Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/01208

 

Д.Мнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00649 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Мхариуцагч Хбанк ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие 2005 оноос 2019 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл Хбанк ХХК-д ББТАӨБ газрын мэргэжилтнээр ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус банк 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 26/2806 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүлийн 131.1.3, Хбанкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дах заалтыг үндэслэн ажлаас чөлөөлснийг эс зөвшөөрч байна. Ажлаас халах гол үндэслэл болгож байгаа албан томилолтын зардал илүү тооцуулж, хувьдаа ашигласан гэх зүйл огт байхгүй талаар тус банкны гүйцэтгэх захирал Р.Мгомдол гаргасан боловч буцаан ажилд авах боломжгүй гэсэн хариуг хүний нөөцийн газраас бичгээр өгсөн. 2019 оны 9 сарын 09-ний өдрөөс 2019 оны 9 сарын 14-ний өдрийн хооронд Булган аймаг, Орхон аймаг, Жаргалант тосгон, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, тус сумын 1 баг, Шар усны эх, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаар орж Дархан-Уул, Сэлэнгэ аймагт очиж ажилласан байдаг. Тухайн бүс нутгийн улсын авто зам засвартай ажлын нөхцөл байдал хүнд байсан, Дархан аймгаас гарахдаа ажлын томилолтыг бөглүүлж гараад сумаар ажлаа хийж явж байгаад 2019 оны 9 сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Баянчандмань суманд ирсэн. Гэвч ажил дууссан байсан тул Дарханд хонох гэхээр зам засвартай 160 орчим км явж очих байсан тул тухайн нөхцөл байдлыг үнэлж шууд Улаанбаатар хот руу 72 км явж шөнө 23 цагийн орчим ирсэн байдаг. Бид 9 сарын 14-ний өдрийг хүртэл орон нутагт ажиллах томилолттой байсан бөгөөд энэ талаар 2019 оны 10 сарын 09-ний өдөр байгууллагад товч тайлбар гаргаж өгсөн. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй бидний тайлбар болон дотоод хяналт шалгалтаар гэм буруугүй болох нь нотлогдож байхад ноцтой зөрчил гаргасан мэтээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг хураамжийг нөхөн төлүүлж өгнө үү. Түүнчлэн миний бие нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүйгээс болж банк өөрсдийн дураар миний гэр бүлийн хүн болох Д.Долгорсүрэнгийн данснаас зээл төлүүлж, хууль бус үйлдэл гаргаж байна. Иймд ажилтны орон сууцны зээлийн хугацаа болон хүүг хэвээр байлгаж, 2005 оноос хойш хэрэглэж байгаа 99095054 гар утасны дугаарыг миний эзэмшилд байлгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.  

Хариуцагчийн тайлбарт: Хбанк ХХК нь нэхэмжлэгч Д.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 26/2806 тоот тушаалаар цуцалсан бөгөөд тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.М нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Томилолтоор явах хугацаандаа ажлаа хэрхэн гүйцэтгэсэн, хэнтэй уулзсан тухай үйл баримтад хамаарахгүй. Хамгийн гол нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг үндэслээд Д.М нь томилолтоор явах хугацаандаа ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, томилолтын мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн, завшсан гэдэг нь дотоод аудитын дүгнэлт, үйл баримтаар тогтоогддог. Д.М, жолооч Т нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд томилолтоор ажиллахаар албан томилолтоо бичүүлээд Хбанкнаас гарсан. Албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа хамгийн сүүлд Дархан-Уул аймагт 3 хоносон гэсэн баримт бүрдүүлж ирсэн. Томилолтын хуудсаа 09 сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан гэх байдлаар Дархан-Уул салбарын захирлаар гарын үсэг зуруулсан. Рояал зочид буудалд 09 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд байрласан гэж буудлын төлбөрт 180 000 төгрөг төлсөн гэх баримт бүрдүүлсэн. Эдгээр баримтаа бүрдүүлээд, санхүүгийн албанаас томилолтын зардал, үлдэгдэл зардлаа тооцуулж авсан. Томилолтоор ажиллахаасаа өмнө 09 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилгаа 300 000 төгрөг, зөрүү мөнгө 117 000 төгрөг, нийт 417 000 төгрөгийг Д.М өөрийнхөө дансруу шилжүүлэн авсан. Томилолтын хуудсаа хаалгахдаа захирлаар гарын үсэг зуруулдаг бөгөөд тэр үедээ нэхэмжлэгч нь Улаанбаатарт хотод 09 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлээгүй, 14-ний өдөр ирсэн гэж томилолтын хуудсаа хаалгасан. Мөн томилолтын зардлаа хэрхэн яаж зарцуулсан талаараа үнэн зөв мэдүүлээгүй. Дархан зочид буудалд 3 хоног байрласан гэх боловч 2 хоног байрласан нь тогтоогдсон. Зочид буудлын 1 өдрийн зардлыг илүү авснаа няцаах зорилгоор Х БХХК-аас албан бичиг гаргуулсан. Уг нотлох баримт нь Рояал зочид буудлын эрх бүхий этгээд Х БХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд тодорхойлолт гаргаж өгсөн, эдгээр хүмүүс нь манай зочид буудалд огт байрлаагүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Байршил илрүүлдэг төхөөрөмжөөр хаагуур явсан, хэзээ ирсэн нь хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Д.Мыг ажлаас чөлөөлсөн 26/2806 тушаал хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын 5.7.3-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Шүүх:   Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Мыг Хбанк ХХК-ийн банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 083 000 төгрөгийг хариуцагч Хбанк ХХК-аас гаргуулан Д.Мад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Мажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Хбанк ХХК-д даалгаж, нэхэмжлэгч Д.М хариуцагч Хбанк ХХК-д холбогдуулан ажилтны орон сууцны зээлийн хугацаа болон хүүг хэвээр байлгах, 2005 оноос хойш хэрэглэж байгаа 99095054 гар утасны дугаарыг өөрийн эзэмшилд байлгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70 200 төгрөгийг 2191201137358 нэхэмжлэхийн дугаартай Төрийн сангийн 100200100941 данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Мад олгож, хариуцагч Хбанк ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 112 278 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний татгалзлын үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт
тус тус заасантай нийцээгүй гэж үзэж байна. Шүүх Д.Мгаргасан ноцтой зөрчлийг тогтоосон аудитын тайлан, хөдөлмөрийн гэрээний 5.7 дугаар хэсгийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэхээр байна. Д.М нь томилолтоор 2019 оны 9 дүгээр сарын 9-14-ний өдрийн хооронд ажиллана гэж томилолтын зөвшөөрөл авсан ба томилолтын эцсийн тооцоог 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хийхдээ 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажиллаагүй, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан уул аймагт зочид буудалд байрлаагүй, уг өдөртөө Улаанбаатарт ирсэн гэдгээ үнэн зөвөөр мэдэгдэлгүй, харин 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дархан уул аймагт ажиллаж зочид буудалд хоносон, 14-ний өдөр нь ажилласнаар санхүүгийн газарт томилолтын хуудсыг хаалгаж, эцсийн тооцоог хийж томилолтын үлдэгдэл төлбөрийг авсан, уг үйлдлийг нь Дотоод аудит ноцтой зөрчил гэж үзсэн. Дотоод аудит зөрчлийг тогтоомогц Д.М нь энэ талаар удирдлагадаа хэлсэн гэж тайлбар өгдөг боловч Томилолтын хуудас-т зөвшөөрөл өгсөн ХБанкны Дархан уул салбарын захирал эсхүл холбогдох бусад ажилтан, Томилолтын хуудас-ыг хаах эрхтэй Эрдсэл хариуцсан захирал, тооцоог хаадаг Санхүүгийн албанд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үнэн зөв тайлбар өгөлгүй томилолтын 1 илүү хоногийн мөнгийг нэгэнт авсан байсан. Шууд удирдах ажилтан болох Ж.Хосбаярт хэлсэн гэдэг боловч илүү мөнгө авсан буюу банкны хангамж, эрх мэдэл болох томилолтын зардлыг өөрөө үнэн зөв тайлагнах, мэдүүлэх эрхийг хувийн байдлаар ашигласан тул Хөдөлмөрийн гэрээний 5.7.3 заалтыг зөрчсөн. Д.М нь дотоод аудитад томилолтын зардлыг илүү авсан талаар үнэн зөв хэлээгүй. Шүүх нэхэмжлэгчийн худал тайлбарыг үнэлж дүгнэсэнгүй. Хариуцсан дэд захирлаар Томилолтын хуудас-т гарын үсэг зуруулж авсан бол түүнийгээ Санхүү удирдлагын газарт буудлын төлбөр төлсөн баримтын хамт гаргаж, зардлын тооцоогоо хийдэг. Гэтэл Д.М нь тооцоо нийлэхдээ санхүүгийн ажилтанд томилолтоос 1 хоногийн өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ирснээ үнэн зөвөөр хэлэхгүй нуун дарагдуулж, 14-ний өдөр ирсэн мэтээр тайлагнан томилолтоор явахаас өмнө нь авсан 300 000 төгрөг дээр нэмж, 117 000 төгрөгийг өөрийн харилцах дансанд шилжүүлэн авч хэрэглэсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөрт ирсэн гэдгээ хэлсэн байна тийм учраас Ажил олгогчийн хуурсан, банкнаас олгосон хангамжийг хувьдаа ашигласан гэх ноцтой зөрчилтэй хэв шинж таарахгүй гэж үзсэн. Харин хариуцагчийн дотоод аудитаас томилолтын мөнгийг үнэнч шударгаар тайлагнаагүй, 1 хоногийн өмнө ирсэн атлаа 1 хоногийн мөнгийг илүү авсан, энэ зөрчил илэрмэгц 1 хоногийн өмнө ирсэн гэдгээ хэлсэн гэдэг, үүнийг ажил олгогч ноцтой зөрчлийг нэгэнт гаргасан байсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасныг шүүх өөрөөр дүгнэсэн. Дээрх зөрчил нь ажилтны банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д нэрлэн заасан ноцтой зөрчлүүдэд хамаарч байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ... томилолтын хугацаанаас 1 өдрийн өмнө ирсэн байдал нь ... гэж зөвхөн нэг үйлдлийг онцлон, бусдыг нь орхигдуулж, ноцтой зөрчил биш, эсхүл гаргаагүй мэтээр дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн шүүх хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Х БХХК-аас ирүүлсэн 2 удаагийн албан бичигт огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Банкны зүгээс Д.Мыг 1 хоногийн томилолтын зардлыг хувьдаа авсан гэж тогтоосон бөгөөд хожим дээрх байдлаас дүгнэвэл бүр 3 хоногийн зардал хувьдаа авсан нь илэрч байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.М хариуцагч Хбанк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Зохигчид 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Хбанк ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Д.Мыг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс Хбанк ХХК-ийн банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтний ажилд нь эгүүлэн томилж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох шүүхийн шийдвэрт заасан 6 083 000 төгрөг, 2020 оны 4, 5 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхээр тохиролцсон нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцэх юм.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/00649 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр харилцан тохиролцож хариуцагч Хбанк ХХК нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч Д.Мыг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс Хбанк ХХК-ийн банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтний ажилд нь эгүүлэн томилж, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс болох шүүхийн шийдвэрт заасан 6 083 000 төгрөг, 2020 оны 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийхээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

А.МӨНХЗУЛ