Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0493

 

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0493

Улаанбаатар хот

“Монжин далай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Монжин далай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.4, 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг тус тус баримтлан “Монжин далай” ХХК-ийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон талбай бүхий “Монжин далай” ХХК-ийн эзэмших ашигт малтмал ашиглах МV-14506А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагиймаа давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан 01 дүгээр тогтоол нь Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоол /хилийн заагт хамааралгүй болсон тогтоол/ гарснаас хойш 22 хоногийн дараа гарсан. Иймд газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан тогтоол гарахаас өмнө буюу 22 хоногийн өмнө Засгийн газрын тогтоолоор хориглосон талбайд хамаарахгүй болсон тул манай “Монжин далай” ХХК-ийн тусгай зөвшөөрөл сэргэх нөхцөл бүрдсэн ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр 14.8 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн давуу эрхийг баталгаажуулсан байна.

“Монжин далай” ХХК-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хуулиар хориглосон хилийн заагт хамаарч байна, давхцалтай байна гэсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсан нөхцөл байдал арилсан учраас Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас буцаан сэргээх боломжтой. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч “Монжин далай” ХХК-аас “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд хамаарахгүй болсон “Монжин далай” ХХК-ийн ашигт малтмал ашиглах МV-14506А дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Монгол Улсын Засгийн газраас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно/, 4.3 /Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно/-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосноор дээрх тогтоолд хамаарч байгаа үндэслэлээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 295 дугаар шийдвэрээр “Монжин далай” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг “Цагаанбулаг” нэртэй талбайд эзэмшиж байсан ашигт малтмал ашиглалтын МV-014506А дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан тус компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0049 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

      Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсоноор “Монжин далай” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-014506А дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хилийн заагт хамаарахгүй болсон байна.

   Гэвч нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашиглалтын MV-014506А дугаартай тусгай зөвшөөрлийн талбай уг компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан байх хугацаанд Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарах болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны байгууллагаас “тусгай зөвшөөрлийг буцаан сэргээсэн шийдвэр гаргах боломжгүй, хариуцагчид тусгай хэрэгцээний газартай давхцалтай талбайн тусгай зөвшөөрлийг сэргээн олгох эрх хуулиар олгогдоогүй” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

       Үүнээс гадна Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0049 дүгээр шийдвэрт нэхэмжлэгч компани Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл /Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүсвэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргана/-д зааснаар хууль хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш гурван сарын дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаагүй тул мөн хуулийн 4 дүгээр зүйл /Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд өргөдөл ирүүлээгүй болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан гэрээ байгуулаагүй бол тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах бөгөөд дахин тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй. Энэ зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3 дахь заалт болон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.6 дахь хэсэг хамаарахгүй/-д заасан Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-д заасан нөхөх олговрыг олгох боломжгүй талаар дурджээ.

      Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0376 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4.1.3” гэснийг “4.1.13”, “14 дүгээр зүйлийн 14.4” гэснийг “12 дугаар зүйлийн 12.1.4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР