| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2410050420631 |
| Дугаар | 2025/ДШМ/1369 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1369
2025 12 03 2025/ДШМ/1369
Н.А-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Е.Хулан,
яллагдагч Н.А-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/5934 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Е.Хулангийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлээр Н.А-эд холбогдох эрүүгийн 2410050420631 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э- овгийн Н-ийн А-, .........., /РД:Н-/;
Н.А- нь 2023 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ч.Д-г “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “Д-” хорооллын С блокийн 13 давхрын G загвар 52,75 м.кв 2 өрөө, 15 давхрын Н загвар 45,59 м.кв 2 өрөө, 16 давхрын J загвар 24,3 м.кв 1 өрөө, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам Д- Наадамчдын 1429 тоот, нийт 4 орон сууцыг машины бартер хийе” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн Mersedes Benz S450L, Mersedes Benz S500L, Audi A6, Lexus Es300h загварын 4 тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 620.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан” нөхцөл байдал тогтоогдлоо. Тухайлбал, прокурор 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 543 дугаар яллах дүгнэлт үйлдэж /2хх 60-67/, 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагч Н.А-эд гардуулжээ. /2хх68/ Яллагдагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр огноотой Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорт гэж хаягласан гомдлыг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр прокурорын газар бүртгэж авсан нь тогтоогдож байна. Улмаар тус прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гүнсэлийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1/1752 дугаар албан бичигт “...543 дугаартай яллах дүгнэлт үйлдэж 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Иймд таны гаргасан гомдлыг шүүхэд хүргүүлсэн болохыг мэдэгдье” гэжээ. Гэтэл яллагдагч Н.А-эд холбогдох хэргийг тус шүүхэд 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 31 минутад шилжүүлсэн байгаа нь оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирогчоор Ч.Д-г тогтоосон нь үндэслэлтэй эсэхийг шалгах шаардлагатай. Тухайлбал, яллагдагчид шилжүүлсэн гэх тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч, өмчлөгч нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.Д-гээс өөр этгээдүүд болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, архивын мэдээлэл /2хх-37, 38, 40, 41,43, 44/-ээр тогтоогдож байна. Жишээ нь, Audi A6 загварын тээврийн хэрэгсэл нь Б.Н-ангийн эзэмшилд, Mersedes Benz S500L загварын тээврийн хэрэгсэл нь “Н-” ББСБ-ын эзэмшилд байсан байгаа гэх мэт зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдсон. Иймд энэ хэрэгт хохирогчоор оролцвол, тогтоогдвол зохих этгээд нь хэн болохыг, мөн тухайн хэрэгслүүд эзэмшигч, өмчлөгчөөс хэрхэн ямар арга замаар Ч.Д-гийн эзэмшилд ирсэн, түүнийг хохирогч Ч.Д- нь бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй байсан эсэхийг шалгаж тогтоох нь зүйтэй.
3. Төв аймгийн газрын алба, Хан-Уул дүүргийн газрын алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд илгээсэн албан бичгүүдийн хариуг авч хэрэгт хавсаргах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий уг газартай холбоотой лавлагаа, холбогдох бусад нотлох баримтыг авах, хэрэгт хавсаргах нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг, түүнчлэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтооход чухал ач холбогдолтой байна.
4. Гэрч Г.М-ыг гэрчээр дахин асууж, түүний газар ямар шалтгааны улмаас шилжих боломжгүй болсон гэх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэх зорилтод нийцүүлэн Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ. Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж шүүх үзсэн тул яллагдагч Н.А-эд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.А-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Е.Хулан бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Н.А-эд холбогдох хэрэгт 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулан өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний ...өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу прокуророос яллагдагч Н.А-эд прокурорын яллах дүгнэлтийн хувийг гардуулж, улмаар шүүхэд шилжүүлэх ажлын 3 өдрийн хугацааг хүлээж, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд хүргүүлэхэд яллагдагч Н.А- нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, улмаар яллагдагч Н.А- нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хүрэлцэн очиж, шүүх хэргийг 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан байна. Тодруулбал, яллагдагч Н.А- нь прокурорын яллах дүгнэлтийн хувийг гардаж авсан, ажлын 3 хоногийн дараа шүүхэд бэлэн байх ёстойг мэдсэн атлаа санаатайгаар шүүхэд хүрэлцэн очоогүй, улмаар яллагдагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нь тус прокурорын газарт 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн огноотойгоор, мөн сарын 15-ны өдөр гомдол гаргасныг оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хяналтын прокурорт гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг өмгөөлөгч Л.Намнансүрэнд 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байхад хуулийн хугацаанд буюу ажлын 3 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж гомдол гаргаагүй атлаа яллагдагчид яллах дүгнэлт гардуулсны дараа гомдол гаргасныг прокурор шийдвэрлээгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан, ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, харин яллагдагч, өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй үйлдэл юм.
2. Хэрэгт авагдсан хохирогч Ч.Д-ий “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ...манай талаас “Mersedes Benz S450L 2017 онд үйлдвэрлэгдсэн, Mersedes Benz S500L 2015 онд үйлдвэрлэгдсэн, Audi A6 2014 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2022 онд орж ирсэн, Lexus Es300h 2015 онд үйлдвэрлэгдсэн Монгол улсад 2023 онд орж ирсэн тус тус 4 тээврийн хэрэгслийг авахаар гэрээнд тусгагдсан ...”, “...Н.А-тэй харилцан тохиролцож өөрийн худалдан борлуулж байсан автомашиныг түүнд өгч орон сууцуудаар солихоор болсон...” гэх мэдүүлэг болон Н.А-, Ч.Д- нарын байгуулсан гэрээнүүд, түүнчлэн яллагдагч Н.А-ийн “...Ч.Д-ээс орон сууцны бартерт Mersedes Benz S450L, Mersedes Benz S500L, Audi A6, Lexus Es300h загварын 4 тээврийн хэрэгслийг хүлээн авсан” гэх мэдүүлэг зэргээр тухайн 4 тээврийн хэрэгсэл нь хохирогч Ч.Д-ий тээврийн хэрэгсэл болох нь тогтоогддог. Тодруулбал, хохирогч Ч.Д- нь бусдад худалдан борлуулахаар Монгол Улсын хилээр оруулж ирсэн, улсын дугааргүй Mersedes Benz S450L, Mersedes Benz S500L, Audi A6, Lexus Es300h загварын 4 тээврийн хэрэгслийг Н.А-эд шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар хохирогч, яллагдагч нар нь маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Харин хэрэгт авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаанд дурдагдсан эзэмшигчийн хувьд авч үзвэл, тухайн тээврийн хэрэгслүүдийг буюу Mersedes Benz S450L, Mersedes Benz S500L, Audi A6, Lexus Es300h загварын 4 тээврийн хэрэгслийг хохирогч Ч.Д- нь орон сууцны төлбөрт Н.А-эд шилжүүлэн өгсний дараа яллагдагч Н.А- цааш нь бусдад шилжүүлсэн, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өгсөн мэдүүлгээр давхар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх дээрх 4 тээврийн хэрэгсэл хохирогч Ч.Д-ий эзэмшлийн мөн эсэхийг шалгах, хэрэгт хохирогчоор оролцвол, тогтоогдвол зохих этгээд нь хэн болохыг, мөн тухайн тээврийн хэрэгслүүд эзэмшигч, өмчлөгчөөс ямар арга замаар Ч.Д-ий эзэмшилд ирсэн, түүнийг бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй байсан эсэхийг тогтоох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ.
3. Гэрч Г.М-ын “...2023 оны 2 дугаар улиралд ашиглалтад орно гэж харилцан тохиролцож гэрээг үндсэн толгой компанитай байгуулсан. Тэгтэл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах 2 га талбайтай газрын гэрчилгээ нэр шилжих боломжгүй, тухайн газар нь аялал жуулчлалын газар тул Засгийн газраас аялал жуулчлалын газрын өмчлөл нэр шилжүүлэхийг хатуу хориглосон байсан тул шилжигдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-йн “...А- надад хандан 4 орон сууцыг бартераар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлалтай 2 га талбайтай газрыг оролцуулан төлбөрийг төлөх боломжтой юу гэж асуусан. Үүнээс хойш би тухайн газрыг судалж мэдэх гээд 14 хоног болсон бөгөөд энэ хугацаанд А- ах орон сууц захиалгын гэрээгээ хийе гэж шалгаасаар байгаад 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ-23/16 дугаартай гэрээг хийсэн. Тэр үед би хүлээн зөвшөөрөөд Төв аймгийн Эрдэнэ сумын газрын албан дээр очиж уулзан, тухайн газрын эзэмшигчийн нэр шилжих боломжтой эсэх талаар асууж тодруулахад “энэ газар нэр шилжүүлэхэд ямар ч асуудалгүй юм байна, гэхдээ одоогийн байдлаар тухайн газрын нэрийг шилжүүлэхгүй, шилжилт хөдөлгөөн зогссон, нэг сарын дотор шийдэгдэхээр байна” гэж хэлсэн. Тэгээд Байгаль орчны яамны мэргэжилтнээс тухайн газрын талаар эзэмшигч, нэр шилжүүлэх боломжтой эсэх талаар нь асууж тодруулахад “боломжгүй” гэсэн хариуг надад хэлсэн. Үүний дараа тус газрын жинхэнэ эзэмшигч гэх залуу Б- дугаарын утсаар холбогдож “ахаа та наад газар дээрээ хөдөлгөөн хийгээд хэрэггүй, А-ээс би юмаа авч чадахгүй шүүхээр явж байгаа” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар Г.М-ын эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар баг “Шар булагт” гэх газарт байрлах аялал, жуулчлалын бааз зориулалттай, 2 га талбай газар бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх боломжтой байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу, талуудын хүсэлтийн дагуу эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор шүүхээс хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай бол нотлох баримт гаргуулах, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/5934 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэв.
Яллагдагч Н.А-ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хэргийн бодит байдлыг тогтоох үүднээс хийгдвэл зохих ажиллагаануудыг бүрэн хийсний дараа дүгнэлт хийх боломжтой, дээрх ажиллагаануудыг хийх нь зүйтэй гэж 4 асуудлын талаар дурдсан. Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байгаа. Эрх хязгаарласан гэх асуудлын тухайд 09 дүгээр сарын 08-ны өдөр яллах дүгнэлт гардуулсан. Тэгээд яллах дүгнэлтийг гардаж аваад ямар агуулгаар гэмт хэргийн шинж, нөхцөл байдлыг тодорхойлсон, хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх нөхцөл байдал байгаа эсэх асуудалтай танилцаад 09 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Үүний өмнө нэг процесс явагдсан буюу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хяналтын прокурорын тогтоолтой холбоотой яллах дүгнэлт үйлдэхээс өмнө хяналтын прокурорт өөрт нь хүсэлт байдлаар гаргасан боловч хүсэлтийг бүртгэж авахдаа гомдлоор бүртгэж аваад дүүргийн Ерөнхий прокурор хариу өгсөн байсан. Үүний дагуу өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийг ингэж шийдвэрлэсэн байна, би таниар өөрөөр нь хүсэлтээ шийдвэрлүүлмээр байна гэхэд дахин хандаад хүсэлтээ гаргачих гээд хүсэлтээ гаргахад сүүлд шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Өмгөөлөгчийн 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан гомдлыг прокурорын байгууллага яаж 09 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэж авсан нь ойлгомжгүй. Миний гаргасан гомдлыг шийдвэрлээгүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 09 дүгээр сарын 23-ны өдөр хариу ирсэн. Прокурорын дурдсан зарим зүйл нь үнэн. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг яллагдагчтай шүүхэд шилжүүлэх процесс ажиллагааны явцад нэг удаа замын түгжрэлээс шалтгаалаад товлосон цагтаа очиж чадахгүй, прокурорт мэдэгдэхэд “за тэгвэл маргааш болъё” гэж прокурор өөрөө хэлсэн учраас нэг удаа хойшлуулсан. Харин Н.А- шүүхэд очоод шүүх хүнээ хэргийн хамт бүртгэж авах гэхэд гомдол гаргасан байна гэдэг асуудал дурдагдаад шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан гомдлоо шийдвэрлүүлсний дараа авчир гээд хүлээж аваагүй нэг тохиолдол байгаа. Энэ талаар прокурор дурдахгүй байна. Үүний дараа хяналтын прокурор гаргасан гомдол байхгүй байна гээд шүүх хүлээж авсан байгаа. Энэ оролцогчийн эрхийг хязгаарласан асуудлын талаар өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрхийн зөрчилгүйгээр гомдлыг шийдвэрлээд хэргийг шүүхэд шилжүүл гэж ерөнхий дүгнэлт хийсэн. Үйлчилгээ үзүүлж байгаа өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлээд эрхийн зөрчилгүйгээр хэрэг шүүхэд шилжүүлэх ёстой, энэ зарчим зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, Ч.Д- хохирогч мөн эсэх асуудлын тухайд, энэ хэрэгт эргэлзээтэй зүйл байдаг. Хохирогч болон яллагдагч Н.А- нарын хооронд гэрээнүүд хийгдээд 4 тээврийн хэрэгсэл хүлээж авсан үйлдэл байгаа. Энэ үйл баримтыг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ хэрэгт тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, тухайн тээврийн хэрэгслүүдийг хохирогч Ч.Д-ий хууль ёсны өмч буюу өмчлөлийг тогтоосон баримт авагдаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс магадгүй тус хэргийг шийдвэрлэсний дараа тээврийн хэрэгслүүдийн жинхэнэ өмчлөгч нараас гомдол гаргаж, миний автомашин байхад Ч.Д-ийг хохирогчоор тогтоосон байна гэсэн асуудал хөндөгдвөл яах юм бэ гэж тодруулахад прокурор дээр дурдсан зүйлийг дурддаг бөгөөд шүүхээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг холбогдох баримтуудыг бүрдүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаануудыг хийлгүүлэх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Н.А-ийн зүгээс 4 тээврийн хэрэгслийн 3 тээврийн хэрэгсэл нь барилгын бартер төлбөрт шилжүүлэгдсэн, өөрт байгаа 1 тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгөх боломжтой гэдэг боловч авахгүй гээд ийм асуудлууд үүсээд явж байгаа. Магадгүй Н.А-ээс 1 тээврийн хэрэгслийг хүлээж авбал 3 тээврийн хэрэгслийн асуудал мөн хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах ажиллагаа хэрэгжих боломжтой гэдгийг хэлмээр байна. Газрын тухайд өөрт байхгүй, хууль ёсны биш, бодит байдалд шилжих боломжгүй газрыг шилжүүлэх гээд ийм гэрээ хийсэн юм уу, эсхүл Н.А-ээс үл хамаарах шалтгаанаар газар шилжихгүй байгаа юм уу гэсэн зөрүүтэй нөхцөл байдал байгаа. Тиймээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ талаарх шалтгаан нөхцөлийг тодруулахаар тодорхой мөрдөн шалгах ажиллагаанууд хийсэн боловч дутуу ажиллагаа хийгдэж асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэ гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй. Үүнээс хамаараад гэмт хэргийн субьектив талын шинж дүгнэгдэх тул зайлшгүй ажиллагаа хийх шаардлагатай. Г.М-ыг шүүхийн шатанд юм уу, мөрдөн шалгах ажиллагааны шатанд асууж болно. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан үзэж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Н.А-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч Н.А-ийг 2023 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ч.Д-г “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, “Д-” хорооллын С блокийн 13 давхрын G загвар 52,75 м.кв 2 өрөө, 15 давхрын Н загвар 45,59 м.кв 2 өрөө, 16 давхрын J загвар 24,3 м.кв 1 өрөө, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам Д- Наадамчдын 1429 тоот, нийт 4 орон сууцыг машины бартер хийе” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний эзэмшлийн Mersedes Benz S450L, Mersedes Benz S500L, Audi A6, Lexus Es300h загварын 4 тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 620.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан”, мөн хэргийн нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тал бүрээс нь нэг мөр шалгаж тогтоогоогүй буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн шалгаж тогтоогоогүй” талаар дүгнэж, яллагдагч Н.А-эд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, хэрэгт хохирогчоор Ч.Д-г тогтоосон нь үндэслэлтэй эсэх, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, архивын мэдээлэлээр Audi A6 загварын тээврийн хэрэгсэл нь Б.Н-ангийн эзэмшилд, Mersedes Benz S500L загварын тээврийн хэрэгсэл нь “Н-” ББСБ-ын эзэмшилд байгаа гэх мэт зөрүүтэй нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогчоор оролцвол, тогтоогдвол зохих этгээд хэн болохыг, мөн тухайн хэрэгслүүд эзэмшигч, өмчлөгчөөс хэрхэн ямар арга замаар Ч.Д-гийн эзэмшилд ирсэн, түүнийг хохирогч Ч.Д- нь бусдад худалдах, шилжүүлэх эрхтэй байсан эсэхийг шалгаж тогтоох, мөн маргаан бүхий уг газартай холбоотой лавлагаа, холбогдох бусад нотлох баримтыг авах, хэрэгт хавсаргах нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг, түүнчлэн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтооход чухал ач холбогдолтой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Дээрх үйлдлийн нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.
Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Е.Хулангийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/5934 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Е.Хулангийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ