| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2506028070723 |
| Дугаар | 2025/ДШМ/1174 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1174
2025 10 02 2025/ДШМ/1174
У.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч П.Гандолгор, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Итгэл,
шүүгдэгч У.А-, түүний өмгөөлөгч Д.Тамир,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1890 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2506028070723 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн У-ын А-, .........,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/827 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, /РД: У-/;
Шүүгдэгч У.А- нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 08 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, Цайзын автобусны буудлын авто замд Тоуоtа Aqua маркийн ....УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч У.А-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-ыг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-т оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-аас 8,808,331 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Ц-д, мөн шүүгдэгчээс 6,027,780 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулж, хохирогч Ш.Ц- нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэл болон гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний баримтаа тус тус бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу шүүгдэгч У.А-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг “СиДи”-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Миний хувьд Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэр төвд бүртгэлтэй, хувиараа баялаг бүтээгч билээ. “Ц-” пэйж хуудсаараа эсгий гутлын борлуулалт хийж, нийслэлийн 9 дүүрэгт үзэсгэлэн худалдаанд оролцдог. Хохирогч Ш.Ц-д төлөх төлбөрийг олох боломжоор хангаж, 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгч Д.Тамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтэд У.А-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасан зөрчил гаргасан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, мөрдөгчийн магадалгаанд тусгагдсан “Жолооч дээрх хоёр дүрмийг зөрчсөнөөс хэрэг учрал болох шалтгаан нөхцөл болсон байж болзошгүй” гэсэн дүгнэлтэд үндэслэсэн. Хохирогч нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан явган хүний гарц, гармаар гарах үүргээ биелүүлээгүй дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн хэр нь шалтгаан нөхцөл нь жолоочийн буруутай үйлдэл гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзвэл явган зорчигч гэнэт автомашины араас гүйж гарч ирдэг. У.А- нь дүрэмд заасны дагуу арынхаа автомашиныг харж үйлдлээ эхэлж байхад араас нь гүйж гарч ирээд мөргөгдөж арагш савж унасан. Тиймээс шинжээчийн дүгнэлт болох магадалгаа үндэслэлгүй учир үүнийг шүүх үзээд нотлох баримтаар үнэлэхгүй байх боломжтой гэж үзэж байна. Хэргийн үйл явдлыг бичлэгтэй холбоотойгоор сэргээн дүрсэлбэл хохирогчийн буруутай үйлдлээс осол гарах шалтгаан нөхцөл үүссэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүнд гэмтэл учруулсан бол эрүүгийн хариуцлага тооцохоор заасан. Гэтэл бичлэгээс үзэхэд жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь эргэлзээтэй. Мөн шүүх сэтгэцэд учирсан хохирлын төлбөртэй холбоотой тодорхой хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хэргийн гэм буруугийн асуудал бүрэн шийдэгдэж байж хохирлын асуудлыг шийдвэрлэх учир энэ талаарх дүгнэлт үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн хянаж үзээд хэргийг прокурорт буцааж тодруулах асуудал байвал тодруулах, мөрдөгчийн магадалгаа үндэслэлгүй тул камерын бичлэгээс дахин тодруулах ёстой. Шинжээчийн дүгнэлтийн 2 дахь асуулт “Сэтгэцэд учирсан хор хохирол хэд дүгээр зэрэгт хамаарах вэ” гэхэд “Хариулах боломжгүй” гэсэн хариулт өгсөн. Эндээс аль асуултад хариулаад, алинд нь хариулахгүй байгаа нь эргэлзээ дагуулж байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. ...” гэв.
Прокурор П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан. Оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршигт тохирсон гэж үзэж байна. Мөрдөгчийн магадалгаанд жолоочийг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд аюулгүй байдлаа хангаж оролцох, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахгүйгээр хөдөлгөөнд оролцох, 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд оролцохдоо аюул саад учрахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах заалтуудыг зөрчсөн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм буруугийн хэлбэрийг заасан ба энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх ёстой байсан боловч мэдээгүй үйлдсэнийг гэмт хэрэгт тооцно. Жолооч хөдөлгөөн эхлэхдээ хамгийн анхаарал болгоомжтой явах ёстой. Бусад оролцогчид хөдөлгөөн эхлэх гэж байгааг мэдэхгүй, тодорхойгүй байдаг бол жолооч өөрөө мэдэж хөдөлгөөнөө эхлүүлдэг. Тийм учраас аюул саад тулгарах боломжтойг мэдсэн, мэдэх боломжтой тул Замын хөдөлгөөний дүрэмд заасан үндсэн үүргийг хүлээлгэж, үүрэг болгосон. Уг үүргийг зөрчсөн бол гэмт хэрэгт тооцох ёстой талаар хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч У.А- нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 08 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамж, Цайзын автобусны буудлын авто замд Тоуоtа Aqua маркийн ....УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хяналтын камерт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл,
хохирогч Ш.Ц-ий “...Тухайн өдөр би бэр болох Д-тэй Хархорин зах дээр уулзъя гэж тохиролцоод гэрээсээ... өглөө 08 цаг 30 минутын үед гараад түүнээс цаашаагаа болсон зүйлсийг санахгүй байна. Ямартаа ч бие нэг л эвгүй болоод бэр Д-тэй яриад очиж чадахгүй болсон талаараа хэлсэн юм. Тэгээд хэсэг хэвтчихвэл бие гайгүй болох байх гэж бодоод байж байтал улам ухаан самуураад нэг мэдэхэд ГССҮТ-д тархины хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ЕГ0525/635 дугаартай “Ш.Ц-ий биед зүүн зулайн ясны шугаман хугарал зулай, дагзны хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайн тархины эдэд цус хуралт, няцрал, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан. ...” гэсэн дүгнэлт,
Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 851 дүгээр “Тоyota Aqua маркийн .... УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У-ын А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэх магадалгаа зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.,
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч У.А-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг...” хүлээлгэхдээ шийтгэх тогтоолынхоо тогтох хэсгийн 3 дахь заалтад “...түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих,...” гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байх тул уг хэсгийг хассан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч У.А-аас “...1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэх ялын төрөл, хугацаатай.
Анхан шатны шүүх У.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж, түүнд зорчих эрх хязгаарлах ялыг сонгон оногдуулж, хугацааг 1 жил, эрх хасах ялыг 3 жилээр буюу тус тус хамгийн багаар тогтоосон нь тохирсон, ял хүнд биш байна.
Нөгөөтээгүүр, шүүгдэгч У.А-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх урьдач нөхцөл хангагдаагүй байна гэж дүгнэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч У.А-ын өмгөөлөгчийн зүгээс тус шүүх хуралдаанд мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байна гэсэн тайлбар гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч У.А- нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Ц-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон.
Мөрдөгчийн магадалгаанд явган зорчигч Ш.Ц- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч түүний үйлдэл тухайн зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл болоогүй байна.
Харин шүүгдэгч У.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэхүй, явган зорчигчид хүнд гэмтэл учирсан нөхцөл байдал хоорондоо шалтгаант холбоотой тул энэ талаар маргаж буй өмгөөлөгчийн тайлбар няцаагдаж байна.
Түүнчлэн хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөгчийн магадалгаа зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх ба тусгай мэдлэг бүхий шинжээчдийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж, няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1890 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч У.А-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч У.А- нь хохирогч Ш.Ц-д 807,000 /найман зуун долоон мянга/ төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1890 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтаас “...түүнийг оршин суух газраас ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих,...” гэсэн хэсгийг хассугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч У.А- нь хохирогч Ш.Ц-д хохирлоос 807,000 /найман зуун долоон мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай..
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
.