Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 692

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч О.Т

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805024170729 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 24-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эх, 2 дүүгийн хамт дүүргийн дугаар дугаар хороолол, дүгээр байр, тоотод оршин суух, СМ дугаарын регистртэй, урьд ял эдэлж байгаагүй, Б овогт Оын Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.Т гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй буюу 17 нас 11 сар 29 хоногтой байхдаа 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Нарлаг” их дэлгүүрийн хойд талын зам дээр явж байсан 65-33 УБҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч Н.Ныг хөдөөний орк гэж доромжилсон шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөнгө төгрөгний боломж муутайгаас шалтгаалж би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно. Хүн зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Яагаад маргалдах болсон гэхлээр хэн хэндээ зам тавьж өгөөгүйгээс болсон. Бид нар найзыгаа эмнэлэг хүргэхээр яарч явсан юм. Гэтэл нөгөө машины жолооч Н зам тавьж өгөхгүй хөдөөний оркууд гэж орилоод доромжлоод байсан. Миний хувьд машин жолоодож яваагүй. Нөгөө жолооч манай найз Цэрэндоржтой маргалдаад Цэрэндоржийг цохих гээд байхаар нь би цохьсон.

Надад торгох ял оногдуулж өгнө үү. Учир нь би Тэнгис кинотеатрын гадаа тогтлоомын газарт ажиллаж байгаа гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Н “... 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 14 цаг өнгөрч байхад гэрээсээ ажил руугаа чиглэлтэй өөрийн 6533-УБҮ улсын дугаартай Приус маркийн машинтайгаа Москва их дэлгүүрийн арын замаар явж байтал Монголын Үндэсний дээд сургуулийн гарцан дээр өдөөс урсгал сөрөн Саната 5 маркийн машинтай залуус орж ирсэн. Намайг ухар гэхээр нь би ухараад зам тавиад өгсөн чинь намайг шоолоод инээгээд байхаар би та нар тэнэг юм уу яагаад инээлдээд байгаа талаар асуусан чинь намайг хэл амаар доромжилж байгаад 4 залуу буугаад ирсэн. Би машинаасаа буугаад ирсэн чинь үгийн зөрөөгүй нэг залуу нь миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Хэн гэдгийг нь мэдэхгүй. Миний нүд бүрэлзэн газар унасан чинь миний мөр, цээж рүү өшиглөсөн яг хэн өшиглөсөн болохыг нь мэдэхгүй байна. Гудамжинд явж байсан 2 залуу ирээд салгахаар нь би цагдаа дуудсан. Тэр хүүхдүүд машиндаа суугаад зугтахаар нь би цагдаа нарт хэлж байгаад бариулсан. Би өндөр туранхай залуу буюу гомдол гаргасан Тг 2 гарыг нь барьж авснаас биш цохиж чадаагүй. Тухайн үед миний хамраас цус гарч нүд хавдсан. Би сайн дурын үндсэн дээр Ттэй эвлэрсэн, хохирлын ямар нэг маргаан байхгүй” /хх-н 21-25/ гэж,

гэрч Гантулгын Цэрэндорж “... 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 13-аас 14 цагийн орчим би Оргилын эгчийн машиныг унаад найзууд болох Энхээ, Оргил, Зоригоо, Т нарын хамт 3 дугаар хорооллын Москва их дэлгүүрийн байрны голын замаар явж байсан чинь өөдөөс саарал өнгийн Приус маркийн автомашинтай ах тулаад ирэхээр нь би ухраад өгөөч гэж гуйсан чинь намайг ухар гэхээр нь хойноос машин ирчихсэн ухрах боломжгүй талаар хэлэхэд нөгөө ах машинаасаа бууж ирээд намайг хараагаад байхаар нь та хөгшин хүн байж үгээ бодооч гэж хэлсэн. Тэгтэл хойноос эгнэж байсан машинтай хүмүүс нөгөө ахыг ухраад өгөөч гэж хэлсэн чинь нөгөө ах машиндаа суугаад ухарсан. Нөгөө ах жижиг зогсоолд орж зогссон. Бид нар тэгээд нөгөө ахын машины хажууд түгжрээд зогсож байтал нөгөө ах хөдөөний новшнууд та нар хөдөө рүүгээ зайл гээд хараасан. Гэтэл жолоочийн эсрэг талын хойно сууж байсан Т буугаад нөгөө ах дээр очсон. Нөгөө ах Тг нэг удаа цохьсон чинь Т Нын нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохихоор би машинаасаа буугаад Тгийн мөрнөөс татаад хойшлуулсан. Н миний мөр хүзүү рүү цохиод байсан. Би огт гар хүрээгүй. Би Тг машинд суулгахад түүний зүүн нүдний дух хэсгээс нь цус гарч байсныг нь би өөрийн Самсунг эс-6 гар утсанд зургийг нь буулгаж авсан. Тэгээд машиндаа суугаад замаа чөлөөлж зогссон. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирсэн. Т бид хоёроос өөр хүн машинаас бууж ирээгүй. Зодоон Т, Н нарын хооронд болсон” /хх-н 26-28/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Н.Нын гэмтэлтэй холбоотойгоор “Нын биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 5285 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 35/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Иймд шүүгдэгч О.Тг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Тд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал шүүгдэгч О.Т гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан боловч тэрээр шүүхийн шийтгэх тогтоол гарах үед арван найман насанд хүрсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн заалтад хамааралгүй тул түүнд торгох ял оногдуулах боломжтой.

 

Шүүх шүүгдэгч О.Тд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Бишрэлт овогт Оын Тг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. О.Т торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. О.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Тд урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ