Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 287

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогч Т.Жигмэддагва,

шүүгдэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо /¹0105/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян буурал овогт Д.йн Н.т холбогдох 201725031183 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 43 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, 18 дугаар сургуулийн бага ангийн багш ажилтай, ам бүл 2, эхийн хамт . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян буурал овогт Д.ийн На. /РД: ./,

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Н нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Жигмэддагвад "Солонгос улс руу хүмүүс явуулж байсан, Хөдөлмөрийн яаманд ажилладаг, энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20 хүний квот байгаа, тэрэндээ багтааж хүмүүс явуулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр нийт 26.500.000 төгрөгийг залилан авч 26.500.000 төгрөгний хохирол учруулсан,

хохирогч С.Соёлмаад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр "манай дүү Гадаад харилцааны яаманд ажилладаг, оны өмнө Солонгос руу 10 хүн явуулсан, одоо цагаан сараас өмнө 10 хүн явуулна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 5.000.000 төгрөгийг залилан авсан  тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

­­­­­­­­­     Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, яллагдагч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би үйлдсэн гэмт хэргийнхээ талаар 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сэжигтэнээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Тийм болохоор хэргийн талаар нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хохирогч Т.Жигмэддагва худлаа мэдүүлсэн байна. Би ажил дээр нь очоод архи ууя гэж хэлсэн зүйл байхгүй. Надад хүн залилан мэхлэх гэсэн санаа бодол байхгүй, өөрөө төсвийн байгууллагад ажилладаг, боловсролын байгууллагад 22 жил ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84х/,

хохирогч Т.Жигмэддагвын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Өнгөрсөн жилийн шинэ жилийн үеэр манай эхнэр Дэлхийцэцэг, Соёлмаа, Хандам нартай утсаар ярьж байх үед нь би хажууд нь байгаад яриаг нь сонссон юм. Солонгос улс руу явуулна гэж ярьж байхыг нь сонсоод "хэн юм, тэр хүнтэйгээ яриулаад өг" гэж эхнэртэй хэлсэн. Хандам гэх эмэгтэй манай гэрээр хааяа орж гарч байдаг зүс танидаг. Эхнэрээрээ Хандамаар дамжуулж, Солонгос руу явуулаад байгаа хүнээ уулзуулаач ээ гэж хэлүүлээд 2017 оны 01 сарын 05-ны өдөр Хандам над руу манай эхнэрээс миний гар утасны дугаарыг аваад надтай холбогдоод "нөгөө хүн ганцаараа уулзахгүй гэж байна, заавал намайг цуг яваад өгөөч ээ гэж хэлээд байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь хамаагүй та 2 манай ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй над руу дахиж залгаад Хүнсний-1 дэлгүүрийн урд талын Зочин бууз цайны газарт байна, "та хүрээд ир" гэж хэлэхээр нь "үгүй ээ манай ажил дээр ороод ир, ойрхон байж" гэж хэлэхэд "нөгөө хүн заавал энд уулзана гэж хэлүүлээд байна" гэхээр нь ярилцах хэрэгтэй, ажил дээр ороод ир гэж хэлсэн. Тэгэхэд Хандам эргээд залгая гэж хэлээд удалгүй дахиж залгаад "ажил тань хаана билээ, одоо орлоо " гэж хэлээд манай ажил дээр Нандинцэцэгтэй хамт орж ирсэн. Нандинцэцэг өөрөө Солонгос улс руу хүмүүс явуулж байсан, Хөдөлмөрийн яаманд ажилладаг, энэ оны 02 дугаар сарын 23-ны өдөр 20 хүний квот байгаа, тэрэндээ багтааж хүмүүс явуулна гэхээр нь "ямар баталгаа байна вэ, өөрт чинь яаж итгэх вэ" гэхэд манай хүмүүс группээрээ явна, бүгд адилхан хувцас өмсөөд жигдрээд явна, нэг хүний 4,5 сая төгрөгөөр тооцож гаргана гэхээр нь би энэ мөнгөнд юу юу багтаж байгаад асуухад онгоцний билет, хэлний дамжааны хэлбэр, эрүүл мэндийн даатгал зэргийг бүгдийг нь асуудалгүй зохицуулна гэж хэлсэн. Явуулахгүй бол яах вэ гэж асуухад явахгүй байна гэж байхгүй, өмнө нь хүмүүс явсан учраас найдвартай, хэрвээ хилээр гарч чадахгүй бол би өөрөө хариуцлагаа хүлээж бүх төлбөрөө төлнө гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн юм. Эхлээд 50 хувийн мөнгөө төлөх хэрэгтэй мөн өнөөдөртөө мөнгөө өгчихвөл эхний явах ээлжинд хамрагдана гэж хэлэхээр нь зөвшөөрөөд гэрээ хийхээр болоход Нандинцэцэг Зээлийн гэрээ хийнэ шүү гэж хэлээд Улаанбаатар хотын банкны 1 давхарт байдаг нотариатын газар ороод 3 хүний урьдчилгаа мөнгө болох 7,5 сая төгрөгийг өгч зээлийн гэрээ хийсэн. ...Худалдаа хөгжпийн банк руу ороод өөрийнхөө хадгаламжнаас 8 сая төгрөгийг бэлнээр аваад Нандинцэцэгт нэмж өгсөн, ...тэр дороо надад бэлэн 4 сая төгрөг байсан болохоор нэмээд 2 хүний урьдчилгаа мөнгийг өгчихье, үлдсэн 1 сая төгрөгийг нь дараа нь өгчихье гэж хэлээд ажил дээрээ хүрч ирээд бэлнээр 4 сая төгрөг өгсөн. Ингээд 5 хүн явуулахаар болж тохиролцсон. ..Үүнээс хойш 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин Нандинцэцэгтэй холбогдоод ажил дээрээ дуудаад 4 хүний урьдчилгаа мөнгө 10 сая төгрөгийг өгсөн, маргааш нь дахиад 2 хүний урьдчилгаа мөнгийг өгсөн, нийт 26.500.000 төгрөгийг Нандинцэцэгт өгчихөөд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-47х/,

Хохирогч С.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Мөнхзулын төрсөн дүү Дэлхийцэцэг над руу залгаад Солонгос руу явуулж чадах хүн байна. 2017 оны 02 дугаар сард явах юм байна гэж хэлээд Хандам гэдэг хүний утасны дугаарыг өгөөд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ярьсан. Нөхөр бид хоёр хоёулаа явах гэж байгаа талаар Нандинцэцэгт хэлэхэд уулзая гээд 10 дугаар хорооллын автобусны буудлын замын хойд талын цайн газарт уулзсан. Нандинцэцэг өөрийнх нь дүү Гадаад харилцааны яаманд ажилладаг, оны өмнө Солонгос руу 10 хүн явуулсан. Одоо 10 хүн явуулна, цагаан сарын өмнө явчихна, яаралтай мөнгөө өг, 1 хүний 2.5 сая төгрөг гээд 5 сая төгрөг яаралтай өг гэж хэлсэн. Үлдэгдэл 2 хүний 3 сая төгрөгийг вмз гарсны дараа авна гэсэн. Тэгээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 05-ны өдөр Нандинцэцэгтэй өмнө уулзсан цайны газартаа уулзаад 5 сая төгрөгийг өгсөн. Тэр үед Нандинцэцэг ганцаараа байсан. Мөнгө өгөхдөө нөхөр бид хоёрын гадаад паспорт хорооны тодорхойлолтоо өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50х/,

гэрч Т.Майдаржавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын эхээр намайг ажил дээр ээлжтэй байж байхад Нандинцэцэг гэх хүүхэн өөр нэг эмэгтэйтэй хамт орой ирээд Жигмэддагватай хамт уулзах гэсэн юм гэж ирээд уулзаж нилээн сууж байгаад гурвуулаа гараад явчихсан. Үүний дараа 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг ээлжтэй байх үед Нандинцэцэг, Жигмэддагватай ирээд уулзаад нилээн удсан. Намайг харахад жаахан халамцуу байх шиг байсан, тэгтэл Жигмэддагва 00 цагийн үед харилаа танд найдлаа шүү гээд явчихсан            манай дүү Жигмэддагва манай хүү Болдбаатарыг Солонгос руу гаргаж явуулъя аа гэрт ажилгүй байлгаж байхаар гэхээр нь зөвшөөрсөн. Болдбаатар бид хоёр Солонгос явуулах гэж байгаа хүнд мөнгө өгөөгүй. Харин манай дүү Жигмэддагва өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х/,

гэрч О.Хандамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Нандинцэцэг гэх хүнийг 2016 оны 12 дугаар сарын эхээр эмээ Баатарын Нарантуяагаар дамжуулан таньдаг болсон. Эмээ Нарантуяа намайг Дэлхийцэцэг гэх хүнээс мөнгө аваад ир гэж хэлсэн. Тэгээд би 2016 оны 12 дугаар сарын дундуур Дэлхийцэцэг гэх хүний гэрт очиж 500евро авсан. Дараа нь 400 евро авсан. Намайг мөнгө авч байхад Дэлхийцэцэг чи юун их мөнгө аваад байгаа юм бэ гэхэд манай эмээ Солонгос явуулдаг хүнтэй танилцсан, тэгээд ахыг явуулах болоод мөнгө авч байгаа юм гэж хэлсэн. Манай ээж Оюунтуяа Европын холбооны улс Белгид ажиллаж амьдарч байгаа. Тэгээд ээж Оюунтуяа Дэлхийцэцэгээр дамжуулан Монгол улс руу мөнгө явуулдаг. Дэлхийцэцэгээс авсан еврог манай ээж надруу явуулсан. Дэлхийцэцэгээс мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Эмээ Нарантуяа манай ээжийн төрсөн дүү Баатарын Даваанямыг Солонгос явуулахаар болсон виз гаргаж өгөх хүнд нь 3.500.000 төгрөгийг өгнө гэж байсан. Манай эмээ Нарантуяа Нандинцэцэг гэх хүнд мөнгө өгсөн эсэхийг мэдэхгүй. 2017 оны 01 дүгээр сарын дундуур Жигмэддагвын эхнэр Дэлхийцэцэг над руу утсаар ярьж манай нөхөр наад Солонгос явуулдаг хүний утасны дугаарыг өгөөч гэсэн. Тэгэхээр нь би эмээ Нарантуяа руу залгаж наад Солонгос явуулдаг хүний утасны дугаарыг өгөөч Дэлхийцэцэг эгч залгаад байна гэж хэлсэн. Эмээ Нарантуяа надад Нандинцэцэгийн утасны дугаарыг өгсөн. Нандинцэцэгийн дугаарыг аваад миний таньдаг нэг эгчийн нөхөр тантай уулзая гэж байна гэж хэлсэн чинь Нандинцэцэг чамаар дамжуулж танилцаж байгаа бол би ганцаараа юу гэж танихгүй эрэгтэй хүнтэй уулзаж байх юм бэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь Дэлхийцэцэг эгчид энэ байдлыг нь хэлсэн чинь Жигмэддагва надруу утсаар ярьж наад хүнтэйгээ цуг ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Би Жигмэддагва гэдэг хүнд хандан би энэ хүнийг чинь сайн танихгүй заавал ажил дээрээ уулзаж яах юм бэ гэсэн чинь зүгээр наад хүнээ аваад ажил дээр хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна. Нандинцэцэгийг аваад Жигмэддагвын ажил дээр очсон. Ажил дээр нь очиход гадаа харанхуй болсон байсан. Нандинцэцэг, Жигмэддагва хоёр баахан юм ярьж байгаад ярианы төгсгөл рүүгээ Солонгос хүн явуулах талаар ярилцаад мөнгө төгрөг өгч авалцахаар болсон. Банк орохын өмнө нотариатаар орж гэрээ байгуулсан. Тэгээд Худалдаа хөгжлийн банк орж Жигмэддагва мөнгө авсан. Мөнгө авахаар явахад нь Нандинцэцэг бид хоёр хамт явсан. Жигмэддагва банкнаас хэдэн төгрөг авсан талаар мэдээгүй. Жигмэддагва Нандинцэцэг хоёр банзин дотор мөнгө төгрөгөө өгөлцөж авсан. Жигмэддагва нь банкин дотор байж байхдаа над дээр ирээд тус болсон. Ийм хүн танилцуулж өгсөнд баярлалаа гээд надад 100.000 төгрөг өгсөн. Банкнаас гараад би гэртээ харьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-64х/,

гэрч Б.Тэлмүүнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2017 оны 01 дүгээр сард манай хамаатан Жигмэддагва надтай уулзаж чи Солонгос улс руу гэрээгээр 3 жилийн хугацаатай явах уу гэхээр нь тэгье гэж хүлээн зөвшөөрсөн. Жигмэддагва ах миний өмнөөс урьдчилгаа гэж 2.500.000 төгргөөр гаргаж байгаа гэсэн. Би гадаад паспортийн хуулбар, гадаад паспортоо Жигмэддагва ахад өгсөн. Солонгос хэлний сургалтанд сууж байгаад гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 66-67х/

гэрч Б.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Д.Н нь 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр надад хэлэхдээ Солонгос улс руу хү гаргана гэж хэлсэн. Тэгэхээр нь би том хүүгээ явуулъя гэж хэлсэн. Тэгээд Белгид ажиллаж амьдарч байгаа том охин Оюунтуяагаас 900 евро авсан. Оюунтуяагаас ирүүлсэн 900 еврог монгол мөнгөөр солиулахад 2 сая гаран төгрөг болсон. Би Нандинцэцэгт том хүүгээ Солонгос улс руу явуулна гэж хэлсэн боловч бичиг баримт мөнгө төгрөгөө өгөөгүй юм. Би найдвартай гарган гэсэн баталгаа гаргаж өгөөгүй тул бичиг баримт мөнгөө Нандинцэцэгт өгөөгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 68-69х/,

гэрч Д.Нямжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Д.Нтэй төрөл саланы ямар нэг холбоо байхгүй. Д.Н нь миний багын найз бид хоёр нэг ангид хамт сурч байсан. Би Монгол Улсын Гадаад харилцааны яаманд ажил эрхэлж байгаагүй. Би Д.Нт Гадаад харилцааны яаманд ажилдаг гэж хэлж байгаагүй. Солонгос улс руу явах виз гаргана гэсэн асуудал байхгүй. Д.Н худлаа ярьсан байна. Д.Нээс ямар нэг мөнгө төгрөг авсан асуудал байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х/

Д.Н Д.Жигмэддагвад мөнгө өгсөн баримт гэрээ /хх-ийн 86-90х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Н бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон мэхэлж хохирогч Т.Жигмэддагва, С.Соёлмаа наараас нийт 31.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч С.Соёлмаад гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан нийт 5 сая төгрөгийг Д.Н нь бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар /хх-ийн 50-51х/ тогтоогдож байна.

Хохирогч Т.Жигмэддагвад нийт 26.500.000 төгрөгийн хохирол учруулсанаас нийт 5.000.000 төгрөгийг Д.Н нь буцаан төлсөн /хх-ийн 163х/ байх ба одоо нийт 21.500.000 төгрөгийн хохирол үлдсэн байна. Иймд шүүгдэгч Д.Нээс нийт 21.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Жигмэддагвад олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Нт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршигийн хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, бусдад учруулсан хохиролын үлдэх хэсгээ бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж буй байдал зэргийг үндэслэн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, харин шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 сарын хугацаанд бусдад учруулсан төлж барагдуулагүй үлдсэн хохиролыг төлүүлэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт Д.Нийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204016100, Г-2204002127 дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 24 дүгээр гудамжны 5А тоот хувийн сууц, газрыг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Жигмэддагва нь: “...уг хувийн сууц, газар нь үнэлгээний байгуллагын үнэд хүрэхгүй, надад учруулсан хохиролын үнийн дүнд хүрэхгүй....” гэх  мэдүүлэг, шүүгдэгч Д.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... өөрийн хувийн сууц, газрыг худалдан борлуулах, эсхүл ах, дүү нараасаа тусламж авч хохиролыг барагдуулна...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.