Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0435

 

2018 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2018/0435

Улаанбаатар хот

 

“М.г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Г.Билгүүн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээд “М.д.ф” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0334 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б-Э, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д, гуравдагч этгээд “М.д.ф” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө нарын давж заалдах гомдлоор, “М.г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газар болон Сонгон шалгаруулалтын комиссын даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15 сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын комиссын 04 дүгээр дүгнэлтийн “Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар хэсгийн “Хоёр-т байх хүснэгтийн 3-д М.г ХХК-ийн “Техникийн саналын оноо”-г 35.0 гэж буруу үнэлсэн, “Үнийн санал нээсэн талаар” хэсгийн “Хоёр”-т байх хүснэгтийн 3-д М.г ХХК-ийн нийт оноог 71.7 гэсэн болон Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, М.д.ф ХХК-д олгосон XV-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагын М.г ХХК-ийн “Техникийн саналын оноо” 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгох, М.г ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байранд шалгарсан М.г ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, Газрын тосны газарт даалгах гэсэн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М.г” ХХК-ийн захирал Г.Б-Э давж заалдах гомдолдоо: “...А. Шүүх “Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 6.1-д зааснаар сонгон шалгаруулалтанд оролцогчдын саналд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах эрх нь Сонгон шалгаруулалтын комисст байна” гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд Сонгон шалгаруулалтын комиссыг сонгон шалгаруулалтанд оролцогчдын саналд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах эрхгүй талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч комиссын үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах эрхэд халдаж шүүхээр үнэлгээ өгөх, дүгнэлт гаргуулах гэсэнгүй.

“М.г” ХХК-ийн техникийн оноонд Сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ өгөх явцдаа “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-д үнэлгээний маягтаар Төсөлд ажиллах Монгол ажилчдын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90-ээс дээш хувь монгол ажилтантай бол 5 оноо өгөхөөр зохицуулж өгснийг зөрчиж 3 оноо өгснийг шүүх тогтоож өгсөн.

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ, дүгнэлтээ гаргасан бөгөөд энэхүү үнэлгээ буруу бөгөөд 2 /хоёр/ оноо алдсан. Алдсан 2 оноо нэмэгдэхэд “М.г” ХХК-ийн “Техникийн саналын оноо” 35.33 оноо, нийт 72.03 оноо авч 2 дугаар байранд орж байгаа юм. Шүүхийн дүгнээд байгаа шиг үнэлгээ дүгнэлт өгөх үйл явц энд байхгүй юм.

Б. “М.г” ХХК болон “М.д.ф” ХХК-уудын саналын хүрээнд дахин үнэлгээ хийхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч дахин үнэлгээ хийлгүүлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно. Харин ч үнэлгээ хийхдээ буруу үнэлж 2 оноо алдсан тэр оноог нэмүүлэх сонирхолоо илэрхийлсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 128/ШШ2018/0334 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын дарга бөгөөд Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д давж заалдах гомдолдоо: “...1.Шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэг /11 дүгээр тал/-т "...Төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш монгол ажилтантай бол 5 оноо өгнө гэснийг зөрчиж комиссын нэг гишүүн 3 өгснөөс техникийн оноо дутаж нэг байраар ухарсан ...”, мөн хэсгийн 12 дугаар талд “...Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч төсөлд ажиллах мэргэжлийн болон компанийн ажилтнууд 100% монгол ажилтан байх талаарх нэрсийн жагсаалтыг гаргаж мэргэжлийн ажилтнуудын эрх зүйн байдлыг тодорхойлсон баримтуудын хамт ирүүлж нийт ажилтнуудад эзлэх монгол ажилтны хувь 90% -аас дээш гэж нотолсныг комиссын олонх гишүүд 5 оноо өгч дүгнэсэн байхад комиссын өөр нэг гишүүн эсрэгээр үнэлэлт өгч тухайн компанийн нийт авч болох оноонд нөлөөлсөн ...” гэсэн хууль зүйн үндэслэлгүй бөгөөд холбогдох нотлох баримт хэргийн оролцогчийн тайлбарыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн дүгнэлт болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд гөологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ’’ гэж тодорхойлсон байдаг.

Түүнчлэн Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын Хоёрдугаар хавсралт /Үнэлгээний хуудас/-ын 5 дугаар асуулт нь “Төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш монгол ажилтантай бол -5" гэж заасан байна.

Тодруулбал, тухайн компанийн сонгон шалгаруулалтын материалд ирүүлсэн ажилтнуудын хэдэн хувь нь монгол ажилтан байна вэ гэдэг асуулт биш, харин тухайн ашигт малтмал хайх Төслийн үйл ажиллагаанд хичнээн хүмүүс оролцох, тэдгээрийн хэдэн хувь нь монгол ажилчид вэ гэдгийг тодорхойлохтой холбоотой асуулт болно.

Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтын материалд хавсаргасан тухайн компанийн ажилтан 5 хүнийг Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, журмын хавсралтад заасан ашигт малтмал хайх Төслйин үйл ажиллагааг бүхэлд нь гүйцэтгэх Төслийн ажилтнууд мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Төсөлд ажиллах ажилтан, компанийн ажилтан 2 огт өөр ойлголт бөгөөд энэ талаар хариуцагчийн гаргасан тайлбарыг авч хэлэлцэлгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн нэг талыг барьсан тайлбарыг үндэслэж шийдвэр гаргасан нь шүүхийн шйидвэр үндэслэл бүхий байх шаардлагатай нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэр /12 дугаар тал/-д “...компанийн ажилтнууд 100% монгол ажилтан байгаа талаарх нэрсийн жагсаалтыг гаргаж ...монгол ажилтнуудын хувь 90%-иас дээш гэж нотолсныг ...комиссын өөр нэг гишүүн эсрэгээр үнэлэлт өгч тухайн компанийн нийт авч болох оноонд нөлөөлсөн" гэсэн нь дээрх тодорхой 1 төсөл, компани гэсэн 2 ойлголтыг заавал нэг ойлголт гэж үзэх ёстой мэтээр шүүхээс тайлбарласан, түүнчлэн шүүхийн энэхүү буруу дүгнэлт, тайлбарыг сонгон шалгаруулалтын комиссын бүх гишүүд мөн адил заавал ижил, нэг янзаар тодорхойлж, бүх гишүүд бүх үнэлгээнд ижил оноо өгөх ёстой мэтээр тайлбарлаж дүгнэсэн нь Ашигт малтмалын тухай хууль, уг хуулиар бүрэн эрх олгогдсон сонгон шалгаруулалтын комиссын эрх хэмжээг шүүхээс хэрэгжүүлсэнтэй нэгэн адил дүгнэлт болсон.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын  6 дугаар зүйлийн 6.1-д "Сонгон шалгаруулалт зохион явуулах комиссын бүрэлдэхүүнийг Төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлах бөгөөд комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгч, комисс дүгнэлт гаргана" гэсэн бол мөн журмын 6.2-т “Сонгон шалгаруулалт зохион явуулах комиссын бүрэлдэхүүн нь хууль, эрх зүйн болон хайгуул, ашиглалтын төлөвлөгөө, тайланг үнэлэх мэргэжлийн чадвар, туршлагатай байна” гэж комиссын үнэлгээ өгөх бүрэн эрх, комиссын гишүүний үнэлгээ өгөх чадварыг тодорхойлсон.

Тийм ч учраас сонгон шалгаруулалтын комиссын гишүүн өөрийн эрх хэмжээний хүрээнд тухайн сонгон шалгаруулалтад оролцогчийн Төслийн үйл ажиллагааг журмын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хуудас”-ны "2.Геологи хайгуулын ажил явуулах төслийн баримт бичгийн үнэлгээ" хэсгийн "Төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш монгол ажилтантай бол-5, 90 буюу түүнээс доош бол-3 оноо” гэсэн сонголттой хувилбар бүхий үнэлгээнээс өөрийн ойлголтоор 3 оноо өгснийг шүүхээс заавал 5 оноо өгөх ёстой мэтээр тухайн комиссын гишүүдийн хувийн мэдлэг, туршлага, ур чадварт тулгуурлан гаргасан үнэлгээг зөв, буруу гэж дүгнэж байгаа нь төрийн захиргааны байгууллагын хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 12 дугаар талд “...нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах сонгон шалгаруулалтын төсөлд ирүүлсэн мэргэжлийн боловсон хүчний талаарх материалыг хууль, журам зөрчсөн, дутуу бүрдүүлж ирүүлсэн гэж үзээгүй хүлээн авч шалгаруулсан атлаа комиссын нэг гишүүн ямар үндэслэлээр 3 оноо өгсөн нь тодорхойгүйн дээр үнэлгээний маягтаар баталгаажуулсан 5 оноо өгөх журмын заалттай нийцээгүй гэж дүгнэв” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.8-д “Сонгон шалгаруулалтын санал нь энэхүү журмын 5.5, 5.6-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд тэмдэглэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг саналын хамт сонгон шалгаруулалтын санал авч ирсэн этгээдэд буцаан өгнө" гэж заасан.

Тэгвэл мөн журмын 5.5-д “Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналын хавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтад оролцохоор санал ирүүлж буй компанийн нэр, хаяг, сонгон шалгаруулалт зарласан талбайн байршил, нэр, сонгон шалгаруулалтын саналын хуудасны нийт тоо, эх эсхүл хуулбар хувийн аль нь болохыг бичсэн байна" гэсэн бол журмын 5.6-д “Оролцогч аж ахуй нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын саналыг сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгнө" гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтын саналын материалыг журмын 5.5-5.6, 5.8-д заасны дагуу хүлээн авахгүй буцаах, сонгон шалгаруулалтын саналын материалд мөн журмын 8.2-т заасны дагуу шалгуур үзүүлэлт бүрээр үнэлгээ өгөх 2 ойлголт бол огт өөр үе шатанд, огт өөр шалгуураар хийгддэг үйл ажиллагаа болно.

З. Шүүхийн шийдвэрийн 13 дугаар талд “...тухайн сонгон шалгаруулалтын үнэлгээ өгөх үйл явц хууль, журам зөрчиж явагдсан гэж дүгнэсэн тул. “М.г” ХХК болон гуравдагч этгээд “М.д.ф” ХХК-уудын саналын хурээнд дахин үнэлгээ хийхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комисст даалгаж шийдвэрлэв" гэсэн байна.

Шүүхээс тухайн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэсэн юм шиг хэр нь зөвхөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн саналын хүрээнд үнэлгээг дахин хийж, тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж баигаа нь өөрөө логикийн болон хууль ёсны байдлыг зөрчсөн агуулгатай шийдвэр болсон.

Учир нь тухайн сонгон шалгаруулалтад нийт 9 хуулийн этгээд оролцсон бөгөөд уг сонгон шалгаруулалт хууль зөрчсөн гэж дүгнэсэн атлаа зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргасан болон  гуравдагчаар татагдсан 2 хуулийн этгээдийн хүрээнд л дахин үнэлгээ хийж, энэ 2 хуулийн этгээдийн аль нэгэнд, бүр тодруулбал, зөвхөн “М.г” ХХК-д л тусгай зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлэх үнэлгээ хийхийг даалгасантай ижил агуулгатай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх үндсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх хангалттай үндэслэл болно.

4. Түүнчлэн маргаан бүхий сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, үнэлгээ өгөх үед Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд уг тушаал хүчингүй болж, өнөөдрийн байдлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон  шалгаруулалтын журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Анхан шатны шүүхээс 2017 оны 5 дугаар сард зарласан сонгон шалгаруулалтын материалыг дахин үнэлэхийг хариуиагчид даалгасан бөгөөд энэ тохиолдолд хүчингүй болсон журмын дагуу үнэлгээ хийх эрх зүйн үндэслэл бүрдэхгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0334 дүгээр шийдвэрийн “Тогтоох" хэсгийн 1 дэх хэсгийн нэхэмжпэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “М.д.ф” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-Ө давж заалдах гомдолдоо: “...1. Шүүхэд гаргаж өгсөн хамгийн сүүлийнх нь нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлсон байдал: “М.г” ХХК-аас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ-15 кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан Овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтын техникийн оноог дүгнэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулаптын комиссын №4 дүгнэлтийн “Сонгон шалгаруулалтад оролцогчдын техникийн саналыг үнэлсэн талаар” хэсгийн “ХОЁР”-т байх хүснэгтийн 3-т “М.г” ХХК-ийн “Техникийн саналын оноо”-г 35.0 гэж буруу үнэлсэн, “Үнийн санал нээсэн талаар” хэсгийн “ХОЁР”-т байх хүснэгтийн 3-т “М.г” ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, “М.г” ХХК-ийн техникийн оноог 35.33, нийт оноог 72.03 оноо авч 2 дугаар байранд орсон болохыг тогтоолгож, 2 дугаар байранд орсонд тооцож хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэр, “М.д.ф” ХХК-д олгосон Х\/-020886 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” болно.

2. Анхан шатны шүүхээс шийдвэрээ гаргахдаа “нэхэмжлэлийн шаардлагаас хальсан” шийдвэр гаргасан. Тодруулбал СШ-15 кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан Овоо" нэртэй талбайн сонгон шалгаруулалт нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын саналын хүрээнд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн, шийдвэртээ уг заалтыг хэрэглэсэн нь буруу болсон болох нь дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн эцсийн байдлаар тодруулж өгсөн шаардлагаас маш тодорхой харагдаж байгаа болно.

3. Шийдвэрийн гол үндэслэлээ анхан шатны шүүх “...Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” түүний нэмэлт өөрчлөлтийн дагуу үнэлгээний хуудсын “Ажиллах хүчин” хэсэгт “төсөлд ажиллах Монгол ажилтнуудын тоо нийт ажилтнуудад эзлэх хувь 90%-аас дээш Монгол ажилтантай бол 5 оноо, 90 буюу түүнээс доош бол 3 оноо” гэж тодорхой заасан байдаг Гэвч үнэлгээний хорооны гишүүн буруу үнэлгээ өгсөн гэх үндэслэлийг тайлбарласан бөгөөд энэхүү үндэслэл нь хариуцагч байгууллагын гаргасан бүх шийдвэрүүдийг хүчингүй болгох, хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй бөгөөд зөвхөн үнэлгээний хуудсаар нотлогдож байна гэж үзэж дүгнэсэн нь тухайн нотлох баримт өөр бусад баримтуудаар давхар нотлогдох ёстой шаардлагыг хангаагүй, үнэлгээний комиссын гишүүн өөрийн эрхийнхээ дагуу үнэлгээг өгсөн, түүнээс бус заавал бусад гишүүдтэйгээ адилаар үнэлгээг өгөх ёстой байсан гэх хууль журам байхгүй бөгөөд бусад гишүүдийн үнэлгээ өгсөн байдлыг гол нотлох баримт болгож байгаа нь буруу болсон.

4. Өөрөөр хэлбэл бусад гишүүд тань бүгд 5 оноо өгсөн учир та адил 5 оноо өгөх ёстой байсан гэх байдлаар комиссын гишүүн О.Б-г буруутгах нь хууль, журамд нийцэхгүй.

5. Сонгон шалгаруулалтын комисс нь гишүүн тус бүрийн үнэлгээний нийлбэрээр дүгнэгдэн нийт дүн гарч байгаа ба анхан шатны шүүх комиссын нэг гишүүний үнэлгээний зөвхөн нэг хэсгийг үндэслэлгүй бага оноо өгсөн гэж буруутгасан нь хэрэгт авагдсан баримтаар хэрхэн үндэслэлгүй байсан гэдэг нь нотлогдоогүй байхад хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн.

6. Үнэлгээний хуудсын 2.3 дахь асуулт бол нийт төсөлд ажиллах ажилчдын тоо, түүний дотор уг төсөлд ажиллах Монгол ажилчдын эзлэх хувийг тодорхойлж үнэлгээг өгөх тухай байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь өөрсдийн компанийн ажилчдын нэрсээ ирүүлсэн болохоос бус төсөлд ажиллах нэрсийг ирүүлээгүй, түүнчлэн 5 хүний мэргэжлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын зарим баримтыг ирүүлсэн хэсгийг үнэлгээний хуудсын 4 дэх хэсэгт үнэлгээ өгч үнэлэгдсэн байгаа бөгөөд 2 тусдаа асуудал байхад үүнийг анхаарч үзээгүй.

7. Геологи хайгуулын ажпын туршлагын тухайд нэхэмжлэгч байгууллага 10 оноо авах болзолыг хангаагүй байхад үнэлгээний комиссын 2 гишүүн 10 оноо өгсөн байдал илэрхий баримтаар нотлогдож байхад тухайн компанийн авсан оноог үндэслэлгүйгээр дүгнэсэн гэж зөвхөн нэг гишүүнийг шүүхээс буруутгах үндэслэлгүй.

8. Ашигт малтмалын тухай хууль болон Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын агуулгаас үзэхэд ялагчийг шалгаруулж үнэлгээ өгөхдөө “мэргэжлийн боловсон хүчиний чадварыг харгалзах’’-ыг маш тодорхойгоор зохицуулсан байх бөгөөд дээрх сонгон шалгаруулалт нь хууль журмын дагуу явагдсан байхад шүүхээс хэт хийсвэр дүгнэлт хийж комиссын гишүүний бүрэн эрхэд халдсан, нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг “Халзан овоо” нэртэй 620.75 га талбайд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарласанд 9 аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс Сонгон шалгаруулалтын комисс “Ө.о.б” ХХК-д 79.3, “М.д.ф” ХХК-д 71.8, “М.г” ХХК-д  71.7 оноогоор 1-3 дугаар байрт орсон талаарх 04 дүгээр дүгнэлтийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаалын хавсралтаар баталгаажуулжээ.

Сонгон шалгаруулалтад 1 дүгээрт шалгарсан “Ө.о.б” ХХК хайгуулын тусгай зөвшөөрлөөс татгалзсанаар 2 дугаар байрт шалгарсан “М.д.ф” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгох 458 дугаар шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/110 дугаар тушаал зэргийг үндэслэн  гаргажээ.

Дээрх үйл ажиллагаатай холбогдуулж “М.г” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын даргад холбогдуулж “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан Овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, техникийн оноог дахин бодитоор үнэлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын даргад даалгуулах”[1] тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссын даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 2018 оны 01 дүгээр сарын 09[2], 03 дугаар сарын 06[3], 04 дүгээр сарын 09[4], 05 дугаар сарын 09[5], 05 дугаар сарын 14-ний[6] өдрүүдэд нэмэгдүүлэх, тодруулах, зарим шаардлагаасаа татгалзсанаар шүүх хуралдаанаар[7], Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 дугаар сонгон шалгаруулалтын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтын комиссын 4 дүгээр дүгнэлтийн сонгон шалгаруулалтад оролцогчдын “М.г” ХХК-ийн техникийн саналын оноог 35.0, үнийн санал нээсэн талаарх хэсгийн 2-т байх хүснэгтийн 3-д “М.г” ХХК-ийн нийт оноог 71.7 гэж буруу дүгнэснийг хүчингүй болгож, “М.г” ХХК-ийн техникийн саналд 35.33, нийт 72.03 оноо авч 2 дугаар байрт орсныг тогтоолгох, “М.г” ХХК-ийг сонгон шалгаруулалтад шалгарсныг мэдэгдэх, уг сонгон шалгаруулалтад 2 дугаар байрт шалгарсан “М.г” ХХК-г шалгарсанд тооцож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 458 дугаар шийдвэрээр “М.д.ф” ХХК-д олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” гэх байдлаар тодорхойлж, хянан шийдвэрлүүлсэн байна.

Харин Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт, үнэлгээг баталгаажуулсан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/110 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан боловч энэхүү шаардлагаа дэмжин шийдвэрлүүлээгүй байна.

Нэхэмжлэгч компаниас нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлээ “2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн СШ 15-2 талбайн кодтой, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг 620.75 га бүхий “Халзан овоо” нэртэй талбайн сонгон шалгаруулалтын “М.г” ХХК-ийн техникийн оноог дүгнэсэн Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт Уул уурхайн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг зөрчиж “төсөлд ажиллах монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90 хувиас дээш монгол ажилтантай бол 5 оноо” өгөх байснаас 3 оноог буюу бага оноо өгсөн, ийнхүү манай компанид бага оноо өгснөөр “М.г.ф” ХХК хоёрдугаар байрт шалгаруулж хууль бусаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон” гэж тодорхойлсон бөгөөд үүнтэй холбогдуулж шүүх сонгон шалгаруулалтад оролцсон нэхэмжлэгч компанитай холбоотой баримтыг нотлох баримтаар авсны үндсэн дээр дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэжээ.

Зүй нь шүүх дан ганц нэхэмжлэгч “М.г” ХХК-тай холбогдох баримтуудаас гадна сонгон шалгаруулалтын төсөлд гуравдагч этгээд “М.д.ф” ХХК-аас ирүүлсэн материал, түүнийг үнэлсэн Сонгон шалгаруулалтын комиссын үнэлгээтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар авч, тухайн нэхэмжлэгчийн маргаж буй асуудал, тухайлбал, “төсөлд ажиллах ажилтнуудын монгол ажилтнуудын тоо, нийт ажилтнуудад эзлэх хувь 90 хувиас дээш монгол ажилтантай бол 3-5 оноо” өгөхөөр заасан тендерийн баримт бичгийн “VII. Мэргэжлийн боловсон хүчний мэдээ” хэсгийн ажиллагсдын жагсаалтад заасан асуудлаар тухайн компаниуд ямар материал бүрдүүлж өгсөн, түүнийг нь Сонгон шалгаруулалтын комисс хэрхэн үнэлж, тэдгээрт ялгамжтай хандсан эсэхийг тодруулах байдлаар хууль зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх байжээ.

Энэхүү ажиллагааг явуулаагүй нь анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1, 34.1, 34.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэл болно.

Үүнээс гадна анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тус бүрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу бүрэн тодруулж, хууль зүйн дүгнэлт хийх, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д заасан аль шийдвэрийг гаргуулж зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хэрхэн сэргээхээр нэхэмжлэл гаргасныг тодруулах зайлшгүй шаардлагатай.

Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М.г” ХХК, гуравдагч этгээд “М.д.ф” ХХК-уудаас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн  1 дүгээр тал

[2]  1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар тал

[3]  2 дугаар хавтаст хэргийн  4-5 дугаар тал

[4]  2 дугаар хавтаст хэргийн 65-67 дугаар тал

[5]  2 дугаар хавтатс хэргийн 103 дугаар тал

[6]  2 дугаар хавтатс хэргийн 101-102 дугаар тал

[7]  2 дугаар хавтаст хэргийн  108 дугаар тал