Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01264

 

 

 

Г.Тнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00908 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Тхариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2014 онд Капитрон банкнаас зээл авсан боловч цаг хугацаанд нь төлж чадаагүйн улмаас Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 452 тоот тогтоолоор 89 181 805 төгрөг гаргуулж, Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. НШШГГт төлбөр барагдуулах ажиллагаа явагдаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох ... 20Б-2 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн ...дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, гаражийн зориулалттай 346.8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагааг явуулсан. Хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, үнэгүйдүүлсэн гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд барьцааны хөрөнгийн үнэлгээг гаргасан ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн тайлбарт: 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19290683 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Г.Тд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг 2019-9-11-ний өдөр 19290683/01 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19290683/02 тоот тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг Г.Тд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр биечлэн өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.Т өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 1 000 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаар үнийн санал ирүүлсэн боловч төлбөр авагч КБХХК нь шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 тоот тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Виннэр-Вэй ХХК 355 846 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 4/22 тоот албан бичгээр төлбөр төлөгч Г.Т болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчирт 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус тус мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарт: Монгол улсын Дээд шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00452 дугаартай тогтоолоор Г.Т зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 89 918 519 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 736 714 төгрөгийн хамт гаргуулан Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл төлбөр төлөгч Г.Т нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаартай шийдвэрийн үндсэн дээр явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу гарсан Виннэр Вэй ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тайлангаар тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Эрхид овогт Гомбосүрэн Тэмүүлэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчирын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хариуцагч талаас гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийн хүсэлтийг дэмжиж, шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн. Гэвч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Мөн шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор шинжээчээр томилогдон, хөрөнгийн үнэлгээ хийсэн Виннер вэй ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах ёстой учраас Виннер вэй ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй байтал шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Шүүх уг хүсэлтийг татгалзсан шийдвэр гаргасны дараа шүүгч Д.Янжиндуламаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар татгалзан гаргах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг хянан шийдвэрлэсэн. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүд нь давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02157 дугаар шийдвэрээр Г.Тгээс зээлийн гэрээний үүрэгт 67 109 005 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн ...дугаарт бүртгэлтэй ... 20Б-2 тоот хаягт байрлах 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражаар хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2257 дугаар магадлалаар Г.Тгээс зээлийн гэрээний үүрэгт 89 181 805 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 00452 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх35-39/

Төлбөр төлөгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заажээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 49 дүгээр зүйлийн 49.4.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгийн дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгч нь Виннэрвэй ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч барьцааны хөрөнгийг 355 846 000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн зэрэг ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна /хх56-89/

 

Виннэрвэй ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан хөрөнгийг хөрөнгийн үнэлгээний өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргаар тус тус үнэлсэн байна. Тэрээр тухайн хөрөнгөтэй ижил бүсэд байрлах хийц, зориулалтын хувьд жишигдэхүйц Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автомашины гаражтай амины сууцтай харьцуулан үзсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн. Шинжээч нь хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн жишиг үнийн дүнгээр үнэлгээг тогтоожээ. /хх64-78/

 

Виннэрвэй ХХК эд хөрөнгийг эрс үнэгүйдүүлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй, нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэх зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийг татгалзан гаргах болон хариуцагчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Виннэрвэй ХХК-ийг оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтанд гарын үсгээ зурсан байна./хх101/ Хариуцагч талаас шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтдээ баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүх хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхисон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр барагдуулах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дах хэсэгт заасны дагуу төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй хуулийн этгээдийг томилсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр оролцсон Виннэрвэй ХХК-ийг хамтран хариуцагчаар оролцуулах шаардлагагүй.

Шүүгч хуралдааны явцад шүүгчээс татгалзах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад зохигчид татгалзалгүй гэсэн хариулт өгсөн байна. Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг хуульд зааснаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгчээс татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй. /хх107/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00908 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ