Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1387

 

 

З.Б, Т.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Яндаг,

хохирогч В-ний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал /цахимаар/,

шүүгдэгч З.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч А.Буянжаргал /цахимаар/,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн  З.Б-, Т.М- нарт холбогдох эрүүгийн 2509000001004 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.Б- нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т" төвийн гадна Хятад улсын иргэн В-ийн гэдэс хэвлий, нүүр хэсэгт цохих зэргээр биед нь халдаж, улмаар түүний эзэмшлийн “Хуавэй нова 11 про” маркийн гар утсыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, илээр, хууль бусаар, хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Т.М нь 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “М” худалдааны төвийн орчим З.Б-ийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болох “Хуавэй нова 11 про” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдаж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газрын прокуророос З.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Т.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч З.Б-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.М-ыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч З.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурав /3/ жил, зургаа /6/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаа /6/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг төрийн үйлчилгээ авах, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 120 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг зүрхний зүүн ховдол болон гуравласан артерийн судас бөглөрч, титэм судасны тэлэлт нарийсаж, зүрхний хэмнэл алдагдаж байгаа тул яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн бөгөөд би Цагдан хорих 461 дүгээр ангийн эмч нарын хяналтад байгаа. Цагдан хоригдсоноосоо болж хагалгаанд орох боломжгүй болсон. Би өөрийн үйлдсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний биеийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Б эрүүл мэндийн асуудалтай байгаа. Хавтас хэрэгт 461 дүгээр Хорих ангийн эмнэлгийн 2 удаагийн тодорхойлолт авагдсан байгаа. Шүүгдэгч нь төлөх төлбөргүй. Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн утсыг бүрэн бүтэн буцааж өгсөн. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол болон нүдний шилний мөнгө болох 100.000 төгрөгийг авахгүй гэдгээ илэрхийлдэг. Иймд шүүгдэгчийн хувийн байдал буюу эрүүл мэндийн байдлыг нь харгалзан, түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж өгнө үү гэх давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч З.Б-т оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Яндаг шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль тухай хууль ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.   

Шүүгдэгч З.Б-, Т.М- нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Шүүгдэгч З.Б 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Т" төвийн гадна Хятад улсын иргэн В-гийн гэдэс хэвлий, нүүр хэсэгт цохих зэргээр биед нь халдаж, улмаар түүний эзэмшлийн “Хуавэй нова 11 про” маркийн гар утсыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, илээр, хууль бусаар, хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Т.М 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр “М” худалдааны төвийн орчим З.Б-ийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого болох “Хуавэй нова 11 про” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдаж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хавтас хэргийн 21-22 дугаар тал/,

-Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өгсөн Хятад Улсын Элчин сайдын яаманд ажилладаг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дипломат эрх ямбатай иргэний гар утсыг дээрэмдсэн байна гэх дуудлага, мэдээлэл / 1 дүгээр хавтас хэргийн 2 дугаар тал /,

-хэргийн газарт 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтас хэргийн 24-26 дугаар тал /,

-хяналтын камерын бичлэгт 2025 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хэргийн 33-38 дугаар тал/,

-хяналтын камерын дүрс бичлэгт 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 41-57 дугаар тал/,

-хяналтын камерын дүрс бичлэгт 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дугаар тал/,

-таньж олуулах ажиллагааг 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хавтаст хэргийн 63-67 дугаар тал/,

-хохирогч БНХАУ-ын иргэн В--ийн 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 79-90 дүгээр тал/,

-гэрч Г.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 91-95 дугаар тал/,

-гэрч Б.Нямдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

-шинжээч Б.Даваасүрэнгийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/8109 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 144-151 дүгээр тал/,

-шинжээч Б.Амарсайхан, Х.Маралгуа нарын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0825/2303 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 152-160 дугаар тал/,

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 171-180 дугаар тал/,

-“А” хөрөнгө үнэлгээний 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-325-912536 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 181-196 дугаар тал /,

-Шинжээч Б.Маралын 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ЕГ0325/4638 дугаартай дүгнэлт / 1 дүгээр хавтаст хэргийн 208-218 дугаар тал / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх, шүүгдэгч З.Б-ийн үйлдсэн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэрэгт, шүүгдэгч Т.М-ын үйлдсэн гэмт үйлдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэргээр зйүлчилж, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх, шүүгдэгч З.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанарт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангасан байна.

Харин шүүгдэгч Т.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...төрийн үйлчилгээ авах, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж...” ял оногдуулсан нь Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Чингэлтэй, Сүхбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүй байхаас гадна ялын зорилгыг алдагдуулсан байх тул Т.М-ын зорчих эрхийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.    

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Зорчих эрх хязгаарлах ялын хүрээг тус ялын хуульд заасан зорилгод нийцүүлж өөрчилсөн нь ялын төрлийг хүндрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Шүүгдэгч З.Б-ын шийтгэх тогтоол гарсан 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл нийт 52 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2356 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг төрийн үйлчилгээ авах, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            Л.ОДОНЧИМЭГ