Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1252

 

 

 

 

 

 

    2025           11             04                                         2025/ДШМ/1252

 

Д.Ц.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй /цахимаар/,

шүүгдэгч Д.Ц., түүний өмгөөлөгч Г.Цолмон,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1990 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ц., түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ц.холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

. Д.Ц., ......... оны ........ дугаар сарын .........-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “.............” ХХК-д ........ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........н дүүргийн ........ дүгээр хороо, ........хороолол, .........байрны ............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн /РД:УМ90101754/, /уг торгох ялыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/646 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор биелэгдсэн/

Шүүгдэгч Д.Ц. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу .........оны .......дугаар сарын ..........-ны өдрийн 12 цаг 01 минутын орчимд ......... дүүргийн 11 дүгээр хороо Богд Уулын шинэ замд согтуурсан үедээ Тоёота Харер маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Ц.н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч . Ц.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.д оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг, мөн Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг тус тус эдэлж дууссаны дараа үеэс тоолж, шүүгдэгч Д.Ц.н хүүхдүүд болох Ү, Н, Ц.А. нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ц давж заалдах гомдолдоо: “Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1990 дугаар шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Тус өдрийн шүүх хуралдааны үеэр гэр бүл, эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзнэ үү гэж хэлсэн боловч тодорхой тусгаж авч хэлэлцээгүйд гомдолтой байна. Миний бие энд хоригдож байх хугацаанд эрүүл мэндийн байдал дордож байна. Энэ нь Хорих 461-р ангийн эмнэлэгт өгсөн шинжилгээгээр нотлогдож байгаа. Бөөрний үйл ажиллагаа муудсанаас “тулаа” өвчин сэдэрсэн. Мөн эрүүл мэндийн байдлаас гадна эхнэр Солонгос улсад ажилладаг. Би 3-н хүүхдээ асран хамгаалж амьдардаг байсан. Одоо хорих ялаар шийтгүүлсэнээс болж 3-н хүүхэд минь айлаар дамжин амьдарч байна. Дээрээс нь байрны зээл, автомашины зээл төлөгдөх боломжгүй байгаа. Ар гэр, үр хүүхэд, биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байгааг харгалзан надад оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Ц.н өмгөөлөгч Л.Цолмон давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1990 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Ц.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ. Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагаравын 14-165 тоот хаягт охин А /......... өдөр төрсөн, 16 настай/, охин Ү /......... өдөр төрсөн, 11 настай/, охин Н /............. өдөр төрсөн, 4 настай/ нарын хамт амьдардаг өрх толгойлсон эцэг юм. Түүний эхнэр Н.Э. нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр БНСУ-д ажиллах зорилгоор Монгол Улсын хилээр гарсан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байна. Мөн Д.Ц нь тулай өвчинтэй бөгөөд хоолны дэглэм алдагдсаны улмаас өвчин сэдэрч, алхаж чадахгүй, унтаж чадахгүй туйлын зовиуртай нөхцөл байдалтай байгаа. Шүүгдэгч Д.Цийн эрүүл мэндийн нөхцөл байдал болон түүний насанд хүрээгүй, бага насны гурван охин хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг болох хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү

“... давж заалдах гомдолд дурдсан асуудлаас гадна Д.Ц өөрөө тулай өвчтэй. Уг өвчний хувьд хөлийн эрхий хурууны нэгдүгээр үе буюу хөлийн үзүүр хэсэг хавдах шинж тэмдэг өгдөг. Зүүгээр шивж байгаа мэт өвддөг. Өвчин нь амархан намдаггүй бөгөөд маш сайн гам барих шаардлагатай. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал болон насанд хүрээгүй 3 хүүхэд, гэр бүлийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн талаар үнэн, зөв мэдүүлсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... ” гэв.

Шүүгдэгч Д.Ц шүүх хуралдаанд: “...Миний бие давж заалдах гомдлоо дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

Прокурор М.Билгүүтэй шүүх хуралдаанд: “... Шүүгдэгч Д.Цид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх зорилготой. Түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн шинж, хор уршигт тохирсон байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Д.Цийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр .......оны ........дугаар сарын ...........-ний өдөр Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил хасуулснаасаа хойш буюу ........ оны ........ дүгээр сарын .........-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ба энэ үйлдэлд нь Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх ........ оны 03 дугаар сарын .......-ний өдрийн .......... дугаар шийтгэх тогтоолоор торгох ялаас гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялаар шийтгэж уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Шүүгдэгч Д.Ц нь дээрх байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд тодруулбал, өмнөх гэмт хэрэгт шийтгүүлснээс хойш 3 сарын дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 12:00 цагийн үед .......... улсын дугаартай “Тоёото хариер” загварын тээврийн хэрэгслийг дахин согууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл (хх 1-6), жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 12/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн шинжийг  тайлбарласан хууль тогтоогчийн тайлбарт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэдэгт” согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан.  

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цийн гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг буруутган дүгнэх боломжгүй юм.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах байдлыг тодорхой зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Шүүгдэгч Ц.Ц нь Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас торгох ялыг биелүүлж, нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан ялын хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх тухайн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэлгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хууль хэрэглээний алдаатай шийдвэр болжээ.

Иймд шүүгдэгч Д.Цид оногдуулсан нэмэгдэл ялыг нэмж нэгтэн нийт эдлэх нэмэгдэл ялын хугацааг 5 жилийн хугацаагаар тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц  “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бага насны 3 охины хамт амьдардаг. Хүүхдүүдээ ганцаараа харж ханддаг. Мөн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг өөрчилж өгнө үү...” гэх, мөн шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч Г.Цолмон “... Д.Ц нь ........ дүүргийн ......дүгээр хороо, .......... тоот хаягт охин А /...........өдөр төрсөн, 16 настай/, охин Ү /............ өдөр төрсөн, 11 настай/, охин Н /...........өдөр төрсөн, 4 настай/ нарын хамт амьдардаг өрх толгойлсон эцэг юм. Түүний эхнэр Н.Э. нь ........... оны 03 дугаар сарын ............-ны өдөр БНСУ-д ажиллах зорилгоор Монгол Улсын хилээр гарсан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл БНСУ-д ажиллаж амьдарч байна, түүний насанд хүрээгүй, бага насны гурван охин хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг болох хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг, Д.Ц, Н.Э. нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Н. Э.   . оны ..... дугаар сарын ..........-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа зэрэг баримтын хамт гаргаж өгсөн.

Шүүгдэгч Д.Ц нь ............ дүүргийн .......... дүгээр хороо, ........... тоот хаягт охин А /..........дөр төрсөн, 16 настай/, охин Ү /............ өдөр төрсөн, 11 настай/, охин Н /...........өдөр төрсөн, 4 настай/ нарын хамт амьдарч байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул бага насны гурван хүүхдүүдийн эрх ашиг, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн ..............дүгээр хороо, ............... тоотод оршин суудаг болох нь тус дүүргийн ............. дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор /хх 103/ нотлогдож байх тул зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох нь зүйтэй байна.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Д.Ц.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ц нь энэхүү магадлал гарах хүртэл 74 хоног цагдан хоригдсоныг хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаас дүйцүүлэн хасаж, нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1990 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Шүүгдэгч Д.Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял дээр Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх нэмэгдэл ялыг 5 /таван/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Ц.д сануулсугай. ...” гэсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.ийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 74 /далан дөрөв/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцсугай. ...” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц.ийг Улаанбаатар хотын ..........дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 01 жил, 06 сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Г.Цолмон нарын ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч хангасугай.

3. Шүүгдэгч Д.Ц.г нэн даруй сулласугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БОЛОРТУЯА 

 

ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                П.ГАНДОЛГОР