Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 111

 

“С...” ХХК-ийн гомдолтой,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө

газрын улсын ахлах байцаагч Г.Э,

Б.Н, улсын байцаагч

П.Н-Энарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н-Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах тухай”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оролжмаа, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.О, хариуцагч Б.Н, П.Н-Э нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч “С...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д тус тус заасныг баримтлан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Г.Э, улсын байцаагч Б.Н, П.Н-Э нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан 20 сая төгрөгийн торгуулийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий “С...” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “С...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

           3. Гомдол гаргагч “С...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... магадлалын хянавал хэсгийн 1-т “Улсын байцаагч нарын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт хамааралгүй, өөр хэрэг маргаан гэж үзэх боломжгүй, тухайн дүгнэлтийг үндэслэж шийтгэл оногдуулсан зөрчлийн захиргааны акт гаргасан “автобензин болон дизелийн түлшний борлуулалтыг хязгаарлалттайгаар буюу худалдах хэмжээг үнийн дүн, хэмжих нэгжээр хязгаарлаж худалдаалсан” үйл баримит өмнө нь шүүх тогтоосон байна” гэсэн нь үндэслэн үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.

           4. Шүүхээс дээрх байдлаар өөр хэрэг маргааныг буюу ШӨХТГ-ын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон ШӨХТГ-ын улсын байцаагч нарын №0005505 тоот шийтгэлийг хүчингүй болгуулах гомдол бүхий хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа нь шүүх зөвхөн хуульд захирагдах үндсэн зарчмыг алдагдуулсан явдал болсон гэж үзэж байна.

           5. Учир нь шүүх энэхүү хэргийг ШӨХТГ-ын улсын байцаагч нарын №0005505 тоот шийтгэлийг оногдуулсан хууль зүйн үндэслэлийг Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэх замаар шийдвэрлэх ёстой билээ.

           6. Мөн түүнчпэн хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 5/02 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах “С...” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед өгсөн хариулт, тайлбартаа тухайн дүгнэлтийг үндэслэж №0005505 тоот шийтгэлийг оногдуулаагүй гэсэн байдаг.

           7. Магадлалын хянавал хэсгийн 1-т “С...” ХХК нь “шатахуун худалдаалахад хязгаарлалт” хийсэн нь аж ахуй эрхлэгч зах зээлд шударгаар өрсөлдөх Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан нөхцлийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд аж ахуй эрхлэгч хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд хамаарч байгаа учир “өрсөлдөөнийг хязгаарлаагүй, тогтоогоогүй” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэсэн нь Захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг хамгаалан, сэргээх зорилгоос илтэд гажуудаж, захиргааны албан тушаалтны дутуу дулимаг тогтоосон үйл баримтыг засварлан залруулах замаар таамаг төдий байдлаар хамгаалсан гэж үзэж байна.

            8. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №0005505 дугаар шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ холбогдох хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн 12.1.10 хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг буруу ойлгон, тайлбарлан хэрэглэсэн, Өрсөлдөөний тухай хуулийг бүрэн гүйцэд цогцоор нь ойлгож тайлбарлан хэрэглээгүй гэх үндэслэл болсон.

           9. Хууль тогтоогчийн үзэл баримтлалаар Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн хориглох зохицуулалт нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаанд чиглэгдсэн буюу зах зээл дэх шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн тухайн нарийвчилан зохицуулсан заалтыг ерөнхий байдлаар хэрэглэсэн нь Улсын байцаагч нар нь зөрчил шалган шийдвэрлэхдээ мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан зөрчлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох “Өрсөлдөөнийг хязгаарласан” байх шинжийг бүрэн гүйцэд тогтоогоогүй байдлыг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн байна.

           10. ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулиар хориглосон зөрчлийг илрүүлэн тогтоохдоо “Өрсөлдөөнийг хэрхэн яаж хязгаарласан” нөхцөл байдлыг эдийн засгийн судалгаа хийж тогтоодог атап энэхүү хэргийн тухайд нэг ч энэ төрлийн ажиллагаа хийгдээгүй, өрсөлдөөнийг хязгаарласан үйлдэл, эс үйлдэхүйг бодитоор тогтоогоогүй байдаг.

            11. Бусад улс, орнуудын өрсөлдөөний асуудал эрхэлсэн байгууллагууд нь зах зээлийн өрсөлдөөнийг зохицуулсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавихдаа өрсөлдөөнд үзүүлэх үр дагаврыг тогтоох замаар өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан этгээдэд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэдэг. Гэтэл ижил чиг үүрэг хэрэгжүүлдэг Монгол Улсын ШӨХТГ нь олон улсын онол, практикаас гажуудсан байдлаар Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа нь цаашдын буруу чиг хандлагыг тоггоосон, эсрэгээрээ захиргааны зүгээс өрсөлдөөний нөхцлийг гажуудуулах үр дагавартай юм.

            12. Өрсөлдөөний тухай хуулийг цогцоор нь ойлгон тайлбарлан хэрэглэвэл, Өрсөлдөөний тухай хуулийн зарим хэсэг нь “өрсөлдөөнийг бодитоор хязгаарласан” үйл ажиллагааг хориглосон буюу “өрсөлдөөнд үзүүлэх үр дагавар”-ыг шаардсан байхад зарим хэсэг нь өрсөлдөөнд үзүүлсэн үр дагавар гарахаас үл хамааран шууд хориглон хязгаарласан зохицуулалтай болохыг шүүхүүд анхааран ойлгоогүй гэж үзэж байна.

            13. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн зохицуулалт нь аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаа өрсөлдөөний хязгаарласан тохиолдолд хориглогдсон буюу өрсөлдөөнийг хязгаарласан бодит үйл ажиллагаа түүний үр дагаврыг тогтоохыг хяналт тавигчаас шаардсан.

            14. Харин мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйлдлийг шууд хориглосон буюу өрсөлдөөнийг хязгаарласан байх үр дагаврыг шаардахгүйгээр хориглосон, 11.2 дахь хэсэгт аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нийтийн ашиг сонирхолд харшлах, эсхүл өрсөлдөөнийг хязгаарлах нөхцлийг бүрдүүлэхээр бол хориглосон байдаг.

            15. Дээрх байдлаар Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг заалтуудыг үзэл санаа, баримтлалын агуулга, зорилго, зорилтыг нь ойлгон хэрэгжүүлээгүйгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий, хууль ёсны болж чадаагүй гэж үзэж байна.

            16. Учир нь тухайн нөхцөл байдалд ШТС ажиллуулдаг олон компани дундаас манай компани борлуулалтаа зогсоогоогүй, өөрийн хэрэглэгчдийг тасралтгүй шатахуунаар ханган ажилласан бөгөөд бусад хэд хэдэн компани /давамгай байдалтай компани/ борлуулалтдаа хязгаарлалт хийсний улмаас манай компанийн нөөц хурдан дуусах, цаашлаад өөрийн гэрээт буюу карт эзэмшигч, тендерийн дагуу гэрээ байгуулсан харилцагчдаа алдалгүй хангах үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй байдал учрах эрсдлийг бий болгосон юм.

            17. Тодруулбал, манай компани нь улсын байцаагч нарын хяналт шалгалтын дүгнэлтэд дурдсанчлан Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй болно.

            18. Гэтэл давж заалдах шатны шүүх манай компанийг хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж дүгнэсэн боловч энэхүү үйл ажиллагаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад яаж холбогдоод, хэний өрсөлдөөнийг бодитоор яаж хязгаарласан талаар дүгнэлгүйгээр, ямар ч баримт нотолгооны үндэслэлгүйгээр “өрсөлдөөнийг хязгаарлаагүй, тогтоогоогүй” гэх давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн байна.

            19. Учир нь тухайн хяналт шалгалтын хугацаанд манай компани нь ямар нэг байдлаар хэрэглэгчийг хохироосон худалдааны арга хэрэглэж ямар нэг байдлаар хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулаагүй болно. Мөн түүнчлэн ямар нэг аж ахуй эрхлэгчийн өрсөлдөөнийг хязгаарласан зүйлгүй бөгөөд энэ талаар улсын байцаагч нарт тогтоосон нэг ч үйл баримт байхгүй болно.

            20. ШӨХТГ болон түүний апбан хаагч нь нийтийн албан тушаалтан бөгөөд тэдгээрт зөвхөн хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчмаар бол төрийн албан хаагчид зөвхөн обьөктив эрх олгосон, хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогддог байдлыг ойлгох юм. Манай компанийн хувьд обьектив болон жам ёсны, хуулиар баталгаажсан эрхийг хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрсөн зарчмаар үйл ажиллагаагаа явуулах эрхээ эдлэн хэрэгжүүлдэг.

            21. Гэтэл магадлалын хянавал хэсгийн 1-т Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтын “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэснийг зөрчсөн гэх улсын байцаагчийн шийдвэрийг зөвтгөн хамгаалахдаа тухайн хуулийн холбогдох заалтуудыг төсөөтэй байдлаар 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг тайлбарлан хэрэглэсэн нь дараах байдлаар тогтоогдоно.

            22. Магадлалын хянавал хэсгийн 1-т “гэтэл “С...” ХХК нь дизель болон автобензинийг борлуулахдаа хэрэглэгчдэд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй, зөвхөн тус компанийн “Аи Си” картаар борлуулсан, улсын болон компанийн нөөц хангалттай байхад худалдах хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарласан нь тус компаниар үйлчлүүлж буй хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

            23. Учир нь ШӨХТГ болон түүний албан хаагч нь нийтийн албан тушаалтан бөгөөд тэдгээрт зөвхөн хуулиар тусгайлан олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим нь төрийн албан хаагчид зөвхөн обьектив эрх олгосон, хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогддог байдлыг ойлгох юм. Манай “С...” ХХК-ийн хувьд обьектив болон жам ёсны, хуулиар баталгаажсан эрхийг хуулиар хориглосноос бусдыг зөвшөөрсөн зарчмаар эдлэн хэрэгжүүлдэг.

            24. Энэ агуулгаар “Содмонгол групп" ХХК-ийн хувьд автобензинийг борлуулахдаа хэрэглэгчдэд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй, зөвхөн тус компанийн “Аи Си” картаар борлуулсан, худалдах хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарласан үйл ажиллагааг шууд хориглосон хуулийн зүйл заалт байхгүй гэж үзэж байна.

            25. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлээр тухайн зах зээлд давамгай, эсхүл зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн тодорхой төрлийн үйл ажиллагааг хориглон зохицуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх “С...” ХХК-д торгууль оногдуулсан шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, 7.1.3 аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцлийг шаардах, ... үндэслэлгүйгээр борлуулапт хийхээс татгалзах” гэсэн заалтуудыг тус тус төсөөтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр, магадлалыг илтэд алдаатай болгосон юм.

            26. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-т “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд энэхүү үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй” гэсэн зохицуулалтаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын гэрээний чөлөөт байдлыг тодорхой хэмжээнд хязгаарласан бөгөөд үүний цаад үзэл санаа, зорилго нь зах зээлд давамгайлагч буюу давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн ноёлох үйл ажиллагаанаас шударга өрсөлдөөний нөхцллийг гажуудуулахаас хамгаалах, цаашлаад хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа билээ.

            27. Иймийн тулд хууль тогтоогчид Өрсөлдөөний тухай хуулийн аль хэсгээр хэний зах зээлд /давамгай, зүй ёсны монополь/ эзлэх байдал, зах зээлд нөлөөлөх хүч зэрэг шинж байдлаас нь хамаарч хориглолт хязгаарлалтыг нарийвчлан тогтоож өгсөн байдаг.

            28. Тухайлбал, Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийнэ 4.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 4.1.5 “ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг загварлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг, 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ”, 5.3-т “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно”, 7 дугаар зүйлийн 7.1-т “давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж тус тус зааснуудаас үзвэл тухайн зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөх чадвартай этгээдийг үйлдэл, үйл ажиллагааг нарийвчлан зохицуулж тодорхой хэмжээний хориглолт, хязгаарлалтыг тогтоож өгсөн байна.

            29. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд тухай хэргийг шийдвэрлэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн онцлог зохицуулалтуудыг ялгаж, салган ойлголгүйгээр “тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ”-г хязгаарласан нь шууд өрсөлдөөнийг хязгаарласан гэж хуулийн заалтуудыг төсөөтэй байдлаар хэрэглэсэн нь буруу болсон гэж үзэж байна.

            30. Магадлалын хянавал хэсгийн 3-т “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг” ойлгохоор заасан байх бөгөөд энэ тохиолдолд “С...” ХХК-иас автобензин, дизель түлш худалдан авч үйлчлүүлэхээр хандсан хувь хүн бүр хэрэглэгч гэж үээхээр байна” гэж дүгнэжээ.

            31. Магадлапд дээрх байдлаар хувь хүн хэрэглэгч болохыг тогтоосон атал нэхэжмлэгчийн маргаж буй үйл баримт буюу “С...” ХХК-иас автобензин, дизель түлш худалдан авч үйлчлүүлэхээр хандсан хувь хүн бүрийг тухайн компанийн хэрэглэгч мөн гэж дүгнэсэн нь холбогдох хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн болох нь дараах байдлаар тогтоогдоно.

             32. Тухайн нөхцөл байдалд ШТС ажиллуулдаг олон компани дундаас манай компани борлуулалтаа зогсоогоогүй, өөрийн хэрэглэгчдийг тасралтгүй шатахуунаар ханган ажилласан бөгөөд бусад хэд хэдэн компани /давамгай байдалтай компани/ борлуулалтдаа хязгаарлалт хийсний улмаас манай компанийн нөөц хурдан дуусах, цаашлаад өөрийн гэрээт буюу карт эзэмшигч, тендерийн дагуу гэрээ байгуулсан харилцагчдаа алдалгүй хангах үүргээ биөлүүлэхэд хүндрэлтэй байдал учрах эрсдлийг бий болгосон юм.

             33. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн зохицуулалт нь Гэрээний эрх зүйн харилцаа үүссэн буюу хэлцэл хийгдсэн этгээдийн хувьд бараа, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийн асуудал яригддаг. Тодруулбал, тус хуулийн 31.1 “хэрэглэгч” гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг, 3.1.6 “ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх” гэж Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсон байдаг. Иймээс шүүхийн шийдвэрт дурдсанчлан манай компаниас бараа авахаар хандсан этгээд бүр манай компанийн хувьд шууд хэрэглэгч болох үндэслэлгүй юм.

 

             34. Харин Иргэний хуулийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тодорхойлсноос үзвэл гэрээ байгуулагдсан тохиолдолд хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд “хэрэглэгч” болох зохицуулалттай байна.

 

            35. Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар дээрх байдлаар “хувь хүн”-ийн эрх зүйн харилцаанд хэрхэн оролцож байгаагаас хамаарч хэрэглэгч гэж үзэх зохицуулалтыг бусад улс, орнуудын хувьд өөр өөр байдлаар тогтоосон нь хууль тогтоогч бүрийн үзэл баримтлалаас хамаардаг билээ.

 

            36. Манай орны дээр дурдсан эрх зүйн зохицуулалтуудын хүрээнд давамгай болон зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч бус, энгийн жижигт тооцогдох, зах зээлд нөлөө үзүүлж чадахааргүй этгээдэд автобензин, дизель түлш худалдан авч үйлчлүүлэхээр хандсан хувь хүн бүрийг тухайн компанийн хэрэглэгч мөн гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна.

 

             37. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж, манай компанийн үйл ажиллагаагаа төрийн байгууллагын хууль бус дарамт шахалтаас ангид хуулийн хүрээнд хэвийн явуулах нөхцлөөр хангаж өгөхийг хүсье” гэжээ.                    

ХЯНАВАЛ:

38. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Өрсөлдөөний тухай, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

39. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0005505 дугаар шийтгэлийн хуудсаар “... “С...” ХХК-ийн шатахуун түгээх станцууд автобензин, дизель түлшийг бэлэн мөнгөөр борлуулахгүй, өөрийн компанийн “Ай Си” картаар худалдаалах, хязгаарлалт хийсэн ... нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр тус компанийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан,  “С...” ХХК-иас уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “... манай компани нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагааг явуулаагүй, ... улсын байцаагч нар нь бодит нөхцөл байдлыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлох үүргээ биелүүлээгүй ... үйлдээгүй зөрчилд оногдуулсан 20 сая төгрөгийн торгууль нь үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...хэрэглэгчдээс ирүүлсэн “зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн гомдол мэдээллийн дагуу ... нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд анх хяналт шалгалт хийж, ... зөрчлийг тогтоосон, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг баримтлан торгууль оногдуулсан ... нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

40. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, “С...” ХХК-ийн шатахуун түгээх станцууд нь “... улсын хэмжээний нөөц болон компанийн нөөц хангалттай байхад ... 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар олгосон, 100,000 төгрөгөөс дээш үнийн дүнд худалдаалахгүй байсан, АИ-92 автобензинийг бэлэн мөнгөөр борлуулахгүй, “Ай Си” картаар худалдаалж хязгаарласан” болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

41. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан, тухайн тохиолдолд, “С...” ХХК нь “автобензин, дизель түлшийг зах зээлд борлуулахдаа үндэслэлгүйгээр хязгаарлалт тогтоосон эсэх” нь энэ маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, уг үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул шүүх үүнийг дахин нотлохгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

42. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-т “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж заасан, аж ахуй эрхлэгч ийм үйлдэл гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д тусгайлан зохицуулсан байна.

43. “С...” ХХК-иас “... манайх өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулаагүй” гэх боловч, аж ахуй эрхлэгчээс аливаа байдлаар бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн бүх тохиолдлыг зах зээлд шударгаар өрсөлдөх зарчимд нийцэхгүй,  “өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа” гэж үзнэ, тухайн тохиолдолд, “С...” ХХК-иас автобензин, дизель түлшийг зах зээлд борлуулахдаа хэрэглэгчдэд үндэслэлгүйгээр хязгаарлалт тогтоосон нь бусдын “хууль ёсны ашиг сонирхолд харшилсан”, “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэл болно.

44. Иймд, гомдол гаргагч “С...” ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчсөн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй, уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг үндэслэн 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй.

45. Эдгээр үндэслэлээр, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн шийдвэрийг үндэслэл болгон ... /маргаан бүхий/ шийтгэлийг хүчингүй болгуулах гомдол бүхий хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх зөвхөн хуульд захирагдах үндсэн зарчмыг алдагдуулсан”, “... автобензинийг борлуулахад хэрэглэгчдэд бэлэн мөнгөөр үйлчлэхгүй, зөвхөн тус компанийн “Аи Си” картаар борлуулсан, худалдах хэмжээг үндэслэлгүйгээр хязгаарласан үйл ажиллагааг шууд хориглосон хуулийн зүйл заалт байхгүй”, “шүүхүүд тухай хэргийг шийдвэрлэхдээ Өрсөлдөөний тухай хуулийн онцлог зохицуулалтуудыг ялгаж, салган ойлголгүйгээр “тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ”-г хязгаарласан нь шууд өрсөлдөөнийг хязгаарласан гэж хуулийн заалтуудыг төсөөтэй байдлаар хэрэглэсэн нь буруу болсон” гэх зэрэг үндэслэл дурдаж гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0768 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагч “С...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “С...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                         Д.МӨНХТУЯА