2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2026/01261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол,*******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******* аймаг, сум, 5 багт оршин суух Харахас овогт Дөрбетханы Бахытбек /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:******* дүүрэг,******* центр, байрлах ******* ХХК /РД: /-д холбогдох

 

Цементны үнэ 22 725 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* нь ******* ХХК-д холбогдуулан 75.75 тонн цемент буюу 22 725 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Мөнхийн Баян Гал" ХХК-аас 75.75 тн цемент гаргуулах тухай Миний бие гүйцэтгэсэн барилга угсралтын ажилд шаардлагатай 400 тонн цементийг тонн тутмыг 205 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч байгууллагын 5179001390 тоот дансанд 82 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч байгууллага нь 2022 оны 4,5 дугаар саруудад 324.25 тонн цемент нийлүүлээд үлдэгдэл 75.75 тонн цементийг үйлдвэр эвдэрсэн гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй. Байгууллагад үлдэгдэл цементээ нийлүүлээгүй шалтгаан өөр байгууллагаас үнэтэй цемент худалдан авсан үнийн зөрүү, ажилчдын сул зогсолт зэрэг учирсан хохирлыг дурдалгүйгээр 2022 оны 10 дугаар сард 205.75 тонн цементийн мөнгө болох 21 678 750 төгрөгийг буцааж шилжүүлж өгнө үү гэж хариуцагч байгууллагад албан бичгээр хандсан боловч "Байгууллага мөнгө өгөх боломжгүй, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс үйлдвэр хэвийн ажиллаж эхэлнэ тэр өдрөөс тухайн үеийн үнээр тооцоож задгай 185.000 төгрөг, ууттай 205,000 төгрөгөөр нийлүүлэхийг баталсан албан бичиг ирүүлсэн учраас өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч үлдэгдэл 75.75 тонн цементийг нийлүүлж өгөхгүй элдэв шалтгаан зааж хохироож байна. Иймд тус ******* ХХК-иас 75.75 тонн цемент буюу 22 725 000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Дөрбетханы Бахытбек нэхэмжлэлээ 2022 оны 03-р сарын 09-ний өдөр Манай компанийн данс руу 82 сая төгрөгийг цементийн үнэ утгаар шилжүүлсэн бөгөөд тус төлбөрт нь тооцож өөрийн компани болох Сансымбат ХХК-ийн нэрээр дараах хугацаанд дараах тонн хэмжээгээр цементийг бүрэн татан авч дуусгасан бөгөөд бид нийт 83 684 850 төгрөгийн цементийг дор дурдсан хүснэгт дэх цемент хүлээн авсан огноо, хэмжээ, ачсан тээврийн хэрэгсэл бүрээр худалдан авагчид бүрэн хүлээлгэж өгсөн. Манай компани нь тээврийн үйл ажиллагаа эрхэлдэггүй тул тээвэрлэлтийг хариуцдаггүй бөгөөд бүх худалдан авагч нар цементээ өөрийн болон гуравдагч этгээдийн тээврээр өөрсдөө үйлдвэрийн агуулахаас очиж хүлээн авах үүрэгтэй байдаг. Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, ба дугаар зүйлийн баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн * авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна" гэж заасны дагуу ******* ХХК нь Бахытбек болон Сансымбат ХХК-ийн хэн алинтай нь бичгээр гэрээ байгуулаагүй, тээвэрлэлтийг хариуцахаар тохиролцоогүй бөгөөд гэрээнд өөрөөр заасан гэж үзэх үндэслэлгүй тул тээвэрлэлтийг худалдан авагч хариуцах байсан гэж үзэх үндэслэлтэй. Бид Сансымбат ХХК- ийн илгээсэн тээвэрлэгч нарт цементийг бүрэн хүлээлгэж өгсөн тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно" гэж тус тус заасны дагуу тээврийн хэрэгсэлд цементийг бүрэн ачиж илгээснээр бүрэн хүлээлгэж өгсөн гэж тооцно. Манай компани Сансымбат ХХК-ийн хувьцаа эзэмшигч болоод Гүйцэтгэх захирал Бахытбекийн шилжүүлсэн 82 сая төгрөгийн цементийг түүний компанийн нэрээр бүрэн нийлүүлсэн болно. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: 2025.05.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.03.09-ний өдрийн Хаан банк ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Сансымбат ХХК-ийн 2022.12.26-ны өдрийн 07 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг,******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.18-ны өдрийн 183/ШЗ2024/22244 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, 2024.06.25-ны өдрийн 183/ШЗ2024/14594 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 2-9 тал/

4. Хариуцагчаас: ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2022.05.31-ний өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2022.04.30-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар,******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.18-ны өдрийн 183/ШЗ2024/22244 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 11-13, 27-36, 58 тал/

5. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Хил хамгаалах Ерөнхий газраас Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Хишигтийн Монгол Улсын хилээр 2022.07.23-ны өдрөөс хойш орсон гарсан талаарх лавлагааг, нэхэмжлэгчийн хүсэлтээр н.Гончигсум, н.Түмэндэмбэрэл нарын 2022.03.09-ний өдрөөс 2023.03.22-ны өдрийг хүртэл хугацаанд фейсбүүк дэх цахим зурвасаар хоорондоо харилцсан зурваст үзлэг хийлгэхээр******* аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж холбогдох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна. /хх 51-52, 94-130 тал/

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

1.   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Нэхэмжлэгч******* нь ******* ХХК-д холбогдуулан 170.75 тонн цемент буюу 22 725 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 400 тонн цементийг тонн тутмыг 205 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч байгууллагын 5179001390 тоот дансанд 82 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч 294.25 тонн хүлээн авсан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн ачилтаар 294.25 тонн цемент хүлээж авсан. Үлдэгдэл 170.75 тонн цемент хүлээн аваагүй. 1 тонн цементийг 205 000 төгрөгөөр тооцоход 21 678 750 төгрөг болно. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 59.25 тонн задгай цемент авсан бөгөөд задгай цементны үнийн тонн тутмыг 185 000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон тул үнийн зөрүү 1 185 000 төгрөг болно. Иймд нийт 22 863 750 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэлд 75.75 тонн цемент хүлээн аваагүй гэж бичсэн нь тооцооллын алдаа гарсан. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа 22 725 000 төгрөгөөр нэхэмжлэлд тодорхойлсон гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд хэрэгт авагдсан бараа хүлээлгэж өгсөн акт, НӨАТ-ын баримт зэргээр тохиролцсон цементыг бүгдийг нь хүлээлгэж өгсөн болох нь нотлогдоно. Хэнийг явуулж бараагаа хүлээж авах нь худалдан авагчийн өөрийнх нь асуудал бөгөөд Иргэний хуулийн 245, 246 дугаар зүйлд зааснаар гэрээний зүйлийг хүлээлгэн өгснөөр худалдагч талын үүрэг дуусгавар болно. Бидний хүлээлгэн өгсөн барааг өөр этгээд дундаас нь завшсан зүйл байвал үүнийгээ цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Үнийн хувьд манайх бичгээр гэрээ байгуулсан тохиолдолд л гэрээнд тохиролцсон үнээр нийлүүлэх бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд тухайн үеийн зах зээлийн үнээр нийлүүлдэг тул бүх цементыг 205 000 төгрөгөөр нийлүлэхээр тохиролцсон гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 2022.03.09-ний өдөр*******ийн Хаан банк ХК-ийн 5180377038 тоот данснаас ******* ХХК-ийн 5179001390 тоот дансанд Бахытбек-с цэмэнтийн үнэ гэх гүйлгээний утгаар 82 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 4 тал/

4.2 2022.12.26-ны өдөр Сансымбат ХХК-иас ******* ХХК-д үлдэгдэл 105.75 тонн цементийн үнэ болох 21 678 750 төгрөгийг шилжүүлж өгнө үү гэх албан бичиг явуулсан, /хх 7 тал/

4.3 2022.04.18-ны өдөр 59.25 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар ...9-43UBV гэж, 2022.04.25-ны өдөр 30 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар ...65 BNA гэж, 2022.04.26-ны өдөр 50 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар 77-32 UNL гэж, 2022.04.27-ны өдөр 60 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар ...2-56 KHOU гэж, 2022.04.27-ны өдөр 60 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар 04-04HOA гэж, 2022.05.01-ний өдөр 32.75 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар ...2-66 UNI гэж, 2022.05.02-ны өдөр 31.85 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар ...2-03 UNC гэж, 2022.05.01-ний өдөр 34.6 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар ...2-03 UBV гэж, 2022.05.01-ний өдөр 31.7 тонн цемент хүлээлгэн өгсөн акт үйлдэж, хүлээн авагч******* ХХК, ачилт хийсэн машины дугаар ...2-03 UNG гэж тэмдэглэгдсэн, /хх 27-32 тал/

4.4 ******* ХХК нь******* ХХК-ний нэр дээр 22 316 909 төгрөг, 53 760 227 төгрөгөөс тус тус тооцож НӨАТ шивсэн, /33-34 тал/

4.5 ******* ХХК нь нэхэмжлэгчийн төлсөн 82 000 000 төгрөгөөс авлагын бүртгэл үүсгэж, хүлээлгэн өгсөн цементын хэмжээгээр авлагыг хасч тооцсон өглөг авлагын тайлан гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 27 тал/

5. Зохигч худалдах худалдан авах гэрээний зүйлийн гэрэгээр тохиролцосн тоо хэмжээгээр хүлээлгэн өгсөн эсэхэд маргаантай.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Зохигчдын хооронд 82 000 000 төгрөгийн үнэ бүхий цемент худалдах худалдан авахаар тохиролцсон аман хэлцэл нь эрх зүйн харилцааны хувьд хуулийн дээрх зохицуулалтад хамаарна.

Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээгээр тохиролцсон эд хөрөнгийг худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

Зохигч маргаан бүхий гэрээг бичгээр байгуулаагүй байх ба хэлцлийн гол нөхцлийг тохиролцож, гэрээний зарим хэсэг хэрэгжсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч 170.75 тонн цементыг хүлээн аваагүй гэж, хариуцагч хүлээлгэн өгсөн гэж маргасан ба хэрэгт авагдаж үзлэгээр баталгаажуулсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ажилтантай харилцахдаа цементыг хүлээн авч тээвэрлэлт хийх автомашины улсын дугаарыг, жолоочийн нэрний хамт илгээж байсан болох нь нотлогдсон.

Харин 2022.05.01-ний өдрийн 32.75 тонн, 2022.05.02-ны өдрийн 31.85 тонн, 2022.05.01-ний өдрийн 34.6 тонн, 2022.05.01-ний өдрийн 31.7 тонн цементыг хүлээн авах автомашины дугаарыг илгээсэн болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч худалдан авагчийн нэрлэн заасан тээвэрлэгч этгээдэд гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн болох нь нотлогдохгүй байна гэж дүгнээд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хүлээлгэн өгөөгүй цементний үнэд 21 678 750 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч*******эд олгохоор шийдвэрлэв.

Цементны үнийг иргэн*******ээс ******* ХХк-д шилжүүслэн байгааг харгалзан гэрээний харилцаа тэдгэрийн хооронд үүссэн гэж дүгнэсэн болно.

7. Гэрээний зүйлийн үнийн нэрлэсэн үнийн тухайд нэхэмжлэгч задгай цемент тонн тутмыг нь 185 000 төгрөгөөр, савласан цементыг тонн тутмыг нь 205 000 төгрөгөөр тохиролцсон гэж, хариуцагч бичгээр гэрээ байгуулаагүй тул ачилт хийх өдрийн зах зээлийн ханшаар худалдахаар тохиролцсон гэж маргах боловч хариуцагчаас ирүүлсэн өглөг авлагын дэлгэрэнгүй тайланд задгай цементийг тонн тутмыг нь 185 000 төгрөгөөр, савласан цементыг тонн тутмыг нь 205 000 төгрөгөөр тооцож хасалт хийж бүртгэсэн бүртгэлээр хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

Иймд 2022.04.18-ны өдрийн 59.25 тонн задгай цементны үнийн зөрүү 1 185 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /59.25*185 000=10 961 000 төгрөг, 59.25*205 000=12 146 250 төгрөг, 12 146 250-10 961 000=1 185 000 төгрөг/

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК /РД: -иас 22 725 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч******* /РД: БД85080215/-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271 575 төгрөгийг төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 271 575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                    ШҮҮГЧ                                      Д.ЭНХЦЭЦЭГ