Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01501

 

 

 

 

 

Б.М нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00004 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.М хариуцагч Б.М холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 7 575 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Б.М 2017 оны 2 сарын 23-ны өдөр 2 машиныг 29 500 000 төгрөгт тооцож хүлээлгэн өгсөн. Үнийг нь 2017 оны 6 сарын 01-ний өдрийн дотор буцааж төлөхөөр тохирсон. Мөн өдөр хоёр тал харилцан тохиролцож 29 500 000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулж, гэрээний хугацааг 2017 оны 2 сарын 23-ны өдрөөс 2017 оны 5 сарын 10-ны өдөр хүртэл, гэрээний төлбөрийг хугацаа хэтрүүлж төлбөл хоног дутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. Хариуцагч нь бэлнээр 2017 оны 5 сарын 07-нд 6 650 000 төгрөг, 7 сарын 02-нд 1 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 2017 оны 12 сард  10 000 000 төгрөгөөр бодож Land100 маркийн автомашин өгсөн. 2018 оны 6 сард 1 200 000 төгрөгт тооцож pronter маркийн автомашин, 1 500 000 төгрөгт тооцож старикс маркийн автомашин тус тус өгсөн. 2018 оны 07 сард 500 000 төгрөг нийт 24 450 000 төгрөг төлсөн. Би н.Эхашаанд байсан Bongopronter автомашиныг 1-р хорооллоос чирч аваачсан бөгөөд мотор нь эвдэрхий байсан. Hyundai starexs маркийн автомашиныг н.Э унаж авчирч байгаад замдаа Цайзын тэнд эвдэрчихлээ, асахгүй байна гээд би очиж асаагаад Шархаданд хашаандаа аваачсан. 2019 оны 07 сарын 04-ний өдрийн үнэлгээний тайланд 2018 оны 6 сарын байдлаар Bongopronter маркийн машинийг 4 500 000 төгрөгөөр, Starexs маркийн машиныг 5 000 000 төгрөгөөр худалдан борлуулах боломжтой гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Түлхүүр хийгээ л асдаг машинуудыг ийм үнэлгээгээр үнэлдэг. Гэтэл хариуцагчийн өгсөн машинууд асдаггүй байсан. Одоо гэрээний дагуу 5 050 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Алдангид 2 525 000 төгрөг тооцож нийт 7 575 000 төгрөг гаргуулна гэжээ.

 

  Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ бол авто машин худалдах худалдан авах гэрээ биш. 29 500 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг nissan navara, prius 20 маркийн 2 машиныг Б.М нь зээлээр  худалдаж авсан. Үүнээс Б.М нь нийт 4 удаагийн үйлдлээр нийт 21 150 000 төгрөгийг Б.Мд өгсөн. Үлдэх 8 350 000 төгрөгт хариуцагч Б.Мын зүгээс ........ УНЗ улсын дугаартай Bongopronter автомашин, -60.......УБE улсын дугаартай hyundai starexs автомашинуудыг  тооцож өгсөн. Ингэснээр өглөг авлага дууссан. Шинжээч тухайн үеийн зах зээлийн ханшаар bongopronter автомашиныг 4 500 000 төгрөг, Hyundai starex автомашиныг 5 000 000 төгрөгөөр нийт 9 500 000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгээгүй. Анх машин худалдах худалдан авахдаа алданги тохироогүй. Гэвч 2017 оны 2 сарын 23-ны өдөр зээлийн гэрээгээр 7 575 000 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ байгуулсан боловч бодитойгоор мөнгө хүлээлгэж өгөөгүй. Иймд зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.М 3 575 000 /гурван сая таван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мт олгон, нэхэмжлэлээс үлдэх 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, хариуцагчаас хариуцах хураамжид 72 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн ажлын хөлс 100 000 төгрөгийг хариуцагч тал төлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар гэрчийн мэдүүлгийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй, гэрчийн мэдүүлэгт тулгуурлан шийдсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... зохигчдын хооронд авто машин худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдсэн, үнийг дараа төлөхөөр тохирсон, хэлцэл хийсэн өдрөө дараа төлөгдөх гэрээний үүргийг зээлийн гэрээ нэрээр бичгэн хэлбэрт оруулж, гэрээний хариуцлага анз буюу алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар тооцон төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулж хөндлөнгийн хуульчаар гэрчлүүлсэн болон талууд маргаандаа зээлийн гэрээний талаар шаардлага хэлэлцүүлээгүй байдлаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар анзын хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл болж байна. Харин зээлийн хэлцлийн гол нөхцлийн тохиролцоо, агуулга байхгүй байна ... гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болсон. Учир нь талуудын хооронд авто машин худалдах худалдан авах хэлцэл амаар хийгдсэн тал дээр маргаан байхгүй. Харин 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг нэхэмжлэгч Б.Мийн хүсэлтээр мөнгө зээлсэн зээлийн гэрээ хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьсны дагуу тухайн өдөр 29 500 000 төгрөг зээлсэн мэтээр зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд гэрээний зорилго нь зээлдэгч зээлдүүлэгчээс зээлсэн мөнгийг мөнгөн хэлбэрээр авах, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино ..., ... зээлийн хэмжээ 29 500 000 төгрөг гэж тодорхой заасан байхад анхан шатны шүүх зээлийн хэлцлийн гол нөхцлийн тохиролцоо, агуулга байхгүй байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай болсон. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй, бодит байдалд хэрхэн нийцэх талаас нь дүгнэлт хийгээгүй атлаа зээлийн гэрээнд тулгуурлан алданги шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч талаас үнийн дүнд маргаж буй байдлаа хэрэгт авагдсан Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээгээр ............r авто машиныг тухайн үеийн зах зээлийн дундаж үнэ 4 500 000 төгрөг байна гэж тогтоолгож нотолсон байхад баримт гаргаагүй байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шүүх гэрч ......... шүүхэд болон шүүх хуралдаан дээр өгсөн гэрчийн мэдүүлгээр асахгүй машиныг хүлээлгэж өгсөн тул 1 800 000 төгрөгөөр үнэлэх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Гэрчийн мэдүүлэг шууд нотлох баримт болж чадахгүй, эх сурвалжаа зааж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Шүүх дан ганц гэрч Н.Эмэдүүлэгт тулгуурлан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үзэлгүй шийдвэрлэсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Шүүх үндсэн үүргийн төлөгдөөгүй үлдэгдэл 1 550 000 төгрөг, алданги 2 025 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалттай нийцэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн хариуцагч Б.М3 575 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Б.М холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 5 050 000 төгрөг, алданги 2 525 000 төгрөг, нийт 7 575 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагчаас 3 575 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв.

 

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ниссан навара маркийн автомашиныг 20 000 000 төгрөг, тоёота приус 20 маркийн автомашиныг 9 500 000 төгрөг, нийт 29 500 000 төгрөгөөр хариуцагчид худалдах, төлбөрийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүүгүй, хугацааны эцэст бөөнөөр төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгч, хариуцагч нь дээрх төлбөрөөс 24 450 000 төгрөгийг төлж барагдуулсан талаар талууд маргаагүй, харин 5 050 000 төгрөгийн хэмжээнд маргасан байна. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээний үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид Bongopronter маркийн автомашинаа 4 500 000 төгрөгт, Hyundai Starex маркийн автомашинаа 5 000 000 төгрөгт тус тус тооцож өгсөн учраас одоо өглөг, авлагын тооцоо байхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хэргийн 68-73 дугаар тал дахь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 1997 онд үйлдвэрлэгдсэн Bongo frontier маркийн автомашиныг 4 500 000 төгрөгөөр, 2003 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Starex маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр үнэлэхдээ автомашинуудыг биечлэн үзэж үнэлээгүй, тухайн үнэлж буй хөрөнгөтэй хийц, зориулалт, ашиглалтад орсон он зэргээрээ ижил төстэй зах зээлд зарагдаж байгаа болон зарагдсан хөрөнгөтэй харьцуулан жиших аргаар зөвхөн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.

 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Н.Э ... М нь BongoPronter автомашиныг мотор нь эвдрээд зогсож байсныг 1 800 000 төгрөгөөр, Starexs маркийн автомашиныг 1 500 000 төгрөгт бодож авах уу гэж надаар дамжуулж асуулгахад Мөнхцог зөвшөөрсөн, Bongo frontier маркийн автомашин нь манай хамаатны хашаанд намар унтраад тавьсан байсныг Мөнхцог өөрийнхөө машинаар чирээд авч явсан, Starexs-г би өөрөө унаад хүргэж өгсөн гэх мэдүүлгээс үзэхэд BongoPronter автомашиныг шууд унах боломжгүй тодорхой хэмжээний гэмтэлтэй байсан нь тогтоогдож байх тул шинжээчийн үнэлсэн зах зээлийн ханшаар тооцох боломжгүй. /хх92/

 

 

 

Харин 2003 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Starex маркийн автомашины хувьд нэхэмжлэгч бусдад худалдсан зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шинжээчийн үнэлсэн зах зээлийн ханшаар тооцох боломжтой гэж үзэв.

 

 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, гэрээний зүйлийн шинж байдал, талуудын тайлбар зэргийг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан үзэж 1997 онд үйлдвэрлэгдсэн BongoPronter маркийн автомашиныг 1 800 000 төгрөгөөр, харин 2003 онд үйлдвэрлэгдсэн Hyundai Starexs маркийн автомашиныг үнэлгээчний тогтоосон 5 000 000 төгрөгөөр үнийг тооцон тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт нийцэж байна.

 

 

 

Алдангийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт нийцсэн. Талууд гэрээг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулж, зээл төлөх хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Хариуцагч нь гэрээний төлбөрөөс 22 850 000 төгрөгийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй байх тул шүүхээс алдангид 2 025 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

 

А.МӨНХЗУЛ