Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 693

 

     

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805036690740 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 21-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт, тоотод оршин суух, ТЯ дугаарын регистртэй, Боржигон овогт Жы Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.Э согтуурсан үедээ 2018 оны 7 дугаар сарын 6-ны орой Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Тыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Т, манай эхнэр Найрамдалсайхан, эхнэрийн найз Оюунчимэг бид дөрөв нийлж архи уусан. Орой болоод явах гэтэл Т манай эхнэрийн найз Оюунчимэгтэй хамт үлдэх гээд, түүнийг үлдээгээд яв гээд байсан юм. Тэгэхлээр нь бид гурав зугтааж гарсан. Гудамжны өнцөг дээр Т ирээд надтай муудалцаж энэ хэрэг болсон. Би Тыг цохьсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад маргах зүйл байхгүй. Хохиролд гэж 160.000 төгрөг өгсөн. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Шгийн Т “... 2018 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 8 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зурагтын хуучин эцэст байрлах Хувьсгалчдын Д-00-04 тоотод 2 хүүхдийн хамт амарч байхад манай салсан эхнэрийн найз Ээгий, Чөрөөнөө түүний ах гурав ирсэн. Миний машинд бензин хийгээд Төв аймгийн Мандал суманд Чөрөөнөөгийн ахыг хүргээд өгчий гээд хамт явсан. Тэгээд өдөр хот руу орж ирээд Ээгий, Чөрөөнөө бид гурав манайд орж ирээд 1 том 2.5 литрийн пиво, 1 шил 0.5 граммын Соёрхол архи хувааж уусан. Тэгэхэд Чөрөөнөө, Ээгий хоёр бараг архи уугаагүй пиво хувааж уусан. Би ганцаараа уугаад нилээд муудсан байсан. Орой 21 цагийн үед би тэр хоёрыг гаргаж өгөх гээд зам дээр юм яриад зогсож байхад гэнэт Ээгий нь намайг цохиод хажуу талын бетонон ханатай хавсарч цохьсон. Би босч ирээд яаж байна аа Ээгий хөгшөөн гэхэд толгой руу цохиод би газарт унасан. Би босч чадахгүй ухаан алдаж унасан. Тэгэхэд доор жалганд манай эгчийн хүүхэд Анхцэцэг тоглож байгаад намайг хараад ирэхэд нөгөө хоёр яваад өгсөн гэсэн. Тэгээд дүү Түвшинтөгс ирээд түргэн дуудсан” /хх-н 10-11/ гэж,

гэрч Сувдаагийн Найрамдалсайхан“... 2018 оны 7 дугаар сарын 6-ны өглөө 8 цагийн үед өөрийн нөхөр, ах Одсүрэн нартай хамт байж байгаад манай багийн найз Төгсөө рүү бид нарт хөдөө явах ажил гарчихлаа хүргээд өгөөч гэхэд тэг тэг гээд Төгсөөгийнд очоод Төв аймгийн Батсүмбэр сум руу бид нар хамт явсан. Тэндээсээ манай найз Оюунчимэгийг аваад бид нар буцаж хот руу орж ирээд Зурагт руу буюу Төгсөөгийн гэрт 16 цагийн үед ирсэн. Бид дөрөв гаднаас 1 шил 0.75 литрийн Соёрхол архи, 2 том 2.5 литрийн пиво аваад ууцгаасан. Орой нь бид нар явах гэтэл Төгсөө найз охиноо үлдээчих гэхэд Оюунчимэг юу яриад байгаа юм бэ, би үлдэхгүй, гэрт ээж хүлээж байгаа гээд бид гурав Төгсөөг гэрт нь үлдээгээд явж байхад араас гудамжинд Төгсөө гарч ирээд манай нөхөр Этай зууралдаад агсам тавиад орилоод бие биенийгээ цохиод зодолдож байгаад Төгсөө газар унаад үлдсэн. Бид гурав цаашаа алхаж байхад Төгсөөгийн дүү нь ирээд манай нөхөр Ээгийтэй зууралдаад заамдалцаж байгаад салсан. Тэгээд дахиад хэрэлдээд тэр хоёрыг хажууд байсан хүн ирээд салгаад бид гурав микро автобусанд суугаад гэртээ харьсан” /хх-н 14-15/ гэж,

гэрч Наранбаатарын Оюунчимэг “… 2018 оны 7 дугаар сарын 6-нд Төв аймгийн Батсүмбэр суманд наадам болоод гэртээ ээж дээрээ ирсэн байсан. Гэтэл манай найз Найрамдалсайхан, түүний нөхөр Ээгий, түүний найз Төгсөө нар ирсэн байсан. Тэгээд тэд нартай хамт машинд суугаад хот руу явсан. Бид дөрөв найзынх нь гэрт Зурагтад очсон. Тэднийд бид дөрөв 0.75 литрийн архи, нэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Тухайн үед Найрамдалсайхан бид хоёр бараг уугаагүй эрүүл байсан. Цаг орой болоод бид нар явлаа гэхэд Ээгий, Төгсөө хоёр хоорондоо муудалцаад ноцолдоод байсан. Би нар харих гээд гудамжинд явж байхад Төгсөө араас гарч ирээд бид нараас зулгаагаад зүүгдээд зууралдаад байсан. Тэгээд Ээгий, Төгсөө хоёр зодолдоод ноцолдоод байсан. Тэгэхэд Ээгий Төгсөөг цохиод унагаагаад бид нар цаашаа явж байхад Төгсөөгийн дүү гэх залуу ирээд Ээгий, Найрамдалсайхан хоёртой зууралцаад зодолдож эхлэхэд хажууд явж байсан хүмүүс ирээд салгасан” /хх-н 23-24/  гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ш.Тын гэмтэлтэй холбоотойгоор “Тын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 8498 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 33/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

Иймд шүүгдэгч Ж.Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Эад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ж.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Жы Эыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ж.Э торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ж.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Эад урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ