| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0281/Э |
| Дугаар | 301 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 301
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Т.Эрдэнэбат,
шүүгдэгч М.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Мэ-ны Б*-гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811005240316 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ворлд стоун ХХК-д үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, . тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт М.ны Б.г /РД: ЧК75010310/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ шүүгдэгч М.Бнь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Бнь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Сургууль"-ийн 5-67 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Ц.Батхүүтэй “Кумитэ” буюу зэвсэгтэй таквондогийн үзүүлбэр хийж байх явцдаа түүний дал, нурууны орчимд хутгалж, биед нь зүүн далны дээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт бүхий хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
М.Бадмаарагийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "..бид хоёр мэргэжлийнхээ талаар ярилцаж байгаад таеквондогийн зэвсэгтэй үзүүлбэр /күмитэ/ хийж байгаад би Батхүүгийн нуруун тус газар хутгаар хатгаж гэмтэл учруулсан юм. Би өмнө өгч байсан мэдүүлэгтээ энэ талаар тодорхой ярьсан байгаа. Миний хувьд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Миний бие найзынхаа эмчилгээний зардалд нийт 2.050.000 төгрөг зарцуулсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,
хохирогч Ц.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бадмаараг бид хоёр улсын аваргын талаар яриад ямар үзүүлэх тоглолт хийхээ ярьж байгаад бид хоёр хоосон сүүл /зэвсэгтэй үзүүлбэр күмитэ/ хийж байгаад Бадмаараг жижиг хутгатай араас хийх үү, доороос хийх үү гэж байгаад энэ нь дээр юм гээд дээрээс хутгатай довтлоход нь би хамгаалж амжаагүй юм. Тэгтэл миний зүүн далны дээд хэсэгт дүрэгдсэн. Тэгээд бага зэрэг цус гараад Бадмаараг хараад гайгүй байна гэхээр нь би ч тоогоогүй.., ..тухайн үед санаандгүй ийм асуудал болчихсон. Найз маань тусалж дэмжиж эмчилгээнд минь анхаарч байгаа надад гомдол санал байхгүй. Биеийн байдал ч гэсэн дээрдэж байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/,
гэрч Ш.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...тухайн үед Батхүүгийн ар нуруунд 1 см орчим хэмжээтэй шарх харагдаж байсан. Цус нь дал руугаа нилээд урссан байсан. Би тухайн үед сандраад Бадмаарагийг ямар байдалтай байсныг сайн анзаараагүй.., ..Бадмаарагийг яг Батхүүг хутгалж байхыг бол хараагүй. Ямар ч байсан тэр 2 л гэртээ байсан.." гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20х/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №2235 дугаартай дүгнэлт: "...Батхүүгийн биед зүүн далны дээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Б.гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч М.Б.гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.
Шүүгдэгч М.Б.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролоо сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүлээж буй байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хувийн байдлыг нь харгалзан түүнд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.