Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/1266

 

 

 

 

     2025           11             06                                       2025/ДШМ/1266

 

Э.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т, түүний өмгөөлөгч Х.Мөнхзул,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Жамиймаа,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2012 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б, ............ оны 07 дугаар сарын ..........-ны өдөр, .......... аймгийн ............суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............. ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ..............дүүргийн .......... дүгээр хороо, .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................/,

Шүүгдэгч Э.Б нь 2025 оны ......... дүгээр сарын ...........ны өдрийн 14 цаг 17 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар дунд сургуулийн урд явган хүний гарц дээр “Тоёота приус” маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Баас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2,149,490 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 10,288,080 төгрөгийг тус тус гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Тд олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Баас 654,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч Т.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардал бусад хохирол, хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо: “...65 дугаар сургуулийн гэрлэн дохион дээр зогсоод хөдлөх үед хүүхэд гарцаар гүйж гарч ирж машинд шүргүүлсэн. Тухайн хүүхэд газар унаж гэмтээгүй цааш яваад өгсөн, зогсоод дуудах гэсэн боловч араас машин сигналдаад байсан тул хөдлөөд явсан. Тухайн өдрийн орой замын цагдаагаас над руу залгахад нь би очиж уулзсан. Би осол болсон газар очиход замын цагдаагийн бүрэлдэхүүн болон хохирогч хүүхдийн эцэг, эх байсан. Ойролцоох дэлгүүрийн камерыг шүүсэн. Мөн хэмжилт хийсэн. Хэмжилт хийж дуусаад миний машиныг ачаад явсан. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хүүхдийн рентген зургийг авхуулсан, хариу нь зүгээр гэж гарсан. Дараа нь томографийн зураг авхуулсан. Мөн МRI хийлгэх шаардлагатай байна гэсэн. МRI шинжилгээний хариугаар хүүхдийг гэмтэл авсан байна гэж гарсан. Тухайн үед би хүүхдэд хэрэглэгдэх эм тариа, эмчилгээний төлбөрийг төлж байсан. Хүүхдийн эцэг, эхээс эхний ээлжинд эмчилгээний зардалд 4-5 сая төгрөг нэхэмжилсэн. Би боломжоороо 1,890,000 төгрөг төлсөн. Хохирогч хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг байцаагчаас сонссон. Уг ослоос болж хүндэвтэр гэмтлийг авсан уу, өмнө авсан гэмтэл байсан уу гэдгийг шалгуулах хүсэлтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1934 дугаартай дүгнэлт осол болсоноос хойш 60 хоногийн дараа гарсан байсан тул үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Мөн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/6078 дугаартай шинжээчийн дүгнэлт хэрэг болсон 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 хоногийн дараа гаргасан дүгнэлт тул уг дүгнэлтийг мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Хэргийн нөхцөл байдал хохирлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Э.Б би “Шилийн цахар” ХХК-нд оператор ажилтай байсан боловч энэ хэргээс болоод ажиллаасаа халагдсан. Одоогоор ажилгүй, 1-11 насны 4 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр Сувдмаа нь зүрхний хүнд хагалгаа хийлгэсэн тул байнгын эмнэлгийн хяналтанд байдаг. 3 настай болон 1 настай хүүхдээ хараад ажил хийх боломжгүй байдаг. Би давхар хөгжлийн бэрхшээлтэй эхийгээ хардаг. Би үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Хохирогчид эмчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд уг хэргийг дахин шалгуулж, үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргав.” гэжээ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т хариу тайлбартаа: “... 1.Шүүгдэгч Э.Бумбанбаатар нь “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагийн үед 65 дугаар сургуулийн урд талд байх замын гэрлэн дохион дээр зогсож байгаад машин хөдлөх үед хүүхэд гарцаар гүйж гарч ирээд өөрөө машинд мөргүүлсэн” гэсэн гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, хавтаст хэргийн 5-10 дугаар хуудсанд байх камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон камерын бичлэгтэй танилцахад замын зорчих хэсгийн гэрлэн дохио улаан өнгөөр асаалтай, явган хүний гарцын гэрлэн дохио нь ногоон өнгөөр асч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон байх үед Тоёота приус маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явган хүний гарцаар гарч байсан манай хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч Т.Дыг мөргөж, улмаар зам тээврийн ослын газрыг санаатай орхин зугтааж байгаа болох нь тодорхой харагддаг юм. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралд шүүгдэгч Э.Б нь мөрдөгчийн магадлагаатай танилцаад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утга бүхий гомдол гаргасанд маш их гомдолтой байна.

2. Шүүгдэгч Э.Б нь “араас машин сигналдаад байхаар нь хөдлөөд явсан. Тухайн өдрийн орой замын цагдаагаас залгахад очиж уулзсан” гэсэн гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир зам тээврийн осол, зөрчилд холбогдсон жолооч хэргийн газраас хөдлөхгүй байж байгаад замын цагдаа ирж үзлэг хийсний дараа хэргийг шалгаж байгаа мөрдөгчийн зөвшөөрлөөр машинаа хөдөлгөх үүрэгтэй талаар замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заасан байдаг. Гэтэл “араас машин сигналдаад байхаар нь ослын газрыг хаяж зугтаасан” гэсэн гомдол гаргасан байна.

3.Шүүгдэгч Э.Б нь “эмчилгээний зардалд 1.890.000 төгрөг өгсөн” гэсэн гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, шүүгдэгч Э.Б нь насанд хүрээгүй хохирогч Т.Дын эх М.Номуунчулууны Хаан банкны 5171084321 тоот дансруу 3-4 удаагийн гүйлгээгээр нийт 1.540.000 төгрөг “эмчилгээний зардал” гэж шилжүүлсэн ба Э.Б анхан шатны шүүх хуралд дээрх хохирол төлсөн баримтаа гарган өгч байсан. Гэтэл давж заалдах гомдолдоо 1.890.000 төгрөг гэж худал бичсэн байна.

4.Шүүгдэгч Э.Б нь “...10 хоногийн дараа шүүх шинжилгээгээр оруулсан. Хүндэвтэр дүгнэлт гарсан гэж байцаагч хэлсэн. Тухайн үед хохирогч хүүхэд эрүүл саруул гэж байсан. Хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй гэж байцааагчаас сонссон. Ослын өмнө байсан гэмтэл эсэхийг шалгуулах хүсэлтэй байна” гэсэн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ослын дараа би хүү Т.Дыг гэмтлийн эмнэлэгт авч очоод рентгэн болон томографикт үзүүлсэн. Мөн 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөгч, шинжээч томилох тогтоол үйлдэж надад өгсөний дараа хүүхэд “өвдөгөөр хатгаад гишгэж болохгүй байна. Гэхээр нь “..............” эмнэлэгт очиж MRI-д харуулан холбогдох баримтаа шүүх эмнэлэгт өгсөн ба энэ талаар хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд байх шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурьдсан байгаа. Дүгнэлтэд “тухайн осол болсон өдөр авсан шинэ гэмтэл байна” гэж тодорхой дурьдсан ба шүүгдэгч Э.Б нь шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад “санал, хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна” гэсэн тэмдэглэл үйлдсэн баримт нь хэрэгт байгаа. Мөн манай хүүхэд эрүүл саруул спортоор хичээллэдэг байхад “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд машины урдуур өрөө гүйж орж ирээд машинд мөргүүлсэн” гэсэн гомдол гаргасанд маш их гомдолтой байна.

5.Шүүгдэгч Э.Б нь хохирогч Т.Дын сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлтийг хэрэг болсон цаг хугацаанаас 60 хоногийн дараа дүгнэлт гаргасан байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн гомдол гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, гэмт хэргийн улмаас сэтгэцэд үүссэн хор уршгийг 60 хоногийн дараа тогтоож болохгүй гэсэн хууль зүйн зохицуулалт байхгүй ба шүүгдэгч Э.Б тухайн дүгнэлттэй танилцаад “санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна” гэсэн тэмдэглэл үйлдсэн баримт нь хэрэгт байгаа.

6.Шүүгдэгч Э.Б нь “би үйлдсэн гэмт хэрэгтэй чин сэтгэлээсээ гэмшиж байна. Гарсан эмчилгээний хохирлыг бүрэн барагдуулна. Иймд уг хэргийг дахин шалгуулж үнэн зөвөөр шийдүүлмээр байна” гэсэн гомдлыг би ойлгохгүй байна.

Учир нь, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, эмчилгээний зардлыг төлнө гэсэн атлаа үнэн зөвөөр шийдүүлмээр байна гэсэн гомдлыг ойлгохгүй байна.

7.Шүүгдэгч Э.Бын энэхүү гомдлыг хүлээн авч танилцсаны дараа манай хүүхэд насанд хүрээгүй хохирогч Т.Д сэтгэл санаагаар маш их унаж, сэтгэл гутралд орж, хичээлдээ идэвхгүй болсонд маш их гомдолтой байна.” гэжээ.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд: “...хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд: “... Би хохирогч Т.Дыг аав байна. Би 4 хүүхэдтэй бөгөөд Т.Д нь миний 2 дахь хүүхэд. Шүүгдэгчийн гаргасан гомдолтой танилцахад хэд хэдэн үндэслэлгүй зүйл бичсэнд гомдолтой байна. Шүүгдэгч “тухайн үед араас машин сигналдаад байсан учраас явсан” гэж бичсэн байсан. Хяналтын камерын бичлэгийг харах юм бол хүүхэд машинд шүргүүлчхээд замын хажуу руу гарч, цочролд орж зогсож байсан боловч жолооч орхин явж, хүүхэд маань дугаарыг нь авч хоцорсон байсан. Мөн миний хүүг давж заалдах гомдолдоо “хөгжлийн бэрхшээлтэй” гэж бичсэн байсан. Манай хүүхэд гар бөмбөгийн спортоор хичээллэдэг, бага насны ангилалд ахисан түвшинд суралцаж байсан боловч одоо спортоор хичээллэх боломжгүй болсон. 2025 оны 10 дугаар сард дахин эмчид үзүүлж, хяналтад ороход цаашид хөдөлгөөн хязгаарлаж, дахиж эмчилгээ хийх шаардлагатай талаар хэлсэн. Одоо дуртай спортоороо хичээллэх боломжгүй, хэрэг гарснаас хойш 6 сарын хугацаанд хөдөлгөөнөө хязгаарлуулсан нь хүүхдэд маань хүндээр тусаж байна. Энэ хугацаанд шүүгдэгч над руу нэг удаа залгаж, “хүүхэд чинь яаж байна, эдгэрч байгаа юу, ямар туслалцаа авах вэ” гэж асуугаагүй хэр нь “шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн” гэж гомдол гаргаж байгаад гомдолтой байна. Хэрвээ би өөрийнх нь хүүхдийн дайрсан бол юу болох байсныг мэдэхгүй байна. Энэ хугацаанд нэг ч удаа “уучлаарай” гэж ярьж байгаагүйд гомдолтой байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Тийн өмгөөлөгч Х.Мөнхзул шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч шинжээчийн дүгнэлттэй танилцаж, анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багасгах зорилгоор давж заалдах гомдол гаргасан гэж харж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд сэтгэцэд учирсан хохирлыг хэмжээг холбогдох хууль, журамд нийцсэн гэж үзэж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох журам, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан дээрх аргачлалын 3.8-д сэтгэцийн нөхөн төлбөрийг гаргуулахдаа ямар нөхцөл байдлыг харгалзан үзэх талаар нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл хохирогчид учирсан аливаа сөрөг үр дагаврыг бүгдийг нь харгалзан үзэх ёстой гэж заасан. Хохирогч нь өсвөр насны /11 настай/, бие бялдар, оюун санааны хувьд гүйцэт төлөвшиж, хөгжөөгүй, энэ үед авсан гэмтэл насан туршид нь сөрөг үр дагавар үүсгэж болохуйц үлдэцтэй байдгийг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа” гэдэг боловч энэ талаараа зөвхөн шүүхэд хэлж, гэмт хэрэг гарснаас хойш хохирогч, түүний төлөөлөгчтэй холбогдож байгаагүй. Шүүгдэгч өөрөө 4 хүүхэдтэй мөртлөө хохирогчийн биеийн байдлыг асууж, сураглаж байгаагүй учраас хуурамч гэмшил гаргасан гэж үзэж байна. Мөн тус гэмт хэрэг сургуулийн орчинд гарсан. Шүүгдэгч өөрөө “хүүхдээ хүргэх гэж явж байсан” гэж хэлдэг. Өөрөө 4 хүүхэдтэй, сургуулийн орчинд явж байхдаа хайхрамжгүй хандан зам тээврийн осол гаргасан. Хохирогчийн сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр дээрх журам, аргачлалд нийцүүлэн, тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр шийдвэрлэсэн. Хохирогч нь идэвхтэй, спортоор хичээллэдэг, биеийн тамирын хичээлдээ дуртай хүүхэд байсан боловч одоо биеийн тамирын хичээлээс чөлөө авч, явж чадахгүй, дугуйлан, секцэд хамрагдаж чадахгүй болоод байна. Хохирогч бусдаар туслуулж, үе тэнгийн хүүхдүүдээсээ хоцрогдох, ганцаардах зэргийг мэдэрч байгаа нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлтэд тодорхой дурдагдсан. Хохирогч “би дуртай зүйлээ хийж чадахгүй байгаа учраас маш их уур хүрч байна” гэж мэдүүлэг өгсөн. Сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой шинжээчийн дүгнэлт 2 сарын дараа гарсан гэдэг дээр тайлбар хийе. Сэтгэцэд учирсан хохирлын дүгнэлтийг яаж гаргах вэ гэдэг нь нууц байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргах арга, хэлбэр нууц учраас хэзээ дүгнэлт гаргаж байгаа вэ гэдэг дээр буруутгах үндэслэл байхгүй. Энэ талаар судалж үзэхэд сэтгэцийн дүгнэлт гаргах процессыг ерөнхийд нь 3 ангилдаг бөгөөд эхнийх нь яаралтай буюу 48 цагаас 14 хоногийн дотор хийх, /тухайн үед хохирогчид яаралтай тусламж үзүүлэх/, иж бүрэн үнэлгээг 1-3 сарын дотор хийж, сэтгэцэд учирсан хохирлын үр дагавар нь гарч, үргэлжилж байхын бол бодитой учирсан хохирол гэж үздэг. 3 дахь дүгнэлтийг 3-6 сарын дотор хохирогчид эмчилгээ хийсэн бол эмчилгээний үр дүнг хянах зорилготойгоор хийдэг. Шинжээчийн дүгнэлт хугацааны хувьд үндэслэлгүй гэх баримтгүй байна. Анхан шатны шүүх холбогдох хууль журмын дагуу сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Г.Жамиймаа шүүх хуралдаанд: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2012 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдлын дагуу тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Э.Б нь санамсар болгоомжгүйгээр хохирогч Т.Дын биед гэмтэл учруулсан. Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн биеийн байдалд санаа зовж байгаагаа хэлэх нь зүйтэй байна. Хамгийн гол нь Т.Дын эмчилгээний зардлыг төлж, мэргэжлийн байгууллагаар эмчилгээ хийлгэх нөхцөл боломжоор хангах байсан. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, орхигдуулсан. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлсөн байж болзошгүй байна. Тухайлбал, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зурагт явган зорчигчийг “хүн” гэж бичиж, шууд, чигээрээ гарцаар гарсан зураглал хийсэн. Тухайн үед явган зорчигч яаж зам гарсан, авто машин хаана зогсож байсныг бодитоор зурагласан гэж үзэхгүй байна. Мөн хяналтын камерыг бичлэг бүдүүвч зурагтай тохирохгүй байна. Хяналтын камерын бичлэгт 2 хүүхэд 2 дугаар эгнээгээр зорчиж байгаа машины араар гарч, 1 дүгээр эгнээгээр зорчиж байгаа машины урдуур гарсан байдаг. Үүнийг бүдүүвч зурагт шууд шулуун зам хөндлөн гарсан юм шиг бичсэн. Хяналтын камерын бичлэг дээрх огноо 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 46 минут 02 секунд гэсэн нь үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан. 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тухайн осол гарсан бөгөөд хэрэгт 2 хоногийн өмнөх бичлэг авагдсаныг гэмт хэрэг гарсан өдрийнх гэж үзэх үндэслэлгүй байна. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “00:26 секундэд зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн гэрлэн дохио улаан өнгөөр асаж байна” гэж бичсэн боловч бичлэгт харагдахгүй байна. Хяналтын камерын бичлэгийн “00:24 секундэд явган хүний гарцаар гарч байгаа хүн зогсох шугаман дээр зогсож байх үед тээврийн хэрэгсэл хөдлөн мөргөж байгаа нь харагдаж байна” гэж байна. Тиймээс хяналтын камерын бичлэгт бүрэн үзлэг хийгээгүй гэж үзэж байна. Тухайлбал, “00:16 секундэд улаан гэрэл асаж байсан” гэж байгаа боловч түүнээс хойш 8 секундэд ямар дохио асаж байсан нь тодорхойгүй байна. Мөн хяналтын камерын бичлэгийг Замын хөдөлгөөнийг удирдлагын төвөөс гаргуулах авах ёстой байсан гэж үзэж байна. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ07256078 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “гэмтэлгүй” гэдэг дүгнэлт, Мөнгөн гүүр эмнэлгийн 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн CT, MRI шинжилгээний дүгнэлтийг дурдсан. Нэг өдөр гарсан нэг шинжилгээний хариу гэж үзэхээр байгаа боловч MRI-СТР гэсэн 2 өөр дүгнэлт байна. Энэ дүгнэлтээс харахад Т.Д өмнө нь гэмтэл авсан байж болзошгүй байна. 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн талаарх лавлагаа хэрэгт авагдсан. Тус лавлагаанд “УП14280839 регистрийн дугаартай, Т-нийн Д нь Эрүүл мэндийн даатгалаар дараах тусламж, үйлчилгээг авсан байна” гээд “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж, яаралтай тусламжийн Ц гэдэг ангиллаар, эрүүл мэндийн даатгал хариуцсан дүн 196,000 төгрөг” гэж байна. 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр энэ шинжилгээг авсан байна. Анхан шатны шүүх осол болохоос сарын өмнө хохирогч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан гэдгийг анхаарч үзэх ёстой байсан. Анхан шатны шүүх мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг дутуу, буруу тооцож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “нийт 1,540,000 төгрөгийг төлсөн” гэж бичсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Б 1,890,000 төгрөгийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 131 дүгээр хуудаст авагдсан дансны хуулгад 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шөнийн 04 цаг 25 минутад “Т.Д” гэдэг утгатайгаар 230,000 төгрөг, мөн тус дансны хуулганы 344 дүгээрт 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 цаг 30 минутад “Т.Дын эмчилгээний төлбөр” гэж 70,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх хохирол төлбөрөөс 300,000 төгрөгийг дутуу тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөн энэ 300,000 төгрөгийг дутуу хэлж байна. Анхан шатны шүүх хуралдаан болох үед хохирол төлбөрөөс 1,890,000 төгрөгийг төлсөн байсан. Мөн шүүгдэгчээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 654,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан лавлагааг харахад нийт 8 удаа 614,000 төгрөгийн үйлчилгээ авсан байхад 40,000 төгрөгийг илүү бодсон. Т.Дын эмчилгээний зардал 3,689,490 төгрөг болсон талаарх нотлох баримт бүрдүүлж ирүүлсэн. Шүүгдэгч энэ төлбөрөөс одоогийн байдлаар 5,890,000 төгрөгийг төлж, 2,200,510 төгрөгийг илүү төлөлттэй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хөнгөн гэмт хэргийг анх удаагаа санамсар боломжгүйгээр үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршигт 10,288,080 төгрөгийг мөн гаргуулахаар шийдвэрлэсэн. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “Нөхөн төлбөрийн хэмжээг үндэслэл бүхий тогтооно, хохирлын нөхөн төлбөрийг боломжит түвшинд буюу хор уршиг ба нөхөн төлбөрийн тэнцвэрт байдлыг хангана” гэж заасан. Тус аргачлалын 4 дүгээр зүйлд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасан тул Э.Баас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Тус гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-5 жилийн хугацаагаар хасах зохицуулалттай бөгөөд шүүгдэгч хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахын тулд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байж, ажил, хөдөлмөр эрхлэх боломжтой болох тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассаныг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир дүгнэлтдээ: “...Э.Бын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Э.Б нь хориглосон гэрлэн дохиогоор зогсох шугам дээр зогсож байсан бол насанд хүрээгүй бага насны хүүхэд хохирохгүй, гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр зогсох шугаман дээр зогсохгүй, үргэлжлүүлэн хөдөлгөөн хийсэн нь осол гарах шалтгаан болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 17 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар дунд сургуулийн урд явган хүний гарц дээр “Тоёота приус” маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 “гэрэл дохио нь дараахь утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, мөн дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Тийн "...Тухайн осол болох үед нь би байгаагүй намайг ажил дээрээсээ ирээд орой хоолоо идэх гэж байхад манай хүү өнөөдөр гарцаар гарч байгаад машинд мөргүүлсэн. ...Манай эхнэр дугаарыг нь харсан уу ямар машин байсан талаар нь асуухад манай хүү 1339УБЦ гэсэн дугаартай машин гэж хэлсэн, тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Тэр осол болсон орой нь хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн тэгээд осол болсон газар дээр очиж замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх 17),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжпэгч, хариуцагч Л.Сувдмаагийн “...Миний эзэмшлийн машин. Манай нөхөр жолооддог. Надад жолоодох эрх байхгүй. Надад жолоодох эрх байхгүй учир нөхөр жолооддог. ...Хохирол барагдуулна..." гэсэн мэдүүлэг (хх 23),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т-н овогтой Д /............/ нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс 60.000 төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвөөс 450.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 144.000 төгрөг, нийт 654.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн мэдээллээр тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 654.000 төгрөгийг гэм буруутай этгээд Энхжаргал овогтой Буманбаатараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд нөхөн төлүүлж өгнө үү..” гэсэн мэдүүлэг (хх 29),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/6078 дугаар “Т.Дын биед баруун өвдөгний мөгөөрсийн урагдал, холбоосын суналт, тойгны үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт (хх 36-37),

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Ц.Энхтайваны гаргасан 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1000815 дугаар “Тоёота приус 30 маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Зүүн талын холын гэрэл асахгүй байдалтай байна. Учирсан эвдрэл гэмтлүүдийн нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Тоног төхөөрөмжийн хэмжилтээс үзэхэд их гэрлийн гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч 0 кандел, зүүн талын холын гэрлийн тусгалын хүч 0 кандел, баруун талын ойрын гэрлийн тусгалын хүч 600 кандел, баруун талын холын гэрлийн тусгалын хүч 16800 кандел (стандарт 10000-225000сd)”, “Тоёота приус 30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй нь m/s бүхий тэмдэглэгээтэй өвлийн дугуй байна. Дугуйнууд стандартын шаардлага хангаж байна. “Тоёота приус 30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2024 онд техникийн хяналтын үзлэгт орсон байна. Үзлэгийн хугацаа 2025.12.10-нд дуусахаар байна..." гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт (хх 47-48),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1934 дугаар “Т-нийн Д /РД:............/-ын сэтгэцэд 2025 он 04 дүгээр сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх 54-55),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Э.Бын “...Гэм буруугаа зөвшөөрч байна. Тэр өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт байдаг 65 дугаар сургуулийн урд талын явган хүний гарц дээр Тоёота приус 30 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган зорчигч болох хүүхдийг мөргөж гэмтээсэн. Хохирол төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ би төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хх 71),

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх 5-10) зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Быг гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Э.Б тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас тухайн үед явган хүний гарцаар гарч байсан Т.Дыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулсан үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Баас “дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Жаамиймаа “...насанд хүрээгүй хохирогч өмнө гэмтлийн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байсан, хэрэгт авагдсан камерийн бичлэгийн он сар өдөр зөрүүтэй...” гэж маргаж байх боловч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь тухайн хүний хувийн асуудал бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв тогтоосон. Мөн шүүгдэгч Э.Баас “1,890,000 төгрөгийг хохирогчид төлсөн” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “1.540.000 төгрөгийг хүлээж авсан” гэж тус тус маргаж байх бөгөөд шүүгдэгч Э.Баас 300,000 төгрөгийг хохирогчийн эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн дансанд шилжүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар /хх 95/ тогтоогдож байна. Тухайн камерыг байрлуулсан аж ахуйн нэгж байгууллага нь камерын он, сар, өдрийг буруу тохируулсан нь энэ хэргийн үйл баримтад нөлөөлөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч Э.Бын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Тд хохирол төлбөрт тооцож нийт 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2012 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                П.ГАНДОЛГОР