Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 918

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 4-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,              

Нэхэмжлэгч: “Б” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: “Б” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах” 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, иргэдийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ерөнхий захирал Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...тус компани нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Эрчим хүчний гудамж 46 тоот хаягаар 84м х 24м хэмжээтэй, 2016 м2 үйлдвэрийн байр, 628 тууш метр салаа төмөр зам хамаарах 5602 м2 газар буюу нийт 6107 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамж, нэгж талбарын 8021/0156 тоот газар эзэмшүүлэх гэрээ, 0172669 дугаар гэрчилгээний дагуу эзэмшдэг. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссаны улмаас Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар сунгуулж, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас тоот газар эзэмших гэрчилгээ авч, 168021/0156 тоот гэрээ байгуулсан боловч эзэмшил газрынхаа кадастрын зургийг авах гэтэл 2008 оноос дангаар эзэмшиж ирсэн эзэмшил газрын талбайн хэмжээнд үл ойлгогдох шалтгаанаар өөрчлөлт орж хэмжээ багассан байсан. 

Учрыг нь олохоор Нийслэлийн архивын газраас 2014 оны 8 дугаар сарын 28-ны 2/5358 тоот лавлагаа авахад “Б” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зурагт Нийслэлийн Газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.От олгосон болохыг мэдсэн. Үүнд залруулга хийхийг хүсч Нийслэлийн Өмчийн харилцааны газарт удаа дараа хандсан боловч 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5/8902 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн. 

Анх 1992 оноос өмнө Барилгын модон эдлэлийн үйлдвэр байсан бөгөөд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор “Б” ХК, “Х” ХК, “Ц” ХК болон хувьчлагдсан. Барилгын модон эдлэлийн үйлдвэрийн даргын 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 225 дугаар “Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг данснаас хасах тухай” тушаалын дагуу эд хөрөнгө тухайн компаниудад шилжсэн. “Б” ХК нь 1996 онд “М” ХК болж нэрээ өөрчлөн үйл ажиллагаа явуулж байсан ба 2008 оны 5 дугаар сард үйл ажиллагааны хэлбэрээ өөрчилж “М” ХХК, “Б” ХХК болж эд хөрөнгөө хуваарилан авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. 

Манай компани 2008 оноос хойш эзэмшил 6107 м2 газрын төлбөрийг гэрээний дагуу зохих журмын дагуу төлж ямар нэгэн тооцоо зөрчилгүй эзэмшиж, ашиглаж, жил бүр төсөв гарган ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал, овоолсон шороо, хогийн ургамлыг зайлуулан 30 гаруй сая төгрөгийн тохижилтын ажил хийж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байна. Гэтэл “Б” ХХК-ийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зурагт Нийслэлийн Газрын албанаас өөрчлөлт оруулан иргэн П.От үйлдвэрийн хашаа, төмөр зам руу ордог автомашины орц, гарцын хэсэг болон төмөр зам дайруулан 500 м2 талбайг шилжүүлсэн байна. 

Иргэн П.О нь 2013 оны 1 дүгээр сард “Б” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээний дагуу газар эзэмших эрхээ шилжүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүлээн авсан байна.

“Б” ХХК-иас үргэлж маргаан үүсгэдэг, ажил үйлчилгээнд хүндрэл учруулдаг бүдүүлэг үйлдэл гаргах болсон. Дээрх зөрчил дутагдлуудад зохих газруудаас тухай бүр шалгалт хийж холбогдох дүгнэлтийг гарган хүргүүлж байсан. Хасалт хийгдсэн 500 м2 газарт Авто замын газрын 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 1/1246 тоот тээврийн хэрэгсэл орж гарах гарцын зөвшөөрөл албан ёсоор олгосон газар хамаарах бөгөөд дээр дурьдсан 30 гаруй сая төгрөгийн тохижилтын ажил багтаж байгаа юм. 

Тус орц, гарцын хэсэг дээр манай компани болон “М” ХХК, “А” ХХК, “П” ХХК, “Х” ХХК, “Т” ХХК зэрэг 7 компанийн дундын шугам сүлжээ болон ашиглалтын худаг байрладаг дундын шугам сүлжээ явсан газар бөгөөд эдгээрийн ашиглалтын хэвийн горимыг хангах, засвар үйлчилгээ хийлгэдэг хариуцагч нь “Б” ХХК юм. 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө болох Улаанбаатар өртөөний “Б” паркаас салбарласан 628 м урт өөрийн өмчлөлийн салаа төмөр замтай. Гэтэл манай кадастрын зурагт дур мэдэн өөрчлөлт оруулахдаа төмөр замын трасс дайруулан хийсэн байгаа нь Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой аюулгүй ажиллагааны журам алдагдуулсан, төмөр замын зурвас газраас гадна төмөр замын аюулгүй байдал, бүсийн газар зохион байгуулалт алдагдуулсан, тээврийн хэрэгсэлд орж гарах хэсэг буюу галт тэрэгнээс ачаа буулгах, зөөх нөхцөлгүй болгосон явдал боллоо. Тухайн үеийн газар зохион байгуулагч нь газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмыг зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж үзэж байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Нэхэмжлэлд “...кадастрын зурагт өөрчлөлт оруулан иргэн П.От олгосон” гэж дурджээ. “Ц” ХК нь компрессорын байр гэх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 1992 онд “Н*******” ББХ хоршоонд худалдаж, энэ тухай 1993 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт 5 тоот албан бичиг ирүүлсэн байдаг. 

Хот байгуулалт, төлөвлөлтийн газраас 1994 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн “Эдэлбэр газрын экспликаци” гэх баримт бичгийг үйлдэж, “Н*******” хоршооны эдэлбэр газрыг 1204 м2 болохыг тогтоож, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Н*******” хоршооны 1204 м2 газарт жилд төлөх газрын төлбөрийг 172 дугаартай Газар ашигласны төлбөр тогтоосон актаар тогтоосон байдаг. 

1996 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Н*******” хоршоо нь аж ахуй нэгжийн шинэчилсэн бүртгэлд “М*******” ХХК нэрээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах болсонтой холбогдуулан 1204 м2 газрыг “М*******” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхээр гарсан 01 тоот албан бичгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо “Х*******” ХК-ийн хашаанд байрлах 1204 м2 газрыг “М*******” ХХК-д 4 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар шийдвэрлэж, 1996 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 475 дугаартай аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрчилгээ олгосон байна. 

Тухайн үед гараар үйлдсэн зураг 28х43м хэмжээтэй гэж тогтоосон 1204 м2 газарт нэхэмжлэгчийн маргаж байгаа 500 м2 газар хамаарч байна. Иргэн Н.Ц*******, “М*******” ХХК-ийн захирал Д.Б******* нарын хүсэлт, тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, Н.Ц*******гийн нэр дээр байдаг 0079920 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн дээрх газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 555 дугаар захирамжаар Н.Ц*******д шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулсан байна. 

2003 оноос эдэлбэр газрын байршлын зургийг AutoCad программын дэвсгэр зураг дээр хийж газрын хэмжээг тогтоох болсон бөгөөд “М*******” ХХК-ийн газрын хэмжээ нь энэ программын дэвсгэр зургаар 28х40 м буюу 1120 м2 болох нь тогтоогдсон тул газар эзэмших эрхийг Н.Ц*******д шилжүүлэхдээ газрын хэмжээг 1120 м2 болгон өөрчилсөн.  Иргэн Н.Ц*******гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2 талын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.От, П.Оийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 талын хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар “Б” ХХК-д тус тус шилжүүлж 1120 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан улсын бүртгэлд кадастрын зургийг бүртгэсэн нь хууль тогтоомж зөрчөөгүй болно.  Дээрх газрын хил хязгаарт эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон газар дээр 1996 онд “М*******” ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна. 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн хувьд “М” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/176 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хороонд үйлдвэрийн зориулалтаар 8.2 га газрыг 4 жилийн хугацаатай эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 476 дугаар захирамжаар эзэмшил газрыг дахин хэмжиж 7186 м2, 5056 м2, 1920 м2, талбай бүхий 3 нэгж талбарт хуваагдах 14162 м2 газрыг 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж эзэмшүүлсэн байна. 

Хугацаа сунгах тухай шийдвэр гаргахдаа AutoCad программын дэвсгэр зураг дээр маргаж буй нэгж талбарын хэмжээг 5221 м2 гэж тогтоосон байдаг. Өмнө нь “Ц” ХК-ийн эзэмшилд байсан газар дээр байрлах 1 давхар үйлдвэрийн барилгын хойд хэсэг нь “М*******” ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 1120 м2, барилгын урд хэсэг нь “М” ХХК-ийн өмчлөлд, эдэлбэр газрын хэмжээ 5221 м2 байсан бөгөөд дээрх компаниудын эзэмшил газар нэхэмжлэгч компани газар эзэмших хүртэл Засаг даргын шийдвэрээр болон газар дээр ямар нэг хэмжээгээр давхцаагүй, газрын маргаангүй байсан. 

“М” компани хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 115 тоот тогтоолоор хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилж Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар зарим үл хөдлөх хөрөнгийг хувьцаа эзэмшигч нарт шилжүүлсэн байх бөгөөд үүний дотор нэхэмжлэгч “Б” ХХК-д “М” ХХК-ийн эзэмшлийн 3 хэсэг нийт 14162 м2 газраас 5221 м2 газрыг, 857 м2 газрын баруун талын зарим хэсгийг тус тус шилжүүлэн өгсөн байна. 

2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар “М” ХХК-ийн эзэмшлийн газрын зарим хэсгийг шилжүүлэхдээ “Б” ХХК-ийн хүсэлт болгосны дагуу газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан Газрын тухай хуулийн 31.3-д заасныг зөрчин тухайн үед иргэн Н.Ц*******гийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан 2 нэгж талбарын нийт 6107 м2 газрыг эзэмшүүлсэн, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг мөн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжаар сунгажээ.  

Бусдын эзэмшил газартай давхцуулан нэхэмжлэгч компанид талбайн хэмжээг нэмэгдүүлэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565, 2014 оны А/206 дугаар захирамжуудаар 6107 м2 газрыг эзэмшүүлсэн үйлдэл нь төрийн албан хаагч тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан олгосон шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан нь Газрын тухай хууль тогтоомж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Ү*******шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар иргэн Н.Ц******* эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг даргын 2010 оны 203 дугаар захирамжаар иргэн П.От эрх шилжүүлэн эзэмших эрх олгосон ба манай компани иргэн П.Оээс тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нь худалдан авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газрын эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан. 

Харин “Б” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Ц*******гийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхцуулан газар эзэмших эрх олгосон нь газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага буюу Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байна. Энэ нь тухайн үед “Б” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй, харин Н.Ц*******гийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.  Манайх иргэн П.Оээс үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эзэмшил газрыг шилжүүлэн авах тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ газрын хэмжээнд ямар ч өөрчлөлт оруулаагүй. Өөрөөр хэлбэл иргэн Н.Ц*******гийн 2005 оны 555 дугаар захирамжаар эзэмшиж байсан 1120 м2 газрыг иргэн П.От, улмаар “Б” ХХК-д шилжүүлэн эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. 

Харин Нийслэлийн Засаг дарга “Б” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг нь шийдвэрлэхдээ өмнө гаргасан шийдвэрийнхээ иргэн Н.Ц*******гийн эзэмшил газартай давхцуулж Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн алдаагаа засч давхцлыг арилгасан нь “Б” ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй юм. 

Иймд манай компанийн эзэмшил газраас хасах, Нийслэлийн Засаг даргын 596 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Б” ХХК манай компанид иргэн П.Оээс эрх шилжүүлэн авсан газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа 2013 онд орц, гарц хааж газар олгосон гэж маргаан үүсгэж Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж хариу авсан боловч жил хагасын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг анхаарч үзэхийг хүсч байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Ү*******шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...“Б” ХХК нь анх маргаан бүхий байрлалд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар захирамжаар 6107 м2 газар эзэмших эрхтэй болсон байх бөгөөд ийнхүү газар эзэмших эрх олгохдоо иргэн Н.Ц*******гийн хууль ёсоор эзэмшиж байсан газартай давхардуулан газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн байна. “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлээс Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын эзэмших эрхийн хугацааг 2014 оны 206 дугаар захирамжаар сунгаж шийдвэрлэхдээ газрын давхцалыг нь арилгаж талбайн хэмжээг багасгасан гэж ойлгож хариу тайлбар өгсөн. 

Гэтэл хариуцагчийн хариу тайлбар, нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжаар газрын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй, хуучин хэмжээгээр эзэмшүүлсэн болохыг мэдлээ. Энэ нь Нийслэлийн Засаг дарга алдаатай шийдвэрийнхээ алдааг залруулаагүй, “Б” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2013 оны 596 дугаар захирамжаар иргэн П.Оээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлэн авсан газартай давхцуулсан нь манай компанийн хууль ёсны газар эзэмших эрхийг зөрчиж байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн газрын давхцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

“Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа:  “...Тус компани Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 46 тоот хаягаар 84м х 24м= 2016 м.кв үйлдвэрийн байр, Улаанбаатар өртөөний “Б” паркаас салбарласан 628 метр салаа төмөр зам, Эрчим хүчний гудамж 40 тоот хаягт байрлах конторын барилгын өмчлөгч бөгөөд эдгээрийн эдэлбэр газар болох нийт 6107 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болно.

Анх 1984 онд байгуулагдсан барилгын Модон Эдлэлийн үйлдвэрийг 1992 онд Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр “Б” ХК, Х ХК, “Ц” ХК болгон хувьчилсан үеэс уг эдэлбэр газрыг “М” ХК-иас салбарлаж бий болсон компанийхаа хувьд эзэмшиж ирсэн тухай нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан. “Б” ХХК Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу газар эзэмших эрх шилжүүлж авсанд хүндэтгэлтэй хандаж буй хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн манай компанид хамаарах хэсгийг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг үндэслэн хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргаж буйг эс зөвшөөрч манай эрх ашгийг хөндсөн хууль бус шаардлага гэж үзэж байна. 

-“Б” ХХК тус газрыг 2013 оноос эрх шилжүүлж эзэмшиж эхэлсэн, харин манай компаний хувьд 2014 онд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулсан байдаг. (Цаг хугацааны хувьд ч тус газрыг эзэмшигч нь “Б” ХХК-иас өмнө “Б” ХХК байсныг нотлоно.) Газрын алба нь газар эзэмшигчид “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт” үйлдэж хүлээлгэн өгөх ёстой бөгөөд “М*******” ХХК болон иргэн Н.Ц*******, П.О, “Б” ХХК-иудад тус газрыг актаар хүлээлгэж өгөөгүй байдаг. Харин “Б” ХХК-д Газрын харилцааны мэргэжилтэн Я.Мөнхбаатарын гарын үсэг бүхий газрыг хүлээлгэн өгсөн акт байна. Өмчийн харилцааны газар төмөр зам, түүнд хамаарах газрыг зохих ёсны тусгаагүйгээс үүдэн төмөр замын зурвас газар болон төмөр замыг хамааруулан хууль зөрчин хувь хүн, аж ахуйн нэгжид газрын кадастрын зургыг баталгаажуулан өгч байсан байна.  Хэрвээ бие даасан шаардлага гаргагч “Б” ХХК-ийн шаардлагыг хангана гэж үзвэл:

-Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “...нийтийн эзэмшлийн

газрыг чөлөөтэй ашиглах нөхцлөөр хангасан” байх, Галын аюулгүй байдлын

тухай хуулын 16 дугаар зүйл 16.1.3-т “галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, хэм зэмжээ, стандартыг хангаж ажиллах”, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрэм /БНбД 30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад туссан заалтууд зөрчигдөхөөр байна.

-Анх ашиглагдаж байсан орц, гарц одоо байгаагаас 2 дахин том байсан

бөгөөд нийт өргөний хэмжээ 12 метр байсан. Гэтэл тухайн үеийн эзэмшигч

нь орц, гарцын хэсэгт 6 метрийн өргөнтэй өргөтгөл шинээр нэмж барьсан байдаг. 

Энэхүү өргөтгөл нь хууль зүйд яаж нийцэж баригдсан эсэх, “Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “барьж байгаа барилга байгууламжийг болзошгүй байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах арга хэмжээ авах, барилга байгууламж барих, өргөтгөл, шинэчлэл, засвар хийх явцад  байгаль орчин, галын хяналтын албанаас гаргасан хууль ёсны шаардлага, дүгнэлтийг биелүүлэх” гэсэнтэй харшилж байна.  Өмчийн харилцааны газар нь тухайн үед ажиллаж байсан төрийн албан хаагч руугаа бурууг тохож “тухайн орчны газар эзэмшил, ашиглалтын байдалд судалгаа хийгээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэл болсон тул уг зөрчлийг арилгаж, газар давхардуулан эзэмшүүлсэн шийдвэрийг залруулах зорилгоор газрын улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт өөрчлөлт оруулсан” гэж тайлбарлаж байгаа нь өөрөө хариуцлагаас мултрах гэсэн ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл юм. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хүрээнд Нийслэлийн өмчийн газар нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцсэн шийдвэрийг хуулийн хүрээнд гаргах ёстой байтал нэг талын ашиг сонирхолд үйлчилсэн, маргааныг дэвэргэсэн тайлбар хийж буй нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Төмөр замын тээврийн тухай, Газрын тухай, Барилгын тухай, Галын аюулгүй байдлын тухай болон бусад холбогдох хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх үүднээс манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т******* бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/140 дүгээр захирамжаар “М*******” ХХК-д маргаж буй газрыг эзэмшүүлэхэд бусдын эзэмшил газартай давхцаагүй, “М” ХХК эзэмшлийн газрын урдаас орц, гарцтай, ямар нэг маргаангүй байсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Н.Ц*******д, Н.Ц*******гээс П.От, П.Оээс “Б” ХХК-д тус тус шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хил хязгаар болон хэмжээнд эрх бүхий этгээдийн шийдвэрээр болон газар дээр 1996 онд “М*******” ХХК-д эзэмшүүлснээс хойш өнөөдрийн байдлаар ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Харин Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/176 дугаар захирамжаар “М” ХХК-д эзэмшүүлсэн газрын зарим хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар “Б” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлэхдээ тухайн үед Н.Ц*******гийн эзэмшилд байсан газартай зарим хэмжээгээр давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж, маргаан гарах үндэслэл болсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Б” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд харин газрын давхардлыг арилган “Б” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой болно” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах” шаардлага, гуравдагч этгээд “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 206 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”   бие даасан шаардлага тус тус гаргасан болно.

1.Анх “М” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “ХХК” болж өөрчлөн зохион байгуулах болсонтой холбогдуулан хувь нийлүүлэгч нарт ногдох хөрөнгийн жагсаалтыг хавсралтаар баталсан байх бөгөөд “Б” ХХК-ийн хувь нийлүүлэгчдэд хөрөнгийн 48.8 хувийг ногдуулж, 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Газрын эрх шилжүүлэх” гэрээгээр М ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2006 оны 87 дугаар захирамжаар эзэмшиж буй 14162 м.кв газраас 6106.6 м.кв-ыг Т.Ганхүүд буюу “Б” ХХК-д олгохоор тохиролцсон байна. 

Дээрх Газрын эрх шилжүүлэх гэрээнд үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар “Б” ХХК-д 5 жилийн хугацаатай 6107 м.кв газар эзэмшүүлж, 2014 оны А/206 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх эрхийн хугацааг 5 жилээр сунгажээ.

Гэтэл хэрэгт авагдсан 2001 оны 6 сард хийгдсэн “М” ХХК-ийн эзэмшлийн 14162 м2 газрын баталгаат хэмжээг тогтоосон актаас үзэхэд 3 тусдаа байрлалтай газрын одоогийн маргаж буй хэсэг буюу 5056 м2-д, мөн 2003 оны 11 дүгээр сард хийгдсэн актын 4978 м2-д хамаарах газрын хил заагт одоогийн орц, гарц болон түүний орчмын газар ороогүй, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2001 оны 476, 2006 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 87 дугаар захирамжаар баталгаажуулсан буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн 14162 м2 газарт дээрх орц, гарцын хэсэг хамаардаггүй байсан байна.

Түүнчлэн тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 130 дугаар тогтоолоор нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газар хэрхэн давхцаж байгаа, орц гарцын хэсэгт ямар хэмжээтэй газар хамаарах эсэхийг тодруулахаар Газрын харилцаа геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр “Б” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаартай газрыг  “Б” ХХК-ийн нэгж талбарын ******* дугаар бүхий газартай давхцуулж үзэхэд Б ХХК нь 286 м.кв газрыг орж гарахад ашиглаж байгаагаас 177 м.кв газар нь Б ХХК-ийн газартай давхцалтай байна гэжээ.

Дээрх нөхцөл байдал болон хэрэгт авагдсан хувийн хэргээс үзэхэд маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамж нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн, сунгасан захирамжуудаас хойш гарсан байх боловч орц, гарцаар ашиглагдаж байгаа газар нь нэхэмжлэгчээс өмнө бусдын эзэмшилд олгогдсон болох нь тогтоогдож байна гэж үзлээ. 

Иймд өөрийн эзэмшилд хамааралгүй газрыг “М” ХХК-иас “Б” ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулах, хүсэлт гаргах эрхгүй бөгөөд нийслэлийн Засаг даргын 2008 оны 565 дугаар захирамжаар “М” ХХК-ийн эзэмшиж байсан газрын зарим хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлэн олгохдоо үндэслэлгүйгээр орц, гарцын хэсгийг нэмж эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

2. Нийслэлийн Засаг даргын 1996 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “М*******” ХХК-д 1204 м2 газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, газрын баталгаат хэмжээг тогтоосон 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн актад одоогийн орц, гарцын хэсгийг бүхэлд хамруулжээ.

“М*******” ХХК-ийн захирал Д.Б*******, иргэн Н.Ц******* нарын хооронд байгуулсан 2005 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ болон холбогдох бусад баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжаар 1120 м2 газрыг иргэн Н.Ц*******д шилжүүлэн эзэмшүүлснээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ. 

Улмаар иргэн Н.Ц******* П.О нарын хооронд байгуулагдсан 2009 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар захирамжаар П.От, иргэн П.О “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Газрын эрх шилжүүлэх” гэрээ, холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Б” ХХК-д дээрх газрыг тус тус шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд эдгээр нь бүхэлдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” гэж заасны дагуу явагдсан байна.

Өөрөөр хэлбэл, “М*******” ХХК-иас “Б” ХХК-д дээрх байдлаар газар шилжигдэн ирэх хугацаанд анхны эзэмшүүлсэн газрын хэмжээ болон байршилд ямар ч өөрчлөлт ороогүй байна.  

 Тухайлбал, дээрх газрын баталгаат хэмжээг тогтоосон 2005 оны 9 дүгээр сарын актад одоогийн орц, гарцаар ашиглаж байгаа газар бүрэн хамрагдсан, өөрөөр хэлбэл 1120 м2 газрын хил заагийг тогтоосон энэхүү актад барилгын доорх газрыг 288 м2, бусад эргэн тойрны газрыг 832 м2 гэж тогтоосон байдаг. 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зурагт тэмдэглэгдсэн 28х43 м буюу 1204 м2 газрын байршилд ч мөн л дээрх орц, гарцын хэсэг бүхэлдээ оржээ. 

Газрын кадастрын зураг болон газар эзэмших эрхийн хугацаа сунгасан захирамжид ямар ч өөрчлөлт ороогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.  

Иймд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/206 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн “Б” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг /177 мкв/ хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Б” ХХК-д олгосон 1120 м2 талбайгаас орц, гарц, төмөр замын хэсэг болох 500 м2 газрыг давхцуулсан хэсгийг хасч хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “Б” ХХК-д эзэмшүүлсэн 1120 м2 газрын орц, гарцын хэсэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийн “Б” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж гуравдагч этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогчид нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдав.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧИД                              Д.ОЮУМАА

                                              Ц.САЙХАНТУЯА