Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/1267

 

 

 

 

 

 2025           11             06                                         2025/ДШМ/1267

 

Д.З-дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Бат-Оргил,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

яллагдагч Д.З, түүний өмгөөлөгч О.Батхүү, Х.Энхтайван, О.Санчирбал, А.Зоригтбаатар, Г.Бүжин,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5488 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Бат-Оргилийн бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаар эсэргүүцэл болон хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.З-дхолбогдох ................... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Зэвгэ ургийн овогт Д.З, ............... оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............. дүүргийн .........дүгээр хороо, ..........дугаар хороолол, 1 дүгээр ..........мянгатын .......... дугаар байр, .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:............../,

Яллагдагч Д.З нь .............. оны ........ дугаар сарын .........-ны өдөр Эрүүгийн хуулийн .......... дүгээр зүйлд заасан хуулийг сануулж авсан, мөн ............ дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус хууль сануулсан тэмдэглэлд гарын үсэг зурж хохирогчоор мэдүүлэхдээ “2013 онд ........... хичээлийн байрны өргөтгөл барих ажлыг хийж гүйцэтгэх үед улсын байцаагчаар “Бүрэн цутгамал” ХХК-ийн ажилчдыг шалгуулахад инженер гээд байгаа хүмүүс нь албан ёсны барилгын инженер хүмүүс биш байсан ..., ... ........биднийг дотоод ажилд их оролцож байна гээд болилоо гээд алга болчихсон. Тэгээд бид 10-аад хоног харж байгаад ирэхгүй болохоор нь дараагийн компанийг олох гээд хийсэн ажлыг нь үзүүлээд өөр компани хайсан чинь 2013 оны 07 дугаар сарын дундуур өөрөө хүрээд ирсэн” гэж мэдүүлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хууль сануулсан тэмдэглэлд гарын үсэг зурж хохирогчоор мэдүүлэхдээ “...Чанаргүй барилга барьсан учраас эрүүгийн хэргийг үйлдсэн байна. ..., ... Суурийн давхар цутгахдаа 1 багана орхиод цутгасан учраас спорт заал бариулахаа больсон ..., Уг барилга 2013 онд баригдаад 2014 оны 01 дүгээр сард ашиглалтад орох байсан. Гэтэл 4 дэх жилдээ ашиглаагүй явж байна. ..., ... гал тогоо, заал, анги, танхимууд ашиглагдаагүй байна. ..” гэж мэдүүлэг тус тус өгч, Бүрэн цутгамал ХХК-ийн захирал болох хохирогч Б.Бийг “Чанар муутай барилга байгууламж барьсан” гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд Д.З-дхолбогдох хэргийн зүйлчлэл, үйлдлийн шинж чанар, холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт, мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдов.

“Худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийн онцлог нь үндсэндээ гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд мэдэж байгаа үнэнээ няцаан мөрдөн шалгах болон шүүхийн байгууллагад ач холбогдол бүхий эрх зүйн үр дагавартай худал мэдүүлэг өгөхөд оршдог. Илрэх хэлбэр нь өргөн утгаараа нотлох баримтын агуулгыг гуйвуулах, санаатайгаар бодит байдлыг нуун дарагдуулах шууд санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн, гэмт хэрэгтэн ял завших эсхүл гэм зэмгүй этгээдийг гэм буруутайд тооцоход хүргэсэн тохиолдолд хамаарна.

Харин тухайн үед өгсөн мэдүүлэг нь тухайн мэдүүлэг өгсөн этгээдийн итгэл үнэмшил, хүлээн авсан мэдээлэл, ажлын явцтай холбоотой үнэлгээ байвал зориуд худал мэдүүлсэн гэж үзэхгүй.

Тэгэхээр энэ гэмт хэргийн мэдүүлэг өгсөн этгээдийн субъектив хандлагыг зайлшгүй шалгаж тогтоох нь мөрдөн байцаалтаар заавал хийгдэх ажиллагаа юм.

Д.Згийн мэдүүлгүүдэд барилга угсралт чанаргүй байсан, инженерийн мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүс ажилласан, барилгын ажил зогссон, өөр компани хайсан гэхчлэн объектив нөхцөлд суурилсан барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотойгоор үнэлгээ, шүүмжлэл хэлбэртэй мэдүүлгүүд үү эсхүл зориудын худал, гүтгэлэг үү гэдгийн үнэн, бодит эсэхийг шалгаж, уг мэдүүлгийг хэргийн үнэлгээнд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан тогтоохын тулд дараах мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Үүнд:

Д.З тухайн мэдүүлгээ өгөхдөө ямар баримт, мэдээлэлд тулгуурласан, ямар үзэл хандлагаар дүгнэлт хийсэн, энэ нь мэдүүлгийн үнэн бодит байдалд хэрхэн нөлөөлснийг тогтоох;

Барилгын талбайд ажилласан инженерүүдийн нэр, мэргэжлийн ур чадвар, оролцсон үүргийг баримтаар нотлон тогтоож, Д.Згийн мэдүүлгийн бодитой эсэхийг хөндлөн байдлаар шалгах;

Барилгын чанар, гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийх бүрэн эрх бүхий этгээд болох улсын байцаагч, инженер, гүйцэтгэгч болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг авч, Д.Згийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлэх;

Д.Згийн мэдүүлэг нь мөрдөн шалгах болон шүүхийн ажиллагаанд ач холбогдол бүхий гол нотлох баримт байсан эсэх, эсхүл бусад нотлох баримттай харилцан бие биенээ дэмжиж байсан эсэхийг нарийвчлан судалж, эрх зүйн үнэлгээ хийх.

Эдгээр ажиллагаа хийгдээгүй, эсвэл дутуу хийгдсэн нөхцөлд Д.Згийн мэдүүлгийг шууд үнэн эсхүл худал гэж үзэн, түүнд тулгуурлан гэм бурууг хэлэлцэх боломжгүй юм.

Үүний зэрэгцээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад яллагдагч Д.Згийн гэмт хэрэг үйлдсэн он, сар, өдөрт тодруулга хийгдэж, анхны яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт орсон нь тухайн эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг бодитойгоор хөндөж, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрхэн тоологдох талаар маргаан, тодорхойгүй байдал үүсэх шалтгаан болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан тодорхой хугацаанд багтаж тухайн этгээдийг яллагдагчаар татаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” хэмээн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн тоологдох бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын байгууллагад гэмт хэргийн талаар мэдэгдсэн эсэхээс үл хамаарах талаар тодорхой зохицуулсан.

Хэргийг харгалзан үзэхэд яллагдагч Д.Згийн “худал мэдүүлэх” үйлдэл нь прокурорын анхны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд “...2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр” үйлдэгдэж төгссөн гэж тэмдэглэгдсэн бол, дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн мэдүүлэг нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгөгдөж төгссөн гэж үзэн хугацаанд нь өөрчлөлт оруулсан байна.

Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, тухайн этгээд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдэж төгссөн гэж үзсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэлд шууд нөлөөлөхүйц, хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тооцох нөхцөлийг бүрдүүлж байна.

Энэ өөрчлөлт нь Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны үндсэн зарчимд шууд нөлөөлөх тул үүнийг үл тоомсорлох нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах, хууль зөрчсөн шийдвэр гаргах эрсдэлтэй.

Хэрэв 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн/ гэмт хэргийг үйлдэж төгссөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа /5 жил/ хамаарна гэж үзэхээс өөр аргагүй.

Прокурор, хохирогч, түүний өмгөөлөгчийн үзэж буйгаар “худал мэдүүлэг нь хяналтын шатны шүүх хуралдаан хүртэл үргэлжилж, дээд шүүхийн шийдвэрээр таслан зогссон” гэх тайлбарыг гаргаж байна.

Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн мөчид бүрэн төгссөнд тооцогддог. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн шинж нь мэдүүлэг өгсөн цагаас эхлэн хангагддаг бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй таслан зогсоогдсон үеийг шүүхийн шийдвэртэй холбон тайлбарлах нь хууль зүйн хувьд тодорхой бус үр дагавар үүсгэх эрсдэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн процессын бүх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу, хууль ёсны, үндэслэлтэй байхаас гадна хүний эрхийг хүндэтгэх зарчмыг мөрдөх ёстой.

Иймд яллагдагчаар татах тогтоолд гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацааг тогтворгүй зааж, үндсэн бүрэлдэхүүн болон хөөн хэлэлцэх хугацаанд бодитой, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг цогц байдлаар шалгаж, гэмт хэргийн санаатай байдлыг илтгэх нотолгоо, субъектив талыг тогтоох ажиллагааг хийгээгүй зэрэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбоотой хэрэгт хавсаргаж ирүүлсэн СD 3 ширхэг, “еdu line ХХК” гэх бичиглэл бүхий цагаан өнгийн 1 ширхэг флаш дискийг хэргийн хамт хүргүүлж, яллагдагч Д.З-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Бат-Оргил эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2025/ШЗ/5488 дугаартай шүүгчийн захирамжийг хүлээн авч танилцаад, захирамжид заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг үнэлж дүгнэх журмыг зөрчсөн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлын хүрээнээс давсан дүгнэлт хийсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1 .“... Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн онцлог нь үндсэндээ гэрч, хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд мэдэж байгаа үнэнээ няцаан мөрдөн шалгах болон шүүхийн байгууллагад ач холбогдол бүхий эрх зүйн үр дагавартай худал мэдүүлэг өгөхөд оршдог. Илрэх хэлбэр нь өргөн утгаараа нотлох баримтын агуулгыг гуйвуулах, санаатайгаар бодит байдлыг нуун дарагдуулах шууд санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн, гэмт хэрэгтэн ял завших эсхүл гэм зэмгүй этгээдийг гэм буруутайд тооцоход хүргэсэн тохиолдолд хамаарна...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй...” гэснийг зөрсөн гэж үзэж байна.

Учир нь, шүүгчийн захирамжид хэргийн үндсэн үйл баримт буюу нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “Худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийн үндсэн шинжийн талаарх дүгнэлтийг хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцвэл зохих 17 асуудлыг нэг бүрчлэн зааж улмаар мөн зүйлийн 11 дэх хэсэгт яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заан хэргийн оролцогч нар хэргийн талаар урьдчилсан дүгнэлт хийхийг хязгаарласан байдаг.

Гэвч дээрх захирамжид гэм буруугийн талаар буюу худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн үндсэн шинжийн талаар дүгнэсэн нь хууль ёсны байх шаардлагыг үл хангасан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэм хэмжээ, түүний зорилго, агуулгыг зөрчсөнөөр тодорхойлогдож байна.

2.”... Д.Згийн мэдүүлгүүдэд барилга угсралт чанаргүй байсан, инженерийн мэргэжлийн үнэмлэхгүй хүмүүс ажилласан, барилгын ажил зогссон, өөр компани хайсан гэхчлэн объектив нөхцөлд суурилсан барилгын чанар, аюулгүй байдалтай холбоотойгоор үнэлгээ, шүүмжлэл хэлбэртэй мэдүүлгүүд үү, эсхүл зориудын худал, гүтгэлэг үү гэдгийн үнэн, бодит эсэхийг шалгаж, уг мэдүүлгийг хэргийн үнэлгээнд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан тогтоохын тулд Д.З нь тухайн мэдүүлгээ өгөхдөө ямар баримт, мэдээлэлд тулгуурласан, ямар үзэл хандлагаар дүгнэлт хийсэн, энэ нь мэдүүлгийн үнэн бодит байдалд хэрхэн нөлөөлснийг тогтоох, барилгын талбайд ажилласан инженерүүдийн нэр, мэргэжлийн ур чадвар оролцсон үүргийг баримтаар нотлон тогтоож, Д.Згийн мэдүүлгийн бодитой эсэхийг хөндлөн байдлаар шалгах, барилгын чанар, гүйцэтгэлийн талаар дүгнэлт хийх бүрэн эрх бүхий этгээд болох улсын байцаагч, инженер, гүйцэтгэгч болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг авч, Д.Згийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлэх, эдгээр ажиллагаа хийгдээгүй, эсвэл дутуу хийгдсэн нөхцөлд Д.Згийн мэдүүлгийг шууд үнэн эсхүл худал гэж үзэн, түүнд тулгуурлан гэм бурууг хэлэлцэх боломжгүй юм...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу хэрэгт илт тогтоогдсон нөхцөл байдал буюу “...Чанар муутай барилга байгууламж барьсан...” гэх үйл баримтын талаар дахин нотлох ажиллагаа буюу мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгүүлэхээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай” тогтоол, түүний хавсралтаар батлагдсан журмын 2.2.3.2-д заасан “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй. Нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэг нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан болон уг хэсгийн үндэслэл болсон шийдвэрийн “үндэслэх” буюу “хянавал” хэсэгт дүгнэгдсэн хоорондоо уялдаа бүхий үйл баримтыг ойлгоно...” гэж заасныг зөрчиж байна.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаартай тогтоолуудад дүгнэгдсэн нөхцөл байдлыг дахин мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохыг зорьж, захирамждаа тусгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, яллагдагч Д.Згийн хохирогчоор тогтоогдон шалгагдаж байсан эрүүгийн 201401040336 дугаартай хэрэгт үзлэг хийж улмаар дээд шатны прокурорын шийдвэр, шүүхийн шийдвэр, тухайн хэрэгт цугларсан шаардлагатай бичгийн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн байхад “...чанаргүй барилга байгууламж барьсан...” асуудалтай холбоотой дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад үл нийцсэн байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэнээс хойш хуульд заасан тодорхой хугацаанд багтаж тухайн этгээдийг яллагдагчаар татаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно" хэмээн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын байгууллагад гэмт хэргийн талаар мэдэгдсэн эсэхээс үл хамаарах талаар тодорхой зохицуулсан. Хэрэв 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн) гэмт хэргийг үйлдэж төгссөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд үүнд хамаарна гэж үзэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн шинж нь мэдүүлэг өгсөн цагаас таслан зогсоогдсон үеийг шүүхийн шийдвэртэй холбон тайлбарлах нь хууль зүйн хувьд тодорхой бус үр дагавар үүсгэх эрсдэлтэй...” гэсэн агуулгыг тодорхойлж улмаар дээрх агуулга нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болсон талаар дурдсан. Эрүүгийн эрх зүйд хуулийн үйлчлэх, гэмт хэрэг үйлдсэн цаг, хөөн хэлэлцэх болон ялын хугацаа зэрэг хугацааны ойлголт байдаг бөгөөд үүнээс гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж болохгүй хугацаа гэсэн хоёр төрөлд хуваан үздэг төдийгүй энэ хугацаа нь гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага, ялтай холбогддог. Гэтэл шүүх дүгнэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар урьдчилсан дүгнэлтийг хийж яллагдагч Д.Згийн худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй байхад түүний үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа тоолоход эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн талаар дурдсан байна.

Гэвч шүүхийн захирамжид заасан тодорхойгүй гэх “Хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр бүлэг буюу анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэж улмаар түүний дараагаар хөөн хэлэлцэх хугацааны талаарх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж зохих шийдвэрийг гаргадаг нь эрүүгийн процессын эрх зүйд тогтсон хууль хэрэглээний жишиг. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд тулгуурлан, тэдний танилцуулсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байдлыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр хэргийн болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоож, түүний дараагаар тогтоогдсон нөхцөл байдалд тулгуурлан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлох учиртай.

Гэвч яллагдагч Д.Згийн худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримтыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж бодит байдлыг тогтоолгүйгээр шууд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг” анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоож тогтоогдсон нөхцөл байдлаас улбаалан 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийхээр хууль тогтоогчоос хуульчилсан байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дээрх асуудалд үнэлэлт дүгнэлт өгч түүнийгээ хэргийг прокурорт буцаах үндэслэл болгож буй нь дээрх шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцно...” гэж заасан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хуульд заасан шаардлагыг хангаагүй, захирамжид заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5488 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5488 дугаар шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүх чанаргүй барилга барьсантай холбоотой ажиллагаа хийгдэх ёстой гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно ” гэж заасны дагуу шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг шалгаж тогтоосон прокурорын тогтоол, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан. Тухайлбал: 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 133, 134, 135 дугаар прокурорын тогтоол, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн барилгын зурагт орсон өөрчлөлт, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн тогтоол зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “танин мэдэхүйн хувьд нийтэд илэрхий, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал”-ыг шинжлэн судлахгүй гэж заасан бөгөөд шүүгчийн захирамжид дурдагдсан асуудал дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Яллагдагч Д.Згийн намайг буруутгасан мэдүүлгүүд Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн эрүүгийн хэргийн тогтоолоор үгүйсгэгдэж байна. Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор чанаргүй барилга барьсан гэдэг нь тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр намайг цагаатгасан байхад тус тогтоолыг үгүйсгэж, надад холбогдох хэргийг дахиж шалгах гэж байгаа юм шиг ойлгомжгүй шүүгчийн захирамж гарсан. Өөрөөр хэлбэл, чанаргүй барилга барьсан гэдэг нотлох баримт байхгүй. Чанаргүй барилга барьсан гэдгийг нотолж байсан 2 голлох нотлох баримт болох мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт, шаардлага нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатын захиргааны танхимын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор илт хууль бус акт болох нь тогтоогдсон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар шинжээч н.Шинэхүүгийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцохгүй гэж дүгнэсэн. Намайг цагаатгасан байхад анхан шатны шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгчид чанаргүй барилга барьсан мэтээр ярьж байсан. Анхан шатны шүүх яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид “2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн анх яллагдагчаар татсан тогтоолд” гэж бичсэн. Гэтэл хавтаст хэрэгт байгаа баримтуудаар 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь байгаа. Шүүгчийн захирамжид 19-ний өдрийн зориуд 25-ны өдөр болгон худал бичсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлэг өгч, тухайн гэмт хэрэг төгссөн гэж дүгнэсэн. Гэтэл прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан төгссөн биш үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэнийг анхаарч үзнэ үү. Прокуророосхохирогч Б.Бийг чанар муутай барилга байгууламж барьсан гэмт хэрэг үйлдсэн мэтээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул” гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй байсан. Анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэж 6 хоногийн дараа дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид “Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн, зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн мөчид төгссөнд тооцогддог. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн шинж нь мэдүүлэг өгсөн цагаас эхлэн хангагддаг бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй таслан зогсоогдсон үеийг шүүхийн шийдвэртэй холбон тайлбарлах нь хууль зүйн хувьд тодорхой бус үр дагавар үүсгэх эрсдэлтэй” гэжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” бол гэж хүндрүүлэх зүйл, ангиар шийдвэрлэнэ. Гэтэл анхан шатны шүүх худал мэдүүлэг өгч гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж, үргэлжилсэн үйлдлээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг дээр дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байна. Яллагдагч Д.З 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлүүлэн намайг гэмт хэрэг хийсэн, чанаргүй хогийн барилга барьсан, мөнгө авсан, залилан мэхэлсэн, хүний нэр төр гутаасан гэдэг олон үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатын шүүх хуралдаан 3 удаа, давж заалдах шатын шүүх хуралдаан 2 удаа, Улсын Дээд шүүхийн хуралдаан нэг удаа болсон. Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн процессын бүх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу, хууль ёсны үндэслэлтэй байхаас гадна хүний эрхийг хүндэтгэх зарчмыг мөрдөх ёстой гэжээ. Өөрөөр хэлбэл яллагдагчийн эрхийн талаар ярьж, хохирогчийн эрхийг огт ярихгүй байгааг анхаарч үзээгүй. Хохирогч Б.Б нь чанар муутай, хогийн барилга барьсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлээр 5 жил гүтгэгдсэн. 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр залилан мэхэлсэн, 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүний нэр төр гутаасан, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсэгт зааснаар чанаргүй барилга барьсан гэж гомдол гаргаж, 3 шатны шүүхэд иргэн Б.Б нь “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлж байсан. Хавтаст хэрэгт эдгээр мэдүүлгийг бэхжүүлж авсан байхад анхан шатны шүүх хохирогчийн эрхийг үл хүндэтгэсэн. Шүүгчийн захирамжид “Иймд яллагдагчаар татсан тогтоолд гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацааг тогтворгүй зааж, үндсэн бүрэлдэхүүн болон хөөн хэлэлцэх хугацаанд бодитой, хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэж дурдсан. Гэтэл прокурор яллах дүгнэлтдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр гэж журамлаж, мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар таслан зогсоогдсон үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь үндэслэлтэй гэж яллагдагч Д.Згийн өмгөөлөгч О.Санчирбалын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлтдээ дурдсан. Шүүгчийн захирамжид “нотлох баримтыг цогц байдлаар шалгаж, гэмт хэргийн санаатай байдлыг илтгэх нотолгоо, субьектив талыг тогтоох ажиллагааг хийгээгүй зэрэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагданагэж, мөн тус хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Яллагдагч Д.Згийн хохирогч Б.Бийг “Чанар муутай барилга байгууламж барьсан” гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн 17 гэмт үйлдлийн нотлох баримтуудын хамт өгч, гомдол гаргасан бөгөөд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон. Энэ эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэвэл дахин хэзээ шүүхэд шилжихийг тааж мэдэшгүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Д.З болон түүний өмгөөлөгч нар нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоос хойш нийтдээ 34 удаа мөрдөх болон прокурорын байгууллагад гомдол гаргасан, яллагдагч Д.З нь яллах дүгнэлтээ гардан авахгүй татгалзаж, анхан шатны шүүхээр албадан ирүүлж байж гардан авсан зэргээс дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах зорилготой гэж хардахаас өөр аргагүй байна. Энэ 2 жилийн хугацаанд яллагдагч Д.З болон түүний өмгөөлөгч нар Улсын Ерөнхий прокурорт 6 удаа, нийт 34 удаа гомдол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасны дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мэтгэлцээний үндсэн дээр анхан шатны шүүх шийдвэрлэх боломжтой. Яллагдагч Д.З намайг 74.000.000 төгрөгөөс 612.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж мэдүүлсэн. Энэ хохирлын хэмжээ үндэслэлгүй болох нь тогтоогдсон. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн цагаатгах тогтоолд эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл иргэний журмаар хохирлоо нэхэмжлээгүй нь намайг эрүүгийн хэрэгт гүтгэсэн гэдгийг нотолж байна. Мөн “Бүрэн цутгамал” ХХК-ийн зүгээс гэрээгээ цуцалж, ажил хийхгүй хаяж явсан гэдэг мэдүүлгүүдийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд удаа дараа өгсөн. Энэ нь Улсын Дээд шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн иргэний хэргийн тогтоолоор үгүйсгэгдэж байна. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хүртэл Д.З болон түүний өмгөөлөгч нар “Б.Бийн барьсан чанар муутай хогийн барилгыг өнөөдрийг хүртэл ашиглаж чадахгүй, Улсын комисс хүлээж аваагүй, гаргасан хөрөнгөө хүртэл ашиглаж чадахгүй байна” гэж мэдүүлж байсан. Гэтэл ингэж хэлэхээс нэг хоногийн өмнө тус барилгыг Улсын комисс хүлээж авсныг зориуд нуусан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. “Сант” сургуулийн өмгөөлөгчид хэргийг прокурорт буцааж өгнө үү гэж байна. Тус сургуулийн өмгөөлөгч О.Батхүү нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк дээ “прокурорыг хонгилддог, махны машин болдог” гэж бичсэн нь нийтэд илэрхий байгаа. Тиймээс анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэдгийг дахин дахин хэлье. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5488 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Яллагдагч гэм буруугүй юм бол хэргээ шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй. Прокуророос 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр надад холбогдох чанаргүй барилга барьсантай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгоход Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүхээр эрхээ эдэлж, би “шүүхээр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлнэ” гэж гомдол гаргаж байсан. Тиймээс анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудлаа шийдвэрлүүлэх нь хууль ёсны үндэслэл бүхий болно гэж үзэж байна” гэв.

Хохирогч Б.Бийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дэх хэсгийн 6.1 дэх заалтаас 6.17 дахь заалт хүртэл зааглаж, гэм буруугийн шүүх хуралдаанаас тусад нь үе шат болгон тоочин дурдах замаар ялгаж өгсөн. Гэм буруугийн шүүх хуралдаан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг эрх зүйн зохицуулалтын хувьд зааг ялгаатай байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх зааглаж, үндэслэл бүхий хэлэлцүүлэг явуулахгүй хуулийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчсөн агуулгатай дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх нэмэлт ажиллагаа хийлгэх гэж байгаа асуудлуудыг хэлэлцэхдээ “үнэлгээ, шүүмж, шүүмжлэл хэлбэртэй мэдүүлгүүд эсэхийг ялган зааглаж, нарийвчлан тогтоох шаардлагатай” гэж үзсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар үнэлгээ, шүүмжлэлийн хэлбэртэй байна уу, тэгвэл гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгах уу, эсхүл зориудаар худал мэдүүлж гэмт хэргийн шинж агуулж байна уу гэдгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, нотлох баримтыг үнэлж, дүгнэлт хийж шийдвэрлэх байсан. Анхан шатны шүүх энэ асуудалтай холбоотой гэм буруугийн асуудлыг хэлэлцсэн. Худал мэдүүлэг өгсөн Д.З нь ямар үзэл хандлагаар мэдүүлэг өгч байгааг тогтоох шаардлагатай мэтээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх асуудлыг мөн шийдвэрлэсэн. Мөн инженерүүдийн нэр, мэргэжлийн ур чадвар, оролцсон үүргийг тогтоох шаардлагатай гэж байна. Худал мэдүүлэг өгсөн эсэх асуудал дээр инженерүүдийн нэр, мэргэжлийн ур чадвар ямар хамааралтай, ач холболдолтой вэ, худал мэдүүлэг өгсөн эсэхийг дүгнэх асуудал. Энэ асуудлуудыг дурдаж, “Д.Згийн мэдүүлгийг шууд үнэн, эсхүл худал гэж дүгнэн түүнд тулгуурлан гэм бурууг хэлэлцэх боломжгүй байна” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчсөн агуулгатай дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хэмжээ, хязгаар ямар байхыг, гэм буруутай холбоотой асуудлыг яагаад энд дурдсан агуулгатай шүүгчийн захирамж гарсан асуудал дээр ул суурьтай, хуулийг ягштал баримтлахтай холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг зөрчихөөс гадна давхар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үр дагавар бүрдэж байна. Хуулиар тогтоосон зарчим нэг номерт баримтлагдах ёстой. Энэ зарчмыг чанд баримтлаагүй бол шүүгчийн захирамжийг хүчингүй болгоно гэдэг агуулгаар эхний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэнтэй холбоотой гомдол гаргаж байна.

Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал яригдаж байна. Маргааны үндэслэл болсон 2023 оны 2 тогтоол байгаа. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан. Анхан шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж, эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь ямар хууль зүйн үр дагавартай болохыг тайлбарлаад байхад үүнийг анхаарч үзээгүй. Тиймээс давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг анхнаасаа журамласан дээр дүгнэлт хийж өгнө үү. Цаг хугацааны хувьд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Энэ тогтоол хэрэгт авагдаж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нотлох баримтаар дурдагдаж, дүгнэгддэг. Гэмт хэрэг үйлдэгдэж, үргэлжилж байгаа цаг хугацаа, гэмт хэрэг таслан зогсоогдож төгссөн цаг хугацааг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор дүгнэж, тоолоод 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Энэ цаг хугацааг тоолж үзвэл яг 5 жил болохоос 2 хоногийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан дээр дүгнэлт хийх ёстой. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хүртэл энэ үйлдэл үргэлжилж, Улсын Дээд шүүхийн цагаатгах тогтоолоор таслан зогсоогдсон. Өөрөөр хэлбэл, худал мэдүүлэг өгөхөөс сайн дураар татгалзсан, өөрөө төгсгөсөн үйлдэл энд яригдахгүй. Таслан зогсоогдсон үйл баримт дүгнэгдэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “үргэлжилсэн үйлдэл” гэдэг нэр томьёо яригдана. Энд сайн дураараа үйлдлээ дуусгах, эсхүл хөндлөнгийн этгээдийн үйлдлээр таслан зогсоогдож байгаа энэ үеийг гэмт хэрэг үйлдэж, төгссөн хугацаагаар тодорхойлох боломжтой. Энэ хэргийн үйл баримтын хувьд Улсын Дээд шүүхийн цагаатгах тогтоол гарч, гэмт хэрэгт гүтгэж, хохирогчоор мэдүүлэг өгсөн үргэлжилсэн үйлдэл нь таслан зогсоогдсоноор хөөн хэлэлцэх хугацааг тоолох нөхцөл байдал үүсэж байгааг анхаарч үзнэ үү. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэ тогтоолоор гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, үйлдлийн шинжийг тодотгож өөрчлөлт оруулсан болохоос шууд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг агуулгаар өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд мөн адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан. Хамгийн сүүлд хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллах дүгнэлт үйлдэгдсэн. Энэ яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг мөн журамласан байдаг. Анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, өөрчлөлт оруулсан тогтоол, яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан болохоос хассан, өөрчилсөн зүйл байхгүй. Энэ асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар мэтгэлцэх зарчмаар шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл таслан зогсоогдсон гэж үзэх үү гэдгийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан гэдэг дүгнэлтэд хүрч байна. Тиймээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Яллагдагч Д.Згийн өмгөөлөгч О.Санчирбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллагдагч Д.Згийн 5 өмгөөлөгч оролцож, прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолтой холбоотойгоор тус бүрдээ хуваан авч тайлбар гаргаж байна. Миний хувьд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар гаргая,

Хохирогч, түүний өмгөөлөгч, прокурорын зүгээс тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарладаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх, мөрдөгч, прокурорыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч нар Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахина гэж заасан. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд прокурор хяналт тавьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн. Прокурор яллах дүгнэлтдээ хамгийн сүүлийн үйлдлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж томьёолсон. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн зүгээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3 дахь заалтад заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан тогтоолыг харахад тухайн гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үргэлжилсэн гэж үзэж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа мөрдөн шалгах ажиллагаа явуулж, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдалд хамаарч байгаа талаар дурдсан. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Прокурорын зүгээс гэм буруугийн асуудлыг хэлэлцэж, аль нэг шийдвэрийг гаргана гэж дурддаг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3 дахь заалтад заасан нөхцөл байдлыг дурддаггүй. Шүүх хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд мөрдөгч, прокурорын энэ хууль бус ажиллагааг таслан зогсоох байдлаар шийдвэр гаргасан. Хохирогч, яллагдагч нарын эрх, үүргийг тэнцвэртэй байлгах үүргийг хангах үүднээс ийм шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн үйл баримттай холбоотой дараах асуудлыг ярьсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч худал мэдүүлэг өгсөн гэж хэлдэг. Яллах дүгнэлт, түүний хавсралтад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч худал мэдүүлэг өгөхгүй гэдэг баталгаа гаргаж, гарын үсэг зурдаг. 2016, 2017 онд шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа тайлбар, баримт хэрэгт авагдсан. Тиймээс хохирогчийн мэдүүлсэн нөхцөл байдлыг баримтаар тогтоож өгнө үү, үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Хохирогч, түүний өмгөөлөгч хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой няцаан, үгүйсгэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд Б.Б хохирогчоор тайлбар гаргаж байна. 2018 онд давж заалдах болон Улсын дээд шүүхэд хохирогч худал мэдүүлэг өгөх дээр баталгаа гаргадаггүй байсан. Давж заалдах шатны шүүх өнөөдөр ч гэсэн баталгаа гаргаж, танилцуулаагүйтэй адилхан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2018 онд Улсын Дээд шүүх таслан зогсоосон гэж үзэх боломжгүй байна” гэжээ.

Яллагдагч Д.Згийн өмгөөлөгч А.Зоригтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хөөн хэлэлцэх  хугацааны асуудал энд зайлшгүй яригддаг. Шүүх яагаад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлт хийж буцаасан бэ гэхээр яллагдагчаар татах тогтоол 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэдэг хугацааг зааж, яллах дүгнэлтэд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэж зөрүүтэй бичсэн. Шүүгч прокуророос яагаад өөрчлөгдсөн, ямар үйл баримт болсон талаар асуухад хариулж чадаагүй. Прокурор өнөөдрийн шүүх хуралдаанд техникийн алдаа гарсан гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд техникийн алдаа гаргасан ч гэж хэлж чадаагүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг дүгнэх ёстой. Шүүх дүгнэлт хийх гэтэл хөөн хэлэлцэх хугацааг аль цаг хугацаанаас тооцох нь тодорхойгүй байсан учраас буцааж шийдвэрлэсэн.

2. Энэ цаг хугацаануудыг яагаад дураараа өөрчилсөн бэ гэдэг асуудал байгаа. Өмгөөлөгч Л.Намнансүрэн түрүүн “2015, 2016 онд болсон үйл явдал, одоогоос 10 жилийн өмнөх” гэж хэлж байна. Энэ яллагдагчаар татсан тогтоолыг Б.Бийн фейсбүүк хаягаас олж мэдсэн. Хөөн хэлэлцэх хугацаа /5 жил/ дуусахаас 2 хоногийн өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр яллагдагчаар татах тогтоол гаргасан. Үүнийгээ Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолтой тааруулсан. Гэтэл Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд Д.З тайлбар гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл дээр байгаа. Шүүх хуралдаанд тайлбар гаргаагүй хүнийг худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэдэг байдлаар зохиож дүгнээд, үүнээс 5 жилийг нь тоолж, хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тогтоол гаргаж, гаргасан тогтоолоо зөвхөн Б.Бт танилцуулж, Б.Б энэ талаар фейсбүүкт тавьсан. Энэ дээр хардлага төрж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой.

3. 2017 оныг 2018 он гэж бичсэн юм бол үүнд сар, өдрийн зөрүүтэй байдал байгаа. Үүнийг техникийн алдаа гэж үзэх боломжгүй, прокурор техникийн шинжтэй алдаа гаргасан гэдгээ нотлох ёстой. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурор алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр энэ асуудлыг хэлэлцүүлэх ёсгүй байсан гэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцдэггүй юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.3 дахь заалт байгаад ямар хэрэгтэй вэ, энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон асуудлыг хэлэлцэх гэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд яллагдагчаар татаж, ажиллагаа явуулж болохгүй. Гэтэл хууль зөрчиж 2 жил гарангийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хүчээр хэргийг шүүх рүү шилжүүлж байна. Урьд 3 удаа яллах дүгнэлтийг хүчингүй болгож байсан. Худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг яагаад 10 жилийн хугацаанд илрэхгүй байгаа вэ, илэрдэггүй ээдрээ төвөгтэй хэрэг үү, яагаад 3 удаа яллах дүгнэлт хүчингүй болж байгаа вэ гэвэл  прокурорын шийдвэр хууль бус байсантай холбоотой байсан. Зөвхөн прокурор Г.Бат-Оргилын үйлдэл биш Монгол Улсын прокурорын байгууллагад 34 удаа, Улсын Ерөнхий прокурор 6 удаа гомдол гаргасан гэж байна. Би энэ гомдлуудын талыг нь гаргасан байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.17 дахь заалтад заасантай холбоотойгоор 2 дахь урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлтийг гаргасан. Яллагдагчаар татсан асуудал ойлгомжгүй байсан. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэж бичсэн. Хуульд гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн гэдэг 2 шинж байгаа. Яллагдагч худал мэдүүлсэн үү, гүтгэсэн үү, худал мэдүүлсэн юм бол хэзээ, яаж худал мэдүүлсэн бэ, хэрвээ Б.Бийг гүтгэсэн юм бол хэзээ, хаана юу гэж гүтгэсэн бэ гэдэг байдлаар Д.З болон түүний өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гомдол, хүсэлт гаргасан. Үүнийг тогтоогоогүй, хийгээгүй, хийж ч чадахгүй. Худал мэдүүлэг өгөх нь хүнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгоор өгч байгаа бодит бус мэдээлэл, баримтыг хэлнэ. Гүтгэх гэдэг бол хүний нэр төр, алдах хүнд, нийгмийн үнэлэмжийг унагаах зорилгоор өгч байгаа мэдүүлгийг ойлгоно. Д.З яг алийг нь өгсөн бэ гэдэг асуудал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр яригдсан. Шүүхэд хэргийг шилжүүлж байгаа бол ядаж худал мэдүүлэг өгсөн үү, гүтгэсэн үү гэдгийг ялгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолд дурдсан худал мэдүүлж, гүтгэсэн гэдэг зохицуулалт Эрүүгийн хуулийн тусгай ангид байхгүй. Энэ 2-ыг нийлүүлж нэг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Хэрвээ энэ 2-г үйлдсэн гэж байгаа бол тусад салгаж, тогтоох ёстой. Худал мэдүүлэг өгсөн гэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа, хууль зүйн өөр үр дагавар үүсэх ёстой. Гэтэл үүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй учраас тогтоох асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж, шүүх хүлээж авсан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Гүтгэх гэмт хэргийн объект нь нэр төр, алдар хүнд байдаг. Худал мэдүүлэг өгөх гэмт хэргийн объект нь өөр. Прокурор ажиллагаа хийгээгүй учраас тодруулах зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Чанар муутай барилга, байгууламж барьсан асуудал яригддаг. Б.Б сая “намайг чанар муутай барилга барьсан гэдгийг нотолсон нэг ч баримт байхгүй” гэж байна. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолд “2,5 миллиметрийн хөндлөн огтлолттой байхаар төлөвлөсөн утсыг 1,5 миллиметрийн хөндлөн огтлолтоор хийж, зөрчил гаргасан байна. Гэхдээ энэ нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна” гэж дүгнэсэн. Д.Згийн хувьд “цахилгааны утсыг зөв, буруу хийсэн эсэхийг шалгаж, тогтоож өгөөч” гэж хэлсэн. Улсын Дээд шүүхийн үүнийг тогтоосон боловч гэмт хэрэг гэж үзээгүй. Гэтэл прокурор энэ эрүүгийн хэргээс өөр мэдүүлгээр нь яллах дүгнэлт үйлдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Чанар муутай барилга гэдэгт цахилгааны утас, дээвэр, карказ гээд бүх зүйл ордог. Д.З цахилгааны утастай холбоотой гомдол гаргасан. Гэтэл цахилгааны асуудалтай холбоогүй асуудлаар худал мэдүүлэг өгч, Б.Бийг гүтгэсэн гэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ойлгохгүй байна.

4. Яагаад энэ хэргийн хохирогч Б.Б болсон бэ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр бүлэгт заасан гэмт хэргүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт хэн нэгнийг хохирогчоор тогтоож, оруулж ирж, гомдол, санал, хүсэлт гаргуулсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцааж шийдвэрлэхээр үүнд нь мөн гомдол гаргадаг. Дээрх нөхцөл байдлыг зайлшгүй нэмэлт ажиллагаагаар тогтоох шаардлагатай, шүүх энэ ажиллагааг залруулахгүй бол Монгол Улсын прокурорын байгууллага Д.З гэдэг хүнийг 2 жил хууль бусаар мөрдөн шалгаж байна. Энэ асуудал дээр шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Монгол Улсын прокурор байгууллага ийм байдлаар ажиллагаа явуулахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй” гэв.

Яллагдагч Д.Згийн өмгөөлөгч О.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байгааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлцэл дээр тайлбарлая. Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх шийдвэр гаргадаг. 1948 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1974 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, 2000 оны Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцыг ноцтойгоор зөрчсөн. Д.Згийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн. Прокурор, хохирогч, түүний өмгөөлөгч “асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье, яагаад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс буцаах гэж байгаа вэ” гэдэг асуудлыг ярьж байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд Монгол Улсад хэрэгжиж байгаа хуульд заасны дагуу байх ёстой. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан болох нь яллагдагчаар татсан тогтоолп тоо, баримттайгаа байхад яагаад шүүхээр оруулах гэж байгаа вэ, хэрвээ  шүүх энэ хэргийг хэлэлцэх юм бол хууль зөрчинө. Прокурор бичлэг нь бичигдэж, шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлж байхад худлаа ярмааргүй байна. Шүүгч түрээн “2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэдэг огноо зөв үү” гэж асуухад “зөв” гэж хэлсэн. Яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдсэн хамгийн сүүлийн хугацаа яг энэ хугацаагаар явж байгаа. 18 гэдэг тоог хаанаас гаргаж ирж байгаа вэ, хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж яллах гэж байгаа бол нотлох нь прокурорын үүрэг. Үүнийгээ хийхгүй хүнийг 12, 13 жил яллагдагчийн суудалд суулгаж, ажил, амьдрал, нэр төрөөр нь хохироож байгаа нь эрүү шүүлт биш үү. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч А.Зоригтбаатарын гаргасан үндэслэлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, гүтгэх, худал мэдүүлэх гэдэг 2 тусдаа гэмт хэрэг бөгөөд прокурор өөрөө санаанаасаа зохиож “худал мэдүүлэх замаар гүтгэсэн” гэж болохгүй. Өнөөдөр хуулийг тайлбарлах эрх зөвхөн Улсын Дээд шүүхэд байгаа. Улсын Дээд шүүхээс ийм тайлбар гаргаагүй. Бид нар зөв, буруу гэж маргахаас илүү мөрдөн шалгах ажиллагаа, түүнд хяналт тавьсан прокурорын үйл ажиллагаа хууль нийцсэн үү гэдэг асуудал. Процессын алдаа гаргасан учир прокурорыг алдаагаа зас гэж байна. Прокурорын байгууллага хэргийг хагас дутуу шалгадаг, буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, эцсийн дүндээ энийгээ шүүхээр зөвтүүлдэг нь үнэн. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад прокурорт хэргийг хааж, хэрэгсэхгүй болгох боломжтой байхад шүүхээр хаалгаж байгаа нь үнэн. Өнөөдөр буруутай хүнийг өмгөөлж байгаа даа гол нь биш, хуулиа дагаж, мөрдөж, хүн яллах гэж байгаа бол нотлох баримттай байя гэдэг шаардлага тавьж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Яллагдагч Д.Згийн өмгөөлөгч Г.Бүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч намайг хохироосон гэж удаа дараа хэлж байна. Гэтэл хохирогч өнөөдрийн байдлаар хууль зүйн ухааны доктор болтлоо ахисан байна. Миний үйлчлүүлэгч зүрх судасны өвчтэй, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох үеэр хагалгаанд орсон. Боловсролын байгууллагад 30 гаруй жил багшилсан хүн. Хохироосон гэж байгаа бол ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудлыг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Д.З үүнтэй холбоотой төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар биш шууд төлсөн. Одоо ямар нэг байдлаар Б.Бт өгөх өр төлбөрийн асуудал байхгүй. 3 шатны шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн гэж ярьж байна. Энэ хэргийг шүүх хэлэлцэхгүй байх боломжтой байсан. 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 11 дүгээр тогтоолоор тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.Б өөрт нь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолд гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, миний гэм буруутайг прокурор тогтоохгүй, шүүхээр эцэслүүлж шийдвэрлүүлнэ гэж өөрөө гомдол гаргаж, сэргээсэн. Тиймээс намайг 2000 хоног шалгуулсан гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй. Мөрдөгч, прокурорууд Б.Бээс гаргаж өгсөн баримтыг бэхжүүлж авах ажиллагааг хийсэн. Түүнээс өөрөөр ямар нэмэлт ажиллагаа хийсэн бэ, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан 6 үйлдэлтэй холбоотой ямар ажиллагаа хийсэн болох нь хэрэгт байдаггүй. Түрүүн “улсын байцаагч ирж шалгахад албан ёсны инженер бус хүмүүс байсан гэдэг мэдүүлэг байсан” гэж байна. Хэн гэдэг улсын байцаагч ирсэн бэ, тэр байцаагч ямар тэмдэглэл хийсэн, тухайн үед барилга дээр ямар хүмүүс ажиллаж байсан бэ гэдэгтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй. “Гал тогоо, заал танхим ашиглаагүй” гэж байгаатай холбоотойгоор сургуулийн жижүүр, тогооч, ажилтнуудаас асуух боломжтой. Энэ талаар ажиллагаа хийгээгүй мөртлөө яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Д.З шүүх хурал болгонд оролцож, хоцорч, тасалж үзээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэлтэй ханддаг. Шүүгчийн захирамжид заасан үг, үсэг болгон хууль зүйн үндэслэлтэй гарсан. Шүүгчийн захирамжид заасан эдгээр ажиллагааг хийж, тодруулахгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэв.

Яллагдагч Д.Згийн өмгөөлөгч Х.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч, түүний өмгөөлөгчийн хэлсэн шиг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэхгүй асуудлыг хэлэлцсэн зүйл байхгүй. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан. Өмнөх өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэг дээр “барилгын талбайд ажилласан инженерүүдийн нэр, мэргэжлийн ур чадвар, оролцсон үүргийн баримтаар нотлон тогтоож, Д.Згийн мэдүүлэг бодитой эсэхийг хөндлөнгийн байдлаар шалгах” гэж дурдсан нь үндэслэлтэй. Учир нь тухайн үед “Сант” сургуулийн өргөтгөлийн барилга дээр ажиллаж байсан н.Шинэдэлгэр, н.Отгонцэцэг, н.Батсүх нар нь мэргэжлийн хүмүүс байсан эсэхийг төгссөн сургууль, мэргэжлийн үнэмлэх зэргийг шалган тогтоох шаардлагатай. Эдгээр хүмүүсийн гэрчийн мэдүүлгийг харахад гэрч н.Батсүх нь тэтгэвэрт, н.Отгонцэцэг нь жирэмсний амралттай, н.Шинэдэлгэр нь талбайн даамал, шалгагч гэж байгаа боловч түүнийг нотлох аливаа гэрчилгээ, үнэмлэх хавтаст хэрэгт авагдаагүй. Тиймээс энэ нэмэлт ажиллагаатай холбоотой хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Өмгөөлөгч А.Зоригтбаатарын дурдсан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ойлгомжгүй тогтоолтой холбоотой тайлбар хийе. Прокуророос Д.Зг буруутгаж байгаа 6 агуулга бүхий мэдүүлэг байгаа. Дельта констракшнтай холбоотой хэсэг, ажилчдын мэргэжлийн бус байдалтай холбоотой хэсэг, ажил хаяж явсан хэсэг, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэгт “чанаргүй барилга барьсан учир эрүүгийн хэрэг үйлдсэн” гэдэг хэсэг, сургуулийн 1 давхар цутгагдаагүй, спорт заал барагдаагүйтэй холбоотой хэсэг, гал тогоо, заал танхим ашиглагдаагүйтэй холбоотой хэсэг гээд нийт 6 хэсэг байгаа. Гэтэл Б.Б эрүүгийн хэргээр шалгагдахдаа барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Бүрэн цутгамал” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа 2013 оны 07 дугаар сараас 2013 оны 10 сар хүртэлх хугацаанд, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Сант” бүрэн дунд сургуулийн өргөтгөлийн цахилгаан хангамжийн дотор монтаж, тоног төхөөрөмжийн угсралтыг компанийн боловсруулсан Барилгын хөгжлийн төвийн экспертизийн хянагдаж, батлагдсан зургийн дагуу хийж, гүйцэтгээгүйн улмаас “Сант” сургуульд 75.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулж шалгасан. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор уг хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ “цахилгааны утсыг буруу хийсэн зөрчил нь тогтоогдож байна. Зураг, төслийн дагуу хийгээгүй болох нь тогтоогдож байна. Гэхдээ гүйцэтгэгч болон захиалагч, ажил гүйцэтгэх гэрээний талуудын аль аль нь үүнийг мэдэж байсан. Иргэний журмаар доголдлоо шаардах боломжтой учраас гэмт хэргийн шинжгүй байна” гэж дүгнэсэн. Мөн Д.Зг яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна. Яллагдагчаар татсан нь ойлгомжгүй байна гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалтай холбоотой. Нотолбол зохих байдал буюу санаа, зорилго, гэм буруугийн асуудлыг дахин шалгах шаардлагатай гэж үзэж байна. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 38 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн өмгөөлөгч н.Гомбосүрэнгээс “таны бодлоор уг маргаан гэрээнээс үүдэлтэй юу, эсхүл эрүүгийн хэрэг үү” гэж асуухад Д.З “чанаргүй барилга барьсан учраас эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу үзэл бодлоо илэрхийлсэн. Тиймээс үзэл бодлоо илэрхийлсэн эсэхтэй холбоотой нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Сүхбаатар дүүргийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх н.Энхбатаас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д.З-дхандаж, “хохирогч Б.Бээс хэрхэн, яаж хохирсон талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авах нь зүйтэй гэж дүгнэж, тус мөрдөн шалгах ажиллагааг хийж, гүйцэтгэхийн мөрдөгч, прокурорт үүрэг болгосон болно” гэж заасан. Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хяналтын прокурор үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхгүй, Б.Бээс хэрхэн, яаж хохирсон талаар дахиж мэдүүлэг, тайлбар авахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн олон удаа гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна гэж хэллээ. Тус эрүүгийн хэрэгт дээр дурдсанчлан асуудал байсан учраас яллагдагчийн өмгөөлөгчид гомдол гаргаж байсан. Мөн “гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой” гэж байгаа боловч өмгөөлөгч нарын зүгээс яллагдагчийн эрх зүйн байдал дордоно гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн дагуу ямар ажиллагаа хийх нь ойлгомжтой байх ёстой гэдэг Улсын Дээд шүүхийн тайлбар байдаг. Шүүгчийн захирамжид ямар ажиллагаа хийх нь тодорхой, үндэслэлтэй байна” гэв.

Яллагдагч Д.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэж байгаа гэж ойлгосон. Миний хувьд шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн гэж үзэж байна. Өмгөөлөгч нарынхаа гаргасан тайлбарыг дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолтой холбоотойгоор тайлбар хэлэхэд шүүгчийн захирамжтай холбоотой асуудлыг хэлэлцэж байхад миний гэм буруугийн асуудлыг ярьж байна. Угтаа энэ 12 жилд 1200 гаруй иргэнийг сургах гэж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хангах гэж, таатай орчинд сургах гэж хөрөнгө гаргаж барилга барих гэсэн юм. Харамсалтай нь Б.Б гэдэг хүний дарамтад 12, 13 жил болж байна. Б.Б өөрөө гомдол, нэхэмжлэл гаргаж, “Сант” сургууль сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэргийг шийдвэрлэсэн. Өөрөө ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж, 12 жил саатуулж байгаад хэргийг шийдвэрлүүлсэн. Шүүх хэргийг шийдвэрлэж байхад сошиолоор намайг хулгайч, дээрэмчнээр нь дуудсан. Хүүхдүүд хичээллэж, шалгалт өгч байхад сая микрофоны өмнө яаж хашхирч байсан шиг цагаан хоолойгоор хашхирч ярьсан. Энэ барилгатай холбоотой хувь хүн, байгууллагыг бүгдийг нь шалгуулсан. Миний ойлгож байгаагаар иргэн, эрүү, захиргааны бүх шүүхээр явсан. Би ийм нөхцөл байдлын улмаас цагдаад гомдол гаргасан. Мөнгийг нь авчхаад барилгаа барихгүй, шүүхээр шийдвэрлүүлэхгүй, жагсаж дарамталж байгааг цагдаа шалгасан. Миний гомдлоор энэ хүнийг шийтгээгүй. Би “чанаргүй, новшийн барилга” гэж хэлж байгаагүй. Би ганцхан “зургийн дагуу цахилгааныг хийгээгүй” гэж хэлээгүй. Шүүхээс томилсон шинжээч буруу хийснийг тогтоосон. Улсын Дээд шүүх “эрүүгийн хэрэг биш гэхдээ энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэ” гэж дүгнэсэн. Би ийм асуудал тавьж, хуулийн байгууллага шалгаж, шийдвэрлэсэн. Одоо энэ асуудал цахилгааны асуудалтай яаж холбогдож байгаа вэ, би хохирч, 1200 хүүхдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй, чадал хүрэхгүй байна. Сүүлдээ би хохироогч болж байна. Би хуулийн хэм хэмжээг сайн мэдэхгүй байна. Хэргийн буцааж шийдвэрлэсэн нь зөв гэж үзэж байна. Шүүх бүрэлдэхүүнд эрх хэмжээ нь байдал бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ сургуультай холбоотой олон хэрэг байгаа. Энэ нь хэн нэгний ашиг сонирхлыг хөндөөд байгаа юм шиг байна. Тэр нь энэ хүний шунал юм уу, өс хонзонтой давхцаж, тэрэнд үйлчлээд байгаа юм уу, 10 гаруй жил жижигхэн байшин, жижигхэн сургуулийг дээрэмдэх гэж байгаа гэдэгт эргэлзэж байна. Бид улс төр, нүүрс, зээл, тендер зэрэгтэй холбоогүй өөрсдийнхөө хүчээр явж байгаа” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Д.З-дхолбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг  тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын хэрэгжүүлэх ёстой үүрэг юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээрх ажиллагаа хийгдээгүй, эсвэл дутуу хийгдсэн нөхцөлд Д.Згийн мэдүүлгийг шууд үнэн эсхүл худал гэж үзэн, түүнд тулгуурлан гэм бурууг хэлэлцэх, прокурорын тогтоосон хэргийн үйл баримт, үйлдсэн яллах дүгнэлтээр тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Үүний зэрэгцээ, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдол дурдсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 452 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 149 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тогтоолуудад дүгнэгдсэн нөхцөл байдлыг дахин мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор хэргийг проукурорт буцааж байгаа шүүгчийн захирамж үндэслэлгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах хуульзүйн үндэслэлгүй байна. Яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх үйл баримтыг дээрх шүүхийн шийтгэх тогтоол, магадлал, Дээд шүүхийн тогтоолуудаар тогтоогдсон гэж дүгнэх нь мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг нотлохын  тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна. 

Хэргээс үзэхэд яллагдагч Д.Згийн “худал мэдүүлэх” үйлдэл нь прокурорын анхны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн яллагдагчаар татах тогтоолд “...2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр” үйлдэгдэж төгссөн гэж тэмдэглэгдсэн бол, дараа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн мэдүүлэг нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгөгдөж төгссөн гэж үзэн хугацаанд нь өөрчлөлт оруулсан байна. Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, тухайн этгээд 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг үйлдэж төгссөн гэж үзсэн, прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд сүүлийн яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг алдаатай бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзсэн гэх тайлбарыг өгсөн. 

Яллагдагчаар татах тогтоолд гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацааг тогтворгүй зааж, үндсэн бүрэлдэхүүн болон хөөн хэлэлцэх хугацаанд бодитой, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг цогц байдлаар шалгаж, гэмт хэргийн санаатай байдлыг илтгэх нотолгоо, субъектив талыг тогтоох ажиллагааг хийгээгүй зэрэг нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч Д.З-дхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЗ/5488 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Бат-Оргилийн бичсэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 31 дугаар эсэргүүцэл болон хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ

 

 ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                             П.ГАНДОЛГОР