| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2036001370090 |
| Дугаар | 2025/ДШМ/1333 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., 21.10.1., 22.1.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/1333
2025 11 27 2025/ДШМ/1333
Н.Б, Н.И, Н.Г
Х.Б, Ж.У, Б.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Алтансолонго,
шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал,
шүүгдэгч Б.Г,
шүүгдэгч Ж.У, Б.Г нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал,
хохирогч Ө.Б-ийн өмгөөлөгч М.Сугар,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Б.Г түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б, Н.И, Х.Б, Ж.У, Б.Г, Н.Г нарт холбогдох эрүүгийн 2036001370090 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Н.Б,
2. Н.И
3. Н.Г,
4. Ж.У,
5 Х.Б,
6. Б.Г,
1. Шүүгдэгч Н.Б нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.Г-ийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан Н.Итай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.Г-ийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ц-г “Олны буян” авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгож улмаар Б.Ц-оор дамжуулан нийт 1,700,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00 дугаартай дансаар авч Б.Л, Э.Д, Б.Д, Б.Э, Б.Ж нарыг Хажмура авто сургуульд, П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “Фрэш Оранж” авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.Ц-р дамжуулан Б.Г, Б.Э, Б.З, Э.Д нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00 дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2,200,000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаар тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40” загварын 00-00 000 улсын дугаартай автомашиныг Б.А-д 23,500,000 төгрөгөөр худалдаалж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.С-ын нэр дээр шилжүүлэн битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн,
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.Б-ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын 00 тоотод 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 00 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Н.И нь Ховд аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн шүүгдэгч Н.Гийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаар Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.Б-ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
3. Шүүгдэгч Н.Г нь шүүгдэгч Н.Б, Н.И нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-д өөрийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “Хархираан хишиг “ ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.И, Н.Б нарт бэлнээр болон дансаар шилжүүлж, уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,
4. Шүүгдэгч Б.Г нь Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,
5. Шүүгдэгч Х.Б нь гэрч Б.Ц-ыг “Олны буян” авто сургуульд суралцсан гэж epolice.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.Ц-д “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн,
6. Шүүгдэгч Ж.У нь гэрч П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “Фрэш оранж” авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Н.И-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.Г, Ж.У, Х.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Н.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Б.Г, Н.Г, Х.Б, Ж.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, "бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н.Г, Х.Б, Ж.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ын нийт эдлэх торгох ялыг 12,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,200,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 84 хоногийг хасаж, шүүгдэгч Н.Б-ын биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 5 сар 6 хоногийн хугацаагаар, шүүгдэгч Н.И-гийн цагдан хоригдсон 84 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон, биечлэн биелүүлэх торгох ялыг 5,740 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,740,000 төгрөгөөр тус тус тооцож, Н.Б-ыг 5 сар 6 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого 10,082,483 төгрөгийг шүүгдэгч Н.Б-аас гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Ховд аймгийн прокурорын газраас Н.Б нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг тауэр хотхоны 00 тоотын гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ө.Б-ийг “хүүхдээ байрнаас гарга, байрнаас гар” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай анийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн.
Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын 27-29 дүгээр талд дээрх гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлтээ хийжээ.
Эрүүгийн хэрэг хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоодог. Дээрх үйл баримтыг тогтоохдоо талуудын мэтгэлцээний үндсэн хэргийн үйл баримтыг тогтоож, өмгөөлөгчийн шинжлэн судалсан нотлох баримтыг няцаан үгүйсгэх учиртай билээ. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шийтгэх тогтоолдоо няцаан үгүйсгээгүй болно. 7-р хх-17 талд хохирогч Н.С-ийн “...тэгэхээр нь би дөхөөд очсон чинь Ө.Б гэх эмэгтэй цагдаагийн дүрэмт хувцастай энэ асуудал чамд хамаагүй чи яах гэж ирсэн юм гээд нүүр лүү нулимж, гараараа цохиод миний гар утсыг булааж аваад шидсэн. Миний гар утасны дэлгэц доороо цууралт өгөөд дээрээ харсан байна. Ө.Б миний өөдөөс хэд хэдэн удаа нулимсан. Тэгэхээр нь би зүгээр хараад нулимуулж чадахгүй үснээс нь зулгааж алгадсан” гэх мэдүүлэг,
7-р хх-89 талд хохирогч Ө.Б-ийн “...тэгтэл 2023.08.13-ны өдөр тэгээд л шууд тэр хоёр намайг зэрэг зодсон /С... Н.Б гаднаас орж ирээд намайг янхан гичийгээр дуудаад эхэлсэн ба намайг Н.Б миний хойноос хоолойгоор боож унагахад Н.С нүүр ам руу цохиод, үс гэзэгнээс зулгаагаад чирсэн... Н.Б намайг боож дагзаар хатуу шалан дээр унагаагаад байсан, дүү Н.С нь үснээс зулгаагаад нүүр ам руу цохиод байсан ба Н.Б бас намайг боож унагаачхаад нүүр рүү Н.С ээлжлээд л цохиод байсан” гэх мэдүүлгүүдээр Ө.Б нь Н.Б болон Н.С нартай маргалдаж, гар хүрэлцсэн үйл баримт тогтоогдсон.
Мөн 7-р хх-23-24 талд 2021 08.20-ны өдөр шинжээч эмч Г.Энхбаатарын 7574 дугаар шинжээчийн дүгнэлтээр Ө.Б-ийн биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, хэвлийн урд хананд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж, 7-р хх-143-145 талд шинжээч эмч Г.Энхбаатарын “...тархи доргилт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” талаар мэдүүлсэн байдаг.
Хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанд үйлчилж байсан Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-д Тархи доргилт нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын 5 хувь алдсан, 2 нүдний аньсаганы зай өөр өөр болж, хамар уруулын нугалаас гөлийн, нүдний зовхи ба гар хуруу чичирч, шөрмөсний рефлекс ихсэн, судасны агшилт, тэлэлтийн хямралын шинж илэрсэн бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг байсан байна. Гэтэл шинжээч эмчийн 7574 дугаар дүгнэлтийн зовуурь, үзлэг, хэсэг газрын үзлэгт дээрх шинж тэмдгүүд байхгүй байсан ба нүдэнд ил харагдах боломжгүй тархи доргилт техникийн аргаар буюу КТГ-р шинжлүүлээгүй байсан нь эргэлзээтэй. Харин өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-н хүснэгтийн 4-д “зөвхөн субьектив шинж тэмдэг дээр үндэслэн хохирогчийн зовуурь шаналгаан дээр тулгуурлан онош тавихгүй” гэсэн нь хэрэг шийдвэрлэх хугацаанд үйлчилж байгаа журамтай нийцэхгүй байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 16.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шинжээчийн дүгнэлтийн зөвшөөрөхгүй талаараа үндэслэлийг заасан ч шүүх няцаалт хийгээгүй.
Нөгөө талаас Ө.Б-ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх.
Анхан шатны шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн үйл баримтыг няцаахдаа “...хохирогч Ө.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор хоёр удаа, шүүхийн хэлэлцүүлэгт нэг удаа өгсөн мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тогтвортой байх бөгөөд дээрх мэдүүлгүүдийг хуульд заасан журмын дагуу авч, хохирогчид Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасныг сануулж авсан байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д заасан “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэх заалт, мөн Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаар тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай”-н 1.15-д заасан “мэдүүлгийн агуулга, бүрэн дүүрэн байдал, зөрүү байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэх замаар шалгана” гэх заалттай зөрчилдөж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох.
Хэрэгт авагдсан баримтаар тухайн тээврийн хэрэгслийг 4-р хх-21-26 талд яллагдагчид хариуцуулсан бөгөөд хуульд яллагдагчид хариуцуулах хуулийн заалт байхгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр” гэж мөн хуулийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж тус тус заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол гараагүй, ойлгомжгүй нотлох баримтуудыг дэс дараалж бичсэнийг ноцтой зөрчил гэж үзэж байна.
Шүүгдэгч Б.Г-г Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн Авто тээврийн газын дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаар зөвлөмж хүргүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг.
Гэтэл Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тэмдэглэлд “...Замын санд хэмнэгдсэн 27.2 сая төгрөгийг авч тодотголоор Манхан сумын 3 замын уулзварт пүү байгуулахад 16,7 сая төгрөг, Мөнххайрхан сумын үерт автсан замын засварт 5,5 сая төгрөг, малчны хороололд автобус явуулах унааны хөнгөлөлт 5,0 сая төгрөг тус тус тусгахаар гишүүдээс өөр санал гарсангүй дэмжигдэнэ...” гэж шийдвэрлэсэн байдаг. Нөгөө талаасаа шүүгдэгч Б.Г-гийн албан тушаалын тодорхойлолтод “...тендерт оролцогч, захиалагч нарт арга зүйг нь хангаж зөвлөгөө өгнө...” гэх албан тушаалын тодорхойлолтыг зааж өгчээ. Орон нутгийн өмчийн газрын үндсэн чиг үүргүүдийн нэг нь холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж, шаардлага хүргүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 444 дугаар зөвлөмж гаргасан нь шүүгдэгч Н.И-д эрх олгогдсон, үүрэг хүлээлгэсэн хууль зүйн үр дагавар бий болгоогүй. Шүүгдэгч Б.Г нь Ховд аймгийн Автотээврийн төвийн даргад зөвлөмж хүргүүлж албан тушаалын ч тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хийсэн нь уг хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлийг бий болгохгүй.
Угтаа Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаар захирамжид уг явуулын пүүг худалдан авах ажлыг зохион байгуулах, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулах эрх олгогдсон. Шүүгдэгч Б.Г-гийн явуулсан 444 дугаар зөвлөмж гаргасан эсэхээс үл хамааран шүүгдэгч Н.И гэмт үйлдлээ төгсгөх бүрэн боломжтой. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 444 дугаар зөвлөмжийг үндэслэн Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү байх ажлын гэрээ байгуулаагүй. Гэтэл Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г-г тендер шалгаруулалтыг шууд гэрээ байгуулах аргаар явуулж болох талаар зөвлөмж бүхий чиглэл өгч, шүүгдэгч H.Н.Б, Н.И нарыг гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байна гэж хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.
Гэрч Ч.Э өгсөн мэдүүлэгтээ “...Явуулын пүү авах мөнгө санхүүжилт нь Орон нутгийн төсвийн орлого буюу Замын сангийн хөрөнгөөр аймгийн ИХТ-ийн 2018 оны 07 дугаар хурлын 7/03 хуралдааны 4-р хавсралтаар 16.7 сая төгрөг батлагдаж тус хөрөнгөөр авсан хөрөнгө байгаа юм. Замын сан нь орон нутгийн төсвөөс бүрддэг, орон нутгийн төсвийн бүрэлдэхүүнд байдаг. Тухайн явуулын пүүг авахдаа аймгийн автотээврийн төвийн өмчид авсан...” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.
Гэрч Ц.Д өгсөн мэдүүлэгтээ“...Ховд аймгийн Манхан сумын 3 замын уулзвар дахь пост бол аймгийн Цагдаагийн газрын данс бүртгэлд бүртгэлтэй байдаг. Явуулын пүүг 2018 онд авагдсан түүнийг Авто тээврийн Үндэсний төвийн Улсын үйлдвэрийн газрын өмч хөрөнгөд бүртгэн авахыг 2018 оны 10 сарын 18-ны А/643 дугаар захирамжаар аймгийн Засаг дарга шилжүүлсэн захирамж гаргасан. Тийм болохоор тухайн явуулын пүү нь авто тээврийн төвийн өмч хөрөнгө болох юм. Орон нутгийн төсвийн орлого маань Улсын төсвийн санхүүгийн дэмжлэг, татварын орлого татварын бус орлогоос бүрддэг. Орон нутгийн төсвийн орлогыг төсвийн ерөнхийлөн захирагч /аймгийн Засаг дарга/ захиран зарцуулах эрхтэй...” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.
Гэрч Г.П өгсөн мэдүүлэгтээ “...Ховд аймгийн Манхан, Алтай, Мянгад сумын нутгаар босоо тэнхлэгийн авто зам дайран өнгөрдөг бөгөөд тус зам дээгүүр ачаа тээврийн даацын авто машинууд ихээр зорчдог тул авто замын эвдрэл гэмтэл, цоорол маш ихээр гарах болсон, дээрх сумын Засаг захиргаа, нутгийн ард түмнээс байнгын хүсэлт тавьж зам эвдэрч байгаа асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн хүсэлт тавьсан. Үүнийг дагуу аймгийн Удирдлагаас Зам тээврийн яаманд хандаж дээрх 3 сумын нутаг авто зам барих асуудал өнөөдрийг хүртэл яригдаад явж байгаа. яамнаас хариу хэлэхдээ бол тухайн 3 суманд пүү барих барилга байгууламжийг барьж өгнө гэдэг хариу хэлсэн. Тухайн пүү бүхий барилга байгууламж Манхан суманд Орон нутгийн төсвөөс барихаар төлөвлөсөн байгаа. Ингээд тухайн барилга байгууламж баригдах хүртэл замын эвдрэл гэмтэл, иргэдийн санал хүсэлтийн дагуу явуулын пүүг ашиглаж байхаар орон нутгийн төсвөөс 16.7 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж 2018 онд явуулын пүү авах асуудал Иргэдийн хуралд яригдаж шийдвэрлэгдсэн...” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн тэмдэглэлд “... 2016-2018 онд Ховд аймгийн орон нутгийн өмчит газрын даргаар ажиллаж байсан. Миний ажлын байрны тодорхойлолтын 4.3 дугаар зүйлд заалт дээр тендерт оролцогч, захиалагч нарт арга зүйг нь хангаж зөвлөгөө өгнө гэсэн заалт байгаа. Тэр хүрээнд би зөвлөмжийн бичиг гаргасан. Тийм арга зүй, зөвлөмжөөр ханга гэдэг үүрэг даалгаврын дагуу арга зүй, зөвлөгөөгөөр хангаж бичиг гаргаж өгсөн. Захиргааны акт биш зөвлөмж л хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн агуулга нь хуулийг хэрэглэх юм бол дээшээ сангийн яаманд мэдэгдэж захиалагч байгууллагууддаа мэдэгдэж хуулийн хүрээнд ажиллаарай гэсэн зөвлөмж бичиг хүргүүлсэн. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу дараах зөвлөмжийг гаргасан юм...” гэх мэдүүлэг өгчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2,-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах, 52.1.8-д заасан хууль хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх” бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэн.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г-гийн Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаар зөвлөмж хүргүүлсэн үйлдэл нь албан үүрэг, албан тушаал, алба тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй бөгөөд хуулийг төсөөтэй хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага байна.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 1 дүгээр зүйлийн 1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх эрхтэй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Ховд аймгийн Авто тээврийн газын дарга Н.И-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаар зөвлөмж нь захиргааны акт биш юм. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. 3ахиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”... гэж заасны дагуу Ховд аймгийн Авто тээврийн төвөөс тендерийн үйл ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан тус аймгийн Орон нутгийн өмчийн газар буюу захиргааны байгууллагад хандсан.
Захиргааны ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 .Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31,2. Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г нь албан үүргээ зохих ёсоор биелүүлсэн, зөвлөмжид дурдсан агуулга нь 2005 оны батлагдсан 2018 онд мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөгөө өгсөн байна.
Улсын Дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаар тогтоолд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлахдаа хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн гэм буруу, хэргийн үйл баримт хангалттай тодорхой, бодитой байх зарчмын дагуу сэргээн тогтооход үндэслэл бүхий эргэлзээ үүссэн бол эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчим, гэм буруугүйн зарчмуудад нийцүүлэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах, эсхүл хөнгөрүүлэн зүйлчлэх байдлаар ашигтайгаар шийдвэрлэнэ..." гэж тайлбарлажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.
Иймд Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/161 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Б.Г-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Орон нутгийн өвчийн газрын даргаар 2014-2018 он хүртэлх хугацаанд ажиллахдаа ажлын байрны тодорхойлолт заасны дагуу ажлаа хийсэн боловч гэмт хэрэгт холбогдсон. Худалдан авах ажиллагаа яаж явагдсан талаар мэдэхгүй, тухайн ажлыг хурдан хугацаанд хийх талаар удаа дараа Ховд аймгийн иргэдийн Төлөөлгөгчдийн хурлаас шийдвэр гарсны дагуу албан бичиг явуулсны төлөө шүүх, цагдаагийн байгууллагаар явж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ө.Б-ийн өмгөөлөгч М.Сугар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Санчирбалын зүгээс шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт санал хүсэлт гаргаж байгаагүй. Шинжээч эмч н.Энхбаатар “дагзны хуухны зөөлөн эдийн няцралт, эрүү хэсэгт цус хуралт, зүүн шанаад зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүдийн улмаас тархи доргилт үүсэх боломжтой” талаар мэдүүлсэн. 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант суманд хохирогч Ө.Б-ийг цохисон талаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тогтвортой, хуульд заасны дагуу мэдүүлсэн. Хавтаст хэргийн 55-57 дугаар талд хохирогч Ө.Б “тухайн өдөр Н.Б-тай маргалдсаны улмаас Н.Б хутга гаргаж чамайг ална гэж, хэвлий тус газарт зүссэн” гэж мэдүүлдэг. Дээрх үйл баримт 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хохирогч Ө.Б-т гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогддог. Тухайн үед Н.Б цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан байсан. Цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг таслан зогсоох чиг үүрэгтэй ажилладаг. Гэтэл Н.Б идэвхтэй, хүсэж тухайн гэмт хэргийг үйлдсэн. Иймд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Алтансолонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой холбоотой дараахь тайлбар хэлье. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “зодсон”; мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж заасан гэмт хэрэгт гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” талаарх гомдлыг гаргаж байна. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэж маргааш нь хохирогч эмчид үзүүлж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. Шинжээч эмч н.Энхбаатарын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 750074 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “дахин шинжээч томилуулах талаар хүсэлт” гаргаж байна. Дахин шинжилгээ хийлгэх боломжгүй, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрч байна. Шинжээч эмч тухайн цаг хугацаанд хохирогчийг биеэр үзэж, хохирогчийн бие дээрхи гэмтлийн шинж ямар байсан талаар нэг бүрчлэн үзэж дүгнэлтээ гаргасан. Хохирогчид “тархи доргилт” гэх гэмтэл үүссэн гэдгийг тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэсэн учраас эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Нийт 3 удаагийн үйлдэл байгаа, 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө хохирогч Ө.Б, шүүгдэгч Н.Б-д зодуулсан. 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр буюу 3 удаагийн үйлдлээр зодсон байдаг. Үүнээс 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн үйлдэлд хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж батлагдаж нотлогдоогүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр эх сурвалж нотлогдон тогтоогддог. Тухайн цаг хугацаанд байсан үйл явдлыг харсан гэх гэрч нарыг мөрдөгч олж тогтоож мэдүүлэг авсан. Үүнд гэрч Б, гэрч Б нар хэргийн газрын үйл баримтыг харж байсан гэрчээс мэдүүлэг авсан. Шүүгдэгч Н.Б, хохирогч Ө.Б-ийн биед халдсан гэдгийг хөдөлбөргүй мэдүүлсэн. Мөн хохирогч Ө.Б камерын бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дээрх нотлох баримтыг анхан шатны үнэлж дүгнэсэн. Тухайн цаг хугацаанд хохирогчийн биед шүүгдэгч хэрхэн халдсан талаарх баримт байдаг. Мөн С-ийн үйл баримтын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарт дурдагдаж байна. С хэрэг болсны дараа хэргийн газарт ирж, бичлэг хийсэн. Энэ талаар гэрч нар мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгчийн гаргасан гомдолтой холбоотой дараахь тайлбар өгье. Шүүгдэгч Б.Гг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Б.Г өөрт олгогдоогүй, эрх хэмжээг хэрэгжүүлж “газар хөдлөлт үүсэхээс өмнө байгалийн давагдашгүй онцгой нөхцөл байдал үүссэн” гэх агуулгатай албан бичгийг Ховд аймгийн Автотээврийн газарт хүргүүлсэн. Дээрхи үндэслэлээр Автотээврийн газрын дарга Н.И шууд гэрээ байгуулах замаар худалдан авах ажиллагаа явуулсан зэрэг нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаас харагддаг. Тухайн худалдан авсан эд зүйл нь “явуулын пүү” гэх зүйл байдаг. Тухайн эд зүйл ямар нэгэн газар хөдлөлтийн үед ашиглах зориулалтгүй. Энэ талаар орон нутгийн өмчийн газрын дарга тодорхойлолт хийж байгаа үйлдэл үндэслэлгүй байна. Тухайн тендерийн мөнгөн дүн 16,500,000 төгрөгийн шууд гэрээ байгуулах биш, нээлттэй тендер зарлах ёстой байсан. Гэтэл “Б.Ггээс өгсөн албан бичигт үндэслэж давагдашгүй байгалийн хүчин зүйл” гэх байдлаар худалдан авах үйл ажиллагаа явуулж бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрвээ Б.Г тухайн албан бичгийг Автотээврийн газрын дарга Н.Ид хүргүүлээгүй нөхцөлд худалдан авах ажиллагаа явуулах боломжгүй байсан. Хэрэгт нотлох баримтыг хангалтай бэхжүүлсэн. Шүүгдэгч Б.Г “ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хуульд зааснаас илүү ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй. Хавтаст хэрэгт гэрч “Т” мэдүүлэг өгсөн. Түвшиний мэдүүлгээс харахад “тухайн зөвлөмж өгөх эрх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, тендер хянан үзэх, үнэлэх, хяналт тавих, тайлагнах, гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан энэ хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухайгаа, түүнчлэн албан үүрэгт хөндлөнгөөс нөлөөлөх байдлыг тус тус мэдэгдэх үүргийг хүлээнэ.” гэж мөн хуулийн 52.1.8 дахь заалтад “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх” гэж тус тус заасан байхад хуулиар ологдоогүй эрхийг шүүгдэгч Б.Г эдэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Н.И, Х.Б, Ж.У, Б.Г, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбал, шүүгдэгч Б.Ггийн өмгөөлөгч Б.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Прокуророос шүүгдэгч Н..Н.Быг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.Гийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан Н.И-тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.Гийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ц-г “Олны буян” авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгож улмаар Б.Ц-оор дамжуулан нийт 1,700,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00 дугаартай дансаар авч Б.Л, Э.Д, Б.Д, Б.Э, Б.Ж нарыг Хажмура авто сургуульд, П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “Фрэш Оранж” авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.Ц-р дамжуулан Б.Г, Б.Э, Б.З, Э.Д нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн 00 дугаартай дансаар дамжуулан авч, нийт 2,200,000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40” загварын 00-00 000 улсын дугаартай автомашиныг Б.А-д 23,500,000 төгрөгөөр худалдаалж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.С-ын нэр дээр шилжүүлэн битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн,
гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.Бийг урьдын таарамжгүй харилцааны улмаас Ховд аймгийн Жаргалант сумын 00 тоотод 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө, мөн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны Кинг тауэр хотхоны 00 тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, мөн Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогч Ө.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар,
шүүгдэгч Н.И-г Ховд аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.Б-тай бүлэглэн шүүгдэгч Н.Ги-йн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/89 дугаартай, Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.Быг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Н.Гийг шүүгдэгч Н.Б, Н.И нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16,698,479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б-д өөрийн эзэмшлийн “Хархираан хишиг” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “Хархираан хишиг “ ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13,067,479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3,631,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.И, Н.Б нарт бэлнээр болон дансаар шилжүүлж, уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Гг Ховд аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т заасан төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь “худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах”, 52.1.8-д заасан “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулж тодорхой асуудалд зөвлөмж, тайлбар гаргаж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эдлэх ёстой бүрэн эрхийг эдэлж, Ховд аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн ажлын хүрээнд Ховд аймгийн Автотээврийн төвийн дарга Н.Ид 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлж, албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Х.Бг гэрч Б.Ц-ыг “Олны буян” авто сургуульд суралцсан гэж epolice.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.Ц-д “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ж.У-г гэрч П.Т, Б.Б, М.Э, Э.Б, Г.О, О.Х нарыг “Фрэш оранж” авто сургуульд суралцсан гэж edu.police.gov.mn сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж, шүүгдэгч Н.Б-ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Н.Б-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн, битүүмжилсэн эд хөрөнгийг хадгалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн,
Н.И, Б.Г, Н.Г, Х.Б, Ж.У нарыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэм буруутайд тус тус тооцож, ял оногдуулж шийдвэрлэсэн 2025/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хүчингүй болгосон үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
Шүүх хууль хэрэглэсэн аливаа шийдвэрээ хуульд тулгуурласан үндэслэлээр зөвтгөх, түүнийгээ тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд ингэхдээ мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр цугларсан хууль ёсны нотлох баримтыг үнэлж, хэргийн үйл баримтыг бодитой тогтоохоос гадна материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөл байдал бүрдсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв дүгнэлт хийснээр хангагдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн “хууль ёсны байх” шаардлага болно.
Шүүх хууль дээдлэх ёсыг сахиулахын зэрэгцээ өөрөө түүндээ захирагдах ёстой учраас өөрийн шийдвэрийг хууль зүйн оновчтой үндэслэлээр зөвтгөх бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийн хүрээнд шүүхээс хангалттай ойлгомжтой, хариулт өгөхүйц шийдвэр авах эрхтэй холбогдохоос гадна маргааныг эцэслэн шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар хуульчилсан.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүр дээр дүгнэлт хийсэн агуулгатай бичигдэж, үүнд шүүгдэгч Б.Г-гийн үйлдлийг бусад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт хамтруулан бичиж байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн шүүгдэгч Б.Г-г яллах үндэслэл болгож буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэбат /4хх 41/, гэрч П.Цэцэнбилэг /1хх 32-36/, гэрч Б.Түвшин /4хх 54-55/, гэрч Э.Ганбаатар /4хх 64-65/, шүүгдэгч Н.И-гийн яллагдагчаар өгсөн /5хх 23-25/ мэдүүлэг болон нотлох баримт зэргээс Б.Г-гийн гэм буруутай үйлдэл нь яг ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдох болсон нотлох баримтын сурвалж, түүний үндэслэл, тухайн буруутгаж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйл, хэсгээр зүйлчлэгдэх болсон үндэслэл, гэмт хэргийн шинжийн талаарх хууль зүйн дүгнэлтийг огт хийгээгүй байх тул зөвтгөх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд, анхан шатны шүүхээс огт хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс нөхөн дүгнэх байдлаар дүгнэлт хийх боломжгүй тул дээр дурдсан үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан “....шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй. ...” гэх гомдлын хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Н.Б, Н.И, Х.Б, Ж.У, Б.Г, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан “....Н.Б-ыг цагаатгаж өгнө үү. ...” гэх, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын гаргасан “...Б.-Г-г цагаатгаж өгнө үү. ...” гэх гомдлын агуулгад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/161 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Н.Б, Н.И, Х.Б, Ж.У, Б.Г, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ