Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/1259

 

 

 

 

 

 

    2025           11             05                                         2025/ДШМ/1259

 

Д.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир /цахимаар/,

хохирогч С.Л,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

иргэний нэхэмжлэгч Г.Б, О.А,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1988 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Т-т холбогдох............... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Донторын Тэнгис, ........оны ......... дугаар сарын ........-ны өдөр, ............. аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ............ хамт ........... дүүргийн 3..... дугаар хороо, ...........хороолол, ........... байрны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Шүүгдэгч Д.Т нь ............ дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимпийн гүүрний замд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 цагийн орчимд BMW маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн дүрмийн 2 дугаар хавсралт Нэг. Хэвтээ тэмдэглэл: 1.4, 1.1-1.3, 1.15.а- 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг тус тус зөрчсөний улмаас Тоёота акуа маркийн ............, Тоёота приус маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Т-г“Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг Улаанбаатар хотын .......... дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Т-т мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 1, 511.3 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Тээс 7,329,200 төгрөгийг гаргуулж, хохирогч С.Лд, 13,028,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Г.Бд, 3,900,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч О.Ад, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Тээс 183,442 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Б, О.А, хохирогч С.Л нарын ажилгүй байсан хугацааны цалин, асаргааны зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, тэдгээрийн энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдолдоо: “... 2025/ШЦТ/1988 дугаартай шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь” хэсгийн “4 дэх заалтад Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:” хэсэгт дараах дүгнэлтийг хийж, улмаар тухайн дүгнэлтдээ үндэслэн “... 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг ... хориглож ...шүүх шийдвэрлэв” гэсэн нь “Эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд бүрэн нийцээгүй”, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан үр дагаварт хүргэсэн байна. Тухайлбал: 1.Шийтгэх тогтоолын “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:” хэсэгт энэ талаар дүгнэлт хийхдээ: “4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо” гэсэн хууль хэрэглээний тайлбарыг хийсэн байна. Гэтэл дээрх хууль хэрэглээний тайлбартаа зөрчилдсөн агуулгаар буюу ял, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа “... 26 хорооны нутаг дэвсгэрээс гарахыг ... хориглож ...” шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна. Тодруулж хэлбэл, тухайн гэмт хэрэг нь “Гэм буруугийн хэлбэр”-ийн хувьд “Болгоомжгүй” хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг ба энэ талаар шүүх өөрөө хангалттай тодорхой дүгнэсэн байгаа нь эсрэгээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй бүрэн нийцэж чадаагүй байна.Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэгт “Амьдрах, амжиргаагаа залгуулах, ажил хөдөлмөр эрхлэх” боломжгүй болгож тодорхой хорооноос гарах боломжгүйгээр 2 жилийн хугацаанд хязгаарлана гэдэг бол тухайн гэмт хэрэгт тохирохгүй, “Хүнлэг бус” хэтэрхий эрх зүйн байдлыг дордуулсан хувилбараар тодорхойлж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь “Нийгэмд аюултай, аюулын хэр хэмжээ нь зайлшгүй хороогоор хязгаарлах хэмжээний биш” байхад хороогоор хязгаарлалт тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Мөн шүүгдэгчийг 2 жилийн хугацаанд хорооноос гарахыг хязгаарлсан хариуцлага оногдуулсан нь шүүгдэгчээс ажил хөдөлмөр эрхлэж түүний үр дүнд орлого олж, түүгээр хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөрийг төлөх боломжийг хязгаарласан байгаа нь өөрөө эсэргээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь ... хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасантай бүрэн тохирохгүй байна. Учир нь, шүүгдэгч нь 24 настай залуу хүний хувьд ажил хөдөлмөр эрхлэж, түүнээс олсон орлогоор хохирол, төлбөрийг түргэн шуурхай төлж барагдуулсанаар хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирол, төлбөр түргэн шуурхай төлөгдөх, энэ талаарх гомдол санал барагдуулах боломжтой болох юм. Гэтэл хороогоор хязгаарласнаар эцсийн дүндээ хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөр 2 жилийн хугацаанд төлөгдөж, барагдах боломжгүй болгосон үр дагаврыг ч үүсгэхээр байгаа ба энэ байдал нь шууд нөлөөлөхөөр байна. Тиймээс энэ талаар бодит дүгнэлтийг хийж ял, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа бодитой тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан. Мөн Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог ч энэ зорилгын хэр хэмжээ нь “Зөв, оновчтой, тохирсон байж гэмээнэ зорилго биелэгдэнэ”. Гэтэл “Цээрлүүлэх” гэх зорилгыг хэт нэг талаас нь хүнд хэлбэрээр тайлбарлан байж болох хамгийн хүнд байдлаар цээрлүүлэх гэсэн ойлголтоор хэрэглэж байгаа нь эцэстээ хороогоор хязгаарласан хариуцлага хүлээлгэх үр дагаврыг авч ирсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу нь тогтоогдож байгаа бол “Цээрлүүлэх” нь гарцаагүй байх зарчимтай ч цээрлүүлэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, бусад нөхцөл байдалд илүү оновчтой, тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэх тохиромжтой байх нь түүний дараагийн чухал зарчим юм. Энэ талаас нь үндэслэл бүхий байдлаар ял, эрүүгийн хариуцлагыг зөв тодорхойлж оногдуулж чадаагүйгээс дээрх үр дагаврыг дагуулахад хүрээд байна. Шүүх нь “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор” нэмэгдэл ял болох “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах” ял оногдуулсан байх ба энэ нэмэгдэл ялын хүрээнд шүүгдэгчийг 3 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байдлаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгодоо хангалттай хүрсэн байна. Гэтэл энэ зорилгоос хэт давж, давхар хороогоор хязгаарлах байдлаар ял оногдуулсан нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Тээс: “...учруулсан хохирлоо би бүрэн өөрөө хариуцаж төлж, хурдан шийдвэрлэхээ амлаж байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд гаргасан асуудал бүх зүйлдээ уучлал гуйж байна. Ажлын шаардлагаар хөдөө орон нутаг руу явах шаардлагатай байдаг тул зорчих эрх хязгаарлах ялаас өөр төрлийн ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн санал тайлбарыг гаргасан байдаг ба харин прокуророос: “Шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзээд Тээврийн хэрэгсэл хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох саналтай байна...” гэсэн саналыг гаргасан байгаа нь нэг талдаа шүүхийн хороогоор хязгаарласан шийдвэр нь үндэслэл муутай болсныг харуулж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилго болон ажил хөдөлмөр эрхэлж хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирол, төлбөрийг төлөх, нийгмийн харилцаанд оролцох, нийгэмших нөхцөл байдлыг хэт хязгаарлаж байгаа нь тухайн гэмт хэргийн хувьд хэт оновчгүй болсон байна. Хэдийгээр хуульд уг ялыг ямар хүрээгээр хязгаарлаж болно, ямар хүрээгээр хязгаарлаж болохгүй, түүний хүрээ хэмжээг нарийвчлан тогтоож өгөөгүй ч шүүхээс уг ялыг сонсож оногдуулахдаа хязгаарлалтыг хэт нарийвчлан тогтоох байдлаар оновчгүй тодорхойлж бас болохгүй юм. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож байгаа ч тухайн шүүгдэгч гэм буруугаа ухамсарлаж, шүүхээс оногдуулсан ялыг өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон, оновчтой байгааг хүлээн зөвшөөрч, улмаар цаашид дахин гэмт хэрэг үйлдэхээс өөрөө урьдчилан сэргийлж, болгоомжилж үүний зэрэгцээ ажил амьдралаа залгуулах боломжтой, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөх нөхцөл боломжийг бүрдүүлсэн, нөгөө талдаа шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын талаар хэт эсэргүүцэл, хорсол төрөхгүй, хүлээн зөвшөөрсөн хэмжээнд аль аль талдаа тохирсон, оновчтой байх нь өөрөө эрүүгийн хариуцлагын зорилго бүрэн биелэгдэх агуулгад нийцэх юм. Тиймээс дээрх шүүхийн дүгнэлтэд тал бүрээс нь бүрэн дүгнэлт өгч шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү.

2. Шийтгэх тогтоолын “Эрүүгийн хаиуцлага хүлээлгэх талаар:” хэсэгт энэ талаар дүгнэлт хийхдээ: “4.3. Түүнчлэн шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв...” гэж дүгнэжээ. Гэтэл шүүх өөрөө шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгтээ:

“...Харин шүүгдэгч Д.Т нь гэм буруу дээрээ маргахгүй, зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч...”, “Түүнчлэн шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт... Тухайн үед санаатайгаар мөргөнө гэж бодоогүй. Зам мөстөөд халтиргаа ихтэй байсан. Машин мөсөн дээр гулгаад мөргөчихсөн. Хянах боломжгүй байсан. Надад санаатайгаар хааз өгөөд, эсхүл санаатайгаар энэ хүнийг гэмтээе гэсэн бодол байгаагүй...” гэснийг тус тус дурдаж тодорхойлсон.

Мөн шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсгийн “Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой” гэх хэсэгт: “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 185 дахь тал)” гэж нотлох баримтаар тодорхойлсон. Мөн шийтгэх тогтолын “тодорхойлох нь” хэсгийн “2. шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт” гэх хэсэгт: “Шүүгдэгч Д.Т-н…Ослын талаар нэмж ярих зүйл байхгүй, санамсаргүй байдлаар гэнэт ийм осол гарсан. Тэрнээс ямар нэгэн санаа агуулаагүй. Үнэхээр санаандгүй гэнэт болсон…Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна…Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй…Хохирогч болох Билгүүний эзэмшлийн машиныг засварт өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 2.800.000 төгрөг гаргасан байгаа. Журмын хашаанаас авах зардал 800.000 төгрөг, Ветнам засварын газарт 2.000.000 төгрөг урьдчилгаа өгсөн байгаа, дээрээс нь сэлбэг хэрэгсэл захилгаар 3.300.000 төгрөг болж байгаа. Уг тээврийн хэрэгслийг засварт өгсөн байгаа. С.Л хохирогчийн хохирол барагдуулна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 181 дэх тал) гэж тодорхойлж, үүнийг нотлох баримтаар үнэлсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсгийн “3. Хохирол. Хор уршиг- хохирол төлөгдсөн байдал:” хэсэгт: “Шүүхээс шүүгдэгч Д.Т нь анх удаа хөнгөн ангиллын болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоо 24 настай … зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж…, гэсэн дүгнэлтийг тус тус хийсэн байна.

Гэтэл дээрх нөхцөл байдалтай тохирохгүй байдлаар буюу шүүхийн өөрийнх нь шийдвэртээ тодорхойлсон байдлыг харгалзан үзээгүй гэж үзэхүйц байдлаар ял, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хороогоор хязгаарласан шиийдвэр гаргасанд гомдолтой байна. Тиймээс Давж заалдаж шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж ял, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний хувьд хөнгөрүүлсэн, дээрдүүлсэн байдлаар ингэхдээ оновчтой байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсье.

3.Мөн шийтгэх тогтоолд “…Шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна…” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

Гэтэл шүүгдэгч Д.Т-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдал тогтоогдсон байна. Шүүх өөрөө шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгтээ дүгнэж тодорхойлсон атлаа энэхүү тогтоогдож байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг мөн бөгөөд 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал”, мөн “Анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй байгаад гомдолтой байна.

Учир нь, шүүгдэгч Д.Т анх удаа, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хуулийн дагуу цугларч бэхжигдсэн бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тиймээс Давж заалдах шатны шүүхээс энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болоод хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлт өгч тодорхой хэмжээ, нөхцөлөөр ч болов түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү.

4.Шүүгдэгч Д.Т “Гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа шүүх бүрэлдэхүүний өмнө амласан” байдаг ба энэ нь шийтгэх тогтоолд тодорхойлогдсон байна.

Шүүгдэгч Д.Т-н хувьд дээрх амлалтандаа хүрч, шүүхээр тогтоогдсон хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хохирол, төлбөрийг Давж заалдах шатны шүүх хурлын өмнө төлж барагдуулахаар өөрт байгаа бүх боломжоо ашиглан ажиллаж байгаа болно. Хэрэв хохирол төлбөр төлөгдөх боломж бүрдсэн тохиолдолд хохирол, төлбөрийг төлж баримтыг шүүхэд гаргаж өгөх болно.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1988 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Т-т оногдуулсан Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялыг өөрчлөн хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдаанд: “хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд: “Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн эсэх буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороогоор бүсчлэлийг тогтоож хязгаарлаж ял оногдуулсан нөхцөл байдал тохиромжтой байсан эсэхтэй холбоотой давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс дараах нөхцөл байдлыг анхаарч ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн хүсэж байна. Шүүгдэгч Д.Т-н хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шүүхийн шатанд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хувийн байдлыг анхан шатны шүүхээс дүгнэсэн. Энэ гэмт хэргийн тухайд санаатай бус болгоомжгүй байдлаар үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа тохиолдын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бий. Үүнийг анхан шатны шүүх дүгнэсэн атлаа хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна хэмээх дүгнэлтийг хийсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэх нь зүйтэй. Хохирол төлбөр анхан шатны шүүх хуралдааны явцад төлөгдөөгүй байсан. Тиймээс уг асуудлын хүрээнд анхан шатны шүүхийг буруутгах аргагүй. Тухайн үед өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд орсон. Санхүү нөхцөл байдлын хувьд хохирол төлбөрийг төлж чадалгүй анхан шатны шүүх хуралдаанд оролцсон нөхцөл байдал бий. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө анхан шатны шүүхээс тогтоосон хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх ёстой хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан. Үүнтэй холбоотой баримтуудаа сая гаргаж өгсөн. Хохирогч С.Лгийн сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал гээд шүүхээс 7,329,000 төгрөг гэж тогтоосон. Үүнийг шүүгдэгч төлсөн. Иргэний нэхэмжлэгч О.Ад 3,900,000 төгрөг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Г.Бд шүүхээс 13,000,000 гаруй төгрөг төлөхөөр тогтоосон боловч 15,000,000 төгрөг төлж барагдуулсан. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар өөрсдөө шүүх хуралдаанд биечлэн хүрэлцэн ирсэн байх тул энэ талаарх тайлбараа мөн өгөх байх. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ял оногдуулсан. Үүнийг хоёр жил болгон хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Мөн зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн доод хэмжээнд оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг. Хохирлыг төлөхийн тулд зээл авсан. Уг зээлээ төлөхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай. Хоёр жилийн хугацаанд хязгаарласнаар маш хүнд үр дагавар үүсэж байна. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс тал бүрээс нь харгалзан үзэж өгнө үү. Нийтэд тустай ажил хийлгэх ялын төрөл энэ гэмт хэрэгт багтсан. Тиймээс нийтэд тустай ажил хийлгэх ялын цагийг зохимжтой байдлаар оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд залуу хүн учраас нийтэд тустай ажил хийж ухамсарлаад дахин гэмт хэрэг гаргахгүй болно. Тиймээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч С.Л шүүх хуралдаанд: “Миний хувьд хохирол төлбөрөө хүлээж авсан. Уг гэмт хэргээс шалтгаалан миний өвчүү хоёр хугарсан. Уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа цаашдаа иргэний журмаар нэхэмжлэх боломжтой гэж ойлгосон. Хохирлын төлбөрийг өчигдөр шөнө надад шүүгдэгчээс шилжүүлсэн байсан. Надад өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд: “Гэмт хэрэг гарсны дараа хохирлыг барагдуулах талаар шүүгдэгч болон түүний ар гэртэй нь уулзахад яаралтай барагдуулах талаар хэлж, бүх нөхцөл байдлаа тайлбарлаж хэлсэн. Осол гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл шүүгдэгч Д.Т нь хохирол төлбөр төлсөнтэй холбоотой өр зээл ихтэй байгаа. Түүний зүгээс маш их зээл авч хохирлоо барагдуулсан. Анхан шатны шүүх машины дугуй халтираад осол гарснаас болж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж байгаа нь шударга бус санагдаж байна. Зээл авч хохирлоо барагдуулсан хүнийг ажил хийх боломжоор хангах хэрэгтэй болов уу. Хэрэв зорчих эрх хязгаарлах ял оногдуулах юм бол цаашдаа энэ залуу яаж амьдрах вэ. Тиймээс шударга хандаж зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү” гэв.

Иргэний нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд: “Хохирлыг минь барагдуулсан учраас хэлэх тайлбар байхгүй” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир шүүх хуралдаанд: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Тт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял нь хуульд заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн гэж үзэж байна. Б.Тийн хувьд хөдөө орон нутагт ажилладаг хэмээн мэдүүлдэг. Тиймээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах боломжгүй хэмээн үзэж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад прокурорын зүгээс татгалзах зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Т нь ...... дүүргийн .......р хорооны нутаг дэвсгэр . ....оны ...... дүгээр сарын .......-ний өдөр 10 цагийн орчимд BMW маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн дүрмийн 2 дугаар хавсралт Нэг. Хэвтээ тэмдэглэл: 1.4, 1.1-1.3, 1.15.а- 1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг тус тус зөрчсөний улмаас Тоёота акуа маркийн ............, Тоёота приус маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Хохирогч С.Лгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би 2025 оны 01-р сарын 21-ний өглөө 07 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад гадуур хүн тээвэрт явж байгаад 10 цагийн орчим Замын цагдаагийн урдаас нэг хүн гар өргөхөөр нь суулгаад Улаанбаатар сувилал орно гэхээр нь хүргэж өгөх гээд явж байсан. Тэгээд шинэ гүүрээр хойноос нь урагшаа даваад явж байх үед би ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд гүүрний хэсэг рүү уруудаад явж байтал өөдөөс буюу урдаас хойш явах чиглэлийн нэгдүгээр эгнээнээс хар өнгийн гэр бүлийн автомашины хойд талаас цагаан өнгийн суудлын автомашин гэнэт хөндлөн орж ирээд миний зүүн гар талд явж байсан цагаан өнгийн суудпын автомашиныг мөргөөд миний автомашиныг ирж мөргөсөн. Би тэр үед зорчих хэсгийн хоёрдугаар эгнээнд явж байсан. Тэгээд шууд түргэн тусламж дуудаад үзүүлэхэд түргэний эмч зүрх өвдсөн байна гэмтлийн эмнэлэг явж үзүүлээрэй гээд явсан. ...Би 1 зорчигчтой явж байсан... Миний хүзүү шалбарсан. Томографын зураг авхуулахад өвчүүний яс хугарсан байна гэсэн. ... 2013 онд Улаанбаатар хотод жолоодох эрх авсан. Түүнээс хойш тасралтгүй автомашин жолоодож байгаа. Миний жолоодож явсан Toyota Prius маркийн ............улсын дугаартай автомашин нь манай нөхрийнх... Тухайн зам тээврийн ослын улмаас миний жолоодож явсан автомашинд учирсан хохирол бүрэн барагдуулбал гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг болон бичгээр гаргасан өргөдөл (хх 23, 16),

Иргэний нэхэмжлэгч Г.Бий зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Би 2025 оны 01-р сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад Цэнгэлдэх хүрээлэнгийн хойд замаар яваад Хан-Уул дүүргийн чиглэлд явах гээд Олимпын шинэ гүүрийг хойд талаас нь урагшаа чиглэлд давж явсан. Би тэр үед зорчих хэсгийн хойноос урагшаа чиглэлд хамгийн зүүн гар талын эгнээнд үргэлжилсэн цагаан шугам тэмдэглэлд ойрхон байдалтай гүүр даваад урагшаа бага зэрэг уруу замаар явж байтал ойролцоогоор 09 цаг 47 минутын орчим эсрэг урсгал буюу урдаас хойд зүгт явах чиглэлд явж байсан цагаан өнгийн суудлын автомашин жолоодлого алдсан байдалтай нүдний үзүүрт харагдах шиг болсон. Тэр үед миний эсрэг талын гуравдугаар эгнээгээр гэр бүлийн загварын автомашин зөрөөд өнгөрөх үед тэр автомашины хойд талаас намайг мөргөсөн цагаан өнгийн автомашин гэнэт гараад ирэхээр нь би тоормос гишгэх үед цагаан эвтомашин миний автомашиныг зүүн урд хэсэг рүү мөргөөд бас дахиад миний автомашины зүүн хойд хэсэг рүү мөргөөд миний автомашин тэр мөргөлтөөс хажуу тийшээ үсрээд хажуугийн буюу миний баруун гар талын эгнээнд явж байсан өөр нэг суудлын автомашинтай мөргөлдсөн. Тэгээд би өөрийн автомашинаас буугаад харахад гүүрний хашлаганд тулаад зогссон байсан... Би зорчигчгүй явж байсан... Толгой доргисон. Одоо биеийн байдал толгой өвдөөд байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй... 2020 онд Улаанбаатар хотод жолоодох эрх авсан. Түүнээс хойш тасралтгүй автомашин жолоодож байгаа. Миний жолоодож явсан Toyota Aqua маркийн ............ улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх... Тухайн зам тээврийн ослын улмаас миний жолоодож явсан автомашинд учирсан хохирол болон эрүүл мэндийн байгууллагаар явсан зардлыг бүрэн барагдуулбал гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлт (хх 19, 22),

мөн түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Зах зээлийн үнэлгээ 12,103,000 төгрөг, төлбөр нь 870,000 төгрөг нийт гарсан зардпыг нэхэмжилнэ. Эрүүл мэндийн хувь түр хугацаанд ажлаа хийгээгүй учир цалин хөлсний алданги тооцуулж хохирол нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх 84),

Иргэний нэхэмжлэгч О.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Осол болсны дараа 30 минутын дараа эхнэр залгаж мэдэгдсэн... Буруу талын буюу жолоочийн эсрэг тал бол тэр чигтээ хохирол, явах эд анги буюу тэнхлэг тохиргоо маш их эвдрэлтэй явах боломжгүй болсон байсан... Үнэлгээгээр 3,900,000 төгрөг дээр нь төлбөр нь 310,000 төгрөг зардал гарсан...Жолоочийн хариуцлагын даатгал байгаа...Гомдолтой байгаа. Хохирол нэхэмжилнэ. Хохиролгүй болговол сайн л байна...” гэх мэдүүлэг (хх 76),

“Болор үнэлгээ" ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний “...Toyota Aqua 20, 5339 УБО ... Нийт шууд зардлын дүн 2,635,000 төгрөг...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 3,900,000 төгрөг...” гэх тайлан болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 29-32),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн “...Toyota Aqua, ...... ... Нийт шууд зардлын дүн 10,023,000 төгрөг ... Үнэлгээгээр тогтоогдсон дүн 12,103,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 42-44),

Дельта сервис “Агрегат засварын цех”-ийн “...Toyota Aqua, 6620 УЕА... Дээд эд ангиудыг сэргээн засварлах боломжгүй учир солих шаардлагатай. Гэмтэлтэй сэлбэгүүдийг сольж суурилуулсны дараа тэнхлэг тохиргоо, гэрэл тохиргоо, компьютер оношилгоо хийлгэх шаардлагатай гэж дүгнэв...” гэх оношилгоо (хх 48-49),

Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/2717 дугаартай Шинжээч эмч Б.Баяртогтохын “...1.С.Лгийн биед гвчүү ясны далд хугарал, цээж, баруун өвдөгт цус хуралт, цээж, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх 55-56),

Нийслэлийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1146 дугаартай “...1. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Лгийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна...2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх 124-126),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт (хх 04-14),

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2025.01.21-ний өдрийн 10 цагийн орчимд цахим орчинд тавигдсан бичлэг дээр зорчих хэсэг BMW маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хөндпөн орж ирж байгаа нь тод харагдаж байна... 2025.01.21-ний өдрийн 10 цагийн орчимд цахим орчинд тавигдсан бичлэг дээр зорчих хэсэг BMW маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хөдлөн гулгаж үргэлжилсэн цагаан шугам давж эсрэг урсгалд явж байсан Toyota Aqua маркийн ............ улсын дугаартай автомашин болон Toyota Prius маркийн ............улсын дугаартай автомашинуудтай мөргөлдөж байгаа нь тод харагдаж байна...” гэх тэмдэглэл (хх 72-73) зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-н тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч С.Лгийн сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал 7,329,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Ад 3,900,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бд 15,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. ... Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж ял шийтгэлийг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх тайлбар, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “хохирол төлбөрөө бүрэн авсан гомдол саналгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон түүний анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацагаар хасаж 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсаныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан зүй зохистой байдлыг бүрдүүлэх үүднээс хамт олон, гэр бүлийнхээ орчинд хүмүүжих, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд хөдөлмөрлөх эрхийг нь хангахаас гадна суралцах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг эдлүүлж, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг болон үйлдсэн гэмт үйлдлээ ухамсарлах боломжийг олгоход чиглэсэн байдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.” гэж хуульчлан заасан бөгөөд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, зайлшгүй хэрэгцээ шаардлагуудыг харгалзан чөлөөтэй зорчих хязгаарлалтын бүсийг нэг, эсхүл хэд хэдэн дүүрэг, хороо, багийн нутаг дэвсгэрийн аль тохирох нэгжийг хамааруулан Эрүүгийн хуульд зааснаар тогтоож болох тул шүүгдэгч Д.Т-н өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа зорчих эрхийг хязгаарлах ялын талаар хуульд тусгайлан заасан ойлголт, уг ялыг хүлээлгэх үндэслэл, журам, зарчмыг үндэслэлтэй тайлбарлан хэрэглэж чадаагүй, уг ялын хүрээ, хязгаарыг оновчгүй буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн  26 дугаар хорооноос гарахыг хориглох байдлаар ялын бүсчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод уг ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал байгаа  тул зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын Баянзүрх  дүүрэг болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн талаар баримтыг ирүүлсэн  болохыг дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1988 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг Улаанбаатар хотын ..............дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглож” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ОДОНЧИМЭГ  

ШҮҮГЧ                                                                Н.БАЯРМАА

ШҮҮГЧ                                                                 П.ГАНДОЛГОР