Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01503

 

 

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01608 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч Э Т Э с ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 533 739 868 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Э Т Э С ХХК нь Ж  ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ЖН-18/003 дугаартай интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Э Т Э С ХХК нь Ж ХХК-ийн шилэн кабелийн сүлжээг ашиглан 24 цагийн турш тасралтгүй интернетийн холболтын үйлчилгээг авах, сард 70 400 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч гэрээний дагуу төлбөрөө хэвийн төлж байгаад 2019 оны  6 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. 2019 оны 6 сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал нийт 7 сарын үйлчилгээ авсан төлбөрөө төлөөгүй. Гэрээний хавсралт 2.2-т захиалагч нь сарын үйлчилгээний төлбөрийг нийлүүлэгчийн нэхэмжлэхийн тухайн сарын 20-ны өдрийн дотор төлнө, 3-т захиалагч нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө гэж заасан. Гэтэл 2019.06.21-ний өдрөөс 2020.01.15-ны өдрийн хооронд 209 хоног хугацаа хэтэрсэн, төлбөрийн хэмжээ 198 000 000 төгрөг, алданги 124 146 төгрөг, 2019.07.21-ний өдрөөс 2020.01.15-ны өдрийн хооронд 179 хоног хэтэрсэн, төлбөр 70 598 000 төгрөг, алданги 37 911 126 төгрөг, 2019.08.21-ний өдрөөс 2020.01.15-ны өдрийн хооронд 148 хоног хэтэрсэн, төлбөр 70 598 000 төгрөг, алданги 3 1 345 512 төгрөг, 2019.09.21-ний өдрөөс 2020.01.15-ны өдрийн хооронд 117 хоног хэтэрсэн, төлбөр 70 598 000 төгрөг, алданги 24 779 898 төгрөг, 2019.10.21-ний өдрөөс 2020.01.15-ны өдрийн хооронд 87 хоног хэтэрсэн, төлбөр 70 598 000 төгрөг, алданги 18 426 078 төгрөг, 2019.11.21-ний өдрөөс 2020.01.15-ны өдрийн хооронд 56 хоног хэтэрсэн, төлбөр 70 598 000 төгрөг, алданги 11 860 464 төгрөг, 2019.12.21-ний өдрөөс 2020.01.15-ны өдрийн хооронд 26 хоног хэтэрсэн, төлбөр 70 598 000 төгрөг, алданги 5 506 644 төгрөг байна. Үүнээс 7 сарын төлөх үндсэн төлбөр 423 786 000 төгрөг, алданги 129 953 868 төгрөг, нийт 553 739 868 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Э Т Э С ХХК нь 2016 оны 6 сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Ж ХХК-д интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу 2 326 467.000 төгрөг төлөхөөс 2 775 249 000 төгрөг төлж, 448 782 800 төгрөгийн илүү төлөлттэй байгаа. Уг мөнгө Ж ХХК-ийн харилцах данс руу орсон бөгөөд дээрх хугацаанд Э Т Э С ХХК нь 2 730 402 001 төгрөг төлснийг тогтоосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00581 дугаар шийдвэр байдаг. Э Т Э С ХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дугаар магадлалаар Ж ХХК-д улсын тэмдэгтийн хураамжийн хамт 937 695 315 төгрөгийг төлөх ёстой. Үүнээс 448 782 800 төгрөгийг сайн дураар төлсөн боловч Ж ХХК нь уг мөнгийг магадлалын дагуу төлөх өр төлбөртөө тооцон төлөөгүй, харин интернэтийн төлбөрийн зориулалтаар төлсөн гэж маргадаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, 120.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй. Хэрэв Ж ХХК нь хариуцагч компаниас илүү төлсөн буюу шүүхийн шийдвэрээр илүү төлсөн нь тогтоогдсон 403 926 001 төгрөгийг магадлалын дагуу төлөх ёстой төлбөрт тооцуулахгүй, интернэтийн төлбөртөө тооцуулна гэж маргаж, давж заалдах журмаар гомдол гаргах, улмаар давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, илүү төлсөн 400 гаруй сая төгрөгийг интернэтийн үйлчилгээний гэрээний дагуу сар бүрийн төлсөн төлбөр гэж тооцвол Ж ХХК-аас одоо нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэслэлгүй болно. Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ дуусгавар болсон бөгөөд манай компанийн илүү төлөлтийг Ж ХХК нь интернэтийн төлбөрт эсхүл шүүхийн магадлалын дагуу төлөх 937 695 315 төгрөгийн алинд нь ч тооцож, төлбөрийн үүргийг дуусгавар болгоогүй. Үүний үр дагавар нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлэх, 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэлийг бүрдүүлж байгаа тул алданги 129 953 868 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Э Т Э С ХХК-аас 553 417 722 /таван зуун тавин гурван сая дөрвөн зуун арван долоон мянга долоон зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 322 146 /гурван зуун хорин хоёр мянга нэг зуун дөчин зургаан/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 926 649 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Э Т Э С ХХК-аас  2 925 038 /хоёр сая есөн зуун хорин таван мянга гучин найман/ төгрөгийг гаргуулан Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт гэрээний үүрэгт 533 739 868 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв гэсэн атлаа тогтоох хэсгийн 1-д ...553 417 722 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн үүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжид нэхэмжлэлийн шаардлагыг 533 739 868 төгрөг гаргуулах гэх байдлаар зөрүүтэй тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлага 553 739 868 төгрөгөөс 322 146 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 553 417 722 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байдал нь тооцооллын хувьд тодорхойгүй буюу хангаж буй шаардлагын хэмжээг ямар дүгнэлтээр хэрхэн тооцоолж гаргасан нь тодорхойгүй, нотлох баримтад үндэслээгүй гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт зохигчдын хооронд байгуулагдсан Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээнд заасны дагуу сарын төлбөрийг 70 400 000 төгрөг, түүнчлэн 2019 оны 6 дугаар сарын төлбөрийг хариуцагч төлсөн нь баримтаар нотлогдож байна гэж тус тус дүгнэсэн атлаа 553 417 722 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй. Хэрэв нэг сарын төлбөр 70 400 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын төлбөр төлөгдсөн гэвэл 70 400 000*6 сар /7-12-р сар/ 422 400 000 төгрөг болно. Үүн дээр алданги 129 953 868 төгрөгийг нэмбэл 552 353 368 төгрөг болохоор байна. Нэхэмжлэлд дурдснаар сарын төлбөрийг 70 598 000 төгрөг гэвэл 70 598 000*6 сар+алданги 129 953 868=553 541 868 төгрөг болно. Хэрэв сарын төлбөрийг хариуцагчийн тайлбарлаж буйгаар 70 499 000 төгрөг гэвэл 6 сарын төлбөр 422 994 000 төгрөг, үүн дээр алданги нэмбэл 552 947 868 төгрөг болно. Гэтэл шүүх ямар нотлох баримтад үндэслэн 553 417 722 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь тодорхой бус байна. Шүүх алданги 129 953 868 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч 2019 оны 7 дугаар сараас эхлэн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байхад Иргэний хуулийн 222.2 дах зохицуулалтыг хэрэглэхгүйгээр үүрэг зөрчсөний хариуцлага анз гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус, хариуцагчид төлбөрийн дарамт учруулж байна. Хариуцагч Э Т Э С ХХК нь 2016 оны 6 сарын 23-ны өдрөөс 2019 оны 6 сарын 30-ны өдрийн байдлаар Ж ХХК-д 2 326 467 000 төгрөг төлөхөөс 2 775 249 000 төгрөг төлж 448 782 800 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Ж ХХК нь тооцоо нийлэхээс удаа дараа татгалзсан. Улмаар Э Т Э С ХХК нь илүү төлсөн 448 782 800 төгрөгийг Ж ХХК-д төлбөл зохих 937 695 315 төгрөгт тооцуулах шаардлагыг Ж ХХК-д холбогдуулан гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Цаашид үүсэх интернэтийн төлбөртөө тооцуулъя гэсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх илүү төлсөн 448 782 800 төгрөгийг 1871 дугаар магадлалыг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудсанд заасан төлбөрт тооцуулж, уг хэмжээгээр үүрэг дуусгавар болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Харин Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэрээр 1871 дүгээр магадлалын дагуу төлөх 937 685 315 төгрөгөөс 403 926 001 төгрөгийг төлж, 403 926 001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон болохыг тогтоож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 04 сарын 27-ны өдрийн 934 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Ж ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан атлаа Иргэний хуулийн 236.3-т заасны дагуу төлбөр хүлээн авсан тухайгаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэхгүй, худал мэдүүлсний улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үндэслэлгүйгээр сунжирч, Э Т Э С ХХК-ийн харилцах данснуудын зарлагын гүйлгээг зогсоосон бөгөөд үүний улмаас өнөөдрийг хүртэл хариуцагчийн харилцах дансууд битүүмжлэгдсэн байдалтай байна. Ж ХХК-ийн буруутай, шударга бус байдлын үр дүнд 2019 оны 7 дугаар сараас хойш төлбөр төлөгдөх боломжгүй нөхцөл байдал бий болсон. Иймд Иргэний хуулийн 223.2, 224.2, 224.2.3-т заасны дагуу алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018 оны 01 сарын 01-ний өдрийн интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр дуусгавар болгох тухай мэдэгдлээ хариуцагч нь 1 сарын өмнө буюу 2019 оны 10 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Гэтэл Ж ХХК 2019 оны 10 сарын 31-ний өдөр 19/223 дугаар албан бичгээр гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй гэх агуулгатай хариу өгсөн. Гэрээний хавсралт 2-т зааснаар сарын төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол интернэтийн үйлчилгээг зогсоох эрх Ж ХХК-д байсан бөгөөд гэрээ цуцлах үндэслэл бүрдсэн байсан. Улмаар хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МТ нэтворкс" ХХК-тай үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, интернэтийн урсгал худалдан авахаар болсон. Гэтэл шүүх холбогдох нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 129 953 868 төгрөг, 12 дугаар сарын интернэтийн төлбөр 70 599 000 төгрөг, 7-11 дүгээр сарын төлбөрөөс үндэслэлгүйгээр тооцож хангасан 369 854 төгрөг нийт 200 749 868 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Э Т Э С ХХК-д холбогдуулан гэрээний үндсэн төлбөрт 423 786 000 төгрөг, алдангид 129 953 868 төгрөг, нийт 553 739 868 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, хариуцагч Э Т Э С ХХК нь сар тутамд 70 400 000 төгрөгийн интернетийн үйлчилгээ авахаар нэхэмжлэгч Ж ХХК-тай харилцан тохиролцсон байна. /хх5-9/

 

Нэхэмжлэгч хариуцагч 2019 оны 06 дугаар сараас гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд нийт 7 сарын төлбөр төлөөгүй гэж тайлбарладаг бол хариуцагч 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрт нийт 2 326 467 000 төгрөг төлөхөөс 2 775 249 000 төгрөг төлж, 448 782 800 төгрөгийн илүү төлөлт хийсэн байхад нэхэмжлэгч уг төлбөрийг интернэтийн төлбөрийн зориулалтаар төлсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэж байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 581 дүгээр шийдвэрээр хариуцагч Э Т Э С ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны интернэт үйлчилгээний төлбөрт 2 326 467 000 төгрөг төлөхөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 2 730 402 001 төгрөг төлж, илүү төлсөн 403 926 001 төгрөгийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1871 дугаар магадлалын дагуу нэхэмжлэгч Ж ХХК-д төлөх 937 695 315 төгрөгөөс хасч, 403 926 001 төгрөгийн төлбөрийн үүрэг дуусгавар болсныг тогтоосон байна. /хх24-26/ Иймд хариуцагчийн илүү төлсөн төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

 Шүүх хариуцагчийн 2019 оны 06 дугаар сарын үйлчилгээний төлбөр төлөгдсөн талаар зөв дүгнэсэн байна. Харин 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл нийт 6 сарын интернэтийн үйлчилгээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь хариуцагч Э Т Э С ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ж ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг дуусгавар болгох хүсэлтийг гаргасан болох нь хэргийн 65 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон. Түүнчлэн хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ дуусгавар болсон учраас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МТ нэтворкс" ХХК-тай интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, интернэтийн урсгал худалдан авахаар болсон гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон гэж үзэх бөгөөд хариуцагч нь 2019 оны 07 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сарыг дуустал нийт 5 сарын үйлчилгээний төлбөрийг төлөхөөр байна. Нэхэмжлэгч сар тутамд үйлчилгээний төлбөрт 70 400 000 төгрөг, сувгийн түрээсийн төлбөрт 198 000 төгрөг, нийт 70 598 000 төгрөг авах ёстой гэх тайлбараа нотлоогүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн буюу нэмэлтээр сувгийн төлбөрт 99 000 төгрөг, нийт интернет болон сувгийн төлбөрт 70 499 000 төгрөг төлдөг гэх тайлбарыг үндэслэн хариуцагчаас 5 сарын үйлчилгээний төлбөрт 352 495 000 төгрөг /5*70 499 000/ гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

 

Алданги төлөх талаарх талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцсэн, хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр алданги төлүүлэх боломжгүй. Учир нь хариуцагч байгууллагын банкин дахь хадгаламжийн болон харилцах дансыг нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрээр төлөгдөх төлбөрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас битүүмжилсэн, үүнтэй холбоотойгоор талууд данс нээлгэх хүсэлт гаргаж байсан зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 88 123 750 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрт 352 495 000 төгрөг төгрөг, алдангид 88 123 750 төгрөг, нийт 440 618 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2020/01608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дах заалтыг баримтлан хариуцагч Э Т Э С ХХК-аас 440 618 750 төгрөгийг /дөрвөн зуун дөчин сая зургаан зуун арван найман мянга долоон зуун тавин төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 93 121 118 төгрөгт холбогдох хэсгийг /ерэн гурван сая нэг зуун хорин нэгэн мянга нэг зуун арван найм/ хэрэгсэхгүй болгож гэж нэмж өөрчлөн, 2 дахь заалтын 2 925 038 /хоёр сая есөн зуун хорин таван мянга гучин найм/ төгрөг гэснийг 2 361 043 /хоёр сая гурван зуун жаран нэгэн мянга дөчин гурав/ төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 161 699 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

А.МӨНХЗУЛ