Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 112

 

“Н...” ХХК-ийн

гомдолтой,

Санхүүгийн зохицуулах хорооны

Хяналт шалгалт, зохицуулалтын газрын

хянан шалгагч Б.Т-д холбогдох

зөрчлийн хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,

            Шүүгчид:                         Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

            Илтгэгч шүүгч:                Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

            Гомдлын шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0055527 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0871 дүгээр шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалтай,

            Шүүх хуралдаанд оролцогч: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Я.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч О.Б, хариуцагч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулж,

            Гомдол гаргагч “Н...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0871 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасныг баримтлан “Н...” ХХК-ийн “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0055527 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалаар:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 871 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

           3. Гомдол гаргагч “Н...” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нхяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

          4. Шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа /ЗШША/ хуулийн дагуу явагдсан эсэх, “Нэтк апитал финанс корпораци” ББСБ /гомдол гаргагч/-д шийтгэл оногдуулсан Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны Хяналт шалгалт зохицуулалтын газар /ХШЗГ/-ын хянан шалгагчийн шийтгэлийн хуудас буюу маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, ББСБ зөвшөөрөлгүйгээр салбарын үйл ажиллагаа эрхэлсэн эсэх дээр хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх байсан боловч хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.

         5. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухайд СЗХ-ны ХШЗГ-ын хянан шалгагч нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Зөрчлийн хэрэг нээх тухай” 1901000007 дугаартай тогтоол үйлдэж, прокуророос дугаар олгож зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байдаг.

          6. Энэ тогтоолоос үзэхэд хянан шалгагч нь гомдол гаргагчийн үйл ажиллагааг бус “Н а” ХХК-ийн санхүүгийн болон бусад баримт бичиг, хэрэглээний программ хангамж зэрэгтэй танилцаж, үйл ажиллагааг шалгасан байдаг.

          7. Гэтэл энэхүү компани нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд СЗХ өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн тухайн байгууллагын үйл ажиллагааг шалгаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, цуглуулсан баримтаа манай компанид холбогдуулсан ЗШША-нд үнэлүүлээд байгаа явдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /ЗХШХШ/ тухай хуульд заасан журамд нийцэхгүй байна.

         8. “Н а” ХХК-ийн явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд гомдол гаргагч хамааралгүй бөгөөд тухайн хуулийн этгээдээс гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнд оролцоогүй, тэрхүү үйл ажиллагаанд нь ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй болох нь барьцаалан зээлдүүлэх гэрээний талууд, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг зэргээр нотлогдож байхад гомдол гаргагчийг салбарын үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэх боломжгүй юм.

          9. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг” ойлгоно гэж, 7 дугаар зүйлийн 7.1 Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно: 7.1.1 зээл; 7.1.2 факторингийн үйлчилгээ; 7.1.4 төлбөрийн баталгаа гаргах; 7.1.5 төлбөр тооцооны хэрэгсэл гаргах; 7.1.6 цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ; 7.1.7 гадаад валютын арилжаа; 7.1.8 итгэлцлийн үйлчилгээ; 7.1.9 богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх; 7.1.10 хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх; 7.1.11 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа” гэж тус тус хуульчилсан байна.

         10. Гомдол гаргагч нь хуулийн дээр заасан үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд огт явуулаагүй, Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр салбарын үйл ажиллагааг эрхлээгүй. Хуульд заасан дээрх үйл ажиллагааг эрхлээгүй байхад салбарын үйл ажиллагаа явуулсан гэж хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүх хуулийн энэхүү заалтыг огт хэрэглэлгүй орхигдуулсан байна.

          11. Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.5-д зааснаар гомдол гаргагч болон “Н а” ХХК, “Н л” ХХК, “Н м” ХХК-ууд нь тус тусдаа бие даасан хуулийн этгээд болохыг харж болно.

          12. Түүнчлэн Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ” гэж хуульчилсан байхад шүүх хуулийн энэхүү заалтыг хэрэглээгүй.

          13. Гомдол гаргагч нь өөрийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь, эсхүл заримыг хэн нэг этгээдээр гүйцэтгүүлээгүй, үүнийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, салбар нээх хүсэлт гаргасан боловч, СЗХ салбар байгуулах зөвшөөрөл олгоогүй талаар талууд хэн аль нь маргаагүй учир салбар нээсэн гэж үзэх боломжгүй.

          14. Гагцхүү салбарын үйл ажиллагаа эрхэлсэн үү, үгүй юу гэдэг дээр маргаан үүссэн бөгөөд хянан шалгагч чухам ямар үйл ажиллагааг салбарын үйл ажиллагаа гэж үзсэн нь ойлгомжгүй, шийтгэлийн хуудсанд энэ талаар тодорхой баримт, хууль зүйн үндэслэл дурдсан зүйл огт байхгүй.               

          15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн “1’-д “3өрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна”, “2”-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж хуульчилсаныг зөрчиж шийтгэлийн хуудас үйлдсэнийг шүүх зөвтгөж байгаа нь ЗХШХШ тухай хуульд заасан журмыг зөрчиж байна.

          16. Шийдвэрийн “үндэслэх нь”, магадлалын “хянавал” хэсэгт “...”Н л” ХХК, “Н м” ХХК, “Н а” ХХК-уудын Сонгинохайрхан дүүрэг дэх салбарууд нь нэхэмжлэгч “Н...” ББСБ ХХК-ийн лого бүхий зээлийн гэрээг ашигласан, ББСБ-ын мэдээллийг ашиглан зээлдэгчийн мэдээллийн санг ашиглан зээлдэгчийн мэдээллийг авах зорилгоор зээлийн мэдээллийн санд нэвтэрсэн, санхүүгийн тайлангийн бусад пассив хэсэг дэх салбар хоорондын тооцооны өглөг дансны тайлбарыг гаргахдаа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 7.6 тэрбум төгрөгийн өглөг байдлаар санхүүгийн зохистой харьцааны тайланг бүртгэсэн зэргээр болон хэрэгт авагдсан фото зургаар ББСБ-ын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн.

          17. Энэ дүгнэлтийг судлан шинжилбэл тус тусдаа өөрийн хөрөнгөтэй хуулийн этгээдүүдийн салбарыг гомдол гаргагчийн салбар гэж, ББСБ-ын мэдээллийг ашигласныг салбарын үйл ажиллагаа гэж, фото зурагт салбарын зөвшөөрөл хүсэхдээ салбар байрлах газар түүний хаягийг бэлтгэсэн байдлыг салбар нээсэн гэж, мөн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр байгууллага хоорондын өглөг бүртгэгдсэн байдлыг салбар нээсэн гэж тус тус илтэд нэг талыг барьсан буруу дүгнэлт хийсэн.

          18. Түүнчлэн нэр бүхий гурван хуулийн этгээдийн салбарын үйл ажиллагааг гомдол гаргагчид хамаатуулж, хариуцлага хүлээлгээд байгааг харж болно. Зээлийн мэдээллийн санг ашиглуулсан эсэх асуудал нь салбарын үйл ажиллагаа, эсхүл салбар нээсэн гэх ойлголттой хамааралгүй бөгөөд хэрэв зөрчилд тооцогдохоор бол шалган шийдвэрлэх этгээд нь СЗХ биш, хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хуулийн өөр зүйл, заалтаар зохицуулагдах юм.

          19. Анхан шатны шүүх Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, зөрчил үйлдсэн гэж буруу дүгнэсэн. Учир нь гомдол гаргагч өөрийн хаяг, нэр, байршлыг огт өөрчлөөгүй. Чингэлтэй дүүрэгт бүртгэлтэй нэр, хаяг, байршил өнөөдөр ч хэвээрээ байгаа. Лого бүхий гэрээний загварыг өөр хуулийн этгээд ашигласан, өөр хуулийн этгээдэд ашиглуулсан үйлдэл ч мөн салбарын үйл ажиллагаа буюу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль /ББСҮА/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасанд хамаарахгүй юм.

         20. Салбарын үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд гомдол гаргагчаас буюу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үйлчилгээ эрхэлж орлого олсон байхыг шаардана. Гэтэл гомдол гаргагч нь эдгээр үйл ажиллагааг эрхлээгүй, орлого олоогүй энэ талаар хэрэгт  баримт байхгүй.

          21. Давж заалдах шатны шүүх зар сурталчилгааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг энэ тохиолдолд буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь зар сурталчилгааг салбарын эрхгүй газар байрлуулахыг хориглосон заалт буюу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд байхгүй юм.

          22. Дээр нэр дурдсан гурван хуулийн этгээдтэй цахим төлбөр тооцоо хийх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь салбарын үйл ажиллагаанд мөн тооцогдохгүй болно.

          23. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг баримтлан шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            24. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглэвэл зохих Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

25. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0055527 дугаар шийтгэлийн хуудсаар “Н...” ХХК /банк бус санхүүгийн байгууллага/-ыг “... банк бус санхүүгийн байгууллагын салбарын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлсэн” гэх үндэслэлээр, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 40,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, “Н...” ХХК-иас уг шийтгэлийн хуудсын эс зөвшөөрч, хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргаж, үндэслэлээ “...гэм буруутай хууль бус үйлдэл гаргаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, ... эрх бүхий албан тушаалтан нь манай ББСБ-ыг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн болохыг холбогдох баримтаар нотлоогүй” гэж, хариуцагчаас “... Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй Сонгинохайрхан дүүрэгт салбар нээн ажиллуулсан нь ... шалгалтаар тогтоогдсон, ... зээлийн гэрээнүүд болон холбогдох нотлох баримтуудаар нотлогдсон тул ... торгох шийтгэл ногдуулсан нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.

26. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр нээнэ”, 11 дүгээр зүйлийн 11.3-т “банк бус санхүүгийн байгууллагын ... байршлыг Санхүүгийн зохицуулах хорооны  зөвшөөрөлтэйгээр өөрчилнө” гэж тус тус заасан, “Н...” ХХК нь Сонгинохайрхан дүүрэгт өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгж нээх, эсхүл байршил өөрчлөх талаарх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос аваагүй байсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.   

27. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тус банк бус санхүүгийн байгууллага нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол, 121а хаягт өөрийн “NETCAPITAL financial corporation” гэх хаяг болон “бүх төрлийн зээл” олгох сурталчилгааг олон нийтэд ил байршуулсан, нэр бүхий иргэдэд зээл олгосон нь, тухайлбал, иргэн М.Отгонцэцэгтэй 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Н а” ХХК-ийн нэрээр, иргэн Н.Молорцэцэгтэй 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Н л” ХХК-ийн нэрээр тус тус байгуулсан  “Нэткапитал финанс корпораци” логотой зээлийн гэрээ, “зээлдэгчид зээлтэй холбоотой холбогдон гарах зардал, анхаарвал зохих санамжууд” танилцуулсан баримт, зээл олголтын шалгах хуудас, автомашины үнэлгээний хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, “Н...” ББСБ-аас зээлдэгчийн мэдээллийг авах зорилгоор зээлийн мэдээллийн санд нэвтэрсэн баримт зэргээр тогтоогдсон, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...”Н а” ХХК-ийн явуулж буй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнд гомдол гаргагч хамааралгүй бөгөөд тухайн хуулийн этгээдээс гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээнд оролцоогүй, тэрхүү үйл ажиллагаанд нь ямар нэгэн эрх эдэлж, үүрэг хүлээгээгүй болох нь барьцаалан зээлдүүлэх гэрээний талууд, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэг зэргээр нотлогдоно” гэх гомдол үндэслэлгүй.

28. Түүнчлэн, “Н...” ХХК, “Н а” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн Хамтран ажиллах гэрээгээр “... “Н...” ББСБ нь “Н а” ХХК-ийн өмнөөс зээл олгох, төлүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулах”-аар тохиролцсон, гомдол гаргагчаас гэрээний дагуу “нэр дурдсан хуулийн этгээдтэй цахим төлбөр тооцоо хийх хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь салбарын үйл ажиллагаанд мөн тооцогдохгүй” гэх боловч Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “/банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж/ зээл ... /-ийн үйл ажиллагааг ойлгох/”-оор заасан байх тул “Н...” ХХК нь бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан эсэхээс үйл хамааран, “зээл олгох, төлүүлэх” үйл ажиллагаа явуулсан нь “банк бус санхүүгийн үйл ажиллагаа” явуулсанд тооцогдоно, банк бус санхүүгийн байгууллага өөрийн салбар, төлөөлөгчийн газар, нэгжийг албан ёсоор нээлгүйгээр, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдөөгүй, эсхүл бүртгэгдээгүй хаяг байршилд “зээлийн үйл ажиллагаа” явуулахыг хуулиар зөвшөөрөгдөөгүй.

29. Иймд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... салбар нээсэн гэж үзэх боломжгүй, ... хамтран ажиллах гэрээний үндсэн дээр байгууллага хоорондын өглөг бүртгэгдсэн байдлыг салбар нээсэн гэж тус тус илтэд нэг талыг барьсан буруу дүгнэлт хийсэн, ...  “Н...” ББСБ-ын лого бүхий гэрээний загварыг өөр хуулийн этгээд ашигласан, өөр хуулийн этгээдэд ашиглуулсан үйлдэл ч мөн салбарын үйл ажиллагаа буюу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасанд хамаарахгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0055527 дугаар шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 1-д “банк бус санхүүгийн байгууллагын салбарыг зөвшөөрөлгүй нээсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаас бусад этгээд банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасантай нийцсэн, энэ талаарх шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй зөв байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0871 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 52 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагч “Н...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан “Н...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                        Д.МӨНХТУЯА