| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2505016181099 |
| Дугаар | 2025/ДШМ/1172 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 116.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1172
2025 10 02 2025/ДШМ/1172
Б.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч П.Гандолгор, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бичинхүү,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1915 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Бичинхүүгийн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2505016181099 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Б-ын Э-, ........., /РД: Б-/;
Шүүгдэгч Б.Э- нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Х-” нэртэй зочид буудалд иргэн Х.Э-гийн нүүр лүү өшиглөж эрүүл мэндэд нь эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2,500,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Бичинхүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүхийн шийдвэр бүрэн бус, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн нэхэмжлэлийг шинжлэн судалсан нотлох баримтаар дурдсан байх боловч хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийсэн хэсэг болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхээр шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах талаар хуульчилсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бол Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болох талаар тус тус хуульчилсан. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1915 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, иргэний нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 196,380 төгрөгийг төлөгдсөн талаар тусгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Э- нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Х-” нэртэй зочид буудалд иргэн Х.Э-гийн нүүр лүү өшиглөж эрүүл мэндэд нь эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Э-гийн “...би 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр найз Б-тэй уулзахаар хороололд ирээд ...нэг пабад архи уугаад сууж байсан. ...шөнийн 03 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Х- буудлын 206 тоот 3 ортой өрөөнд 6-лаа ороод хэсэг байж байсан. ...өглөө 9 цагт сэрсэн М-, М- гэх эмэгтэй Б- бид 4 байсан. ..М- гэх эмэгтэйн нөхөр байсан юм байна лээ би сүүлд мэдсэн. Тэр залуу орж ирээд ..Б- байна уу, М- байна уу гээд нэгийг нь цохиод авсан. Тэгэхээр нь би яагаад цохиод байгаа юм гэсэн чинь миний нүүр хэсэг рүү өшиглөж байгааг би санаад байгаа юм. Ухаан самуураад сэрсэн. ...миний нүүр лүү ямар нэгэн зүйлээр юм уу, гутлын улаар юм уу зүсэгдээд урт шарх үүссэн...” /хх 13-14/,
гэрч М.М-ын “...найз Э-, Б-, М- нарын хамт байж байтал гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд үгийн зөрүүгүй шууд манай найз Э-гийн эрүү хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. ...Э-г хартал эрүүний доод хэсэг урагдаад зүсэгдсэн цус гарч байсан. ...тэр залуу М-ыг хардсан маягтай хэрэлдэж байгаад М- тэр 2 цуг гараад явсан. ...сүүлд сонсоход М-ын нөхөр гэж байсан...” /хх 16-17/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...эрүүл мэнд нь хохирсон Х.Э- нь Эрүүл мэндийн хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр эрүүл мэндийн байгууллагаас тусламж авч, 196,380 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Б.Э-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хх 6/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ЕГ0725/3972 дугаар “...Х.Э-гийн биед эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх 27-28/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Прокуророос “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нөхөн төлөгдсөн талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлтээр оруулсан өөрчлөлт оруулах санал гаргаж...” эсэргүүцэл бичжээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Э- нь хохирогч Х.Э-гийн нүүр лүү өшиглөж эрүүл мэндэд нь эрүүнд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 196,380 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Э-ын хувьд түүний гэмт үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 196,380 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан /хх 75/ байх ба анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолдоо энэ талаар тусгаагүй байх тул нөхөн төлөгдсөн тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1915 дугаар шийтгэх тогтоолд:
“Шүүгдэгч Б.Э- нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 196,380 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ