| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2407004260018 |
| Дугаар | 2025/ДШМ/1173 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Манлайбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1173
2025 10 02 2025/ДШМ/1173
П.З-, З.Э-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч П.Гандолгор, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Манлайбаатар,
хохирогч А.С-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгч П.З-, З.Э-,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.С-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.З-, З.Э-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2407004260018 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ө- овгийн П-ийн З-, ........, ял шийтгэлгүй, /РД: П-/;
2. С- овгийн Б-гийн Б-, .........., ял шийтгэлгүй, /РД: Б-/;
3. Ж- овгийн З-ын Э-, ........., ял шийтгэлгүй, /РД: З-/.
Шүүгдэгч П.З-, З.Э-, Б.Б- нар нь үйлдлээрээ нэгдэн бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 02 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “З-” нэртэй амралтын газар З.Э-гийн найз охин Ц.А-г өөр эрэгтэй хүнтэй байна гэх шалтгааны улмаас амралтад амарч байсан хохирогч А.С-ын биед нь халдаж түүний толгой болон нүүр бие рүү нь цохиж өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: П.З-, З.Э-, Б.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.З-, Б.Б-, З.Э- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-ыг 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Б.Б-г 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч З.Э-г 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх буюу 2,000,000 /хоёр сая/төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй , шүүгдэгч нарын зүгээс хохирогчид 1,144,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.З-аас 292,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.С-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч А.С- нь олох байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч А.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2025 оны 07 сарын 31-ны өдрийн 2025/ШЦТ/147 дугаар Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэл тогтоолтой өмгөөлөгчийн хамт танилцаад бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасан болно.
1. П.З-, З.Э-, Б.Б- нарын 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь тус залуусын хувьд бүлэглэн согтуурсан үедээ амралтын газарт буюу олон нийтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талбайд, нийтийн эзэмшлийн талбайд танхайрч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн үйлдэл гаргасан байдаг. Уг үйл баримттай холбоотой баримтууд хэргийн материалд цугларчхаад байхад прокурорын зүгээс зүйлчлээгүй нь яллагдагч, шүүгдэгч нарыг ял завших боломжийг бий болгосон гэж үзэж байна.
2. Мөн миний гар утсыг дээрэмдэж авч явсан үйлдлийг бүрэн гүйцэд шалгаагүй бөгөөд тухайн үед миний бие зодуулж байхдаа гар утастайгаа байсан бөгөөд намайг зодож байх үед миний гар утсыг авсан үйлдэл гэрчүүдийн мэдүүлгээр, дараа нь яллагдагч, шүүгдэгч нарыг явсны дараа утсаа хайж байгаа үйлдлээр, маргааш нь өөрсдөө бус дуудлагын таксигаар хүргүүлж өгсөн зэрэг үйлдлүүдээр тодорхой тогтоогдож байхад үйл явдалтай холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйн байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3. Миний сэтгэл санаа хохирлыг тогтоолгох хүсэлтийг хангаж шүүхээс 60 хоногоор хойшилсон боловч цагдаагийн байгууллагаас тус хугацаанд 2 удаа холбогдоод надтай уулзаагүй. Нэг нь намайг шүүхээс хэрэг хойшилсноос 15 гаруй хоногийн дараа холбогдоход миний бие хөдөө орон нутагт ростерын ажилтай явдаг тул тэр үе таарсан. Шууд ажлаас хоног болоод буугаад өөрөө холбогдоход удахгүй холбогдоно гээд намайг хүлээж аваагүй. Ингээд шүүх хуралдаан товлогдсон өдрөөс 3 хоногийн өмнө надтай холбогдоход би Улаанбаатар хотын төвөөс Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирээд шинжээч томилуулах тогтоол дээр гарын үсэг зурсан үйл явдал бий болсон. Гэтэл шүүх хуралдаан дээр огт тус баримт байгаагүйн зэрэгцээ миний бие өөрт учирсан сэтгэл санааны хохирлоо хуулийн хүрээнд тогтоолгох хүсэлтэй байгаагаа анхнаасаа хэлээд тайлбарлаад, хүсэлтээ гаргаад явж байхад яллагдагч, шүүгдэгч нарыг өмгөөлж хамгаалж байгаа юм шиг мөрдөн шалгах ажиллагаагаа дутуу гүйцэтгэж шүүх рүү шилжүүлж, буцаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр хойшилсон ч надаас үл хамааралтай байдлаар шалгалтын ажиллагаа хийж хэргээ шүүхэд өгч шийдүүлж байгаад туйлын гомдолтой байна. Хэргийн үнэн мөнийг тогтоох бус аль болох хурдан гүйцэтгээд шүүхэд шилжүүлж, хохирогч намайг цаг хугацаа, хөрөнгө санхүүгээр бүрэн хохироож шийдвэрлэж байгаад туйлын гомдолтой байна. Эцэст нь хэргийг бүхэлд нь хянаж Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.С-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон үйл явдал нь зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн гар утас алга болсон, гар утсыг нь авч явсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй харагддаг. Гэвч хэрэг 60 хоногийн хугацаагаар буцаж шийдвэрлэгдэхэд зарим шүүгдэгч нарын мэдүүлэг өөрчлөгдөж “Би аваагүй, өөр хүн авчихсан” гэсэн. Тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодон явсан, энэ хэрэгт холбогдоогүй этгээдийг гар утсыг авч явсан гэдэг. Хохирогчийн гар утсыг зориудаар авч явж хувцасны халаасанд хийсэн этгээдийг яагаад шалгаагүй вэ гэсэн хийдэл гарч ирэх тул үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиар шалгах ёстой. Гэвч шүүх энэ нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргаагүй. Тиймээс дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мухарлаж шалгаагүй учраас шийтгэх тогтоол хуульд нийцээгүй. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн талаар хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хийсэн. Учир нь, тухайн өдрийн орой шүүгдэгчээр татагдсан залуус бүлэглэн танхайрсан үйлдэл гаргасан. Амралтын зориулалттай нийтийн газар хохирогчийн биед халдаж бүлэглэж танхайрсан. Санаатайгаар үгсэн тохиролцож, бүлэглэн танхайрсан нь гэмт хэргийн шинжтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бүхий л арга хэрэгслийг ашиглаж мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй. Гэтэл хоёр төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаагүй эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлж, хэргийн бодит байдлыг тогтоолгон шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Сэтгэл санааны хохирлын тухайд цагдаагийн байгууллагын алба хаагчийн илтэд буруутай эс үйлдэхүй харагддаг. Хэрэв шинжээч томилоход асуудал үүссэн бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үүнтэй холбоотой хойшлох асуудал байсан. Гэтэл шүүх үүнийг шууд тасалж шийдвэрлэсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.З- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гар утас авсныг үнэхээр мэдээгүй. Халаасандаа авч явсан гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд хэлээгүй. Манай найз Тэмүүлэн автомашин руу хувцас хийхдээ Б-гийн утастай андуураад халаасанд нь хийсэн байсан. Тэгээд гэрийнхээ үүдэнд буугаад хувцсаа авахдаа дотроос нь утас гарч ирснийг сүүлд мэдсэн. Түүнээс биш ямар нэгэн байдлаар гар утсыг нь авч, халаасалсан зүйл байгаагүй. ...” гэв.
Шүүгдэгч З.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гар утсыг хулгайлж авч яваагүй. Гар утас нь алга болсон гэдгийг сонсоод амралтын газрын эгчтэй холбогдож очоод хамт хайсан. Гэрийн гадаа ирээд багажаас хувцас авахдаа гар утас байсныг мэдсэн. ...” гэв.
Прокурор Б.Манлайбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг анх хэлэлцээд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох, хохирогчийн халаасанд байсан гар утсыг яаж авсан талаар үйлдлийг тогтоох гэсэн үндэслэлүүдээр 60 хоногийн хугацаагаар буцаасан. Энэ хугацаанд хохирогчийн гар утсыг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэж дээрэмдэх юм уу хулгайлах зэргээр авсан болох нь тогтоогдоогүй. Учир нь, тухайн үед З.Э-гийн найз охин А-г авахаар 3 залуу Тэрэлж амралтын газарт очсон байдаг. Тиймээс хохирогчийн өмгөөлөгчийн ярьж байгаа өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй. Энэ нь хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг мөрдөх байгууллагаас шалгаад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэсэн шийтгэх тогтоол гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бүрэн шинжлэн судалж, гэм буруугийн хуралдаанд прокурор дүгнэлтээ гаргаж оролцсон. Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.З-, З.Э-, Б.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч П.З-, З.Э-, Б.Б- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тодруулбал;
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” байна.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЗ/224 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн боловч уг захирамжид заасан ажиллагаа хийгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжаар “шүүгдэгч Б.Б-, хохирогч А.С- нарын мэдүүлгүүдийн үндэслэн дээрх үйл баримтыг өмчийн эсрэг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоох,
хохирогчийн гар утастай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан ажиллагаа хийсэн эсэх,
шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч А.С- болон гэрч Б- нарыг амарч байгаа гэрт орж зодсон, хохирогчийг гэрээс гаргаж зодсон үйлдлүүдэд нь гэмт үйлдлийн шинжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу тогтоох,
шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан эмгэгийн хор уршгийг шинжээчээр тогтоолгох.” гэсэн ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт даалгаж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж заасан.
Гэтэл прокурор шүүхээс тогтоосон хугацаанд дээрх захирамжид заасан ажиллагааг явуулахгүйгээр хохирогч, гэрч, яллагдагч нараас тус бүр 1 мэдүүлгийг дахин аваад шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэсэн мэтээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн, шүүх ажиллагаа огт хийгдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан.
Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч А.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.З-, З.Э-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч П.З-, З.Э-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ