Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 461

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Н.Булганчимэг,

  шүүгдэгч Ж.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн Ж.Г-д холбогдох эрүүгийн 1811013470534 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Ж.Г, 1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, өвөө, эмээ, ах, эгчийн Төв аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар баг Чулуутад оршин суух хаягтай боловч Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шархад 563 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ж.Г нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын В-11 дүгээр гудамжны 481 тоотод 2018 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн үед Н.Баасанбатыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.Баасанбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө хажуу айлын хүн болох Ганбат нь гэртээ хүмүүс авчраад архидаад орилж чарлаад, орж гараад байхаар нь манай эхнэр гараад Ганбаттай уулзаад та нар чимээгүй бай, хүүхэд айгаад орилоод унтахгүй байна гэтэл Ганбат цаанаас нь би чамтай ярихгүй нөхрөө дууд гэхээр нь би гараад очтол намайг хоёулаа манай гэрт оръё гэхээр нь чи яах гэж байгаа юм бэ, шөнө болчихсон байна гэтэл жоохон юм ярьж сууя гэхээр нь хамтдаа гэр рүү нь орсон. Намайг чи яагаад шалчигнаад сонин зан гаргаад байгаа юм бэ гэхээр нь сонин зан гаргасан хүн байхгүй байна. Та нар шаагилдаад манай хүүхэд унтаж чадахгүй байна гэж хэлчхээд гарах гэтэл урд хашиж зогсоод гэрлээ унтраангуутаа миний хамар хэсэг рүү цохьчихоод нь буцаагаад цохисон. Тэгтэл намайг хавирч газар унагаад бөөр рүү өшиглөөд нүүр рүү цохиод байхаар нь би гэрээс гарах гэж түүнтэй ноцолдож байгаад арай хийн гэрээс нь гарсан...” гэжээ /хх-7-9/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5531 дүгээр дүгнэлтэд: 

“1. Н.Баасанбатын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн шуу, хэвлийд зулгаралт, хэвлийн дунд хэсэгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бур нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-15/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, хохирогч Н.Баасанбатын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Н.Баасанбат миний бие Ж.Ганбаттай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохиролд 200.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-32/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Г нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын В-11 дүгээр гудамжны 481 тоотод 2018 оны 4 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 04 цагийн үед Н.Баасанбатыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.Баасанбатын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №5531 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Ж.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Ж.Г-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

хохирогч Н.Баасанбат нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлтдээ “...Н.Баасанбат миний бие Ж.Г-тай харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохиролд 200.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч Ж.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ганбатыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Шүүгдэгч Ж.Гнь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН