| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0446/Э |
| Дугаар | 462 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Б.Байгалмаа,
шүүгдэгч Б.Б,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Б-д холбогдох эрүүгийн 1811009390403 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.Б, 1978 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Нарантуул зах дээр тэрэгчин ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-1001г тоотод оршин суух хаягтай,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 150/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-952 тоотод хохирогч Ц.Энхбаатарыг зодож бүсэлхийн 2,3 дугаар нугалмын сэртэн ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн, өөр нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Энхбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр би хамт тэрэг түрдэг найз Зандангийн гэрт оройг 19 цаг өнгөрч байх үед очсон. Тэгээд зурагт үзээд байж байхад гаднаас Билэг-Өрнөх орж ирсэн. Тэгээд тэр залуу хэсэг сууж байснаа чи миний ахын гэрт сууж байдаг хэн бэ гээд миний зүүн нүдний орчим цохисон. Тэгээд арагшаа татаад миний зүүн бөөрний орчимд нилээд удаан өшиглөсөн. Тэгээд Зандан тэр залууг надаас салгасан бөгөөд хэсэг байж байгаад яваад өгсөн. Дараа нь эмнэлэгт үзүүлэхэд нуруу хугарсан байсан. Намайг зодсон залуу миний эмчилгээний зардалд 300.000 орчим төгрөг зарцуулсан. Цаашид 3 сая төгрөг нэхэмжилж байна. Баримт байхгүй...” гэжээ /хх-8/.
Гэрч О.Бямбазандан мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед зах дээр хамт ажилладаг Энхбаатарын хамт нэг шил 0.5 литрийн хараа архи хувааж уугаад сууж байтал мөн тэрэг түрдэг Б нилээд халамцуу орж ирсэн. Тэгээд Б манай гэрт унтана гээд хэвтсэн. Тэгээд 10 минут орчим болоод Б босч ирсэн. Тухайн үед Энхбаатар бид хоёр ярьж байгаад бага сага маргаан үүссэн чинь Б Энхбаатар руу чи яагаад ах дээрэлхээд байна гээд тэр хоёр маргалдсан. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад Б нүүр рүү нь 2-3 удаа, нуруу руу нь 2-3 удаа өшиглөсөн. Тухайн үед би халамцуу байсан болохоор салгах гэсэн боловч дийлээгүй. Тэгээд Б гэртээ харьж унтлаа гээд яваад өгсөн. Энхбаатар манай гэрт тэр өдөр хоносон. Маргааш нь Энхбаатарын зүүн нүд хавдсан, нуруу орчим өвдөөд байна гээд байсан...” гэжээ /хх-11/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3950 дугаар дүгнэлтэд:
“1. Б.Энхбаатарын биед бүсэлхийн 2,3-р нугалмын сэртэн ясны хугарал, 2 нүдний зовхинд цус хуралт, зулайн хуйх, баруун доод зовхины зулгаралт, бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-14/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-24-30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-23/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 16-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-952 тоотод хохирогч Ц.Энхбаатарыг зодож бүсэлхийн 2,3 дугаар нугалмын сэртэн ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №3950 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Энхбаатар нь “...Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх боловч энэ талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул түүний нэхэмжилж буй хохирлыг шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч Б.Энхбаатар эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэмт буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Б-ийн цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бөд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН