Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00488

 

                                                      Д.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

                                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01037 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  358 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Д.Отгон-Эрдэнэ,

Хариуцагч : Б.Энхтуяа,

Үндсэн нэхэмжлэл: Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах, 2015.4.16-ны өдрийн гэрээг  хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай,

Сөрөг нэхэмжлэл: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 17.250.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ, нарийн бичгийн даргад Э.Боролдой   нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014.6.16-ны өдөр 11.500.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл төлөх баталгаа болгож нөхөр М.Пүрэвсүрэн өөрийн эзэмшлийн өөрөө буулгагч ачааны машинаа А.Мөнгөнтуулд шилжүүлсэн. Зээлсэн мөнгөө  бусдад залилуулсан тул А.Мөнгөнтуулд үнэн байдлаа хэлж үндсэн зээлээ сар бүр хувааж төлөхөөр тохиролцсон ба  үндсэн зээл 11.500.000 төгрөг, сарын хүүнд 920.000 төгрөг, нийт 12.420.000 төгрөг төлөх ёстойгоос  9.200.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 3.220.000 төгрөг  төлөөгүй ч  зээлийн  дийлэнх хэсгийг төлсөн учир машинаа буцааж  авах, үлдсэн 3.220.000 төгрөгт  газар барьцаалах талаар тохиролцсон. Үүнийг  А.Мөнгөнтуул зөвшөөрч 2015.4.16-ны өдөр  өөрөө буулгагч ачааны машины  М.Пүрэвсүрэнд шилжүүлэн  өгч,  оронд нь Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, бэлх хадатад байрлалтай 700 м.кв газрыг барьцаалах  болсон. Барьцаалах газар нь  Д.Отгон-Эрдэнийн нэр дээр байсан  учир гэрээг  Д.Отгон-Эрдэнэтэй хийсэн.  Ингээд гэрээг хийхээр болж нотариат дээр очиход зээл өгсөн гэх хүн нь  Б.Энхтуяа гэдэг хүнтэй гэрээгээ хий гэсэн.  Д.Отгон-Эрдэнийн нөхөр М.Пүрэвсүрэн 12.500.000 төгрөг төлөх ёстой гэж ойлгуулан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулан батлуулсан. Үнэндээ 2015.4.16-ны өдрийн гэрээний дагуу Д.Отгон-Эрдэнэ нь нэг ч төгрөг аваагүй. Хожим нь А.Мөнгөнтуул нь Б.Энхтуяатай хамтраад шүүхэд нэхэмжлэл гаргаж 6838 дугаартай шийдвэр гарч  М.Пүрэвсүрэнгээс 4.830.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 14 сая орчим төгрөгийг М.Пүрэвсүрэн нь төлсөн. Шүүхийн шийдвэр гарсан байхад  барьцаалсан гэрчилгээг өгөхгүй байна. Иймд   газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Энхтуяа миний бие 2015.4.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй 11.500.000 төгрөг зээлдүүлж, нотариатаар батлуулсан. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлх хадатын  нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг барьцаалбарт бүртгүүлсэн болно. Д.Отгон-Эрдэнэ зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байж барьцааг чөлөөлүүлэх нэхэмжлэл  гаргасныг гайхаж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд барьцаалбарт байгаа газрыг буцаж өгөхөд татгалзах зүйлгүй. Д.Отгон-Эрдэнэ нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээн дээр нэрээ буруу, хоёр өөр бичсэн байсан. Д.Отгон-Эрдэнэ нь нотариат дээр очихдоо хэний ч эрхшээлд ороогүй. Би 5 сая төгрөгөөс дээш зээлд барьцаа шаарддаг. Би М.Пүрэвсүрэнтэй гэрээ хийж байгаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Д.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Б.Энхтуяа би зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 11.500.000 төгрөг, зээлийн хүү 5.400.000 төгрөг, алдангид 350.000 төгрөг, нийт 17.250.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна  гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэл өгсөн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу мөнгө авч байгаагүй гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01037 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Б.Энхтуяа, Д.Отгон-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2015.4.16-ны өдрийн “ гэрээг  хүчин төгөлдөр бусад тооцуулах  мөн  газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах тухай  Д.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Д.Отгон-Эрдэнээс 12.770.000 төгрөг гаргуулан  Б.Энхтуяад олгох, сөрөг нэхэмжлэлээс 4.480.000 төгрөгийн шаардлагыг   хэрэгсэхгүй болгосон байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 358 дугаар магадлал гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нөхрийн нэг удаа авсан зээлийнхээ төлөө 2 удаагийн шүүхийн шийдвэрээр, 2 дахин төлөх болсныг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль мэдэхгүй намайг ашиглаж миний нөхөр М.Пүрэвсүрэнд зээлсэн мөнгөний барьцааг солих нэрээр /М.Пүрэвсүрэн зээлийн барьцаанд байсан машинаа чөлөөлж оронд нь миний нэр дээрхи газрыг барьцаалуулсан/ адтай дахин зээлийн гэрээ хийсэн. Үнэндээ манай нөхөр М.Пүрэвсүрэнгийн зээлсэн мөнгөний суудал үргэлжилж байгаа болохоос 2 удаа мөнгө зээлсэн асуудал огт байхгүй.  Энэхүү зээлийн суудлаархи 2 удаагийн гэрээг ашиглаж 2 удаа шүүхээр мөнгө гаргуулах гэж байгааг огт хүлээн  зөвшөөрөхгүй. Манай нөхөртэй хийсэн зээлийн гэрээний дагуу анхан шатны шүүхийн 2015.10.13-ны өдрийн 6838 тоот шийдвэр гарч мөнгийг төлж дуусгасан. Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ миний шүүхэд гаргаж өгсөн 1 дэх баримт: 6838 тоот шийдвэрээр тодорхойлох хэсэгт дурдсан М.Пүрэвсүрэнгийн хариу тайлбарын хэсэг, 2 дахь баримт: 6838 шүүх хуралдааны тэмдэглэлийн 2, 3 дхаь талд Нэхэмжлэгч А.Мөнгөнтуул шүүгчийн асуултад хариулсан: Би долоо буудлын Хас банкид машинаа барьцаалаад зээл авч үндсэн мөнгийг чинь гаргаж өгье гэхээр нь зөвшөөрөөд 7 хоногийн дотор машиныг нь чөлөөлж 2017.4.17-ны өдрийн гэрээ гэдэг нь өөрөө гараараа бичээд гарын үсэг зурсан байгаа. Өдрөөс хойш газрын гэрчилгээ гаргаж өгье  гэдэгт Миний хамт ажиллаж байсан энхтуяа хүнтэй зөвшилчиж /А.Мөнгөнтуул энэ хэрэг дээр гэрчээр мэдүүлэг өгөх Энхтуяа гэдэг хүнтэй хамт ажиллаж байгаагүй гэж худал мэдүүлэг өгсөн/. 11.5 сая төгрөгөө би аваад өгсөн. Отгон-Эрдэнэ гэх эхнэрийнх нь газрын гэрчилгээг 11.5 сая төгрөгт барьцаанд тавиад зээл авахаар би Энхтуяа гэдэг хүнд хэлээд мөнгөө авсан. Энхтуяа мөнгөө нэхээд байгаа Би энэ хүнд итгүүлээд 11.500.000 төгрөгийг хоногийн хүүтэй өгнө. Энхтуяагаас 11.5 сая төгрөгийг авсан. Би энэ мөнгийг гаргуулж Энтуяад өгнө гэсэн. Би мөнгөө авсан, хохиролгүй болсон. Шүүгч: “Та би хохиролгүй болсон, Энхтуяад мөнгө авч өгсөөр байна гэж үү” гэсэн асуултад А.Мөнгөтуул: Тийм гэв. Шүүгч Энхтуяа гэх хүн Пүрэвсүрэнгээс нэхэмжлээд өгөөч гэж хүссэн үү гэхэд А.Мөнгөнтуул: Би Энхтуяагийн өмнөөс нэхэмжилж байгаа Энхтуяагаас мөнгийн аваад би хохиролгүй болсон гэсэн байдаг. 3 дахь баримт : Хэрэгт авагдсан 2015.10.06-ны өдөр анхан шатны шүүхэд А.Мөнгөнтуулаас гаргасан тайлбартаа: Тухайн үед надад мөнгөний хэрэг их байсан тул Б.Энхтуяад энэ тухай хэлсэн. Ингээд Энхтуяа нь Пүрэвсүрэнгийн энхэнр Отгон-Эрдэнэтэй 11.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж, Отгон-Эрдэнийн өмчлөлийн газар байрьцаалж Пүрэвсүрэнгийн төлөх 11.500.000 төгрөгийг Энхтуяагаас би бэлэн авсан. Энэ гэрээ хийх үед Пүрэвсүрэн Отгон-Эрдэнэ нар хамт явсан бөгөөд мэдэхгүй гэх үндэлслэлгүй ...Энхтуяа нь надаас одоо мөнгийг нэхэмж байгаа учир би нэхэмжлэл гаргаж байгаа. Энхтуяа энэ нэхэмжлэлд итгэмжлэгчээр оролцож байгаа. Дээрхи баримтуудаас дүгнэлт хийхэд Б.Энхтуяа нь надтай зээлийн гэрээ байгуулсан боловч надад бэлнээр мөнгө өгөөгүй болох нь нотлогдож байна. Иргэний хуулийн 282.4 зааснаар Б.Энхтуяа бид нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тохиолдолд газрыг барьцаалбараас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй, нэхэмжлэгч өөрөө газраа барьцаанд тавьж, улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг. Хугацаа заавал 1 сараар хийнэ гэсэн нь 1 сардаа хүчинтэй гэдэг хуулийн зохицуулалтыг мэддэг учир миний бие 11.500.000 төгрөгийг авч чадаагүй хохирч байна гэжээ.

                                                                ХЯНАВАЛ :

Д.Отгон-Эрдэнэ нь Б.Энхтуяад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Дамбадаржаагийн 23-69 тоотод байрлах 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах...” /хх 1, 42/ шаардлага тавьсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний дагуу үндсэн зээл 11.500.000 төгрөг, зээлийн хүү 5.400.000 төгрөг, алдангид 350.000 төгрөг, нийт 17.250.000 төгрөг нэхэмжлэгчээс шаарджээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс  12.770.000 төгрөг гаргуулан Б.Энхтуяад олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...хариуцагчаас мөнгө зээлж байгаагүй ...гэр бүл М.Пүрэвсүрэнгийн зээлийн барьцаанд өөрийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тавих гэрээ хийсэн...” гэжээ. 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул   нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Д.Отгон-Эрдэнэ 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө /хх 49/ гэрч А.Мөнгөнтуул болсон үйл явдлын талаар тайлбарлахдаа “...М.Пүрэвсүрэнгийн зээлийн барьцааны зүйлийг солихдоо Д.Отгон-Эрдэнийн газрыг Б.Энхтуяа барьцаалсан... М.Пүрэвсүрэнгийн төлөх 11.500.000 төгрөгийг Б.Энхтуягаас А.Мөнгөнтуул авсан...” талаар дурдсан байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн хангасан нь үндэслэл муутай болсон гэж үзлээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлтэй холбогдуулан нэг удаа тайлбар /хх 15/ өгсөн байх бөгөөд ийнхүү тайлбар гаргахдаа “...А.Мөнгөнтуул, М.Пүрэвсүрэн нарын зээлийн гэрээний барьцааг солихдоо Б.Энхтуяатай гэрээ хийж газар барьцаалсан...” гэх нэхэмжлэлийн үндэслэлийн талаар ямар нэг тайлбар өгөөгүй, М.Пүрэвсүрэнтэй Б.Энхтуяа гэрээ хийсэн гэж нэхэмжлэгч хэлээгүй байхад хариуцагч энэ талаар шүүх хуралдаан дээр дурдсаныг /хх 127/ шүүх  сөрөг нэхэмжлэлийг хангах нөхцөл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т нийцээгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаж /хх 30/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6838 дугаар шийдвэртэй хэргээс “...нэхэмжлэл, тайлбар, гэрээ, хуралдааны тэмдэглэл зэргийг...” нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж мөн өдөр 102/ШЗ2016/14206 дугаар захирамж /хх 32/ гаргасан боловч “зэрэг…” гэдэгт ямар баримт хамаарч байгааг тодруулаагүй нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчжээ. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээс үзвэл дурсан 2015 оны 6838 дугаар шийдвэртэй хэрэгт  Д.Отгон-Эрдэнийн нэхэмжлэлд ач холбогдолтой нотлох баримт байж болохоор байна.

Хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь   хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2016/01037 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн  358 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ