Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 163

 

2018 оны 08 сарын 24 өдөр                               2018/ШЦТ/163                                         Баруун-Урт

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бид холбогдох эрүүгийн 1830002250146 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 хотхон 1-3-43 тоотод бүртгэлтэй, 1981 оны 10 дугаар сарын 22-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг Чулуутын 3-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЖ81102216/ Боржигон овгийн Ц.Б.

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг Чулуутын 3-2 тоотод иргэн Б.Алтанзулыг зодож, эрүүл мэндэд “ толгойд язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн гарын шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  - Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэр рүүгээ орж унтах гээд явж байхад ам цангаад байсан. Тэгээд би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байхдаа дүүгээ зодсон. Энэ миний буруу, би гэмшиж байна. Хохирогч Б.Алтанзул бид хоёр одоо эвлэрсэн... гэв. 

- Яллагдагч Ц.Бийн: Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Алтанзулын биед учруулсан гэмтлүүдийг бүгдийг нь учруулсан болохоор зөвшөөрч байна. Би хүргэн ах Баялагийн хашаанд ганц биеэрээ амьдардаг юм. Тэр өдөр гадуур архи ууж байгаад гэртээ иртэл манайд ус байхгүй байхаар нь Баялагийн гэр рүү ортол охин нь болох Б.Алтанзул 4 настай хүүхэдтэйгээ хоёулаа хамт байсан. Тэгээд би ус асуутал байхгүй гэж надтай маргалдаж байсныг санаж байна. Би Б.Алтанзулыг цохиж зодсон талаараа санахгүй байна. Би өмнө нь Баяр ахтай 0.75 литрийн шилтэй Ерөөл архи хувааж уусан байсан. Баялаг ахынх жижиг модон сандалтай. Намайг тэр сандлаар толгой руу цохисон гэж Б.Алтанзул хэлсэн. Би яг цохисон талаараа санахгүй байгаа. Би Алтанзултай эвлэрсэн. Надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-18 /

- Хохирогч Б.Алтанзулын: 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчимд би гартаа ганцаараа байж байтал Баасандорж ах гаднаас согтуу орж ирээд манай гэрийн үүдэнд зогсож байгаад надаас “ус байна уу” гэж асуухад би “манайх усаа аваагүй байна маргааш авна” гэж хэлэхэд надаас дахин дахин “ус байна уу” гэж асуугаад байхаар нь манайх “маргааш ус авна одоо ус байхгүй” гэхэд чи муу яасан овортой пизда вэ гээд гэр рүү орж ирээд намайг орон дээр сууж байхад нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би босоод Бааска ахыг түлхэхэд над руу дайрч 2-3 удаа зүүн шанаа руу цохиж намайг газар унахад дээрээс дарж үснээс зулгааж “бузар муу гичий, янхан” гэх мэтээр элдвээр хэл амаар доромжилж, жижиг модон сандлаар толгойн зүүн хэсэг рүү цохиж толгой хагалсан. Намайг зодох болсон гол шалтгаан нь гэр орондоо найз нөхдөө авчирлаа. Найз залуугаасаа өөр хүн авчирлаа гэж худал гүтгэж намайг аав, ээжид буруугаар ойлгуулаад байгаа юм. Баасандорж ах 2018 оны 02 дугаар сард мөн намайг зодож толгой тархи руу цохиж, нүүр хөхрөөж байсан. Тухайн үед би ээжийнхээ дүүг гэж бодоод цагдаад мэдэгдээгүй, хэд хоног гэртээ хэвтэж байгаад өнгөрсөн. Баасандорж ахтай одоо би эвлэрсэн. Миний зүгээс Баасандорж ахаас нэхэмжлэх зүйл байхгүй, гаргах гомдол санал хүсэлт байхгүй. Миний бие гомдолгүй учир шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй... гэх мэдүүлэг /хх-04-06 /, 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 400 дугаартай дүгнэлтэд: 1. Б.Алтанзулын толгойд язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн гарын шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 11/,

- Эмчийн тодорхойлолт.2018.07.18. /хх- 10/

-  Ц.Бийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/,

- Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.08.14-ны өдрийн тодорхойлолт /хх-19/,

- Мөрдөгчийн тэмдэглэл.2018.08.21. /хх-23/,

- Хохирогч Б.Алтанзулд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 25/ 

- Яллагдагч Ц.Бид хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 25/ 

- Ц.Бийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх- 30/ 

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал № 85/ хх-32 / зэрэг баримтууд болно.

 Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг Чулуутын 3-2 тоотод иргэн Б.Алтанзулыг шалтгаангүйгээр үсдэх, гараараа цохих, сандлаар цохих зэргээр зодож, эрүүл мэндэд “ толгойд язарсан шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн гарын шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Ц.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Алтанзулын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 400 дугаартай дүгнэлт, 2018.07.18-ны өдрийн Эмчийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

            Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, Ц.Б архи ууж согтуурсан үедээ хөрш айлын Б.Алтанзулаас уух ус нэхэж, “ ус байхгүй “ гэж хэлснээр түүнийг зодож гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ямар ч шалтгаангүйгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч Ц.Бийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Алтанзул хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ.

           Ц.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.    

Прокуророос холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж үзлээ. 

  Тухайлбал, дээрх хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Алтанзул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Ц.Б нь ганц бие, айлын хашаанд гэр барин амьдарч байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх зүйтэй гэж үзнэ.

  Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ц.Бид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Б дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    5. Ялтан Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч Б.Алтанзул хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шатанд ялтан Ц.Бид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН