Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00486

 

                                                   Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1619 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Э.Мөнх-Эрдэнэ,

Хариуцагч : Д.Гантулга,

Нэхэмжлэлийн шаардлага : Өвлөх эрхийн гэрчилгээ  болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.Гантулга, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би эмээ Ц.Цэндсүрэнтэй хамтран амьдардаг байсан боловч эмээ маань нас барсан. Энэ үеэр байрны гэрчилгээ байхгүй байсан. Ингээд энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргахад У.Мөнх-Ундраа гэдэг эмэгтэйн нэр дээр байрны гэрчилгээ шилжин ээжийн нэрийг хасуулж өөр эмэгтэйтэй хамтран өмчлөгч болсон. Өмчлөх эрхийн талаар маргаан үүсч би урьдчилан шийдвэрлэх байгууллагуудад хандан захиргааны хэргийн шүүхэд хууль бусаар олгогдсон гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж холбогдох байгууллагуудаас ирсэн материалтай танилцахад 2014.01.20-ны өдөр ээжийн өмчийг эмээд өвлүүлсэн, өвлөх эрхийн гэрчилгээ гаргасныг мэдсэн. Мөн өдрөө орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл нотариатаар хийгдэж дээрх байрны өмчлөх эрхийн гэрчилгээ эмээ Ц.Цэндсүрэн, У.Мөнх-Ундраа нарын нэр дээр шилжсэн байсан. Би Ц.Нэргүйгийн цорын ганц хүү нь өв хүлээн авахаас татгалзах талаар хүсэлт гаргаагүй 1-р зэргийн өмчлөгч, нэмж оруулах хэлцэл нотариатын үйлдлээр хийгдсэн байсан. Иймд хууль зөрчиж хийгдсэн нотариатч Д.Гантулгын өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг, Дархан сумын 13-р баг, 22-р байрны 50 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Ц.Цэндсүрэн, Ц.Нэргүй нарын дундын өмчлөл байсан. Тус байрны өмчлөгч талийгаач Ц.Цэндсүрэн нь Иргэний хуульд зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ Ц.Цэндсүрэн нь өөрийн хамтран өмчлөгч болох охин Ц.Нэргүйгийн өөрт ногдох хэсгийн хэсгийг өвлөх хүсэлт гаргасан бөгөөд нотариатч би Нотариатын тухай хуулийн 43.1-д зааснаар уг хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өмчлөгч Ц.Цэндсүрэн нь өөрийн орон сууц болон бусад хувиа Иргэний хуульд зааснаар шилжүүлэх боломжтой байдаг тул хамтран өмчлөгчөөр У.Мөнх-Ундрааг нэмж оруулсан. Иймд нотариатч Д.Гантулга миний бие холбогдох хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдаагүй болно гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1619 дугаартай шийдвэр гаргаж, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан   2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ болон өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгожээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1619 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-ийн 29.3-г хэрэгжүүлэхдээ эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдийг шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болох хэдий ч  заавал оролцуулах ёстой биш юм. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэгч, хариуцагчийн аль нэг талыг дэмжиж оролцдог ба ингэж оролцох эсэх талаараа өөрөө хүсэлт гаргах эсвэл хэргийн оролцогч хүсэлт гаргана. Хэрэв шүүх санаачлагаараа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг татан оролцуулвал мэтгэлцэгч аль нэг талд дэмжлэг үзүүлсэн асуудал болох бөгөөд мэтгэлцэх зарчмыг зөрчөөд зогсохгүй хөндлөнгийн байр сууриа шүүх алдах болно. Миний эмээ Ц.Цэндсүрэнд өвлэх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгоход хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй юм. Ээж Ц.Нэргүй , эмээ Ц.Цэндсүрэн нарын хууль ёсны өвлөгч нь би бөгөөд энэ нь шүүхийн 1208 дугаар шийдвэрээр тогтоогдсон. Иймд хууль ёсны өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн хөндлөнгийн этгээдийн эрх ашгийг хөндөхгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хууль хэрэглээний алдаа гаргасан байна гэжээ.

        ХЯНАВАЛ:

Э.Мөнх-Эрдэнэ нь “...Ц.Цэндсүрэнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр У.Мөнх-Ундрааг нэмж оруулах хэлцэлтэй холбоотой  үйлдлийг хүчингүй болгуулах...” нэхэмжлэлийг нотариатч Д.Гантулгад холбогдуулан гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна. 

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.   

Нэхэмжлэгч нь “...2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ болон хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэлтэй холбоотой үйлдлийг хүчингүй болгуулах...” шаардлага гаргасан /хх 19, 36/ гэх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ  нотариатчийн бус, харин У.Мөнх-Ундраагийн үйл ажиллагаатай холбогдуулан тайлбарлаж буйгаас Д.Гантулгад холбогдох Э.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэл ойлгомжгүй болсон байна. 

Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүхээс  нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хэвээр үлдээв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ