Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1386

 

 

Г.Ч, С.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сүрмандах /цахимаар/,

яллагдагч Г.Ч- /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

яллагдагч С.М-, түүний өмгөөлөгч Н.Болортуул,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 2025/ШЗ/6035 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагч С.М-, яллагдагч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Ч-, С.М- нарт холбогдох 2410050380082 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

Яллагдагч Г.Ч- нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.М-тэй хардалтын улмаас маргалдан биед нь халдаж баруун бугалгын гадна дээд хэсэг, баруун гуяны дотор дээд, дунд, доод хэсэг, зүүн гуяны дотор дунд хэсэгт түлэгдсэн шарх, бэлгийн зүүн их уруул, гуяны дотор дээд хэсгийг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны гол хэсэг, баруун хацрын доод хэсэг, эрүүний баруун хэсэг, эрүүний зүүн хэсэг, баруун хөхний дотор хэсэгт цус хуралт, баруун мөрний дээд хэсэг, бугалгын гадна дээд хэсэгт цус хуралт, зулгаралт, баруун бугуйн ар ба хоёр гарын сарвууны ар хэсгээр зулгаралт, баруун ташаан дээд хэсэг, гуяны гадна дунд хэсэгт цус хуралт, зулгаралт, зүүн гуяны урд дунд, гадна дунд хэсэг, баруун өвдөг, шилбэний урд дунд хэсэг, зүүн шилбэний урд доод хэсэгт цус хуралт, баруун гуяны дотор дунд урд хэсэг, хоёр хөлийн өвдөг, шагайн үе, тавхайгаар зулгаралт гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн дээрх цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.М-ийг хардалтын улмаас маргалдан, биед нь халдаж байх хугацаандаа “нүдийг чинь сохолно шүү” гэж овтерка нүд рүү чичлэх, зэвсгийн чанартай зүйл болох овтерка, чулуу, төмрийн хөрөө, тамхины асаагуур хэрэглэж овтеркоор баруун гуя хэсэг рүү 5-6 удаа, баруун булчинд 1-2 удаа хатгасан, төмрийн хөрөөний ир хэсгээр баруун, зүүн, өвдөг шилбэ рүү 9-10 удаа, иш хэсгээр толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон, “хувцсаа тайл, тайлахгүй бол ална шүү гэж” бүх хувцсыг нь тайлуулж, нүцгэн байхад нь хайрга дээр цохиж унагаах, нүцгэн биеэр нь мөсөн дээр хэвтүүлж, тамхины асаагуураар тог цохиулах, тамхины цог унтартал байлгасан, бэлэг эрхтнийг үсийг шатаах, хөхний толгой руу нь үнэртэй ус цацах" гэх мэт үйлдлээр "Заналхийлэх” гэмт хэрэгт,

Яллагдагч С.М- нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тус тус Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мэдүүлэг авах зөвшөөрөл бүхий тоот албан өрөөнд өөр өөр цаг хугацаанд 3 удаа хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ..." 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх өдөр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр болох Г.Ч-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дагуу газарт намайг хүчээр аваачиж бүх хувцсыг өвлийн хүйтэнд тайлуулж, миний хоёр хөлийг алцайлгаж байгаад бэлэг эрхтэн рүү чулуу хийж өшиглөсөн, дараа нь анус руу бэлэг эрхтэнээ оруулж хүчиндсэн”... гэх мэтээр бодит байдлаас зөрүүтэй байдлаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокуророос Г.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар,

С.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх “...Яллагдагч Г.Ч-, С.М- нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжгүй байна. Тухайлбал, хуулийн дээрх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг хязгаарласан, түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол гэж хуульчилсан ба шүүх мөрдөх ажиллагаа явуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөн хуулийн 24.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг зөв тогтоох, гэмт хэргийн сэдэл, зорилгыг заавал тогтоох буюу прокуророос яллагдагч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй. Улсын яллагч шүүхэд төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө ...зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авах үүргийнхээ хүрээнд хуульд заасан бүхий л арга хэмжээ авч, хохирогчийн эрхийг сэргээхэд онцгой анхаарч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд урьд 2 удаа тус эрүүгийн хэргийг хэлэлцэж, хэргийн бодит байдалтай нийцэхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан байхад ердийн харьяаллын шүүхэд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийхгүйгээр шилжүүлсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр яллагдагч Г.Ч-, С.М- нарт холбогдох эрүүгийн 2410050380082 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв. ...” гэжээ.

Яллагдагч Г.Ч- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр С.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Ямар үндэслэлээр надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг ойлгохгүй байна. Би эхнэртээ нөлөөлөөгүй. Анхан шатны шүүх буруу дүгнэлт гаргасанд гомдолтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.   

Яллагдагч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхболд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч С.М-ийн хохирогчоор 4 удаа, яллагдагчаар 1 удаа нийт 5 удаа мэдүүлэг өгсөн нь хоорондоо зөрүүтэй байгаа боловч 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр болон 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ Г.Ч- нь анусаар бэлгийн харьцаанд орсны дараа шулуун гэдэснээс маш их цус гарсан талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл 2 шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.М-ийн шулуун гэдэс, үтрээний арчдаст эр бэлгийн эс илрээгүй, үтрээ хошногонд гэмтэл тогтоогдоогүй. С.М-ийн өөрийг нь хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэж мэдүүлсэн нь шинжээч нарын дүгнэлтээр үгүйсгэгдэж мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй болох нь харагддаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Г.Ч-, С.М- нарт холбогдох хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа учраас хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Яллагдагч С.М- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Ч-ад хардалтын улмаас зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон нь үнэн боловч надтай хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлэг эрхтэн рүү чулуу хийж өшиглөсөн нь худал болно. Би тухайн үед нөхөртөө маш их гомдож уурласан байсан учир худал мэдүүлэг өгсөн. Бид 13 жил хамт амьдарч, 2 хүүхэдтэй болсон. Бага насны хүүхдүүдтэй, мөн цаашид хамт амьдрах бодолтой байгаа учраас хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.   

Яллагдагч С.М-ийн өмгөөлөгч Н.Болортуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.М- Г.Ч-ыг хүчиндсэн, бэлэг эрхтэнд чулуу хийсэн гэж худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ үйлдэлдээ хууль зүйн туслалцаа авах гэж анх надад хандсан. Улмаар бид 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр прокурортой уулзаж, энэ талаар хэлсэн. Иймд тухайн хэрэгт дахин ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэв.  

Прокурор Б.Сүрмандах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчид нөлөөлсөн эсэх асуудал, хохирогчийн зөрүүтэй мэдүүлэг зэрэг нь хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөд хамааралтай байх тул дахин нягталж, шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзсэн тул эсэргүүцэл гаргаагүй. Прокурор мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийгээгүй хэргийг дахин анхан шатны шүүхэд ирүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд тухайн хэргийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна. Яллагдагч нар тус тусдаа өмгөөлөгчтэй байсан. Давж заалдах шатны шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шаардлагатай гэж үзвэл прокурор татгалзах зүйлгүй. Нэгэнт хэргийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийлгэх хүсэлтэй байгаа тул тодорхой саналгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх яллагдагч Г.Ч-, С.М- нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай яллагдагч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Прокуророос яллагдагч Г.Ч-ыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.М-тэй хардалтын улмаас маргалдан биед нь халдаж гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн дээрх цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр С.М-ийг хардалтын улмаас маргалдан биед нь халдаж байх хугацаандаа “Заналхийлсэн” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

яллагдагч С.М-ийг мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлэг өгсөн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх Г.Ч-, С.М- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтоох болон нотолбол зохих байдлыг тогтоолгохоор прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, гэр бүлийн харилцаатай байх болон талуудын эвлэрсэн гэх мэдүүлэг нь яллагдагч Г.Ч-, С.М- нарт холбогдох хэргийн үйл баримтыг тогтооход шууд нөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6, 13.5 дугаар зүйл болон 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт үргэлжлүүлэн ажиллагаа явуулахгүй байх нөхцөлд хамаарахгүй юм.

Мөн яллагдагч С.М-ийн өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байх тул хэргийн үйл баримтыг бүрэн, бүх талаас нь тогтоохын тулд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Тодруулбал, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн шинжтэй мэдүүлгийн үнэн зөв эсэх, шалтгаан үр дагаврын холбоог тогтоох, С.М-ийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, Г.Ч-ын сэдэл, зан үйл, маргаан болсон нөхцөл байдлыг тодруулах зэрэг асуудлыг мөрдөн шалгалтаар нягтлах шаардлагатай.

Яллагдагч нарын гэр бүлийн эвлэрэл, хувийн харилцааны нөхцөл нь мөрдөн шалгах ажиллагааг хязгаарлах, эсвэл яллагдагчид ял оногдуулахгүй байх хууль зүйн үндэслэл биш тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж,

мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих нөхцөл байдлуудыг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолно” гэж тус тус заасан ба захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой ажиллагаа бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болдог тул дээрх ажиллагааг нэг мөр хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/6035 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч С.М-, яллагдагч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Яллагдагч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, яллагдагч Г.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/6035 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч С.М-, яллагдагч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах, яллагдагч Г.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ГАНБААТАР

                                            ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

                                             ШҮҮГЧ                                       Л.ОДОНЧИМЭГ