Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 164

 

2018 оны 08 сарын 29 өдөр           2018/ШЦТ/164                                       Баруун-Урт

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мээрэн овгийн А.Бд холбогдох эрүүгийн 1830000000159 тоот хавтаст хэргийг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                         Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, санхүү мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрт маркетинг борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 24-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:ЛЮ91081314/ Мээрэн овгийн А.Б.

                      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

           Шүүгдэгч А.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын гудамжинд иргэн Э.Дүүрэнбаярыг зодож, эрүүл мэндэд “ тархи доргилт, баруун нүдний алиманд цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Яллагдагч А.Болд-Эрдэнийн өгсөн: “...Сонсгож байгаа ялыг ойлголоо. Би хүлээн зөвшөөрч байна. Миний гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн. Бид хоёрын гол маргалдаж муудсан шалтгаан нь би найз Өнөболдын гэрийн гадаа очоод Э.Дүүрэнбаярыг архи уучихсан согтуу байна гээд гэр рүү нь оруулаагүй юм. Үүнээс болж Э.Дүүрэнбаяр нь надад үг хаяж “намайг оруулсангүй, намайг тоосонгүй” гэх зэргээр надад гомдож туньсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Ер нь машин дотор суугаад явж байхад Э.Дүүрэнбаяр нь намайг эхэлж цохисон. Энэ талаар манай найз Өнөболд мэдэж байгаа. Би Э.Дүүрэнбаярын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнтэй маргалдаж зодолдох үедээ найзынхаа биед гэмтэл учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, 

 - Хохирогч Э.Дүүрэнбаярын өгсөн: “...Миний 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Бид хоёрын гол муудаж маргалдсан шалтгаан нь гэвэл би А.Болд-Эрдэнийг цуг явж байж айлд ороод гарч ирэхгүй удлаа, мөн намайг оруулсангүй гэж би туньсан юм. Үүнээс болж бид хоёр маргалдаж зодолдсон. Миний хоёр нүд рүү толиор цохисон. Тэгэхдээ толь нь хагараагүй. Бид хоёр өмнө нь хоорондоо маргалдаж муудаж байсан удаа байхгүй. Нүүрэнд учирсан гэмтэл эдгэрч байгаа. Миний хувьд А.Бэс нэхэмжлэх зүйл байхгүй. Жаахан шарга театрын гадаа 3 шил архи дөрвүүлээ хувааж уучхаад тэндээсээ Дэнжийн байр болон Хайлаастын байраар явсан. А.Б нь өөрийгөө хянах чадвартай байсан гэж бодож байна. Би А.Бтэй эвлэрсэн тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 3 /,

- Гэрч О.Өнөболдын өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орой 18 цагийн орчим манай гэрт А.Б нь найз гэх Дүүрэнбаяртай цуг манай гэрт машинтайгаа согтуу ирсэн. Анх манайд ирэхдээ хоорондоо муудсан байдалтай орж ирсэн. Тэгээд би машинд нь сууж байтал Дүүрэнбаяр нь “чи намайг доромжлоод байна” гээд Болд-Эрдэнийн нүүр рүү нь гараараа нэг цохитол зөрүүлээд Болд-Эрдэнэ нь адилхан цохиж байсан. Тэгээд тэр хоёр машинаасаа буугаад хоорондоо зодолдоод байсан. Би тэр хоёрыг хооронд нь зодолдуулахгүй гээд хориод байсан. Дүүрэнбаярын хамраас нь цус гарч байсан. Баруун нүдний доод хэсэг урагдчихсан байсан. Харин Болд-Эрдэнэд хамрынх нь дээд талд бага зэрэг урагдсан байсан. Өөр гэмтэл учирсан эсэх талаар мэдэхгүй. Тэр хоёр хоорондоо адилхан зодолдсон. Би хаана нь хэдэн удаа цохиж байсан талаар нь хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 06/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 454 дугаартай: “Э.Дүүрэнбаярын биед тархи доргилт, баруун нүдний алиманд цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 09/,

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 08/,

- Сүхбаатар аймгийн Хөгжимт жүжгийн театрын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай тодорхойлолт,

- А.Болд-Эрдэнийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт / хх-ийн 33/,

-  А.Болд-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/,

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р багийн Засаг даргын 2018.08.21-ний өдрийн 4/836 дугаартай тодорхойлолт /хх-ийн 22/,

- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 34/

- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын №86 дугаартай санал / хх-ийн 25 / зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч А.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын гудамжинд иргэн Э.Дүүрэнбаярыг зодож, эрүүл мэндэд “ тархи доргилт, баруун нүдний алиманд цусан хураа, баруун зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Болд-Эрдэнийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Дүүрэнбаярын мэдүүлэг, гэрч О.Өнөрболдын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 454 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Тухайн хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь шүүгдэгч А.Б, хохирогч Э.Дүүрэнбаяр нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ хамт явж байж айлд оруулсангүй, мөн манайг тоосонгүй гэж ” гэж ялихгүй зүйлээр шалтаглан харилцан зодолдож А.Б нь Э.Дүүрэнбаярыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь түүний “Бид хоёрын гол маргалдаж муудсан шалтгаан нь би найз Өнөболдын гэрийн гадаа очоод Э.Дүүрэнбаярыг архи уучихсан согтуу байна гээд гэр рүү нь оруулаагүй юм. Үүнээс болж Э.Дүүрэнбаяр нь надад үг хаяж “намайг оруулсангүй, намайг тоосонгүй” гэх зэргээр надад гомдож туньсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Түүнтэй маргалдаж зодолдох үедээ найзынхаа биед гэмтэл учруулсан нь үнэн” гэх, хохирогч Э.Дүүрэнбаярын “Бид хоёрын гол муудаж маргалдсан шалтгаан нь гэвэл би А.Болд-Эрдэнийг цуг явж байж айлд ороод гарч ирэхгүй удлаа, мөн намайг оруулсангүй гэж би туньсан юм. Үүнээс болж бид хоёр маргалдаж зодолдсон. Миний хоёр нүд рүү толиор цохисон. Тэгэхдээ толь нь хагараагүй ” гэх, гэрч О.Өнөрболдын “2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн орой 18 цагийн орчим манай гэрт А.Б нь найз гэх Дүүрэнбаяртай цуг манай гэрт машинтайгаа согтуу ирсэн. Анх манайд ирэхдээ хоорондоо муудсан байдалтай орж ирсэн. Тэгээд би машинд нь сууж байтал Дүүрэнбаяр нь “чи намайг доромжлоод байна” гээд Болд-Эрдэнийн нүүр рүү нь гараараа нэг цохитол зөрүүлээд Болд-Эрдэнэ нь адилхан цохиж байсан. Тэгээд тэр хоёр машинаасаа буугаад хоорондоо зодолдоод байсан ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно.

А.Болд-Эрдэнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй мэдсээр атлаа, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүнийг хүсэж ялихгүй зүйлээр шалтаглан хохирогч Э.Дүүрэнбаярыг гараараа, машины толиор нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч А.Бд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч А.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

           Шүүхээс шүүгдэгч А.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.  

           Шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

           Шүүгдэгч А.Болд-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Дүүрэнбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаар гаргасан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч А.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Э.Дүүрэнбаяр гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мээрэн овгийн Адъяамаагийн Болд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. А.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Болд-Эрдэнийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ялтан А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй,   хохирогч Э.Дүүрэнбаяр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдсугай.

5. Шүүхийн шатанд ялтан А.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР