэгт хутгалсан гэмтэл байсан өөр гэмтэл байхгүй. Би Өы гэрт орох үед хутга нь байгаагүй ******* нь хутгатай гараад гүйсэн гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-32/,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... ******* өөрийгөө ойлгуулж чадахгүй. Орчиноо заримдаа мэдэж заримдаа мэдрэхгүй байна. Хаана байгаагаа болон ямар улирал болж байгаагаа ч мэдэхгүй байдаг. Биеийн байдал ухаан санаа нь маш муу байдаг. Хүний хэлж байгаа үгийг мэдэхгүй, тоохгүй хий юмтай ярьдаг гэж дандаа хэлдэг. Хэлж ярьж байгаа зүйлийг хүлээж авах чадваргүй. Бичиг үсэг мэдэж уншиж бичиж чадах боловч ойлгохгүй. Өөрийнхөө нэрийг бол бичиж чаддаг. Өөрийн үйлдэлээ ойлгож мэдэхгүй. Уг нь дээд сургуульд сурч байсан хүүхэд байгаа юм. 2013 онд 3 дугаар курсээс эхлэн сэтгэцийн өвчтэй болсон. Энэ хүүхдэд өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Шөнө унтахгүй байнга юм оролдож байдаг юм. Аавыгаа хутгалсанаас хойш аав нь байнга *******гаас айдаг болсон. ******* уураа хүрэхээр юу байдгаа авч шидэх гээд байдаг. Эмчлүүлвэл гайгүй болох байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 187 тоот шинжээчийн … *******ы биед зүүн бугалга, баруун алганд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх зүүн бугалга, баруун алганд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн бугалагны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 44-45/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 15 тоот нарийн мэргэжлийн эмч нарын ... ******* нь сэтгэцийн хувьд байнгын дэмийрлийн байдалтай, орон зай цаг хугацааны баримжаа алдагдсан. Болсон үйл байдлыг зөв тусган авах чадваргүй. ******* нь 2013 онд Улаанбаатар хотод эхлэн Паранойд шизофрени гэсэн оношийн улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 3 удаа хэвтэн эмчилгээ хийлгэж байсан. 2014 оноос орон нутгийн сэтгэцийн эмчийн хяналтанд орсон боловч сэтгэц нөлөөт эм тогтмол уудаггүй, ар гэр асран хамгаалагчийн хяналт муу байдаг. Одоо сэттэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай ...гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 9-14/,

Эд мөрийн баримт хураан авсан прокурорын тогтоол /хх-ийн 18/,

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 63-92/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-9-33 тоотод эцэг *******ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Харин шүүгдэгч ******* нь сэтгэцийн эмгэгийн улмаас гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 15 тоот нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг хэрэг хариуцах чадваргүйд тооцож, ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагтай гэж шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь хохирол гомдолгүй тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул *******г бусдад төлөх төлбөргүйд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн модон иштэй хутгийг устгаж, хэрэгт бүтүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г хэрэг хариуцах чадваргүйд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч *******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд, албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн модон иштэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА