| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0275/Э |
| Дугаар | 298 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 298
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Шүүгдэгч Ц.М/өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Мөнхбатад холбогдох эрүүгийн 1811008140317 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Цэндийн Мөнхбат, 1973 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай хэсэг гудамж, бага ам тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 12-240а тоотод оршин суух, Нийслэлийн шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86-р зүйлийн 2 дахь хэсгийн Б-д зааснаар 20 жил хорих ялаар шийтгэгдэж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЧД73110611/.
Шүүгдэгч Ц.Мнь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 сарын 05-наас 06-ны шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 12-240а тоотод гэртээ хамтран амьдрагч Д.Оюунтуяаг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Мнь 2018 оны 03 сарын 05-наас, 03 сарын 06-ны өдрийн шилжих шөнө, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 12-240а тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.Оюунтуяатай үл ялих зүйлээс болж маргалдаж, нүүр лүү нь цайны сав шидэж түүний биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Д.Оюунтуяагийн /хх-10/: “..2018 оны 03 дугаар сарын 05-ны орой би өөрийнхөө төрсөн эгч, дүү нартайгаа хоол идчихээд 22 цагийн орчим гэртээ..очиход манай хамтран амьдрагч Ц.Мтуслах ажилтан Дүгэрсүрэнтэй хамт 0.75 литрийн 2 шил ерөөл архи хуваагаад уучихсан байсан. Тэгээд Ц.Мнь “ах, эгч нартайгаа уулзахдаа дагуулж явсангүй, би хүн биш юм байна” гэж над руу уурлаад 0.5 граммын цайтай сав нүүр лүү шидээд миний хамарны орчимд оносон. Тэгээд жижиг архины хундага шидэхээр нь би бултчихсан чинь Мөнхбат миний өмсөж байсан гэрийн халатаар хоолой боогоод ам руу салаавч хийж чичлээд байсан. Тэгээд би гэрээс гарч зугтаагаад цагдаад дуудлага өгч Мөнхбатыг бариулсан..өмнө нь намайг цохиж зодож байгаагүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Мөнхбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ: /хх-12, 21/ “..Оюунтуяаг “чи ах, дүү нараасаа намайг хөндийрүүллээ намайг дуудсангүй ядаж баяр тэмдэглэх гэж байгаагаа хэлээд явчихгүй” гэж хэлээд өөрийнхөө цайны хуванцар сав шидсэн чинь Оюунтуяагийн нүүрийг оночихсон..” гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Ц.Мөнхбатын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-23/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-35/ зэрэг мөрдөн шалгах ажиллааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан талаараа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3362 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Оюунтуяад учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд үүнийг хохирогчид хөнгөн хохирол учруулсан гэж үзлээ. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Мөнхбатын дээрх байдлаар хамтран амьдрагч Д.Оюунтуяаг зодсон нь санаатай үйлдэгдсэн бөгөөд энэ нь гэр бүлийн хүрээнд буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэнд сэтгэл санааны эсрэг удаа дараагийн үйлдэл байх тул “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Мөнхбатыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Мөнхбатаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Мөнхбатыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Ц.Мнь хохирогч Д.Оюунтуяад учруулсан 700.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Мнь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Цэндийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Мөнхбатыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнхбатад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Мнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Ц.Мнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Мөнхбатад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР