Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/1222

 

 

 

                                              

 

 

 

       2025          10            21                                        2025/ДШМ/1222

 

М.З-тхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Отгонбаатар /томилолтоор/,

шүүгдэгч М.З, түүний өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ, С.Ичинхорлоо,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан, 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/656 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Баяр-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн М.З-т холбогдох эрүүгийн .........дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.  

М.З, ........оны 07 дугаар сарын 29-ний өдөр .......... хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, ............ хамт ......... дүүргийн ........дугаар хороо, ...... дүгээр хороолол, .......... байр, ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй; /РД:........./,

Шүүгдэгч М.З нь ........... оны 05 дугаар сарын 23-ны өдөр өмнө үерхэж байсан найз охин болох ........тай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах ......... зогсоол дээр уулзан, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж байгаад өөрийн машиндаа хүчээр суулган хоёр гарынх нь бугалга руу гараараа цохиж, гар утсыг нь булаан авч, өгөхийг шаардахад нь хоолойг нь боох, машиндаа бензин түлш хийлгэх зэргээр өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор зодон эрүүл мэндэд нь “хүзүү, баруун, зүүн бугалга, баруун тахим зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

     Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Баяр-Эрдэнэ эсэргүүцэлдээ: “... Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баяр-Эрдэнэ би, эрүүгийн .......... дугаартай хэргийг шийдвэрлэсэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн .......... оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэх бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр шүүгдэгчийн гэм бурууд дүгнэлт хийж болохгүй.

Шүүх хохирогч ............... мэдүүлэхдээ: “... .......оны ........ дугаар сарын ........-ны өдөр 14 цагийн үед "......... зогсоол дээр салсан найз залуутайгаа уулзаж байгаад хоорондоо маргалдсан. Намайг машинд суу гэхээр нь би суухгүй гэсэн чинь миний гэдэс рүү цохисон. Тэгээд миний гэдэс өвдөөд би гэдсээ дарсан чинь намайг чирээд машины урд талын суудал дээр суулгасан. Тэгээд миний хоёр гарын булчин хэсэг рүү олон удаа цохисон. ...Тэгээд машины бензин дуусаж байна бензин хийж өг гээд клонк дээр ирээд би бензин хийж өгөөд бид хоёр .......... их сургуулийн зогсоол дээр ирээд би бууя гэж хэлэхэд буулгаад тэгээд би явсан... " гэх мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа нь тодорхойгүй, шийтгэх тогтоолдоо хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заагаагүй гэж дүгнэжээ.

Хохирогчийн мэдүүлэг хуульд заасан үүргийг сануулж авсан мэдүүлэг бөгөөд тухайн мэдүүлгийг нотлох, үнэлэх асуудал нь хууль сахиулах байгууллагын гүйцэтгэвэл зохих ажиллагаа юм.

Анхан шатны шүүх “Өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн тохиолдолд хохирогчоор хэдэн төгрөгийн бензин хийлгэснийг тогтоох буюу хохирол, хор уршгийг бүрэн гүйцэт тогтоосны дараа сэдэл, санаа зорилгыг зөв тодорхойлж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх бөгөөд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн бус хийгдсэн, хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлоход ач холбогдолтой сэдэлт, санаа зорилго, хохирол, хор уршгийг тодорхойлоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч гэм буруутай эсэхэд хийсвэр дүгнэлт хийж, түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хуульд заасан зарчимд нийцээгүй байна.

Хэрэгт шүүгдэгчийн хохирогчоор бензин хийлгэх санаа зорилго хэзээ төрсөн болох нь тодорхойгүй, уг санаа зорилгыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад шүүх “Энэхүү зорилго хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхийн өмнө үүссэн байхыг шаардана” гэж дүгнэсэн нь эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох санаа зорилго гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүсээгүй мэтээр хийсвэрлэн таамаглаж, уг дүгнэлтийг үндэслэн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад заасан “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг тогтоолд заах” тухай заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно." гэж заасан ба нотлох баримт бүрэн бус, нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлгүй юм.

2.Шүүх үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, улмаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж,

Мөн зүйлийн 1.1 дэх заалтад “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх“ гэж тус тус заасан.

Шийтгэх тогтоолд “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогчоор бензин хийлгээгүй гэж мэдүүлсэн...” гэж (4 дүгээр хуудас) дүгнэснээс үзэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэж үзэхээргүй байх бөгөөд хохирогчоос шүүгдэгчийн машинд хийсэн бензиний хэр хэмжээ тодорхойгүй, хохирол төлөгдөөгүй гэж үзэхээр байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/656 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 цэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ,

Прокурор П.Отгонбаатар шүүх хуралдаанд эсэргүүцлийнхээ үндэслэлийг танилцуулахдаа: “... Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлээгүй, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт хянаж үзээгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах аливаа шийдвэр үйл баримтад тулгуурласан байх ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр дүгнэлт хийсэн. Хохирогч мэдүүлэхдээ “машины бензин дуусаж байна, бензин хийж өг” гээд клонк дээр ирээд би бензин хийж өгөөд бид хоёр "М.Ззогсоол дээр ирээд би бууя гэж хэлэхэд буулгаад тэгээд би явсан” гэж мэдүүлсэн. Хохирогчийн энэ мэдүүлгийг хэрхэн үгүйсгэж, няцааж байгаа нь тодорхойгүй, шүүх хохирогчийг мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой заагаагүй гэж дүгнэсэн. Хохирогчид хууль сануулж, тухайн мэдүүлгийг авсан бөгөөд тухайн мэдүүлгийг нотлох, үнэлэх асуудал нь хууль сахиулах байгууллагын гүйцэтгэвэл зохих ажиллагаа юм. Анхан шатны шүүх “Өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгосон гэж хүндрүүлэн зүйлчилсэн тохиолдолд хохирогчоор хэдэн төгрөгийн бензин хийлгэснийг тогтоох буюу хохирол, хор уршгийг бүрэн гүйцэт тогтоосны дараа сэдэл, санаа зорилгыг зөв тодорхойлж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэх бөгөөд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн. Шүүх бензин хийлгэсэн сэдэл, санаа зорилгыг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн бус хийгдсэн, хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлоход ач холбогдолтой сэдэлт, санаа зорилго, хохирол, хор уршгийг тодорхойлоогүй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч гэм буруутай эсэхэд хийсвэр дүгнэлт хийж, түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Хохирогчоор бензин хийлгэх санаа, зорилго хэзээ төрсөн болох нь тодорхойгүй, уг санаа зорилгыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад шүүх “Энэхүү зорилго хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхийн өмнө үүссэн байхыг шаардана” гэж дүгнэсэн нь эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох санаа зорилго гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүсээгүй мэтээр хийсвэрлэн таамаглаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна” гэжээ.

Шүүгдэгч М.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Н бид 2 салаад удаагүй байсан. Би сэтгэл санаа тогтворгүй байх үедээ хохирогчийн биед халдсан. Маш их гэмшиж байна. Хохирогч цагдаад өгсөн мэдүүлэгтээ бензиний талаар дурдсан байсан. Гадаад хүн учраас ойлголцоогүйгээс болоод ийм мэдүүлэг өгсөн юм болов уу гэж бодож байна...” гэв.

Шүүгдэгч М.Зын өмгөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд тухайн шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй байдаг. Гэтэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн байна. Үүнтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

1. Прокурор эсэргүүцэлдээ “Анхан шатны шүүх яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, агуулгыг тусгаагүй” гэж эсэргүүцэл бичсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “өөртөө эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор үйлдсэнийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө санаа, зорилго төрсөн байхыг ойлгох ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “хохирогчоор бензин хийлгээгүй” гэж мэдүүлсэн. Харин хохирогч “бензин хийлгэсэн” гэж мэдүүлдэг боловч хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй, тухайн мэдүүлэг бусад баримтуудаар нотлогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэж үндэслэлээ тодорхой заасан учир дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохгүй. 

2. “Бензин хийлгэх санаа зорилго хэзээ үүссэн болох нь тодорхойгүй, хэзээ үүссэнийг тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн” гэдэг үндэслэлээр мөн эсэргүүцэл бичсэн. Энэ бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал биш, харин прокурор хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, эс үйлдэхүйтэй холбоотой гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй гэж заасны дагуу тус эрхээ эдэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурор яллагдагчийн гаргасан тус хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн прокурор ямар ажиллагаа хийх талаар зохицуулсан. Прокурор хохирогчийн дансанд үзлэг хийж, бензин авсан эсэх, хохирогчийн мэдүүлэг ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа дээр хяналт тавьж, ажиллагаа хийх боломжтой байсан. Прокурор хэрэгт авагдсан нотлох баримтаар нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан ердийн журмаас гадна энэ бүлэгт заасан тусгай журмыг баримтална” гэж заасан. Ердийн болон тусгай журамд прокурорын гаргасан саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал.

3. Прокурорын эсэргүүцэлд “хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, хохирол төлөгдөөгүй, хохирол байгаа эсэхийг тогтоогоогүй” гэж бичсэн байна. Гэвч прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, хариуцлагаас чөлөөлүүлэх санал гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор ...хэргийн зүйлчлэл, ялаас чөлөөлөх, ...яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж, мөн тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.1 дэх заалтад “яллагдагчтай хийсэн тохиролцооны агуулга”-ыг бичнэ гэж тус тус заасан. Прокурор анхнаасаа тохиролцооны дагуу ялаас чөлөөлөх санал гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурор ялаас чөлөөлнө гэсэн учраас М.З гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл прокурор ялаас чөлөөлөх үндэслэлгүй байсан гэж эсэргүүцэл бичиж байгаа нь хууль зүйн хэр үндэслэлтэй вэ. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурор өөрөө энэ хүсэлтийг хангаж, нотлох баримтаа цуглуулж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал гаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх энэ саналыг үндэслэж, бүрэн эрхийнхээ хүрээнд ердийн журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангахаас татгалзаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Зын өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд “хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон үйл баримтыг хууль бусаар дүгнэсэн” гэж байна. Хохирогч “манай хуучин найз залуу “...” дээр авчирч, 2 гар, гэдэс рүү цохисны дараа машиндаа суулгасан. Суулгасныхаа дараа зогсоол руу явж, бензин хийхийг шаардсан” гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, дараа нь маргааны улмаас бензин хийлгэсэн гэдэг агуулга яригддаг. Прокуророос шүүх үүнийг буруу дүгнэсэн гэж үзсэн. Прокурор Баяр-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг харвал шийтгэх тогтоолыг үгүйсгэх боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт буюу хохирогчийн мэдүүлгийг харвал “эхлээд намайг зодсон” гэж байгаа. Мөн ясны хугаралгүй боловч цус хуралт нь хүний биеийн 1 хувиас илүүгүй байвал хөнгөн гэмтэл гэж үздэг. Энэ 1 хувийн гэмтлийнх нь хэдэн хувь нь бензин хийж өг гэж хэлэхээс өмнө үүссэн, хэдэн хувь нь дараа нь үүссэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийн эсрэг үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлийн дараа юм шиг харагдаж байна. Тиймээс прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй, логикгүй, нотлох баримтад тулгуурлаагүй байна.

2. “Хохирогчоор бензин хийлгэх санаа зорилго хэзээ төрсөн болох нь тодорхойгүй, уг санаа зорилгыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байхад шүүх хөнгөрүүлэн зүйлчилсэн” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1 дүгээр зүйлд заасны дагуу нотолбол зохих байдлыг нотолсон учраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэн, хэзээ, ямар санаа, зорилго, сэдэлтээр үйлдсэн бэ гэдгийг шүүх тогтооно. Дуртай нь шүүхээр нотолбол зохих байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаа хийлгэдэг байсан бол шүүх байгаад яах вэ, прокурор мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих шаардлагагүй болно. Энэ эсэргүүцэл нь бүхэлдээ Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан прокурорын бүрэн эрх хэмжээг няцааж байна. 

3. Нотлох баримт бүрэн бус тухайд, Түүнчлэн “Нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдалд үндэслэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь буруу” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг прокурор үндэслэлгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4. Мөн прокурор “Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн” гэж эсэргүүцэлдээ бичсэн. Гэтэл хавтаст хэргийн 48, 53 дугаар талд авагдсан прокурорын санал, яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж тодорхойлсон байдаг. Прокуророос шүүгдэгчийг өр төлбөргүй гэсэн байхад шүүх “үгүй, өр төлбөртэй” гэх байсан уу, прокурор логикгүй, хууль зүйн ач холбогдолгүй үндэслэл гаргасан гэж үзэж байна.

Хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн прокурорын санал, 48 дугаар талд авагдсан 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хохирогчийн хүсэлт зэргийг харвал хохирогч “шүүгдэгчид ямар нэг гомдол санал байхгүй, тухайн үед уурлаж, сэтгэл хөдлөлдөө автаж, буруу зүйл мэдээлсэн байна. Энэ хүнээс авах хохирол байхгүй” гэж хэлсэн. Хохирогч гомдолгүй гэж байхад “хохирол тогтоогоогүй” гэж бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна.

5. “Хохирогчоос шүүгдэгчийн машинд хийсэн бензины хэмжээ тодорхойгүй, хохирол төлөгдсөн гэж үзэхээргүй байна” гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь буруу гэж байна. Прокурор өөрөө хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргаж, түүний дараа ажиллагаа хийгдсэн байхад дээрх үндэслэлээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй байна.

2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөгч саналаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан. Гэтэл прокуророос 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзсэн. Цаг хугацааны дарааллаар нь харж үзвэл бензин хийлгэх ашиг сонирхол байсан уу, эдийн болон эдийн бус, өмчлөх эрхийн эсрэг үйлдэл байсан эсэх дээр яллагдагчаар татах тогтоол гаргасны дараа яллагдагч, хохирогчоос дахин мэдүүлэг авах эрхтэй байсан. Энэ ажиллагааг өөрөө хийгээгүй байж шүүхэд гомдож байна.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлтэй бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндэрдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийн хувьд хүний эрүүл мэнд, халдашгүй байдал нь халдлагын зүйл болно. Үүнд халдсан шууд санаатай үйлдэл байна, тус гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг бие даасан үйлдэл байдаг.

Энэ бие даасан үйлдлүүд байсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөлтэйгээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үздэг. Гэтэл прокурор өөрөө хүндрүүлэх нөхцөлтэй, өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзчихээд шүүх үүнийг хэрэгсэхгүй болгохоор эсэргүүцэл бичиж байна. Эсэргүүцэлдээ гэмт хэргийн шинжтэй холбоотой ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Халдлагын зүйл нь бензин авхуулах гээд байгаа 50.000 төгрөг үү, үнэхээр 50.000 төгрөгөөр бензин авсан гэж үзэж байгаа бол ашиг олох, эсхүл өөртөө давуу байдал бий болгох зорилгоор үйлдсэн үү гэдгийг тодорхойлох ёстой. Яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэх хүртэл хангалттай хугацаа байсан бөгөөд энэ хугацаанд дахин мэдүүлэг авах боломжтой байсан. Прокурор хийх ёстой ажлаа хийгээгүйн төлөө шүүх хариуцлага хүлээж болохгүй. Нг “чамайг зодно” гэж ирж зодсон юм уу, эсхүл чи надад бензин хийж өг, энэ бензин надад хэрэгтэй байна, үгүй бол би чамайг зодно шүү гэж зодсон уу. Энэ бүх гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн, нөхцөл байдлуудыг уялдуулж байж, дараа нь яллах дүгнэлт үйлдэх биш үү, прокурорын байгууллагын хийгээгүй ажиллагааны төлөө шүүх яагаад буруудах ёстой вэ, прокурорын гаргасан эсэргүүцлийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс бүхэлд нь няцааж байгаа учраас эсэргүүцлийг хангахаас татгалзаж өгнө үү. Дахин ажиллагаа хийх шаардлагагүй, хангалттай нотлох баримт цугларсан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.З нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өмнө үерхэж байсан найз охин болох ......ын өөртөө засах орны иргэн Н /.../-тай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Сити тауэр”-ын зогсоол дээр уулзан, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь халдаж эрүүл мэндэд нь “хүзүү, баруун, зүүн бугалга, баруун тахим зүүн шилбэнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Н /.../: “...2025 оны 5 дугаар сарын 23-ны 14.00 цагийн үед Сити таурын зогсоол дээр салсан найз залуутайгаа уулзаж байгаад хоорондоо маргалдсан. Намайг машинд суу гэхээр нь би суухгүй гэсэн чинь миний гэдэс рүү цохисон тэгээд миний гэдэс өвдөөд би гэдсээ дарсан чинь намайг чирээд машины урд талын суудал дээр суулгасан тэгээд миний хоёр гарын булчин хэсэг рүү олон удаа цохисон. Жижиг цагаан өнгийн хутга шиг зүйлээр айлгасан. Тэгээд миний утсыг аваад нуусан. Хүнийг зодохдоо мэдэгдэхгүй, харагдахгүй газар цохидог юм гээд зөндөө цохиосон тэгээд би утсаа авах гэсэн боловч миний хоолойг боосон тэгээд тэр газраас хөдлөөд ... зочид буудлын зогсоол дээр ирж зогсоод дахин гар руу цохисон тэгээд машины бензин дуусч байна бензин хийж өг гээд клонк дээр ирээд би бензин хийж өгөөд бид хоёр ... сургуулийн зогсоол дээр ирэхэд би бууя гэж хэлэхэд буулгаад би явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0725/7332 дугаартай: “...1. ...-н бие хүзүү, баруун, зүүн бугалга, баруун тахим зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. 6. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгч М.Зын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “... Намингзоунатай уулзсан. Тэгээд үл ялих асуудлаас болж маргалдаж гарнаас нь татаж машиндаа суулгаж, зүүн гарных нь булчин руу цохих зэргээр биед нь халдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

Хохирогч Н /.../-с: “Миний бие Н /.../ 5 дугаар сарын 23-ны өдөр Мэндбаяр овогтой Золбаярын эсрэг гомдол гаргаж, дуудлага өгсөн. Үүнээс хойш иргэн Золбаяртай ярилцаж тохиролцож, гомдолоо шийдвэрлүүлсэн тул уг гомдлыг хүчингүй болгож өгнө үү, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт гаргаж байна” /хх-ийн 43, 48 дугаар тал/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Прокурор С.Баяр-Эрдэнээс “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн...” гэх агуулгаар бичсэн эсэргүүцлийг хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн үндэслэлээр оролцогчийн хүсэлтийг хангаж прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаартай тогтоол гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр прокуророос яллагдагч М.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн 445 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбар өгсөн, яллагдагч М.З нь бусдад төлөх төлбөргүй талаар дурджээ.

Шүүгдэгч М.З нь хохирогч ......ын өөртөө засах орны иргэн Н /.../-тай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Сити тауэр”-ын зогсоол дээр уулзан, улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, харин шүүгдэгч М.Зын үйлдэлд өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн байдалд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

 Прокурор хохирогчийн  “... 2025 оны 5 дугаар сарын 23-ны 14.00 цагийн үед Сити таурын зогсоол дээр салсан найз залуутайгаа уулзаж байгаад хоорондоо маргалдсан. Намайг машинд суу гэхээр нь би суухгүй гэсэн чинь миний гэдэс рүү цохисон тэгээд миний гэдэс өвдөөд би гэдсээ дарсан чинь намайг чирээд машины урд талын суудал дээр суулгасан тэгээд миний хоёр гарын булчин хэсэг рүү олон удаа цохисон. Жижиг цагаан өнгийн хутга шиг зүйлээр айлгасан. Тэгээд миний утсыг аваад нуусан. Хүнийг зодохдоо мэдэгдэхгүй, харагдахгүй газар цохидог юм гээд зөндөө цохиосон тэгээд би утсаа авах гэсэн боловч миний хоолойг боосон тэгээд тэр газраас хөдлөөд ... зочид буудлын зогсоол дээр ирж зогсоод дахин гар руу цохисон тэгээд машины бензин дуусч байна бензин хийж өг гээд клонк дээр ирээд би бензин хийж өгөөд бид хоёр ... сургуулийн зогсоол дээр ирэхэд би бууя гэж хэлэхэд буулгаад би явсан...” гэх мэдүүлгийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа нь тодорхойгүй гэжээ. Хохирогчийн уг мэдүүлэгт шүүгдэгч М.З нь түүний биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтын талаар мэдүүлсэн байх бөгөөд машиндаа бензин хийлгэх зорилгоор өөрийнх нь биед халдан, зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх агуулгыг илэрхийлээгүй, шүүгдэгч өөртөө эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор түүний биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх  үйл баримт дурдагдаагүй байна.

Мөн прокурор  хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн бус нотлох баримт дутуу байхад шүүх хэргийн  зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх агуулга бүхий эсэргүүцэл гаргасан боловч прокурор хэргийн байдал нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж прокурорын яллах дүгнэлтэд дурджээ.

 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч М.З нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч гомдол саналгүй гэсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэнг буруутгах үндэслэлгүй юм.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байгаа боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийдэх нь үндэслэлтэй гэж үзэн шийдвэрлэснийг мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар  гомдол, эсэргүүцэл гаргах хуулийн зохицуулалттай болохыг оролцогч нарт анхааруулах нь зүйтэй. 

Иймд прокурорын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 30 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/480 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор С.Баяр-Эрдэнийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.     

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ      

            ШҮҮГЧ                                                            Л.ОДОНЧИМЭГ

            ШҮҮГЧ                                                            П.ГАНДОЛГОР