| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2402 00486 0343 |
| Дугаар | 2025/ДШМ/1400 |
| Огноо | 2025-12-10 |
| Зүйл хэсэг | 23.5.2., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/1400
2025 12 10 2025/ДШМ/1400
О.И-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Содбаяр,
цагаатгагдсан этгээд О.И-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/934 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор З.Хүслэнгийн бичсэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.И-д холбогдох 2402 00486 0343 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д- овгийн О-ын И-, .........., /РД: О-/;
Цагаатгагдсан этгээд О.И- нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийх”, 8.1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль бусаар давуу эрх олгох” гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 1 дэх заалт “өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, түүнчлэн албан тушаалтан томилолтоор өөр газар ажиллаж байгаа бол ирснээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ” гэж, Албан тушаалын тодорхойлолтын зорилгод “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, 1 дүгээр зорилт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, 1 дүгээр зорилтын хүрээнд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргах, хөрөнгө үрэгдэх, устгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцах” гэж тус тус заасныг зөрчиж, хариуцагч М.Х-гээс 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “...битүүмжлэгдсэн 3 тээврийн хэрэгслийн хоригийг цуцлуулж, оронд нь өөрийнхөө өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Х- байрны 83 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжлүүлье... ” гэсэн хүсэлтийг шууд хүлээн аваад зохих бүртгэлд оруулалгүйгээр хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ, М.Х-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Х- байрны 83 тоот 3 өрөө орон сууцны эрх түдгэлзүүлэх тухай 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 146/5406 дугаартай тогтоолыг үйлдэж, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.З-гоор батлуулсан боловч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “еDос” цахим программ ашиглан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04-146/13122 дугаартай албан бичгийг боловсруулахдаа “программ ашигладаггүй байгууллага” гэсэн сонголтыг хийж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “хөрөнгийн эрх түдгэлзүүлэх” шийдвэр хүргэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.Х-гийн өмчлөлийн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэх талаар хариуг ирүүлээгүй байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32023/5406 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл, лавлагааны хэлтэст 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр өдрийн 04-146/5991 дугаартай, ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.О-ын тоон гарын үсэгтэй албан бичгээр хариуцагч М.Х-гийн эзэмшилд бүртгэлтэй “....” УНЯ, “....” УАМ, “....” УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг “ТҮДГЭЛЗҮҮЛСЭН” шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “еDос” цахим программ ашиглан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04-146/13131 дугаартай “Эрх сэргээх тухай” албан бичгийг боловсруулж, зохих албан тушаалтанд танилцуулж баталгаажуулан хүргүүлсний дагуу хариуцагч М.Х-гийн 3 тээврийн хэрэгслийн эрхийг “СЭРГЭЭСЭН” төлөвт шилжүүлж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “....” ХХК-д 80.055.450 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: О.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар О.И-д холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч О.И- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор З.Хүслэн бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн авч танилцахад шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч О.И-ийг захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн өөрийн үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүйн улмаас хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн байна. Иргэний хэргийн шүүхээр мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлүүлж дуусаад шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үед хариуцагчид ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө байхгүй эсхүл өөрийн эд хөрөнгөө бусдад худалдах, бэлэглэх арга хэлбэрээр шилжүүлэх тохиолдлуудаас урьдчилан сэргийлэх үүднээс иргэний хэргийн маргааныг шийдвэрлэхээс өмнө хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгө битүүмжлэх, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хязгаарлах, хориглох зэрэг арга хэмжээнүүдийг авч болохоор хуульчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд,хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу “....” ХХК-ийг хохирогчоор тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Б-ад эрх үүргийг танилцуулж, мэдүүлэг авсан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч “....” ХХК-иас иргэн М.Х-д холбогдуулан 169,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32023/5406 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг Баталгаажуулах тухай” захирамжаар хариуцагч М.Х-гийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 169,000,000 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн байна. “....” ХХК-иас иргэн М.Х-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 3 шатны шүүхээр 1 жил гаруй хугацаанд хянан хэлэлцэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/03571 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2023/02134 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2024/00030 дугаартай тогтоол гарч хүчин төгөлдөр болжээ. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагч М.Х-гээс “....” ХХК-д 80,055,450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үед О.И- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцагч М.Х-д ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө байхгүй буюу өөрийн эд хөрөнгийг бусдад худалдсан, бэлэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл О.И- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/Ш32023/5406 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг Б-алгаажуулах тухай” захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх үүрэг хүлээсэн хэдий ч үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, М.Х-гийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг түдгэлзүүлэх албан бичгийг зохих ёсоор явуулахгүйгээр, тухайн байгууллагаас хариу ирүүлээгүй байхад тодруулах, шалгах зэргээр холбогдох арга хэмжээ авахгүйгээр бусдад хэт найдах зэргээр үүрэгт ажилдаа хайнга хандаж, хэлбэрийн шинжээр өөрийн оролцоог хангасан болгож албан бичгийг боловсруулахдаа “программ ашигладаггүй байгууллага” гэсэн сонголтыг хийж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “хөрөнгийн эрх түдгэлзүүлэх” шийдвэр хүргэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “М.Х-гийн өмчлөлийн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэх” талаар хариуг ирүүлээгүй байхад түүний 3 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг сэргээсэн байна. Улмаар 80,055,450 төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл Б-алгаажаагүй, хязгаарласан хөрөнгүүдэд бусдад худалдсан, бэлэглэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болж хохирогч Б-” ХХК-аас гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих иргэн М.Х-гээс 80,055,450 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна. Тодруулбал, “....” ХХК-ийн захирал Д.Б-аас “...төлбөр төлөгч М.Х- нь эцсийн байдлаар 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрт 80.055.450 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан манай компанид төлж барагдуулсан байна. Иймээс компанийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-ыг зэргийг үндэслэн “Хайнга хандах” үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих хүн болох М.Х- нь 80.055.450 төгрөгийг төлж барагдуулсан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан..,” гэх гэмт хэргийн хохирлын шалтгаант холбоог үгүйсгэх үндэслэл болохгүй болно.
Хоёр. Анхан шатны шүүхээс “...Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан. Мөн “Гадагш чиглэсэн” гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно” гэжээ. Иймээс шүүгдэгч О.И-ийг захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх гэмт хэргийн шинж давхар үгүйсгэгдэж байна...” гэж дүгнэсэн байна. ... Прокурорын яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч О.И-ийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийх”, 8.1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа ... хууль бусаар давуу эрх олгох” гэж заасан хуулийг зөрчсөн. Улмаар албан тушаалын тодорхойлолтын зорилгод “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, 1 дүгээр зорилт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, 1 дүгээр зорилтын хүрээнд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргах, ... хөрөнгө үрэгдэх, устгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ... гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцах”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг биелүүлэн ажилласан байх” гэж тус тус заасан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн болно. Өөрөөр хэлбэл, прокуророос О.И-ийг хуулиар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн албаны чиг үүргээ гүйцэтгэсэн боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсанаас алдаа дутагдал гаргахад хүргэсэн, эдгээрээс шалтгаалан бусдад их хэмжээний хохирол учирсан буруутгасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бичээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гурав. Анхан шатны шүүхээс “... хэрэгт авагдсан гэрч О.З-гийн мэдүүлэг /1 хх 44/, Нийслэлийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04-146/13122 дугаартай “Эрх түдгэлзүүлэх тухай” албан бичиг /1 хх 36/, гэрч М.Х- 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн /2 хх 44/ мэдүүлгүүд нь эргэлзээ бүхий улсын яллагчийн яллаж буй нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байна. “Гэм буруутай эсэхэд” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үздэг...” гэж дүгнэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээс цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тавигдах шаардлагын талаар тодорхой хуульчилсан. Анхан шатны шүүхийн 2025/ШЦТ/934 дугаартай цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу яллах дүгнэлт, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаж чадаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, шүүх “...эргэлзээ бүхий улсын яллагчийн яллаж буй нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэж байна” гэсэн нь ойлгомжгүй буюу шүүхээс “ямар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн”, эдгээр нь улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэргийг нотолж байгаа гэж үзэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа цагаатгах тогтоолд бичээгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар О.И- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “еDос” цахим программ ашиглан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04-146/13122 дугаартай албан бичгийг боловсруулахдаа “программ ашигладаггүй байгууллага” гэсэн сонголтыг хийж, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “хөрөнгийн эрх түдгэлзүүлэх” шийдвэр хүргэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс “М.Х-гийн өмчлөлийн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэх” талаар хариуг ирүүлээгүй байхад өмнө түдгэлзүүлсэн 3 тээврийн хэрэгслийн эрхийг сэргээсэн үйл баримт тогтоогдсон. Дээрх үйл баримт нь хохирогч Д.Б-ын “...М.Х-гийн нэр дээр хөрөнгө байхгүй учраас шүүхийн шийдвэр биелүүлэх боломжгүй болж бид 79.500.000 төгрөгөөр хохирсон нөхцөл байдалтай байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-мөнхийн “...Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тэр албан бичиг нь очоогүй гээд тэгээд М.Х- 2023 оны сүүл үед 3 өрөө орон сууцаа өөр хүнд шилжүүлчихсэн...” гэх мэдүүлэг, М.З-гийн “...И- албан бичгээ боловсруулахдаа л буруу сонголтыг нь сонгочихсон юм шиг байгаа юм. Тэгээд албан бичиг нь Улсын бүртгэлийн хэлтэст очилгүй дээрх зүйл болсон...” гэх мэдүүлэг, М.Х-гийн “...О.И-ийн явуулсан албан бичиг нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст очоогүй... М.Х-гийн 3 өрөө орон сууц бусдын нэр дээр шилжсэн учраас орон сууцыг дуудлага худалдаагаар борлуулах боломжгүй..” гэх мэдүүлэг, М.Х-гийн “..,би охин руу өөрийн орон сууцыг шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг тус тус авагдсан бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүйгээс гадна Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 479 дугаартай “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 04-146/13122 дугаартай албан бичиг тус хэлтэст ирээгүй...” гэх албан бичгээр давхар нотлогддог болно. Гэтэл анхан шатны шүүхээс тус нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолдоо заагаагүй, энэ талаар шүүхээс хэрхэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх...” зарчмыг хэрэглэх ёсгүй тохиолдолд хэрэглэсэн буюу анхан шатны шүүхийн шийдвэрт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгахын оронд шууд эргэлзээ хэмээн үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг хэрэглэжээ. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг бусад нотлох баримтуудтай харьцуулан нягт нямбай, бүрэн гүйцэт бодит байдлаар хянаагүй, шүүхийн шийдвэрийн үйл баримтын үндэслэл тодорхойгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 болон 36.9 дүгээр зүйлүүдэд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна. Гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд ял завшуулах бүрэн боломжийг олгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйл “Хуулийн зорилго”, 1.2 дугаар зүйл “Хууль ёсны”, 1.3 дугаар зүйл “Шударга ёсны” зарчмууд алдагдсан гэж үзэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/934 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.И-д холбогдох хэрэг дээр миний бие мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхэлж хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.И-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүх О.И-ийг зохих шаардлага хангаагүйн улмаас хохирол учруулсан гэх үйлдлийг шалтгаант холбоогүй байна гэж дүгнэсэн асуудлын хүрээнд эсэргүүцэл бичигдсэн. ... Эсэргүүцэлд бичигдсэн 3 үндэслэлээс гадна 1 үндэслэлийг нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан боловч тогтоолынхоо тогтоох хэсгийн 3 дахь заалтад “шийтгэх тогтоол” гэж бичсэн нь эсэргүүцэл бичих үндэслэлд хамаарах зөрчил гэж үзсэн. Иймд прокурор З.Хүслэн бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд О.И-ийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаатгах тогтоол нь шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Миний үйлчлүүлэгч О.И-ийг яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Прокуророос О.И-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж буруутгахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ашигладаг цахим программ болох “еDос” программыг зохих ёсоор хэрэглээгүй, улсын бүртгэлд очих ёстой байсан албан бичиг, улсын бүртгэлд очиж чадаагүйн улмаас хохирол учирсан гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд “еDос” программыг ашиглаж баримт бичиг явуулах эрх миний үйлчлүүлэгч О.И-д байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон албан бичгүүдээс ахлах шийдвэр гүйцэтгэгч болон албаны даргад энэ чиг үүрэг хадгалагддаг болох нь тодорхой тусгагдсан. Тодруулбал З- болон Б-мөнх нь баримт бичиг явуулах эрх, үүрэг хүлээдэг. Мөн 07 дугаар сарын 03-ны өдөр эрх сэргээх болон түдгэлзүүлэх албан бичгийг З-, Б-мөнх нар албан тоотоор явуулсан байдаг. ... Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд хууль болон захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэх ямар ч үндэслэл тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд З- нь нэг л удаа мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэгт “... “байгууллага ашигладаггүй” гэдэг программыг О.И- сонгосон юм шиг байна лээ...” гэсэн. Тухайн албан бичгийг явуулах чиг үүрэг хүлээсэн албан тушаалтан нь З- байсан. Үүнээс харахад З-гийн таамагласан шинжтэй мэдүүлгийг үндэслэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, О.И-ийн үйлдэлд захиргааны хэм хэмжээний акт болон хуулиар олгогдсон чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй ямар ч үйлдэл байхгүй, мөн энэ гэмт хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учраагүй. 80.055.450 төгрөгийн хохирлын талаар Улсын дээд шүүхээс шийдвэр гаарсан боловч энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөгдсөн буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй байхад төлөгдсөн учир үүнийг бусдад учирсан их хэмжээний хохирол гэж үзэх боломжгүй. Эдгээрээс дүгнэхэд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинж хангагдахгүй байна гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос О.И-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн 1 дүгээр хэлтсийн 146 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13 дахь заалтад “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас зайлсхийх”, 8.1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль бусаар давуу эрх олгох” гэж, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 1 дэх заалт “өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш, түүнчлэн албан тушаалтан томилолтоор өөр газар ажиллаж байгаа бол ирснээс хойш ажлын нэг өдөрт багтаан энэ зүйлд заасан бүртгэлд бүртгүүлнэ” гэж, Албан тушаалын тодорхойлолтын зорилгод “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохион байгуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, 1 дүгээр зорилт “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх”, 1 дүгээр зорилтын хүрээнд “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хуульд нийцсэн шийдвэр гаргах, хөрөнгө үрэгдэх, устгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцах” гэж тус тус заасныг зөрчиж, хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “....” ХХК-д 80.055.450 төгрөг буюу их хэмжээний хохирол гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, үндэслэлтэй болж чадаагүй байна.
Учир нь, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заажээ.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”, 1.2 дахь заалт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.
Прокурорын яллах дүгнэлтэд О.И-ийг Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөний улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн талаар тодорхой тусгасан байна.
Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол...” эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан байтал анхан шатны шүүх зөвхөн захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь албан үүргээ биелүүлээгүй гэх гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж үзэн О.И-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Өөрөөр хэлбэл, О.И-ийг Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон Албан тушаалын тодорхойлолтод заасныг зөрчсөн гэсэн прокурорын яллах дүгнэлтэд дурдсан шинжийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлийг, мөн хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй гэсэн хуульд заасан шаардлагад хэрхэн нийцэхгүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/934 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, О.И-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үүнээс гадна анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтдаа эрхийн актын шийтгэх тогтоол гарсан мэтээр ташаа бичсэнийг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/934 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. О.И-д урьд авсан хувийн Б-алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.Б-ЗОРИГ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР