Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 675

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Ч.Отгонсүрэн

шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт

шүүгдэгч М.У, түүний өмгөөлөгч Н.Жамьяндорж

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1802003000164 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Цасангоо” цэцэрлэгт жолооч ажилтай гэх, ам бүл 2; эхийн хамт дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, байрны  тоотод оршин суух, ялгүй, УХ дугаарын регистртэй, Н овогт Э ы Ж

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эх, хойд эцэг, эмээ, 5 настай охиныхоо хамт  дүүргийн  дугаар хороо, Сансар  дугаар гудамж, 20 тоотод оршин суух, ялгүй, УХ дугаарын регистртэй, Г овогт Мын У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.Ж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжны 7-3 тоотод байрлах Мөнххаан зочид буудлын 309 тоот өрөөнд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1988 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтсан героин гэх бодис 0.1397 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцын II жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Уд өгсөн,

 

шүүгдэгч М.У 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжны 7-3 тоотод байрлах Мөнххаан зочид буудлын 309 тоот өрөөнд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Би 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зүс таних Мөөгий гэх залуугаас 90.000 төгрөгөөр мансууруулах бодис худалдаж авсан. Ямар хэмжээтэй байсныг сайн хэлж мэдэхгүй. Тухайн үед би осолд орсон, миний бие өвдөөд, тэгээд өвчин намдаадаг гэхээр нь авсан. Анх удаагаа хэрэглэж үзсэн. Мөөгий гэгч залуу нь Төмөр замд байдаг, түүнийг би зүс танина. Ганзориг гэгчээс 300.000 төгрөг зээлж авах болсон шалтгаан нь би Батаа гэдэг ахад 205.000 төгрөгийн өртэй байсан юм.

Хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Цаашид ийм байдал гаргахгүй байж чадна. Би гэм буруугаа ойлгож байгаа. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд бас мэдүүлэхгүй. Учир нь мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар үнэн зөв ярьсан байгаа. Тэр өдөр буудалд орох болсон шалтгаан нь Өмнөговийн Тавантолгой руу орчуулга хийхээр ганцаараа явах гэж байсан юм. Тэгээд гэр хол болохоор гэртээ харилгүй тийшээ орсон. Би урьд нь нэг удаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн.

Үйлдсэн хэрэгтээ харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Би одоо 12-13 долоо хоногтой жирэмсэн. Мөн 5 настай охиныхоо хамт амьдардаг. Миний хувийн байдал, эрүүл мэндийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Жгийн хувийн байдалтай холбоотой; ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 137/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 118/, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 138/,

 

шүүгдэгч М.Уын хувийн байдалтай холбоотой; ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 140/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 120/, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-н 144/, М.Уын төрсөн охин Уын Гоо-Аязын Төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 145/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг төдийгүй хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодогт нийгмийн хор аюул, уршиг оршдог.

Түүнчлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хорт үр дагавар ихтэй учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж, Олон улсын гэрээ, конвенциор зохицуулсан.

Дээрх гэмт хэргийг илрүүлэх, цаашлаад гэмт хэргийн шинжийг нь зөв зүйлчлэн тогтоох нь чухал юм.

 

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл;

шүүгдэгч Э.Ж 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжны 7-3 тоотод байрлах Мөнххаан зочид буудлын 309 тоот өрөөнд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1988 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцын жагсаалтад багтсан героин гэх бодис 0.1397 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

улмаар сэтгэцэд нөлөөт бодисын тухай 1971 оны конвенцын II жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Уд өгсөн,

шүүгдэгч М.Уын хувьд тэрээр 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжны 7-3 тоотод байрлах Мөнххаан зочид буудлын 309 тоот өрөөнд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай 0.2047 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь

тэдгээрийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судласан

гэрч Б  “... 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 09 цагийн үед найз Жтай Төмөр замд уулзаад би урьд нь согтууруулах ундааны зүйл хэрэгэлчихсэн байсан болохоор машин барьж болохгүй байсан тул Жгаар машинаа бариулаад Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчмоос машины эзэн болох Батзаяаг аваад Нисэх рүү очиж Өмнөговь аймгаас ирсэн танил ахтайгаа уулзаад, тэндээсээ шууд урд талын замаараа Офицерт байх манай гэрт очсон. Тэгээд 14 цагийн үед Ж бид хоёр манай гэрээс гараад Төмөр зам руу явсан ба Ж шууд Мөнххаан нэртэй буудал руу орсон. Би бодохдоо нөгөө уулзах хүн нь энэ буудалд байгаа юм байх гэж бодсон. Би хоёр буудлын 309 дүгээр өрөөнд ороход уг өрөөнд У гэх эмэгтэй байсан. Би Уыг танихгүй, сүүлд танилцаад нэрийг нь мэдсэн. Тэгээд Ж надаас бэлэн мөнгө байна уу, байвал зээлчих гэсэн ба өөр хүнд өртэй тэр нь нэхээд байна гэсэн. Гэхдээ Ж надаас мөнгөний талаар манай гэрээс Төмөр зам руу орохдоо асууж байсан. Тэгээд буудлын өрөөнд дахин мөнгө асуухаар нь би 6 цагаас өмнө банкны төлөлт хийх шаардлагатай мөнгө байна гэхэд Ж чи 6 цаг хүртэл хүлээж байгаад найзаасаа авчих гэхээр нь би өөрт байсан 300.000 төгрөгийг бэлэн өгсөн. Тэгээд найз нь түр гарчихаад ирье гээд буудлын өрөөнд У бид хоёрыг үлдээгээд гарсан. Буудлын өрөөнд У бид хоёр танилцаад хөзөр тоглоод сууж байхад Ж ороод ирсэн. Тэгээд Ж халааснаасаа гялгар ууттай нунтаг цагаан зүйл гаргаж ширээн дээр тавихаар нь энэ юу юм бэ гэж би асуухад эм гэж хэлээд У тэр хоёр ариун цэврийн өрөөнд орсон. Тэр хоёрыг ариун цэврийн өрөөнд байх үед би сонирхоод ширээн дээр байсан гялгар ууттай нунтаг зүйлээс нь чигчий хурууны үзүүрээр наалдуулж аваад хэлэндээ хүргэсэн ба тэр зүйл гашуун, хэл дорвигнуулсан юм байсан. Тэгээд байж байхад ариун цэврийн өрөөнөөс У гарч ирсэн ба Ж намайг дуудахаар нь очтол Ж нэг шилтэй зүйл гаргаж ирээд доороос нь асаагуураар шатаагаад өөрөө сорсон ба тэгээд юу юм бэ гэхэд Ж ер нь сэргээшийн төрлийн зүйл, толгой тархи өвдөж байхад хэрэгтэй зүйл байгаа юм гэхээр нь сонирхоод нэг удаа сорж үзсэн. Уг зүйлээс сорж хэрэглэхэд надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Тэгээд Ж бид хоёр ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд байж байхад У би гарч найзтайгаа уулзчихаад ирье гээд гараад явсан ба түд удалгүй гаднаас цагдаа нар орж ирээд бид хоёрыг газарт хэвтүүлсэн.

Жг мэддэг болоод 7 жил болж байна. Жгийх Төмөр замд байдаг, харин манайх 10 дугаар хороололд байдаг байсан. Тухайн өдөр Ж найз нь хүнд өртэй байгаа юм аа тэр хүн нь мөнгөө нэхээд байна, чи мөнгөтэй бол найздаа мөнгө зээлээч гээд гуйгаад байсан юм. Гэхдээ би шууд Жд мөнгө өгөөгүй надаас байн байн гуйгаад байхаар нь зовох цагт нөхрийн чанар танигдана гэж бодоод найздаа тус болно гэж бодоод өөрт байсан 300.000 төгрөгөө өгсөн. Тэрнээс биш мансууруулах бодис аваад өг гэж нэмж мөнгө өгөөгүй. Би өөрөө мансууруулах бодисны талаар ямар нэгэн мэдлэг байхгүй, урьд өмнө хэрэглэж байгаагүй. Хэрэг гардаг өдөр би гялгар ууттай нунтаг зүйлийг хэрэглэхээ мансууруулах бодис гэж бодоогүй, Ж надад эм болон сэргээш байгаа юм гэж хэлсэн. Хэрэв мансууруулах бодис байсныг нь мэдсэн бол би хэрэглэхгүй байсан” /хх-н 39-40/ гэсэн мэдүүлэг,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-8/, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 19-24/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 25-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6425 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2. 3. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар шаргал өнгийн нунтаг зүйлээс героин  /herion/ илэрч байна. Героин /herion/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

“7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно.

4. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн  цайвар шаргал өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин 0,1397 грамм, цэвэр жин нь 0,0569 грамм, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цайвар өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин 0,2047 грамм, цэвэр жин нь 0,0886 грамм тус тус байна” /хх-н 55/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 6422 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М.У УХ960617031” гэж хаягласан шээсний дээжинд метамфетамины /MAMP/-ын агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Э.Ж УХ90030171” гэж хаягласан шээсний дээжинд морфин /Morphine/-ы болон метамфетамины /MAMP/-ын агууламж тус тус илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ганзориг НА91120911” гэж хаягласан шээсний дээжинд морфин /Morphine/-ы болон метамфетамины /MAMP/-ын агууламж тус тус илрэв.

3. /MAMP/ нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийб жагсаалтанд багтдаг. Морфин /Morphine/ нь 1961 оны “Мансуурлах эмийн тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлтүүд болон бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул

шүүгдэгч Н овогт Э ы Жг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргүүдэд гэм буруутайд,

шүүгдэгч Г овогт Мын Уыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Ж, М.У нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаас гадна, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу ял оногдуулахдаа тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн байдлаар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлав.

 

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Э.Ж нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэхээс илүүтэйгээр бусдад хэрэглүүлж, түгээж байгаа явдал нь тухайн хорт муу зуршилийг сурталчилах, цаашлаад худалдан борлуулах шинжтэй гэж үзэхээр байгаа боловч

шүүх энэ хэргийг прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ж, М.У нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Түүнчлэн эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ял, албадлагын арга хэмжээ хоёрыг давхардуулан хэрэглэж болохоор, эсхүл дангаар нь хэрэглэхээр хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ял санкц “... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай” байх ба гэмт хэргийн ангилалаараа хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгч Э.Ж, М.У нарын хэн аль нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ...”-ийг зохицуулжээ.

Тухайлбал; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ... хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

улмаар 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд ... таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан байна.

 

“Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлгээр зохицуулсан байх ба “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг” энэ бүлгийн 7.3 дугаар зүйлд тусгажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” гэдгийг дээрх ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар ойлгох нь зүйтэй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь 7.3 дугаар зүйлтэйгээ харилцан хамааралтай.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”-ийг зохицуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл энэ тэнсэх зохицуулалт нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний бүхий л хөнгөрүүлж болох нөхцөл байдлуудыг /хувийн байдлыг/ харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх” тухай ойлголт бол

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэм хэмжээ нь хорих ял оногдуулсан хүнийг тэнсэж, түүнд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах тухай ойлголт юм.

 

Хэдийгээр шүүгдэгч Э.Жгийн үйлдсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн хор аюул ихтэй боловч түүний анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг байдлыг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахдаа хуульд заасан дээрх боломжийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн энэхүү шийдвэр нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх гэхээс илүүтэйгээр “... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй” гэж заасан нь гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд, эсхүл шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд хуулийн дээрх боломж дахин үйлчлэхгүй гэсэн агуулга юм.

 

Дээр дурдсан хуулийн зохицуулалтууд, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн ангилал, ял, албадлагын арга хэмжээнээс үүсэх үр дагавар зэрэг нь шүүгдэгч М.Уд бүхэлдээ нэгэн адил хамааралтай.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Ж, М.У нар дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй тохиолдолд тэдгээрт Эрүүгийн хуульд заасан хөнгөлөлт, боломжууд дахин үйлчлэхгүйгээс гадна “хорих ялыг биечлэн эдлүүлэх”, “хорих ялыг нэмж нэгтгэх” гэсэн хуулийн үр дагавар үүсэхийг хэн аль нь анхаарвал зохино.

 

Гэхдээ шүүгдэгч М.Уын хувьд тэрээр одоо “... 12-13 долоо хоногтой жирэмсэн” гэх байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ... жирэмсэн эмэгтэй ...-д хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэсэн зохицуулалт нийцэж байна.

Түүний “... жирэмсэн” гэх байдлыг нь тодорхойлж Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны “Арвинмэнд” өрхийн эрүүл мэнд төвийн “Тодорхойлолт”-ыг “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч”-ийн хамт шүүхэд ирүүлсэн болно.

Эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж хаягласан гялгар уутанд хийсэн уутны хамт 0.1397 грамм, цайвар шаргал өнгийн нунтаг бодис, №7 гэж хаягласан ууттай, уутны хамт 0.2047 грамм цайвар өнгийн талстлаг бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүгдэгч Э.Ж, М.У нарын тус бүрийн цагдан хоригдсон 2 хоног буюу мөрдөгчийн тогтоолоор “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчилсан” хугацааг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. /хх-н 84, 86, 93, 94/

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Н овогт Э ы Жг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн гэмт хэргүүдэд гэм буруутайд,

 

Г овогт Мын Уыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Жг 3 /гурав/ жил хорих ялаар, М.Уыг 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Э.Ж, М.У нарт оногдуулсан тус бүрийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Э.Ж, М.У нарын тус бүрийн баривчлагдсан 48 цагийн хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан №1 гэж хаягласан гялгар уутанд хийсэн уутны хамт 0.1397 грамм, цайвар шаргал өнгийн нунтаг бодис, №7 гэж хаягласан ууттай, уутны хамт 0.2047 грамм цайвар өнгийн талстлаг бодис зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар устгасугай.

 

6. Э.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж,

түүнд зан үйлээ засах үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус хүлээлгэсүгэй.

 

7. М.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. М.Уд зан үйлээ засах үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус тус хүлээлгэсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Ж, Н.У нарт урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ