2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 192/ШШ2026/01496

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо,  гудамж,  тоот хаягт оршин суух *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,*******,*******-д холбогдох

Гэрээний үүрэг, хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагч М.Бүрэнболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч М.Бүрэнболдод холбогдуулан гэрээний үүрэгт 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Б.Пүрэвсүрэн би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан. Энэ явцад цалин болон 16 500 000 төгрөгийг авч чадаагүй. Үүнд 2023 оны 05 сараас хойш 4 сарын хугацаанд ажилласан ажлын цалин болон 12 000 000 төгрөг, энэ нь 1 сард 3 000 000 төгрөгөөр тооцон тохиролцсон. Кранистаар ажилласан хөлс 4 500 000 төгрөг байхаар тохиролцсон буюу барилгын талбайд инженер болон кранистаар ажиллахаар тохиролцсон. М.Бүрэнболдтой хамтран ажиллах гэрээ байгуулж сэлх дэх 8 амины орон сууц барих ажлын өрлөг, дээвэр, хучилт, модон дээвэр хучилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэн аман гэрээ байгуулсан дагуу ажилласан. Иймд ажлын хөлс 16 500 000 төгрөг түүний өмнө банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүд төлсөн 8 500 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөгийг хариуцагч М.Бүрэнболдоос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч М.Бүрэнболд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд дараах байдлаар тайлбар гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн дагуу 16 500 000 төгрөг, машины эзэнд өгсөн 8 500 000 төгрөгийг миний бие М.Бүрэнболдоос нэхэмжилсэн байна. Миний бие М.Бүрэнболд нь Б.Пүрэвсүрэнтэй 2023 оны 6 сарын дундуур хамтран ажиллахаар Сэлх дэх 8 амины орон сууцны ажлыг үргэлжлүүлэн хийхээр тохирч эхлүүлэн 2023 оны 10 дугаар сар хүртэл ажилласан юм. Гэвч энэ 4 сарын хугацаанд бид ажилчдаа авч ирж ажлаа эхлүүлэн ажиллаж байсан бөгөөд Б.Пүрэвсүрэн нь ажиллах явцад хүмүүсийг хариуцаж, бараа материалаа захиалаад байж байх үүрэгтэй байсан боловч ихэнх тохиолдолд өөрөө ч байхгүй ирэхгүй бараа, материал захиалах ажлаа юу ч хийхгүй байсанд захиалагч тал удаа дараа гомдол гаргаж энэ хүн чинь ирэхээрээ утсаараа тоглоод бүтэн өдөр юу ч хийхгүй байна гээд байсан болохоор би Б.Пүрэвсүрэнг хийсэн ажлынхаа тайланг гаргаад ир гэсэн боловч юу ч гаргаж өгөөгүй 9 дүгээр сарын сүүлээр өөрөө алга болчихсон. Хайгаад сураг тавиад асуухад Багануурт өөр ажил хийгээд яваад өгсөн байсан. Би ажилчдын цалин тавь гээд хийсэн ажлынх нь гүйцэтгэлээр мөнгийг нь Пүрэвсүрэнд байнга цаг тухайд нь өгч байсан. Би энэ хүнд ямар ч ажлын хөлс өгөх өр байхгүй. Харин би Пүрэвсүрэнгийн ажлын хариуцлагагүйгээс одоог хүртэл захиалагч тал болох Эе Эв ХХК-ийн захирал болох П.Мөнхтулгаас хийсэн ажлын хөлс болох 50 хувийн мөнгөө авч чадаагүй хохироод байгаа. Миний бие Пүрэвсүрэнг уг ажлаа 100 хувь дуусгаад хүлээлгэж өгсөн тохиолдолд шагнал урамшуулал болгон машины төлбөрийг төлөх бодолтой байсан. Гэвч миний итгэлийг алдаж хийсэн ажлаа гүйцэтгэж чадаагүй, хийсэн ажлын тайлангаа гаргаад нотлоод өгөөч гэж удаа дараа шаардсан боловч юу ч гаргаж өгөөгүй, би өөрөө хийсэн ажлаа үнэлгээний компаниар тайлангаа 800,000 төгрөгөөр гаргуулж захиалагч талд өгсөн боловч одоог хүртэл мөнгөө авч чадаагүй Пүрэвсүрэнгээс болж хохироод байгаад гомдолтой байна. Б.Пүрэвсүрэн ниссан маркийн автомашиныг ажлын хөлсөнд өгсөн мэтээр нэхэмжлэлд дурдсан байна. Энэ нь огт үндэслэлгүй юм. Учир нь уг машиныг зарах гэж байсан хүнтэй би уулзуулж өөрөө уг машиныг тэр хүнээс авахаар тохиролцож гэрээ хийж ББСБ-аас 6 сая төгрөгийн зээл гаргуулан уг хүндээ өгч тохиролцон авч саяхныг хүртэл унаад явж байсан. Энэ машины асуудал энэ ажлын хөлстэй огт хамааралгүй. Харин намайг худал гүтгэж ийм байдалд оруулж байгаад болон хийсэн ажлын хөлсөө одоог хүртэл захиалагчаас аваагүй хохироод явж байгааг Пүрэвсүрэн мэдсээр байж намайг ийм байдалд оруулж байгаад маш их гомдолтой байна. Иймд хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: 2024.04.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, фото зургийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/Ш32024/08489 дүгээр шүүгчийн захирамж, 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн татвар төлсөн баримтын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/Ш32024/09681 дүгээр шүүгчийн захирамж, финанс ББСБ ХХК-ийн 2024.11.27-ны өдрийн 24/А-231 дугаартай тодорхойлолт, зээлийн хүснэгт, фото зургийн хуулбар, зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. / хх 2-9, 109-115 тал/

4. Хариуцагчаас: фейсбүүк чатаар харилцсан зурвасын фото зургийн хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна. /18-21 тал/

5. Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Бүрэнболдын нэхэмжлэлтэй М.Бадрахад холбогдох иргэний хэргээс иргэний хэрэг үүсгэсэн захирамж, финанс ББСБ ХХК-иас нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнтэй байгуулсан зээлийн гэрээ, хөрөнгө барьцаалах гэрээ болон зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх лавлагаа, 1410 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Н.Түмэндэмбэрэлээс М.Бүрэнболд, Б.Пүрэвсүрэн нарт холбогдуулж гаргасан гомдлын дагуу шалгагдаж буй хэргээс Н.Түмэндэмбэрэл, М.Бүрэнболд, Б.Пүрэвсүрэн нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 32-40, 55-65, 67, 125-141 тал/

 

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.      Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн нь хариуцагч М.Бүрэнболдод холбогдуулан гэрээний үүрэг болон хохиролд 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд М.Бүрэнболдын хүсэлтээр Сэлх дэх 8 ширхэг амины орон сууц барилгыг гүйцээж барих төслийн талбайн инженерээр нэг сарын 3 000 000 төгрөгийн хөлстэйгээр, кран барих ажлыг 4 500 000 төгрөгийн хөлстэйгээр хийхээр М.Бүрэнболдтой амаар тохиролцсон. Гэтэл М.Бүрэнболд цалин хөлсөө өгөөгүй, цалингийн оронд машин өгөхөөр тохиролцож, би өөрийн нэр дээр ББСБ-аас 6 000 000 төгрөгийн зээл авч машины урьдчилгаа төлбөрийг төлж, машины үлдэх төлбөрийг М.Бүрэнболд төлөхөөр тохиролцсон боловч машины үнийг төлөөгүй гээд машины эзэн надаас машинаа буцаан авсан. Иймд хариуцагч М.Бүрэнболдоос ажлын хөлс 16 500 000 төгрөг, зээл, зээлийн хүүгийн хамт 8 500 000 төгрөг, нийт 25 000 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч М.Бүрэнболд нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бид барилгын ажлыг хамтран гүйцэтгэж, олсон ашгаа 50, 50 хувиар хуваан авахаар анх тохиролцож, 8 ш амины орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн. Тухайн барилгын захиалагч нь П.Мөхтулга, гүйцэтгэгч нь М.Бадрах гэх иргэд юм. Бид гүйцэтгэгч М.Бадрахтай ажил гүйцэтгэхээр аман хэлцлээр тохиролцсон. Ингээд би өөрөө завгүй байсны улмаас өөрийнхөө оронд Б.Пүрэвсүрэнг барилгын талбай дээр ажил хариуцуулахаар тохиролцсон боловч тэрээр ажлаа гүйцэтгээгүй, хүлээлгэн өгөөгүйн улмаас өнөөдрийн байдлаар бид ажлын хөлсөө П.Мөнхтулга, М.Бадрах нараас авч чадахгүй шүүхийн маргаантай байна. Иймд тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй тул ажлын хөлс 12 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Кранистаар ажилласан хөлсийг надаас шаардахгүй бөгөөд энэ талаар барилгын захиалагч П.Мөнхтулгатай хэлцэл хийсэн тул П.Мөнхтулга хариуцах юм. Автомашины хувьд ажлын хөлс захиалагч талаас төлөгдсөн тохиолдолд төлөх боломжтой байсан хэдий ч Б.Пүрэвсүрэн ажлаа гүйцэтгээгүйн улмаас ажлыг захиалагчид хүлээлгэн өгөхөл маргаан үүсч, хөлс төлөгдөөгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4, 5-т дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Б.Пүрэвсүрэн, финанс ББСБ ХХК нар нь 2023.09.01-ний өдөр 6 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 23/47 тоот зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх 37 тал/

4.2 П.Мөнхтулга, М.Бадрах нарын хооронд 2023.06.05-ны өдөр 23/11 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороонд байрлах Дөрвөн улирал хотхоны 8 блок буюу 16 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг зургын дагуу хийж гүйцэтгэхээр 2 тал гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш хуанлийн 45 хоногт гүйцэтгэж бүрэн дуусган хүлээлгэн өгөхөөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 34-36 тал/

4.3 Б.Пүрэвсүрэн, финанс ББСБ ХХК нар нь 2023.09.01-ний өдөр 23/050 дугаартай хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, улсын дугаартай Nissan Lafesta маркийн автомашиныг барьцаалж, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх 38-40 тал/

4.4 улсын дугаартай Nissan Lafesta маркийн автомашины өмчлөгчөөр 2023.08.30-ны өдөр Б.Пүрэвсүрэн, 2023.09.01-ний өдөр Лотус финанс ББСБ ХХК нар бүртгэгдсэн, /хх 40 тал/

4.5 Б.Пүрэвсүрэн нь 2023.12.03-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 17029 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ .... Би 2023.05 дугаар сараас эхлээд******* гэх хүнтэй барилгын ажил дээр хамтарч ажилласан. Тэгээд уг ажил дээр ажиллаад******* надад би чиний машиныг чинь сайжруулаад өгье харин цаашдын цалингаасаа хасаж бодъё цаашдаа ч хамтран ажиллана гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2023.07 дугаар сарын дундуур үед Баянзүрх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард байдаг байрны гаднаас Түмэндэлгэр гэх хүнээс улсын дугаартай ниссан лаписта маркийн тээврийн хэрэгслийг хүлээж авсан тэр үед******* хамт байсан. Тэгээд тухайн үедээ би мөнгө өгөөгүй учир нь******* барилгын ажлын цалигийн хөлсөнд авч өгсөн. Тухайн үед гэрчилгээгээ би өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй,******* намайг унаад явж бай гэж хэлсэн. Тэгээд 2023.10 дугаар сард******* над руу уг машинаа банк бусад тавиад 6,000,000 төгрөг гаргаад өгөхөөр нь би банк бусад тавьж 6 000 000 төгрөгийг өөрийн 5100239856 дугаарын данснаас Түмэндэлгэр гэх хүний данс руу шилжүүлсэн гэж мэдүүлсэн байна. /хх 129-130 тал/

4.6 М.Бүрэнболд нь 2023.12.03-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 17029 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ .....2023.07 дугаар сард манай нагац дүү Түмэндэлгэр өөрийн улсын дугаартай ниссан лаписта маркийн тээврийн хэрэгслийг зарна гэж байсан. Тэгээд тухайн үед би уг тээврийн хэрэгслийг нь 18 000 000 төгрөгт бартердаад өгье гэж хэлсэн, тэгээд би тухайн үед Пүрэвсүрэнд ажлын хөлсийг нь өгөх ёстой байсан, тэр ажлын хөлснийх нь уг машиныг авчих гэж санал тавихад Пүрэвсүрэн зөвшөөрсөн, Түмэндэлгэр ч мөн адил зөвшөөрсөн, Пүрэвсүрэнгийн ажлын хөлс орж ирэхээр би шууд Түмэндэлгэрт машины мөнгө болох 18 000 000 төгрөгийг нь өгөх ёстой байсан, бид 3 амаар итгэлцсэн. Пүрэвсүрэнгийн ажлын хөлс нь надаар дамжиж орж ирэх байсан тул би уг машиныг дунд нь зуучилж өгсөн. Тэгээд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны парк вива хотхоны хашаанд Түмэндэлгэрийн машиныг Пүрэвсүрэн үзүүлээд Пүрэвсүрэн авахаар болоод явсан. Тэр үед гэрчилгээг нь бол Пүрэвсүрэн рүү шилжүүлж өгөөгүй. Тэгтэл 2023.07 дугаар сараас хойш Пүрэвсүрэнгийн ажлын хөлс нь орж ирэхгүй, одоог болтол ажлын хөлс нь орж ирээгүй л байна. Пүрэвсүрэн надаар дамжуулж, өөр барилгын компани дээр ажил хийсэн тул уг ажлын хөлсийг цаад компани нь өгөхгүй байгаа болохоор Түмэндэлгэрийн машины мөнгийг өгч чадахгүй байгаа. Тэгээд Түмэндэлгэр машины мөнгө нэхээд байсан болохоор 2023.10 дугаар сард уг машины гэрчилгээг Түмэндэлгэрийнхээс Пүрэвсүрэнгийн нэр рүү шилжүүлээд Пүрэвсүрэн нь уг машиныг банк бусад зээлд тавьж 6,000,000 сая төгрөг гаргаж Түмэндэлгэрт өгсөн, би бас хувиасаа Түмэндэлгэрт 2,000,000 төгрөг өгсөн. Одоо ингээд нийтдээ 8,000,000 сая төгрөгийг нь өгсөн, үлдэгдэл 10,000,000 сая төгрөгийг нь өгөөгүй байгаа. Барилгын ажлын хөлс нь орж ирвэл л өгнө гэсэн бодолтой байгаа боловч уг барилгын ажлын хөлс нь одоо болтол орж ирэхгүй байна гэж мэдүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 131-132 тал/

5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа аман хэлцлийн хэлбэрээр бий болсон гэж үзэв.

Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дутуу баригдсан амины орон сууцны барилгын ажлыг үргэлжүүлэхээр тохиролцсон үйл баримт тогтоогдох бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнтэй хамтран ажиллах гэрээг аман хэлцлийн хэлбэрээр байгуулж, барилгын талбайн даамлын ажлыг гүйцэтгэх, олсон ашгаа 50, 50 хувиар хуваан авахаар тохиролцсон гэж, нэхэмжлэгч нь ашиг хуваахаар тохиролцоогүй, харин сар тутам 3 000 000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцож, ажлын хөлсөнд автомашин өгөхөөр тохиролцож, худалдаж авсан машины төлбөрийг хариуцагч төлөхөөр тохиролцсон гэх зөрүүтэй тайлбарыг гаргасан бөгөөд хэн алиных нь тайлбар бичгийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд талуудын маргаангүй үйл баримт болох 18 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч автомашин худалдан авсан, машины үлдэгдэл төлбөрийг хариуцагч М.Бүрэнболд хариуцан төлөхөөр тохиролцсон гэх тайлбарыг үндэслэн хөлсөөр ажиллах гэрэээний харилцаа үүссэн гэж дүгнээд 4 сарын хөлс 12 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

6. Харин 4 500 000 төгрөгийн кранистаар ажилласан хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэг зохигчийн хороонд үүүсэн эсэх нь бичгийн баримтаар нотлогдохгүйгээс гадна ажиллаж байсан гэх кран өөр этгээдийнх буюу барилгын захиалагч П.Мөнхтулгын өмчлөлийн зүйл гэдэгтэй нэхэмжлэгч маргахгүй байх тул хариуцагчийг хөлс олговол зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Хохирол 8 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгчийн хохирол шаардах эрх хуулийн дээрх зохицуулалтад хамаарах боловч тухайн шаардлагыг хангах үндэслэлгүй. Тодруулбал,

Хэргийн баримтаар Б.Пүрэвсүрэн, финанс ББСБ ХХК нар 2023.09.01-ний өдөр 6 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр тохиролцсон, автомашины үнэд 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгч худалдагч талд төлсөн, автомашин худалдсан тал хожим гэрээнээс татгалзсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд автомашин худалдан авах зорилгоор ББСБ-аас авсан зээл 6 000 000 төгрөг нь хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд хамаарахгүй тул хариуцагч хариуцах үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагч М.Бүрэнболд нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх үйл баримтыг үгүйсгээгүй хэдий ч автомашины үнийг бүхэлд нь буюу 18 000 000 төгрөгийг хариуцан төлөхөөр тохиролцсон эсэх нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ. гэж заасан.

Автомашин худалдах худалдан авах гэрээний харилцаа нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэн, иргэн Д.Түмэндэлгэр нарын хооронд бий болсныг харгалзан үзвэл машины үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөх үүргийг гүйцэтгэхэд өр шилжих хуульд заасан журам үйлчлэх бөгөөд өр шилжүүлж байгаа этгээдүүд эзэмшигчтэй нь тохиролцох үүрэгтэй атал ийнхүү тохиролцоогүй болох нь иргэн Д.Түмэндэлгэрийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоор нотлогдож байна.

Иймд хохирол 8 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч М.Бүрэнболдоос 12 000 0000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 282 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Бүрэнболдоос 12 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 206 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Пүрэвсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ