Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01289

 

 

 

Б.Цнэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01055 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Цхариуцагч А.Бхолбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 5 920 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А.Б 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу ___ ДУА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтөй Митсубиши Пажеро /Мitsubishi Pajero/ маркийн автомашиныг 4 000 000 төгрөгөөр худалдан авах, төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 01-ийн өдөр төлөхөөр тохиролцсон. Тухайн автомашин нь 2018 оны 12 сард осолдож гэмтсэн, кузов засвар хийгээд унах боломжтой, бусад эд анги нь бүрэн ажиллагаатай талаар А.Бмэдэгдэж, худалдсан боловч одоог хүртэл автомашины үнийг төлөөгүй байна. Иймд автомашины үнэ 4 000 000 төгрөг, гэрээнд заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны алдангид 1 920 000 төгрөг, нийт 5 920 000 төгрөгийг А.Бэс гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: Миний бие Б.Ц___ ДУА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтөй Митсубиши Пажеро /Мitsubishi Pajero/ маркийн автомашиныг задалж, сэлбэг болгон зарахаар 3 000 000 төгрөгөөр худалдан авсан. Б.Ц нь уг автомашины бичиг баримтыг 1 000 000 төгрөгөөр янзалж өгнө гэж тохирсон. Иймээс автомашины үнэ болох 3 000 000 төгрөгийг төлөх боломжтой, алдангийг төлөхгүй гэжээ.

 

  Шүүх:   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч А.Бэс гэрээний үүрэгт 5 920 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгож, нэхэмжлэгч Б.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109 670 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч А.Бэс улсын тэмдэгтийн хураамжид 109 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. А.Б миний бие Б.Цаас осолд орж, хэд хэдэн удаа эргэж эвдэрсэн, асах, явах боломжгүй болсон ___ ДУА улсын дугаартай Митсубиши Пажеро маркийн машиныг сэлбэгэнд 4 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Машин эвдэрсэн ч гэсэн бичиг баримттай учраас тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан. Сэлбэгэнд авсан машинаа задлаад мотор зэрэг эд ангийг бага багаар нь зараад 2 000 000 төгрөг болгоод Б.Цт шилжүүлэх гэсэн боловч бөөнд нь авна гээд аваагүй. Бусад эд анги нь зарагдахгүй өнөөдрийг хүрсэн. Сэлбэг болгож зарагдах боломжтой зүйлүүдийг нь зарсан. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуульч оролцуулсан. Миний бие хууль сайн мэдэхгүй, шүүх хуралдааны учир байдлыг ойлгоогүй өмгөөлөгч авалгүй өөрийн эрхээ хамгаалж чадаагүй. Энэ эрхийг минь шүүхээс ойлгуулж тайлбарлуулалгүй гарын үсэг зуруулсан. Түүнчлэн тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Учир нь осод орж эвдэрсэн машин худалдан авч байхад тээврийн хэрэгслийн чанар, иж бүрдэл сайн гэж гэрээнд тусгасан. Энэ байдлыг анхан шатны шүүх үндэслэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би явж байсан машин аваагүй ч одоо 4 000 000 төгрөгийг 2 хуваагаад өгөх боломжтой талаар илэрхийлсэн. Алданги 1 920 000 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь короно вирусын улмаас зах, худалдааны төвүүд ажлаагүйгээс шалтгаалан сэлбэг хэрэгслээ худалдан борлуулж чадаагүй. Учир байдлаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай холбон тайлбарласан боловч миний үгийг огт сонсолгүй хэт нэг талд нь хууль зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрээс алданги болох 1 920 000 төгрөгийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Б.Цавтомашины үнэ 4 000 000 төгрөг, алданги 1 920 000 төгрөг, нийт 5 920 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Б автомашины үнийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ___ ДУА улсын дугаартай Мицубиши пажеро маркийн суудлын автомашиныг 4 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний зүйл болох автомашин нь гэмтэлтэй боловч эд анги нь бүрэн ажиллаж байсан тул автомашиныг задалж, сэлбэг болгон бусдад худалдах зорилгоор хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдаж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарын талаар хариуцагч няцааж маргаагүй. /хх6/

 

Гэрээний зүйл болох автомашины чанар байдлыг харуулсан фото зураг хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн, гэрээний 3.2-т төлбөр төлөх хугацааг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байхаар тохиролцсон боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь автомашины үнийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

 Хариуцагч нь алдангийг эс зөвшөөрсөн үндэслэлээ хөл хорионы үеэр зах, худалдааны төвүүд ажиллаагүйн улмаас автомашины сэлбэг, хэрэгслээ худалдан борлуулж чадаагүй гэж тайлбарласан.

 

 

Шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн, хариуцагчаас алдангид 1 920 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг хэрэглээгүй нь учир дутагдалтай болжээ. Гэрээний зүйлийн шинж байдал, хариуцагчийн уг автомашиныг худалдан авсан зорилго, хөл хорионы нөхцөл байдал зэргийг харгалзан үзвэл алдангийн хэмжээг багасгах боломжтой байх тул хариуцагчийн энэ агуулгаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

 Талуудын гэрээний 3.5-д заасан гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, хариуцагч нь алданги төлөх үүрэгтэй боловч мөн хуулийн 232.4 дэх хэсэгт заасан хэмжээгээр алданги төлүүлэх боломжгүй. Учир нь худалдаа үйлчилгээний газрууд Короновируст халдвар гарч дэлхий нийтэд тархсантай холбоотойгоор Монгол улсад хөл хорио тогтоосны улмаас ажиллахгүй байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас алдангид 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас автомашины төлбөрт 4 000 000 төгрөг, алдангид 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/01055 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах заалтыг нэмж, 5 920 000 гэснийг 4 500 000 гэж, 2 дахь заалтын 109 670 гэснийг 86 950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ