Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 293

 

Д.О, Н.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Д.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, Д.О, Н.Д нарт холбогдох 1814006510372 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Д, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дын О,

2.Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Олон гэрийнхэн овогт Нын Д нар нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.О, Н.Д нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.О, Н.Д нарыг тус бүр 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Н.Дын цагдан хоригдсон 88 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д, Д.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэн, П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Д, Д.О нарын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Д гаргасан гомдолдоо: “...Миний бие хэрэгт холбогдогч Д.Отай хэрэг үйлдээгүй ба Д.О нь тус хэрэгт огт хамааралгүй болно. Тус хэрэгт баримт нотолгоогүй, үндэслэлгүйгээр Д.Оыг хэрэгтэн болголоо. Миний бие нь тус хулгайн хэргийг ганцаараа үйлдсэн. Миний хувьд хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод Д.Оыг хэрэгтэн болголоо. Д.Оын анхны өгсөн мэдүүлэг үнэн юм... Иймд уг хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх, ахин шалгуулах хүсэлт гаргаж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Хяналтын шатын шүүхэд шүүгдэгч Д.О гаргасан гомдолдоо: “...Тус хэргийг миний бие үйлдээгүй. Уг хэрэг гарах үед миний бие тэнд байгаагүй болно. Н.Дын өгсөн анхны мэдүүлгийг үндэслэн хэргийн нэг талыг барьж, бусад гэрчүүдийг байцаалгүйгээр намайн хэрэгтэн болгосонд маш их гомдолтой байна. Миний бие ар гэрийн байдал хүнд, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Н.Дын Дээд шүүхэд гаргасан өргөдөл үнэн болно. Уг хэргийн гэрч нарыг асууж, хэргийг дахин хянан шалгуулах хүсэлтийг хүлээн авна уу” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Оын өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:

“1.Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нотлох баримтыг Н.Дын мэдүүлэгт ашигласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчил юм. Анхан шатны шүүхээс “Шүүгдэгч Д.О нь хохирогчийн гэр эзгүй байгаа талаар шүүгдэгч Н.Дд хэлж, гэрт нь байгаа хөөрөг болон хазаарыг хулгайлж авчрах үүргийг шүүгдэгч Н.Дд даалгаж, өөрөө гэрийн гадна талд хүн харахаар үлдэх зэргээр ... гэмт хэргийг зохион байгуулсан” гэж Д.Оыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэм буруутайд тооцох үндэслэл болсон нотлох баримтуудыг харвал мөрдөн шалгах ажиллагаанд харилцан эсрэг сонирхолтой байсан этгээд болох Н.Дын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж Д.Оыг буруутгасан байна.

Мөрдөн байцаалтын шатанд Д.О нь “би энэ хэрэгт огт холбогдолгүй, намайг гүтгэж байна” гэдгийг тогтвортой мэдүүлсээр ирсэн байхад “...Д чамайг буруутай гэдгийг хэлсэн” гэх маягаар түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Н.Д нь “...тэр өдөр О ахтай хамт архи уусан болохоор тэгж хэлсэн юм. О хамааралгүй” гэж мэдүүлсэн байна. Үүнээс харвал Н.Д нь ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс, магадгүй өөрийн учруулсан хохирлыг бусдаар төлүүлэх, хариуцлагаас зайлсхийх зорилгоор мөрдөн байцаалтын явцад Д.О ах надаар хулгай хийлгэсэн...” гэж мэдүүлсэн байх боломжтой. Тэгээд ч харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгийг дангаар нь үндэслэж бусдыг гэм буруутайд тооцох боломжгүй. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Дараахь мэдүүлэг дангаараа шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй", уг хэсгийн 8.3 дахь заалт “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж хуульчилсан.

2.Энэхүү хэрэгт Д.Оыг гэм буруутай гэдгийг нотлох баримт байхгүй байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан “Нотлох баримтыг шалгаж үнэлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсанчлан Н.Дын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгээс өөрөөр Д.Оыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэдгийг нотолж тогтоосон баримт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал зэргээс ч энэхүү байдал харагдана. Өмгөөлөгч миний таамаглаж байгаагаар бол анхан болон давж заалдах шатны шүүгч нар “Н.Дын өмнө нь мэдүүлж байсан нь үнэн байх” гэсэн дотоод итгэлээ удирдлага болгоод шийдсэн байх боломжтой. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.", 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж хуульчилснаас харвал шүүх сэжиг, таамгаар бус гагцхүү нотлох баримтанд тооцогдох, шаардлага хангаж байгаа баримтанд тулгуурлаж шийдвэрээ гаргах учиртай. Хэрэв энэхүү үүргээ биелүүлсэн бол Д.Оыг гэм буруутайд тооцох учиргүй байсан билээ.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хэдийгээр хяналтын шатны шүүхэд “...хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр гомдол гаргах боломжгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ" гэх эрх УДШ-д бий. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “...ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэх үндэслэлтэй байх тул дараах тайлбарыг гаргаж байна.

Өмнө дурдсанчлан нотлох баримтаар тооцохгүй Н.Дын мэдүүлгийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд ашигласан. Энэ нь шүүхийн шийдвэрүүдэд нөлөөлж Д.Оыг гэм буруутайд тооцсон. Хууль ёсоор бол өөр бусад байдлаар нотлох учиртай. Д.О нь “Тухайн өдрийн 18-19 цагийн үед би Даас салж явсан. Үүнийг Ц гэрчилнэ. Учир нь Ц намайг Даас салахад аваад дэлгүүрийн үүдэнд хүргэж өгсөн. Тэнд би Утай уулзсан, тэгээд Утай хамт хөдөө яваад Авлага гэх хүнтэй уулзаж архи уусан. Тэгээд Уаар баз Укагийнд хүргүүлж тэндээ хоносон” гэж мэдүүлдэг. Энэхүү мэдүүлгийг нь шалгах боломжтой бөгөөд шалгах зайлшгүй шаардлагатай. Мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж хэлээд байгаа тухайн Ц, У, А гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авснаар бодит байдал тогтоогдох юм.

Өмгөөлөгчийн дүгнэлт:

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд ганцхан Н.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үндэслээд Д.Оыг гэм буруутайд тооцсон. Өөрөөр тухайн хэргийг Д.О нь хамтран үйлдсэн, Н.Дд үүрэг өгч үйлдүүлсэн гэдгийг нотолж тогтоосон баримт байхгүй. Тэгээд ч Н.Д нь Д.Отай харилцан эсрэг сонирхолтой этгээд. Түүнчлэн Н.Д нь шүүх хуралдаанд “Д.О буруугүй” гэдгийг хэлж, худал мэдүүлсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Ийм нөхцөл байдал байсаар байхад шүүх, прокурорын зүгээс хэрэгт хувийн сонирхолгүй Ц, У, А гэх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүхийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлээр Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүу, Иргэний хэргийн
давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлал зэргийг тус бүр хүчингүй болгож, Д.Оыг цагаатгаж өгнө үү.” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь тогтвортой ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байна. Шүүгдэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо Д.Оыг уг гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ нь үгүйсгэгдэж байгаа.

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг гарахын урд өдөр хохирогчийн гэрт ирж хөөрөглөж байсан, хохирогчийн гэрийг шүүгдэгч Н.Д мэдэхгүй учир Д.О зааж өгсөн, хашааны гадаа хүн харж үлдсэн, Н.Д тооноор орж хөөрөг, хазаарыг хулгайлсан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Д, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.О, Н.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О, Н.Д нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянсайр 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Б.Мгийн гэрт хууль бусаар нэвтэрч хөөрөг, хазаар зэрэг эд зүйл хулгайлж 10.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.О, Н.Д нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч нарт тус бүр 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Шүүгдэгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалж үзэхэд шүүгдэгч Д.О нь хохирогчийн гэр эзгүй байгаа талаар шүүгдэгч Н.Дд хэлж, гэрт нь байгаа хөөрөг болон хазаарыг хулгайлж авчрахыг даалгаж, өөрөө гэрийн гадна талд хүн харахаар үлдэх зэргээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан төлөвлөж, гэмт хэрэг хамтран үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр тухайн гэмт хэргийг зохион байгуулсан, харин шүүгдэгч Н.Д нь шүүгдэгч Д.Оын зааж зааварласны дагуу хохирогчийн гэрийн тооноор нууцаар нэвтэрч хөөрөг болон хазаарыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцож, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх эрхгүй тул шүүгдэгч Н.Дын “...Миний бие тус хулгайн хэргийг ганцаараа үйлдсэн... Хэргийг дахин шалгуулах хүсэлтийг хүлээн авна уу”, шүүгдэгч Д.Оын “...Уг хэрэг гарах үед миний бие тэнд байгаагүй... Хэргийн гэрч нарыг асууж, хэргийг дахин хянан шалгуулах хүсэлтийг хүлээн авна уу”, өмгөөлөгч Д.Чинзоригийн “...Д.Оыг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Д, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                  ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН