Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0113/З |
Дугаар | 918 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 918
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Бату констракшн” ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “Бармон” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Бармон” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах”
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Бату констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Бату констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээд “Бармон” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш, иргэдийн төлөөлөгч Ц.Баяржавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бату констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Э.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...тус компани нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Эрчим хүчний гудамж 46 тоот хаягаар 84м х 24м хэмжээтэй, 2016 м2 үйлдвэрийн байр, 628 тууш метр салаа төмөр зам хамаарах 5602 м2 газар буюу нийт 6107 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамж, нэгж талбарын 8021/0156 тоот газар эзэмшүүлэх гэрээ, 0172669 дугаар гэрчилгээний дагуу эзэмшдэг. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны улмаас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар сунгуулж, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 0003055733 тоот газар эзэмших гэрчилгээ авч, 168021/0156 тоот гэрээ байгуулсан боловч эзэмшил газрынхаа кадастрын зургийг авах гэтэл 2008 оноос дангаар эзэмшиж ирсэн эзэмшил газрын талбайн хэмжээнд үл ойлгогдох шалтгаанаар өөрчлөлт орж хэмжээ багассан байсан.
Учрыг нь олохоор Нийслэлийн архивын газраас 2014 оны 8 дугаар сарын 28-ны 2/5358 тоот лавлагаа авахад “Бату констракшн” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зурагт Нийслэлийн Газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.Оюунцэцэгт олгосон болохыг мэдсэн. Үүнд залруулга хийхийг хүсч Нийслэлийн Өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан боловч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/8902 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн.
Анх 1992 оноос өмнө Барилгын модон эдлэлийн үйлдвэр байсан бөгөөд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор “Болор” ХК, “Хаалга” ХК, “Цонх” ХК болон хувьчлагдсан. Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар “Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг данснаас хасах тухай” тушаалын дагуу эд хөрөнгө тухайн компаниудад шилжсэн. “Болор” ХК нь 1996 онд “Монмойд” ХК болж нэрээ өөрчлөн үйл ажиллагаа явуулж байсан ба 2008 оны 5 дугаар сард үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилж “Монмойд” ХХК, “Бату констракшн” ХХК болж эд хөрөнгөө хуваарилан авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа.
Манай компани 2008 оноос хойш эзэмшил 6107 м2 газрын төлбөрийг гэрээний дагуу зохих журмын дагуу төлж ямар нэгэн тооцоо зөрчилгүй эзэмшиж, ашиглаж, жил бүр төсөв гарган ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, овоолсон шороо, хогийн ургамлыг зайлуулан 30 гаруй сая төгрөгийн тохижилтын ажил хийж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Гэтэл “Бату констракшн” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зурагт Нийслэлийн Газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.Оюунцэцэгт үйлдвэрийн хашаа, төмөр зам руу ордог автомашины орц, гарцын хэсэг болон төмөр зам дайруулан 500 м2 талбайг шилжүүлсэн байна.
Иргэн П.Оюунцэцэг нь 2013 оны 1 дүгээр сард “Бармон” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхээ шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүлээн авсан байна.
“Бармон” ХХК-иас үргэлж маргаан үүсгэдэг, ажил үйлчилгээнд хүндрэл учруулдаг бүдүүлэг үйлдэл гаргах болсон. Дээрх зөрчил дутагдлуудад зохих газруудаас тухай бүр шалгалт хийж холбогдох дүгнэлтийг гарган хүргүүлж байсан. Хасалт хийгдсэн 500 м2 газарт Авто замын газрын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1246 тоот тээврийн хэрэгсэл орж гарах гарцын зөвшөөрөл албан ёсоор олгосон газар хамаарах бөгөөд дээр дурьдсан 30 гаруй сая төгрөгийн тохижилтын ажил багтаж байгаа юм.
Тус орц, гарцын хэсэг дээр манай компани болон “Монмойд” ХХК, “Ата трейд” ХХК, “Прогресс транс” ХХК, “Хөхтэй мэргэн” ХХК, “Тэгш” ХХК зэрэг 7 компанийн дундын шугам сүлжээ болон ашиглалтын худаг байрладаг дундын шугам сүлжээ явсан газар бөгөөд эдгээрийн ашиглалтын хэвийн горимыг хангах, засвар үйлчилгээ хийлгэдэг хариуцагч нь “Бату констракшн” ХХК юм.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө болох Улаанбаатар өртөөний “Б” паркаас салбарласан 628 м урт өөрийн өмчлөлийн салаа төмөр замтай. Гэтэл манай кадастрын зурагт дур мэдэн өөрчлөлт оруулахдаа төмөр замын трасс дайруулан хийсэн байгаа нь Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой аюулгүй ажиллагааны журам алдагдуулсан, төмөр замын зурвас газраас гадна төмөр замын аюулгүй байдал, бүсийн газар зохион байгуулалт алдагдуулсан, тээврийн хэрэгсэлд орж гарах хэсэг буюу галт тэрэгнээс ачаа буулгах, зөөх нөхцөлгүй болгосон явдал боллоо. Тухайн үеийн газар зохион байгуулагч нь газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмыг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Бармон” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд “...кадастрын зурагт өөрчлөлт оруулан иргэн П.Оюунцэцэгт олгосон” гэж дурджээ. “Цонх” ХК нь компрессорын байр гэх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1992 онд “Номин” ББХ хоршоонд худалдаж, энэ тухай 1993 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт 5 тоот албан бичиг ирүүлсэн байдаг.
Хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 1994 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн “Эдэлбэр газрын экспликаци” гэх баримт бичгийг үйлдэж, “Номин” хоршооны эдэлбэр газрыг 1204 м2 болохыг тогтоож, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Номин” хоршооны 1204 м2 газарт жилд төлөх газрын төлбөрийг 172 дугаартай Газар ашигласны төлбөр тогтоосон актаар тогтоосон байдаг.
1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Номин” хоршоо нь аж ахуй нэгжийн шинэчилсэн бүртгэлд “Моям” ХХК нэрээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан 1204 м2 газрыг “Моям” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхээр гарсан 01 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Хаалга цонх” ХК-ийн хашаанд байрлах 1204 м2 газрыг “Моям” ХХК-д 4 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, 1996 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 475 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ олгосон байна.
Тухайн үед гараар үйлдсэн зураг 28х43м хэмжээтэй гэж тогтоосон 1204 м2 газарт нэхэмжлэгчийн маргаж байгаа 500 м2 газар хамаарч байна. Иргэн Н.Цэндсүрэн, “Моям” ХХК-ийн захирал Д.Батцоож нарын хүсэлт, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, Н.Цэндсүрэнгийн нэр дээр байдаг 0079920 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн дээрх газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар Н.Цэндсүрэнд шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан байна.
2003 оноос эдэлбэр газрын байршлын зургийг AutoCad программын дэвсгэр зураг дээр хийж газрын хэмжээг тогтоох болсон бөгөөд “Моям” ХХК-ийн газрын хэмжээ нь энэ программын дэвсгэр зургаар 28х40 м буюу 1120 м2 болох нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийг Н.Цэндсүрэнд шилжүүлэхдээ газрын хэмжээг 1120 м2 болгон өөрчилсөн. Иргэн Н.Цэндсүрэнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2 талын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.Оюунцэцэгт, П.Оюунцэцэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 талын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар “Бармон” ХХК-д тус тус шилжүүлж 1120 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан улсын бүртгэлд кадастрын зургийг бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй болно. Дээрх газрын хил хязгаарт эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон газар дээр 1996 онд “Моям” ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна.
Нэхэмжлэгч “Бату констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн хувьд “Монмойд” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/176 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйлдвэрийн зориулалтаар 8.2 га газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 476 дугаар захирамжаар эзэмшил газрыг дахин хэмжиж 7186 м2, 5056 м2, 1920 м2, талбай бүхий 3 нэгж талбарт хуваагдах 14162 м2 газрыг 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж эзэмшүүлсэн байна.
Хугацаа сунгах тухай шийдвэр гаргахдаа AutoCad программын дэвсгэр зураг дээр маргаж буй нэгж талбарын хэмжээг 5221 м2 гэж тогтоосон байдаг. Өмнө нь “Цонх” ХК-ийн эзэмшилд байсан газар дээр байрлах 1 давхар үйлдвэрийн барилгын хойд хэсэг нь “Моям” ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 1120 м2, барилгын урд хэсэг нь “Монмойд” ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 5221 м2 байсан бөгөөд дээрх компаниудын эзэмшил газар нэхэмжлэгч компани газар эзэмших хүртэл Засаг даргын шийдвэрээр болон газар дээр ямар нэг хэмжээгээр давхцаагүй, газрын маргаангүй байсан.
“Монмойд” компани хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 115 тоот тогтоолоор хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар зарим үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигч нарт шилжүүлсэн байх бөгөөд үүний дотор нэхэмжлэгч “Бату констракшн” ХХК-д “Монмойд” ХХК-ийн эзэмшлийн 3 хэсэг нийт 14162 м2 газраас 5221 м2 газрыг, 857 м2 газрын баруун талын зарим хэсгийг тус тус шилжүүлэн өгсөн байна.
2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар “Монмойд” ХХК-ийн эзэмшлийн газрын зарим хэсгийг шилжүүлэхдээ “Бату констракшн” ХХК-ийн хүсэлт болгосны дагуу газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчин тухайн үед иргэн Н.Цэндсүрэнгийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан 2 нэгж талбарын нийт 6107 м2 газрыг эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг мөн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар сунгажээ.
Бусдын эзэмшил газартай давхцуулан нэхэмжлэгч компанид талбайн хэмжээг нэмэгдүүлэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565, 2014 оны А/206 дугаар захирамжуудаар 6107 м2 газрыг эзэмшүүлсэн үйлдэл нь төрийн албан хаагч тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан олгосон шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан нь Газрын тухай хууль тогтоомж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “Бармон” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Үнэнбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар иргэн Н.Цэндсүрэн эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.Оюунцэцэгт эрх шилжүүлэн эзэмших эрх олгосон ба манай компани иргэн П.Оюунцэцэгээс тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нь худалдан авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газрын эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан.
Харин “Бату констракшн” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Цэндсүрэнгийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна. Энэ нь тухайн үед “Бату констракшн” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, харин Н.Цэндсүрэнгийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна. Манайх иргэн П.Оюунцэцэгээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эзэмшил газрыг шилжүүлэн авах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ газрын хэмжээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Өөрөөр хэлбэл иргэн Н.Цэндсүрэнгийн 2005 оны 555 дугаар захирамжаар эзэмшиж байсан 1120 м2 газрыг иргэн П.Оюунцэцэгт, улмаар “Бармон” ХХК-д шилжүүлэн эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм.
Харин Нийслэлийн Засаг дарга “Бату констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг нь шийдвэрлэхдээ өмнө гаргасан шийдвэрийнхээ иргэн Н.Цэндсүрэнгийн эзэмшил газартай давхцуулж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн алдаагаа засч давхцлыг арилгасан нь “Бату констракшн” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.
Иймд манай компанийн эзэмшил газраас хасах, Нийслэлийн Засаг даргын 596 дугаар захирамжийн “Бармон” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул “Бату констракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Бату констракшн” ХХК манай компанид иргэн П.Оюунцэцэгээс эрх шилжүүлэн авсан газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа 2013 онд орц, гарц хааж газар олгосон гэж маргаан үүсгэж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж хариу авсан боловч жил хагасын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг анхаарч үзэхийг хүсч байна” гэжээ.
Гуравдагч этгээд “Бармон” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Үнэнбат шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...“Бату констракшн” ХХК нь анх маргаан бүхий байрлалд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар 6107 м2 газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Цэндсүрэнгийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхардуулан газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн байна. “Бату констракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн хугацааг 2014 оны 206 дугаар захирамжаар сунгаж шийдвэрлэхдээ газрын давхцалыг нь арилгаж талбайн хэмжээг багасгасан гэж ойлгож хариу тайлбар өгсөн.
Гэтэл хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, хуучин хэмжээгээр эзэмшүүлсэн болохыг мэдлээ. Энэ нь Нийслэлийн Засаг дарга алдаатай шийдвэрийнхээ алдааг залруулаагүй, “Бармон” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 596 дугаар захирамжаар иргэн П.Оюунцэцэгээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан газартай давхцуулсан нь манай компанийн хууль ёсны газар эзэмших эрхийг зөрчиж байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Бату констракшн” ХХК-д холбогдох хэсгийн газрын давхцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
“Бату констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Тус компани Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 46 тоот хаягаар 84м х 24м= 2016 м.кв үйлдвэрийн байр, Улаанбаатар өртөөний “Б” паркаас салбарласан 628 метр салаа төмөр зам, Эрчим хүчний гудамж 40 тоот хаягт байрлах конторын барилгын өмчлөгч бөгөөд эдгээрийн эдэлбэр газар болох нийт 6107 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болно.
Анх 1984 онд байгуулагдсан барилгын Модон Эдлэлийн үйлдвэрийг 1992 онд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр “Болор” ХК, Хаалга ХК, “Цонх” ХК болгон хувьчилсан үеэс уг эдэлбэр газрыг “Монмойд” ХК-иас салбарлаж бий болсон компанийхаа хувьд эзэмшиж ирсэн тухай нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан. “Бармон” ХХК Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрх шилжүүлж авсанд хүндэтгэлтэй хандаж буй хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн манай компанид хамаарах хэсгийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг үндэслэн хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж буйг эс зөвшөөрч манай эрх ашгийг хөндсөн хууль бус шаардлага гэж үзэж байна.
-“Бармон” ХХК тус газрыг 2013 оноос эрх шилжүүлж эзэмшиж эхэлсэн, харин манай компаний хувьд 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулсан байдаг. (Цаг хугацааны хувьд ч тус газрыг эзэмшигч нь “Бармон” ХХК-иас өмнө “Бату констракшн” ХХК байсныг нотлоно.) Газрын алба нь газар эзэмшигчид “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” үйлдэж хүлээлгэн өгөх ёстой бөгөөд “Моям” ХХК болон иргэн Н.Цэндсүрэн, П.Оюунцэцэг, “Бармон” ХХК-иудад тус газрыг актаар хүлээлгэж өгөөгүй байдаг. Харин “Бату констракшн” ХХК-д Газрын харилцааны мэргэжилтэн Я.Мөнхбаатарын гарын үсэг бүхий газрыг хүлээлгэн өгсөн акт байна. Өмчийн харилцааны газар төмөр зам, түүнд хамаарах газрыг зохих ёсны тусгаагүйгээс үүдэн төмөр замын зурвас газар болон төмөр замыг хамааруулан хууль зөрчин хувь хүн, аж ахуйн нэгжид газрын кадастрын зургыг баталгаажуулан өгч байсан байна. Хэрвээ бие даасан шаардлага гаргагч “Бармон” ХХК-ийн шаардлагыг хангана гэж үзвэл:
-Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “...нийтийн эзэмшлийн
газрыг чөлөөтэй ашиглах нөхцлөөр хангасан” байх, Галын аюулгүй байдлын
тухай хуулын 16 дугаар зүйл 16.1.3-т “галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм зэмжээ, стандартыг хангаж ажиллах”, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм /БНбД 30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад туссан заалтууд зөрчигдөхөөр байна.
-Анх ашиглагдаж байсан орц, гарц одоо байгаагаас 2 дахин том байсан
бөгөөд нийт өргөний хэмжээ 12 метр байсан. Гэтэл тухайн үеийн эзэмшигч
нь орц, гарцын хэсэгт 6 метрийн өргөнтэй өргөтгөл шинээр нэмж барьсан байдаг.
Энэхүү өргөтгөл нь хууль зүйд яаж нийцэж баригдсан эсэх, “Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад байгаль орчин, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх” гэсэнтэй харшилж байна. Өмчийн харилцааны газар нь тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагч руугаа бурууг тохож “тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан” гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хариуцлагаас мултрах гэсэн ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хүрээнд Нийслэлийн өмчийн газар нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах ёстой байтал нэг талын ашиг сонирхолд үйлчилсэн, маргааныг дэвэргэсэн тайлбар хийж буй нь хуульд нийцэхгүй байна.
Иймд Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай болон бусад холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх үүднээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/140 дүгээр захирамжаар “Моям” ХХК-д маргаж буй газрыг эзэмшүүлэхэд бусдын эзэмшил газартай давхцаагүй, “Монмойд” ХХК эзэмшлийн газрын урдаас орц, гарцтай, ямар нэг маргаангүй байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Цэндсүрэнд, Н.Цэндсүрэнгээс П.Оюунцэцэгт, П.Оюунцэцэгээс “Бармон” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хил хязгаар болон хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэрээр болон газар дээр 1996 онд “Моям” ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна.
Харин Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/176 дугаар захирамжаар “Монмойд” ХХК-д эзэмшүүлсэн газрын зарим хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар “Бату констракшн” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үед Н.Цэндсүрэнгийн эзэмшилд байсан газартай зарим хэмжээгээр давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, маргаан гарах үндэслэл болсон байна.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Бату констракшн” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд харин газрын давхардлыг арилган “Бату констракшн” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Бармон” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах” шаардлага, гуравдагч этгээд “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Бату констракшн” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага тус тус гаргасан болно.
1.Анх “Монмойд” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “ХХК” болж өөрчлөн зохион байгуулах болсонтой холбогдуулан хувь нийлүүлэгч нарт ногдох хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталсан байх бөгөөд “Бату констракшн” ХХК-ийн хувь нийлүүлэгчдэд хөрөнгийн 48.8 хувийг ногдуулж, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Газрын эрх шилжүүлэх” гэрээгээр Монмойд ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар эзэмшиж буй 14162 м.кв газраас 6106.6 м.кв-ыг Т.Ганхүүд буюу “Бату констракшн” ХХК-д олгохоор тохиролцсон байна.
Дээрх Газрын эрх шилжүүлэх гэрээнд үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар “Бату констракшн” ХХК-д 5 жилийн хугацаатай 6107 м.кв газар эзэмшүүлж, 2014 оны А/206 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 5 жилээр сунгажээ.
Гэтэл хэрэгт авагдсан 2001 оны 6 сард хийгдсэн “Монмойд” ХХК-ийн эзэмшлийн 14162 м2 газрын баталгаат хэмжээг тогтоосон актаас үзэхэд 3 тусдаа байрлалтай газрын одоогийн маргаж буй хэсэг буюу 5056 м2-д, мөн 2003 оны 11 дүгээр сард хийгдсэн актын 4978 м2-д хамаарах газрын хил заагт одоогийн орц, гарц болон түүний орчмын газар ороогүй, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2001 оны 476, 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 87 дугаар захирамжаар баталгаажуулсан буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Монмойд” ХХК-ийн эзэмшлийн 14162 м2 газарт дээрх орц, гарцын хэсэг хамаардаггүй байсан байна.
Түүнчлэн тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоолоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар хэрхэн давхцаж байгаа, орц гарцын хэсэгт ямар хэмжээтэй газар хамаарах эсэхийг тодруулахаар Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “Бату констракшн” ХХК-ийн нэгж талбарын 18637309460034 дугаартай газрыг “Бармон” ХХК-ийн нэгж талбарын 18637309471091 дугаар бүхий газартай давхцуулж үзэхэд Бату констракшн ХХК нь 286 м.кв газрыг орж гарахад ашиглаж байгаагаас 177 м.кв газар нь Бармон ХХК-ийн газартай давхцалтай байна гэжээ.
Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан хувийн хэргээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамж нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн, сунгасан захирамжуудаас хойш гарсан байх боловч орц, гарцаар ашиглагдаж байгаа газар нь нэхэмжлэгчээс өмнө бусдын эзэмшилд олгогдсон болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд өөрийн эзэмшилд хамааралгүй газрыг “Монмойд” ХХК-иас “Бату констракшн” ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулах, хүсэлт гаргах эрхгүй бөгөөд нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар “Монмойд” ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлэн олгохдоо үндэслэлгүйгээр орц, гарцын хэсгийг нэмж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
2. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “Моям” ХХК-д 1204 м2 газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, газрын баталгаат хэмжээг тогтоосон 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн актад одоогийн орц, гарцын хэсгийг бүхэлд хамруулжээ.
“Моям” ХХК-ийн захирал Д.Батцоож, иргэн Н.Цэндсүрэн нарын хооронд байгуулсан 2005 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ болон холбогдох бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар 1120 м2 газрыг иргэн Н.Цэндсүрэнд шилжүүлэн эзэмшүүлснээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ.
Улмаар иргэн Н.Цэндсүрэн П.Оюунцэцэг нарын хооронд байгуулагдсан 2009 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжаар П.Оюунцэцэгт, иргэн П.Оюунцэцэг “Бармон” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Газрын эрх шилжүүлэх” гэрээ, холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Бармон” ХХК-д дээрх газрыг тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд эдгээр нь бүхэлдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасны дагуу явагдсан байна.
Өөрөөр хэлбэл, “Моям” ХХК-иас “Бармон” ХХК-д дээрх байдлаар газар шилжигдэн ирэх хугацаанд анхны эзэмшүүлсэн газрын хэмжээ болон байршилд ямар ч өөрчлөлт ороогүй байна.
Тухайлбал, дээрх газрын баталгаат хэмжээг тогтоосон 2005 оны 9 дүгээр сарын актад одоогийн орц, гарцаар ашиглаж байгаа газар бүрэн хамрагдсан, өөрөөр хэлбэл 1120 м2 газрын хил заагийг тогтоосон энэхүү актад барилгын доорх газрыг 288 м2, бусад эргэн тойрны газрыг 832 м2 гэж тогтоосон байдаг. 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зурагт тэмдэглэгдсэн 28х43 м буюу 1204 м2 газрын байршилд ч мөн л дээрх орц, гарцын хэсэг бүхэлдээ оржээ.
Газрын кадастрын зураг болон газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамжид ямар ч өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжийн Бармон ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/206 дугаар захирамжийн “Бату констракшн” ХХК-д холбогдох хэсгийн “Бармон” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг /177 мкв/ хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Бармон” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Бату констракшн” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Бармон” ХХК-д эзэмшүүлсэн 1120 м2 газрын орц, гарцын хэсэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Бармон” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн “Бату констракшн” ХХК-д холбогдох хэсгийн “Бармон” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж гуравдагч этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ОЮУМАА
Ц.САЙХАНТУЯА