Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 296

 

Д.Бод холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалтай, Д.Бод холбогдох 1915005110271 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гөрөөчин овогт Дийн Б нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Быг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэг үйлдэж олсон 5.55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-56 БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдэж олсон 5.55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 12-56 БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгч Д.Бод буцаан олгосугай” гэж өөрчилж, бусад заалтын хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдангийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхор бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Д.Б 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг Бөөрөлжүүт гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 158.175 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэж олсон 5.55 мЗ хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-56 БУЛ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс тус тус албадан гаргуулан худалдан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан байхад шүүгдэгч Д.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-56 БУЛ дугаартай тээврийн хэрэгслийг буцаан олгож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан. Харин тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан байхад давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчид тээврийн хэрэгслийг буцаан олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.Бод холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нутаг Бөөрөлжүүт гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 5.55 мЗ хэмжээтэй шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэж байгаль экологид 158.175 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн хэрэг үйлдэж олсон 5.55 м3 хэмжээтэй шинэс төрлийн мод, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12-56 БУЛ улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэлийг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч, магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН 

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН