| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2402006360083 |
| Дугаар | 2025/ДШМ/1435 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1435
2025 12 17 2025/ДШМ/1435
Э.Ц-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Гантулга,
шүүгдэгч Э.Ц- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Сүхээ
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2336 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2402006360083 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Э-гийн Ц-, ........., /РД:Э-/, урьд:
1. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Б.Хоролдоржид даалгаж,
2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж,
3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 643 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн.
Э.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад худалдсан, мөн худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х- овогт Э-гийн Ц-ийг үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-эд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ээс 14.700.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Э.Ц-ийн бага насны буюу 12 настай Ц.М- /РД:М-/, 15 настай Ц.Э- /РД:М-/, 8 настай Г.А- /РД:М-/, 5 настай М- /РД:М-/ нарт хүүхдүүдийн асран хамгаалагчийг Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн засаг даргад даалгаж, Э.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт холбогдож мэдүүлэг өгөхдөө хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байсан ба үнэн бодит мэдүүлэг өгч чадаагүй, худал мэдүүлэг өгсөн. Үүнийг нотлох нь: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 436 дугаар шинжээчийн дүгнэлтээр Э.Ц- нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэх сэтгэцийн эмгэгтэй байна гэх дүгнэлт. Би 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б- гэх хүнээс өөрөө хэрэглэх зорилготойгоор 2 грамм буюу 10 ширхэг бага хэмжээгээр ууталж савласан мөс гэх бодисыг худалдан авсан. Үүнийг нотлох миний Хаан банкны Б- тоот дансны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бүх дансны хуулга нотолно. Би энэ нотлох баримтыг гаргаж өгч байгаа шалтгаан нь намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилсэн. Би тэр хар тамхийг зарах сэдлээр өөрийн найз Х.С-той мөнгө нийлүүлэн авч, хэрэглэх зорилгоор худалдан авсан. Х.С-ын мэдүүлэгт “...Халиунаа гэх хүн Ц-ээ мөстэй байгаа гэсэн, надад аваад өгчих, өрөө авмаар байна.” гэсэн байсан ба би тэр Халиунаа гэх хүнийг огт танихгүй болно. /1хх 55-57/, Ч.Э-ийн мэдүүлэгт “...10 хоногтоо 1 удаа, заримдаа өдөрт 2 удаа, заримдаа сардаа 1 удаа худалдан авдаг. Би авахдаа 100.000, 200.000 төгрөгт бодож авдаг. Ц-гийн хэлсэн данс руу өөрийн Ц- тоот Ч-ын Э- гэсэн нэртэй данснаас шилжүүлдэг.” гэсэн байсан. Уг данснаас би мөнгө авч байгаагүй. Нотлох баримт нь миний Хаан банкны Б- тоот дансны 2024 оны хуулга нотолно. /2хх 70-89/, М-ын мэдүүлэгт “...Д-, Х-, З- гэх хүмүүсийг би огт танихгүй болно.”/1хх 96-97/ Мөн сэтгэцэд нөлөөт бодисыг бага хэмжээгээр уутанд хийж .... УЕК улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан, бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалсан гэх шинжийг хангаж байна гэж дүгнэсэн. Надаас 14.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх тээврийн хэрэгсэл нь минийх биш, тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 02-нд машин түрээсийн газраас түрээслэн унаж явах үедээ цагдаагийн албан хаагчид баригдсан. Дээрх тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “....” ХХК болно. Гэтэл надаас гаргуулан улсын төсөвт төлөх 14.700.000 төгрөгийг хөнгөрүүлж өгнө үү. Уг тээврийн хэрэгсэлд худалдан борлуулах, хадгалах зэрэг ямар ч зорилго агуулаагүй болно. Тухайн тээврийн хэрэгслийг хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөхөөр түрээсэлсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж, үйлдэл нэг бүрийг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ар гэрээ тэжээн тэтгэх, асран хамгаалж амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд өрх толгойлсон 4 хүүхдийн эх байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн мөнгөн дүн болох 14.700.000 төгрөгийг шүүгдэгч Э.Ц-ээс гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Үүнийг хүчингүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд тогтсон тодорхой хаяг байхгүй. Хаана ч явсан 4 хүүхдээ аваад явдаг тул эдгээр байдлыг нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэв.
Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Ц- нь сэтгэцэд нөлөөт, хориглосон бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор тээврийн хэрэгсэлд хадгалсан, бусдад худалдан борлуулсан гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс гаргаж буй гомдол агуулгын хувьд зөрүүтэй байна. Жишээлбэл, гэмт хэрэг үйлдээгүй мэт тайлбарлаж байгаад, сүүлд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж бичсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь н.С-, н.Э-, н.Б-, н.М-, н.А-, н.Д- нарт 10 дугаар сарын 22-ны өдөр дээрх бодисыг тээврийн хэрэгслээр хүргэж өгсөн. Тухайн тээврийн хэрэгсэлд н.С-ын хамт бодисыг хэрэглэсэн гэх үйл баримтууд гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Дээрх гэрчээр асуугдсан хүмүүс шүүгдэгч Э.Ц-ээс сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаж авсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс гадна н.С- нь Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж шалгагдсан. Түүнчлэн н.М-, н.Д-, н.А- нарын хувьд хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад тухайн бодисыг хадгалсан гэх үйлдэлд шалгагдсан. Иймд шүүгдэгч Э.Ц-ийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Ц- урьд нь 2-3 удаа дээрх төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Тухайн үйлдэл нь үргэлжилж, худалдан борлуулсан гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Ц- нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бусдад худалдсан, мөн худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх9-13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх14-20/, шүүгдэгч Э.Ц-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх21-23/, Э.Ц-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх24-28/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1хх31-33/, “Дамно” ХХК-ний 2025 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Б25-33 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан “...Нийт 14.700.000 төгрөг...” /1хх233-235/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5994 дүгээр дүгнэлт /1хх206-208/, Э.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх152-154/, Ч.Э-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 172/, Э.Ц-ийн Хаан банкны Б- тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх70-89/, Э.Ц-ийн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх91/, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х-” хорооллын 406 дугаар байрны 94 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 34-39, 2хх 9-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 195-196/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 5995 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Э- овогтой Ц- Э- 2024.10.23” гэж хаягласан шээсний дээжээс метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II-р жагсаалтад багтана.” гэх /1хх 201-203/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5996 дугаартай “...Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Эд мөрийн баримт хадгалах уут 1, Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр олдсон зиплок ууттай 0,4 г цагаан талстлаг зүйл, ...” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, өнгөгүй соруул мэт зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 5, "Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар: 240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр 0,004 г мөс, ...” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талтслаг зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Биед үзлэгээр, Алба хаагч, цол, нэр: х/ч Д.Баярбат Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улбар шар өнгийн соруул мэт зүйл, цайвар ногоон өнгийн соруул мэт зүйл, шилэн гаанс мэт зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 3, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Үзлэгээр илэрсэн шилэн гаанс мэт зүйл, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн гаанс мэт зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 2, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн 4 ууттай 2,4 г цагаан талстлаг зүйл, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23" гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 4 ширхэг гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “Эд мөрийн баримт хадгалах уут 4, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог: Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн шар өнгийн хайрцагтай шилэн гаанснууд 3 ширхэг, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн шар өнгийн цаасан хайрцагтай 3 ширхэг шилэн савнаас метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ... ”Эд мөрийн баримт хадгалах уут 1. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр олдсон зиплок ууттай 0,4 г цагаан талстлаг зүйл, Алба хаагч, цол. нэр: д/ч Г.Бат-Эрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,4886 г.цэвэр жин-0,0805 г, “Эд мөрийн баримт хадгалах уут 5, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Товч утга: Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн 0,004 г мөс, Алба хаагч, цол, нэр: д/ч Г.БатЭрдэнэ, Огноо:2024.10.23” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай үеийн жин 0,0357 г, цэвэр жин 0,0086 г, “Эд мөрийн баримт хадгалах уут 2, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гомдол мэдээлэл, хэргийн дугаар:240200636, Объектийн мэдээлэл, онцлог, Тээврийн хэрэгслийн үзлэгээр илэрсэн 4 ууттай 2,4 г цагаан талстлаг зүйл ...” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн 4 ширхэг (1-4 гэж дугаарлав) гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн 1 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,6900 г, цэвэр жин 0,4039 г, 2 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,5346 г, цэвэр жин 0,2600 г, 3 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,6500 г, цэвэр жин 0,3799 г, 4 дугаартай дээжийн гялгар ууттай үеийн жин 0,6024 г, цэвэр жин 0,0523 г байна.” гэх дүгнэлт /1хх 213-221/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 436 дугаар шинжээчийн “...Э.Ц- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Э.Ц- нь одоо Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. ...Э.Ц-ийн дээрх эмгэг нь олдмол сэтгэцийн эмгэг болно. ...Э.Ц- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Э.Ц- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...Э.Ц- нь Амфетамины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна” /1хх 229-231/ гэх дүгнэлтүүд,
сэжигтнээр Х.С-ын “...танил найз болох Ц- гэх эмэгтэйтэй чаталсан. Яагаад чаталсан бэ гэхээр надад Халиунаа гэх “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэдэг хүүхэн надад ойролцоогоор 1 сарын өмнө “Ц-ээг таних уу? мөстэй байгаа гэсэн. Чи таних уу? Надад аваад өгчих” гэж хэлж байсан. Тэр Х- намайг өөрийг нь Ц-ээ гэх хүүхэнтэй уулзуулаад өгчих, өрөө авмаар байна гэж хэлж байсан. Тэгээд би өнөөдөр гэнэт Ц-ээ рүү “Ц- Энх” гэх өөрийнх нь фейсбүүк хаягаар чат бичээд мөс асуухад надаас Ц-ээ “хэд байгаа вэ” гээд мөнгө асуусан. Тэгэхээр нь би тал нь хэд вэ /0.5 граммыг асуусан гэх/ гэж асуухад 400.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би Ц-ээд утсаа ломбардад тавиад сансараас очлоо гэж хэлээд өөрийн жолооны курст явдаг хүнээс жолооны курсийн төлбөр болох 400.000 төгрөгийг өөрийн данс руу авсан. Тэр мөнгийг зөрүүлээд Ц-ээгийн данс руу хийгээд мөсийг хангай хотхоны сөүл эмнэлгийн хашаанаас очиж Ц-ээгээс өөрөөс нь авахад 1 жижиг зиплок ууттай мөсийг өгсөн. ...” /1хх55-57/,
сэжигтнээр Э.Б-ын “...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд таньдаг ах Э-ийн гэрт нь хамт байж байсан. Би гэрт нь интернэтээр покер тоглож байгаад 400.000 төгрөг хожсон. Э- ахад мөнгөтэй болчихлоо яах уу гэхэд Э- гарах уу гэхээр нь тэгье гээд бид хоёр хамт гэрээс нь гарсан. Гараад миний Х- дугаарын утсаар Э- ахын найз Ц- гэх эмэгтэйн Х- гэсэн дугаараар холбогдсон. Тухайн эмэгтэйгээс 200.000 төгрөгт юм байна уу гэж асуухад байна гэсэн. Хүнсний 4-ийн содон караокед хүрээд ир гэсэн. Тэгээд Э- бид хоёр Баянхошуунаас таксигаар 3-р сургуулийн баруун талд байх караокед явж очсон, очих замдаа би өөрийн Хаан банкны Х- дугаартай данснаас тухайн Ц- гэх эмэгтэй Б- гэсэн Хаан банкны дансанд орлого гэсэн утгатайгаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Содон караокены хойно байх Хоймор оффисын орчимд Ц- гэх эмэгтэйтэй уулзаж мөс гэх бодисыг би авсан. ...” /1хх187- 189/,
сэжигтнээр Ч.Э-ийн “... П-гийн дүү Ц- гэх эмэгтэй нь “мөс” гэх бодисыг зардаг байсан ба тухайн үеэс хойш тогтмол Ц- гэх эмэгтэйгээс өнөөдрийг хүртэл авч байна. Ц- нь 1 грамм “мөс”-ийг 800.000 төгрөгөөр зардаг байсан ба би мөнгөө хадгалж байгаад 10 хоногтоо 1 удаа, заримдаа өдөрт 2 удаа, заримдаа сард 1 удаа худалдан авдаг болсон. Би нэг авахдаа 100.000 төгрөгөөс 200.000 төгрөгт бодож авдаг. ...2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц-тэй Б- холбоо бариад Хүнсний 4-т очиж Ц-тэй уулзаж 200.000 төгрөгөнд бодож мөсөө авсан. Уг мөсний мөнгийг нь Б- нь өөрийн дансаар шилжүүлсэн ба бид хоёр аваад цайны газар орохоор явж байтал цагдаагийн албан хаагчид ирээд Б- бид хоёрыг аваад явсан. ...Ц- нь надад итгэдэг байсан тул надтай уулзаж мөсөө өгдөг байсан. Би 2024 оны 5 дугаар сарын сүүл хэсгээс өөрийн Ц- тоот Ч-ын Э- нэртэй хаан банкны данснаас Ц-гийн хэлсэн Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Ц-тэй уулздаг тогтмол газар байхгүй. Ц-гийн байгаа газар нь явж очоод мөсөө авчихдаг байсан.” /1хх192-194/,
яллагдагчаар Э.Ц-ийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Уг тогтоолтой санал нийлж байна. Би О- гэх Турк улсад амьдардаг залуутай 2024 оны 6 дугаар сард холбоо тогтоож байсан. Э- нь мөн Турк улсад амьдардаг ба М-гаар дамжуулан танилцаж байсан. О-ыг хүмүүс “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис зардаг гэж байсан тул би сонирхож, О-тай холбоо барьсан. 2024 оны 6 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын хооронд О-ын telegram хаягаар холбоо барьж 3 удаа “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис авсан. О- нь өөрийн гэсэн данс байхгүй 1хbet-ийн дансыг ашиглаж мөнгөө аваад telegram хаягаар мөс үлдээсэн байршлаа явуулдаг байсан. Хаан банкны М- Марал-Эрдэнэ гэх хүний данс руу мөнгөө явуулдаг байсан. Уг данс нь 1хbet-ийн агентын данс байгаа юм. Их дүнгээр цэнэглэж болдоггүй, 10.000 төгрөгөөс 100.000 төгрөгийн хооронд олон удаа гүйлгээ хийсэн. Хэрэв шууд их дүнгээр цэнэглэх юм бол заавал уг оруулсан мөнгөөр 1хbet-ийн тоглоомоор тоглох юм уу бооцоо тавьж байж мөнгөө буцаж татаж авдаг юм. 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 650.000 төгрөгт бодож О-аас “Мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис авсан. Ойролцоогоор 1 грамм гарантай мөс авсан. Уг авсан мөсийг өөрөө хэрэглэх зорилгоор авсан ба гэнэт мөнгөний хэрэг гарсан тул зарах зорилгоор маш бага жингээр жинлэж 8 ширхэг зиплок уутанд хийсэн. Үүнээс 200.000 төгрөгөөр Э.Б-од, 200.000 төгрөгөөр Д.М-д, 400.000 төгрөгөөр Х.С-д тус бүрд нь зараад өөрийн Б- тоот дансанд мөнгийг авсан. Үлдсэн 5 ширхэг зиплок ууттай мөстэйгөө явж байгаад цагдаагийн албан хаагчдад баригдсан. Э- Б- нэртэй Х- тоот хаан банкны данснаас 200.000 төгрөг миний Б- тоот дансанд орж, Их тойруу төвийн ойролцоо уулзаж 1 ширхэг зиплок ууттай мөс өгсөн. Хурцбилэгийн С- нэртэй Э- тоот хаан банкны данснаас 400.000 төгрөг миний Б- тоот дансанд орж, Чингэлтэй дүүргийн Сөүл эмнэлгийн ойролцоо уулзаж 1 ширхэг зиплок ууттай мөс өгсөн. Д-ын М- нэртэй Д- тоот хаан банкны данснаас 200.000 төгрөг миний Б- тоот дансанд орж, 3 дугаар сургуулийн ойролцоо уулзаж 1 ширхэг зиплок ууттай мөн өгсөн.” /2хх 2-4/ гэх мэдүүлгүүд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Э.Ц-ийг үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Э.Ц-ийн “...тээврийн хэрэгслийн төлбөр 14.700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн ба тээврийн хэрэгсэл нь минийх биш, эзэмшигч нь “....” ХХК болно. 14.700.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнг хөнгөрүүлж өгнө үү. Уг тээврийн хэрэгсэлд худалдан борлуулах, хадгалах зэрэг ямар ч зорилго агуулаагүй болно. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж, үйлдэл нэг бүрийг хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогоогүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ар гэрээ тэжээн тэтгэх, асран хамгаалж амьдардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Ц- нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан метамфетамин /methamphetamine/ агууламжтай “мөс” гэх нэршилтэй, 0.2342 грамм жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Х.С-д 400.000 төгрөгөөр хууль бусаар худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь Б- тоот дансанд шилжүүлэн авсан, мөн Э.Б-, Ч.Э- нарт 200.000 төгрөгөөр хууль бусаар худалдаж, төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банк дахь Б- тоот дансанд шилжүүлэн авсан мөн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар .... УЕК улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр, бүрэн нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгосон зохицуулалт бөгөөд мөн зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураан авч улсын төсөвт шилжүүлэх зохицуулалттай бөгөөд уг .... УЕК улсын дугаартай Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгсэл нь “Д-” ХХК-ийн өмчлөлд байсан тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүнгээр шүүгдэгч Э.Ц-ээс гаргуулан улсын орлого болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогддог.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж, хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.
Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ц-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, шүүгдэгч Э.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ц-ийн асрамжид байгаа бага насны буюу 12 настай Ц.М- /РД:М-/, 15 настай Ц.Э- /РД:М-/, 8 настай Г.А- /РД:М-/, 5 настай М- /РД:М-/ нарын асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Ц- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 70 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2336 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц- нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ