| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2022/04738/И |
| Дугаар | 192/ШШ2026/02180 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Хариуцагчийг татан буулгах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2026/02180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, тоотод байрлах, Д т ХХК /РД: /-ийн хүсэлттэй,
Дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох тухай хүсэлттэй,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, Х а а к ТӨХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д т ХХК-аас 222,636,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Р , хэрэг гүйцэтгэгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хүсэлт гаргагч Д т ХХК нь дампуурсанд тооцож, төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Д т ХХК-ийн хооронд доорх гэрээнүүдийг байгуулсан. 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Техник-2008/28 дугаартай, Техник, түүхий эд анги зээлээр худалдах тухай гэрээг байгуулж нийт 77,220,000 төгрөгийн үнэ бүхий UTO-1604, Лидер-бН, комбайн AF-6150 тус бүр нэг ширхгийг 7,782,000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 69,438,000 төгрөгөөс 2009 онд 17,960,000 төгрөг, 2010 онд 17,160,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгахаар тус гэрээгээр тохирсон. 2008 оны 10 дугаар сарын 23-ны Техник-2008/28-1 нэмэлт дугаартай Техник, түүхий эд анги зээлээр худалдах тухай тариалан эрхлэлтийг дэмжих сан, Д т ХХК-ийн хооронд байгуулах гэрээ байгуулж нийт 54.920.000 төгрөгний үнэ бүхий Үрлэгч, UTO-1604 трактор, Төмсний иж бүрдэл ком тус бүр нэг ширхгийг 5.492.000 төгрөгний урьдчилгаа төлөн үлдэгдэл 49,428,000 төгрөгийг 2009 онд 13.700.000 төгрөг, 2010 онд 13.700.000 төгрөг, 2011 онд 11.000.000 төгрөг, 2012 онд 11.028.000 төгрөгийг тус тус хуваан 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгахаар тус гэрээгээр тохирсон. 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Буудай худалдан авахтай холбогдуулан тариалан эрхлэлтийг дэмжих сан, Булган аймгийн Хутагт Өндөр сумын Д т ХХК-ийн хооронд байгуулах буудай-2009/14 дугаартай гэрээг байгуулсан. 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Бу/Үр/10/30 дугаартай 2010 тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ байгуулж 22.769.600 төгрөгийн үнэ бүхий 44.6 тонн үрийг 115 хувийн урьдчилгаа буюу 3.415.440 төгрөг төлөн үлдэгдэл 19.354.160 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж дуусгахаар, мөн зээлээр авсан үрийн буудайн үнийг хүнсний буудайгаар төлж болох бөгөөд ийм нөхцөлд нэг тонн хүнсний буудайг тухайн үеийн зах зээлийн дундаж ханшаар тооцно гэж тус гэрээгээр тохирсон. 2011 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Үр-2011/013 дугаартай 2011 тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ байгуулж 6.800.000 төгрөгний үнэ бүхий 10 тонн үрийг 30 хувийн урьдчилгаа буюу 2.040.000 төгрөг төлөн үлдэгдэл 4.760.000 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр, мөн уг үрийн буудайн үнийг намрын ургацаас хүнсний буудайгаар төлж болохоор тус гэрээгээр тохирсон. 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ДТ/2011АГ-130 дугаартай 2011 оны хаврын тариалалтад дизель түлш олгох гэрээ байгуулж 6.930.000 төгрөгийн үнэ бүхий N500 литр шатахууныг 2.790.000 төгрөгийн урьдчилгаа гөлөн үлдэгдэл 4.851.000 төгрөгийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлнө гэж тус гэрээгээр тохирсон. 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ДТ/2011/У-066 дугаартай 2011 оны уринш боловсруулалтын дизель түлш олгох гэрээ байгуулж 14.400,000 төгрөгийн үнэ бүхий 8000 литр шатахууныг 4.320.000 төгрөгийн урьдчилгаа төлж үлдэгдэл 10,080,000 төгрөгийг 2011 оны 11-р сарын 25-ны дотор бэлэн мөнгөөр болон хүнсний буудайгаар төлнө гэж тус гэрээгээр тохирсон.
Д т ХХК 2009 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багийн Тэрэмийн хөндийд 200 га талбайд тариалалт явуулж 500 тн үрийн стандартад тэнцсэн хүнсний улаан буудай хураан авч ХХААХҮЯ-ны ТЭДСангийн Булган аймаг дахь салбарт 431.82 тн Алтайскнй-50 сортын улаан буудайг тушаасан болно. Гэтэл уг тооцоог цаг тухайд нь бодитоор нийлээгүй байснаас үүдэлтэйгээр манай компани Тариалан эрхлэлтийг дэмжих санд их хэмжээний төлбөр төлөх үүрэг үүссэн. Тус компанийн төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь компанийн үндсэн үйл ажиллагаа болох тариалан эрхлэх өөрийн газаргүй болсонтой холбоотой.
Компани 2009 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт Тээл багийн Тэрэмийн хөндийд 200 га талбайд сумын удирдлагаас тухайн газарт тариалан эрхлэхийг зөвшөөрсөн тул хүнсний улаан буудай тариалсан. Ингээд 2011 оноос тухайн тариалсан газраа эзэмших эрхтэй болохоор сумын Засаг даргад хүсэлт гарган, газрын төлбөрийг төлсөн боловч тухайн газрыг тус компанид эзэмшүүлэхээр олгоогүй тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн тариалангийн газар, техник, тоног төхөөрөмж байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй, Шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй тул зээл авах боломжгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байна.
Бид одоогоор өөрийн үйл ажиллагаа явуулах ажлын байр, оффисгүй болсон. Тогтмол орлогогүй, өр ширэнд баригдсан байдалтай байна. Компанийн нэр дээр нэг ч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй. Дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл, хүсэлтэд Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д Нэхэмжлэл, хүсэлт нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг хүлээн авснаас 5 хоногийн дотор дампуурлын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана. гэж зааснаар хүсэлтэд Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйл Хүсэлтэд тавих шаардлага-ийг дараах байдлаар хангаж, мэдээллийг оруулав. Үүнд: Гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл: Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар 3 жилийн санхүүгийн тайлан тэнцэл холбогдох баримтыг /сүүлд үйл ажиллагаа явуулж байсан 3 жил болох 2015, 2016, 2017 он болон 2019, 2020, 2021 он/ хавсаргасан болно. Өмчлөлдөө байгаа, эсхүл итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгийн жагсаалт тэдгээрийн үнэлгээний талаарх санал: Компанийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байхгүй.
Өнөөдрийн байдлаар Д т ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23- ны өдрийн 5051 дугаартай, Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих санд 222,636,160 төгрөгийг төлөхөөр эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Дээрх өр төлбөрөөс өөр ямар нэгэн өр төлбөр байхгүй ба татвар болон нийгмийн даатгалын өр төлбөр байхгүй болно.
Өнөөдрийн байдлаар Д т ХХК нь бусдаас авах авлага байхгүй тул
Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан төлбөртэй этгээдийн нэр, хаягийг бичих боломжгүй болно. Тус компанийн хувьд Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар Д т ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани тул хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал П.Гминий бие өөрөө хэрэгжүүлж байгаа болно.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.06.28-ны өдрийн 102/Ш32022/11556 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар компанийн 2019, 2020, 2021 оны санхүүгийн тайланг хавсаргаагүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тул холбогдох тайланг хавсаргаж, дахин хүсэлтийг гаргаж байна.
Иймд Д т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү. гэжээ.
1.2 Хүсэлт гаргагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 192/Ш32026/06173 дугаартай Нотлох баримт гаргуулж, шүүх хуралдаан хойшлуулал тухай захирамжийг итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан танилцлаа.
Тус захирамжийн захирамжлах хэсгийн нэг дэх заалтаар Д т ХХК-иас 2008-2011 оны санхүүгийн тайлан, анхан шатны баримтууд, мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан авсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг хэрхэн бүртгэж, бүртгэлээс хассан талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна.
Учир нь; Манай компани нь улирлын чанартай газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан, мөн санхүүгийн хувьд өр зээлтэй байсан тул орон тооны санхүүгийн ажилтан ажиллуулж байгаагүй. Удирдлагын хувьд санхүү, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас санхүүгийн тайлан. анхан шатны баримтуудыг зохих ёсоор хөтөлж, хадгалаагүй, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бүртгэж, хассан талаарх баримт байхгүй тул одоо шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна.
Манай компани нь Хаан банкны *тоот данстай байсан бөгөөд уг дансаар орж ирсэн 129 орчим сая төгрөгийг улирлын чанартай хөлс тохирч ажиллуулсан хүмүүсийн цалин хөлс, тэднийг байрлуулах монгол гэр, хоол хүнс, шаардлагатай ажлын багаж /хүрз, эрээн бүтээлэг, бээлий, хувцас, гагнуурын аппарат, сэлбэг хэрэгсэл/ -д зарцуулсан, мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сангааС зээлээр тоног төхөөрөмж, түлш, үрийн буудай зэргийг авах бүрдээ төлсөн урьдчилгаа төлбөрийг бусдаас зээлсэн байсан тул төлсөн, мөн зээлээр авсан үрлэгч трактор, комбайн, төмсний бүрдэл нь тариалалт, хураалтад хэрэглэгддэг, өөрсдийн тээврийн хүнд даацын машингүй тул тээвэрлэлтийг бусдаар гүйцэтгүүлж төлсөн.
Манай компани нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 54,6 тонн үрийн буудай авсан, улмаар 431,82 тонн үрийн улайн буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих санд буцаан тушаасан боловч хариуцлагагүй ажилтнуудын улмаас 98.652.000 төгрөгөөр буудайн үнийг дутуу бодсон. Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.23-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаасаа 39 орчим сая төгрөг хассан.
Газар тариалангийн салбарын үйл ажиллагаа нь улирлын чанартай явагддаг онцлогтой тул тухайн жилийн өвөл, хаврын чийг, зуны хур тунадаснаас шууд хамаардаг, мөн намар хураалтын үеийн цаг агаарын нөхцөл нь болцын байдалд шууд нөлөөлж, хөрсөнд цочир хүйтэрсэн, цас орсон буюу нойтон үед нь хураасан ч ашиггүй буюу хэрэгцээгүй болох өндөр эрсдэлтэй байдаг. Манай компани нь өөрийн гэсэн газар тариалангийн зориулалттай газар авч чадаагүй ч түрээсийн газраас хураасан үрийн буудайг гэрээний дагуу Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан, бусдад худалдсан үрийн буудайн үнийг компанийн данснаас авч дээр дурдсан үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд огт ашигтай ажиллаагүй болно.
Манай компани нь зээлээр авсан тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу нь ашигласан боловч хятад улсад үйлдвэрлэгдсэн чанар муутай техник байсан тул эвдрэл их гарч, сэлбэг хэрэгсэл нь олдохгүй, засварлах боломжгүй болсны улмаас хөдөөнөөс зөөвөрлөж чадаагүй, улмаар хулгайд тоногдож сүйдсэн, хадгалалт хамгаалалт, арчлалтыг хийж чадаагүй бидний буруутай байдлаас шалтгаалж компани нь өөрийн хөрөнгөгүй болсон төдийгүй удирдлага нь хувь хүнээрээ бусдаас авсан зээлээ мөн төлж чадаагүй тул компанийн үйл ажиллагааг тогтворжуулж чадаагүй болохыг танилцуулъя. гэжээ.
2. Нэхэмжлэгч Х а а к ТӨХХК нь 222,636,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Д т ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэгч Х а а к ХК нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Зээлдэгчид хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хариуцагчид удаа дараа газар тариалангийн үйл ажиллагааг нь дэмжин техник, улаанбуудайн үр, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг зээлээр олгож үйл ажиллагааг нь дэмжиж байсан.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Нэхэмжлэгч хариуцагч хоёр шүүхийн шатанд нэхэмжлэлийн үнийн дүн дээр санал тохирч эвлэрлийг гэрээг байгуулж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж 2015 оны 07 сарын 23-ны өдөр 5051 дугаартай шүүгчийн захирамж гарсан байдаг.
Уг шүүгчийн захирамжид 222,636,160 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймээс тус компани нь дампуурлын хэрэг нээсэн учраас Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
3. Хариуцагч Д т ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
4. Хэрэг гүйцэтгэгч Б.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Д т ХХК нь улсын бүртгэлийн 9011166021 дугаартай, тоот регистртэй, Улаанбаатар, Баянгол, тоот хаяг байрлаж ажиллахаар 2008 оны 08 дугаар сарын 08-ний өдөр 1 гишүүнтэйгээр Газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 /нэг сая/ төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан бөгөөд 2020 онд барилгын засвар хийх үйл ажиллагааны чиглэл нэмж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2020 оны 4 дугаар сарын 20-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигч, гишүүнээс П.Г хасагдаж, П.Г нэмэгдэж өөрчлөгдсөнийг, мөн эцсийн өмчлөгчөөр П овогтой Гтус тус бүртгүүлсэн байна.
Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015-2021 онуудад эргэлтийн хөрөнгө огт байхгүй нь Д т ХХК-д өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгөгүй, төлбөр гүйцэтгэх ямар ч боломжгүй байгааг харуулж байна.
Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэффициентын утга 0.7-0.8 байх ёстой гэж үздэг. Шинжилгээгээр Д т ХХК-ийн 2015-2021 онуудын тайлан дахь харьцааны 0.0 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй, өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна.
Төлбөр барагдуулах өнөөгийн боломж үзүүлэлт нь өр төлбөр барагдуулахад нэн түрүүнд дайчлагдах хөрөнгүүд нь хүрэлцэхүйц байгаа эсэхийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо байгаа бэлэн мөнгө болон богино хугацаат хөрөнгө оруулалт нь хүлээгдэж буй өр төлбөрийн хэдэн хувийг төлж чадахыг илэрхийлдэг үзүүлэлт юм. Онолын зохистой харьцаа нь 0.2-0.3 болон түүнээс дээш байх ёстой гэж үздэг. Гэтэл тус компанид 2014-2021 онд 0.0 гарч байгаа нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж огт байхгүй байгааг илэрхийлж байна.
Д т ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр хасах тоо гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтэд хүрэхгүй байгаа нь санхүүгийн байдал тогтворгүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал их байгааг илэрхийлж байна.
Санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог шинжилгээнээс дүгнэхэд Д т ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.
Д т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2015-2021 онуудын санхүүгийн тайлан баланст төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.
Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2021 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон Д т ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 222,636,160.00 төгрөг болж өөрийн хөрөнгө тайлант хугацааны алдагдлын нийлбэрээр 222,6 сая болсон байна. Тайлант хугацаанд Д т ХХК-ийн хуримтлагдсан алдагдал - 223,636,160.00 төгрөгт хүрч, нийт хөрөнгийн 100 %-д хүрсэн үзүүлэлт гарч байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Д т ХХК нь 2015 оноос өөрийн хөрөнгийн ямар ч дүнтэй тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.
Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн баланст тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.
Дампуурлын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Мөн зүйл, хэсгийн төлбөрийн чадваргүйд тооцно гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг Д т ХХК-ийн санхүүгийн тайланд хийж гүйцэтгэсэн болно.
Хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан: Д т ХХК-ийн гаргасан хүсэлтэд Булган аймгийн Хутаг өндөр сумын Тээл багийн Тэрэмийн хөндий дэх 200 га талбайд газар тариалан эрхлэхээр газар эзэмших эрх авч үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2011 оноос газар эзэмших эрхийг сунгуулж чадаагүйгээс Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас авсан тоног төхөөрөмж, үрийн буудай, сэлбэг авах гэрээнүүдийн дагуу 222,636,160.00 төгрөгийн өр төлбөрт орсон нь тус компанийн үйл ажиллагаа зогсох, төлбөрийн чадваргүй болох гол эрсдэл болсон гэжээ.
Д т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2015-2021 онуудын санхүүгийн тайлан, бусад ирүүлсэн баримтуудаас харахад тус компанийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2008 оноос буюу үйл ажиллагаа эхэлсэн цагаас үүссэн байх ба тайлант хугацаанд нийт 222,636,160.00 төгрөгийн өр төлбөртэй болсон, мөн үйл ажиллагааны орлого олоогүй зэрэг нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ.
Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлт нь 0,0 нийт хөрөнгөнд эзлэх өр төлбөрийн дүн 222% болсон, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2015 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь үүнийг нотолж байна.
Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, зээлийн хөрөнгийг зохих зориулалтын дагуу ашигласан эсэх нь эргэлзээтэй, санхүүгийн сахилга батгүй байдал нь Д т ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр зээл авч үйл ажиллагаа явуулахдаа Д т ХХК-ийн 2009-2011 онуудад газар эзэмших эрхтэй байсан бөгөөд тухайн хугацааны үйл ажиллагааны орлогоос гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй, 2008-2011 онуудад буюу идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан үеийн санхүүгийн тайлан ирүүлээгүй. Зээлийн үүргийн биелэлтийг хангаагүй, барьцааны зүйлийг худалдан борлуулсан бүртгэл байхгүй, санхүүгийн тайланг холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй нь хариуцлагагүй , санхүүгийн сахилга батгүй, хөрөнгө нөөцөө зөв удирдаагүй удирдлагын буруутай ажиллагаа байна гэж хэрэг гүйцэтгэгчийн зүгээс дүгнэж байна.
Д т ХХК-ны захирал П.Г , ТЭДСангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Баянзүрх Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2015 оны 07 сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээг хүргүүлж 2016 оны 11 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардсаныг багасгаж баталж 222 636 160 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохирсон байна.
Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь Д т ХХК- ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.
Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус Д т ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Д т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. гэжээ.
4.1 Хэрэг гүйцэтгэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт санал дүгнэлт гаргасан. Үүнд Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.
Шүүгчийн захирамжийн дагуу нэмэлтээр ирүүлсэн материалыг судлан үзэхэд үйл ажиллагаа явуулж байсан 2008-2011 онуудын санхүүгийн тайланг үндэслэхгүйгээр Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй эсэхийг тогтоох боломжгүй юм.
Иймд хэрэгт авагдсан баримтаар болон хэрэг гүйцэтгэгч миний зүгээс үзэж байгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг 1 хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа. Учир нь хуульд заасан бүрдүүлбэр 1 хангагдаагүй, дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэж байна. гэжээ.
5. Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д т ХХК-ий дүрэм, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.07.23-ны 5051 захирамж, Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, Д т ХХК-ийн 2017, 2016, 2015, 2019, 2020, 2021 оны жилийн санхүүгийн тайлан, Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, итгэмжлэл, Тайлбар зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
Шүүх хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр Голомт банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банк, Тээврийн хөгжлийн банк, Хаан банк ХК-ийн албан бичигтүүд, Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны албан бичиг, Гаалийн ерөнхий газрын албан бичиг, Монголын Гаалийн албан бичиг, Автотээврийн үндэсний төвийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн лавлагаа, МУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн Яамны албан бичиг, Татварын ерөнхий газрын албан бичиг, Богд банкны албан бичиг, Төрийн банкны албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг, Хаан банкны албан бичиг, Дансны хуулга зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
Нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн акт, Эвлэрлийн гэрээг хүргүүлэх тухай албан бичиг, Итгэмжлэл, Нэхэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, МУ-ын Засгийн газрын тогтоол, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.07.23-ны 5051 захирамж, Итгэмжлэл, Хөдөө аж ахуйн корпарци Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн.
Дампуурлын хэрэг гүйцэтгэгчээс хэрэгт нотлох баримтаар Түр хэрэг гүйцэтгэгчийн санал дүгнэлт, Өнөөдөр сонин, Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн тайлан, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Татварын мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ, Батламж, Бакалаврын диплом, Магистрын диплом, Хэрэг гүйцэтгэгчийн санал дүгнэлт, Хэрэг гүйцэтгэгчийн санал дүгнэлт нэмэлт тайлбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч Д т ХХК шүүхэд гаргасан хүсэлтээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: ...Компани 2009 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэрт Тээл багийн Тэрэмийн хөндийд 200 га талбайд сумын удирдлагаас тухайн газарт тариалан эрхлэхийг зөвшөөрсөн тул хүнсний улаан буудай тариалсан. Ингээд 2011 оноос тухайн тариалсан газраа эзэмших эрхтэй болохоор сумын Засаг даргад хүсэлт гарган, газрын төлбөрийг төлсөн боловч тухайн газрыг тус компанид эзэмшүүлэхээр олгоогүй. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл өөрийн тариалангийн газар, техник, тоног төхөөрөмж байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй, шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй тул зээл авах боломжгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Бид одоогоор өөрийн үйл ажиллагаа явуулах ажлын байр, оффисгүй болсон. Тогтмол орлогогүй, өртэй байна. Компанийн нэр дээр нэг ч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй. Манай компани нь улирлын чанартай газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байсан, мөн санхүүгийн хувьд өр зээлтэй байсан тул орон тооны санхүүгийн ажилтан ажиллуулж байгаагүй. Удирдлагын хувьд санхүү, хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас санхүүгийн тайлан анхан шатны баримтуудыг зохих ёсоор хөтөлж, хадгалаагүй, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бүртгэж, хассан талаарх баримт байхгүй тул одоо шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна. Иймд Д т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Х а а к ТӨХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгчид хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан одоогоор Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хариуцагчид удаа дараа газар тариалангийн үйл ажиллагааг нь дэмжин техник, улаанбуудайн үр, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг зээлээр олгож үйл ажиллагааг нь дэмжиж байсан. 2015 оны 07 сарын 23-ны өдөр 5051 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг гэрээг баталгаажуулж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамжид 222,636,160 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор хариуцагч төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлж барагдуулаагүй.
Иймд тус компани нь дампуурлын хэрэг нээсэн учраас Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
4. Хариуцагч Д т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. гэж тайлбарласан.
5. Хэрэг гүйцэтгэгч Б.х шүүхэд гаргасан дүгнэлтээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Д т ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2015-2021 онуудын санхүүгийн тайлан баланст төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарсан. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2021 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон Д т ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр 222,636,160.00 төгрөг болж өөрийн хөрөнгө тайлант хугацааны алдагдлын нийлбэрээр 222,6 сая болсон байна. Тайлант хугацаанд Д т ХХК-ийн хуримтлагдсан алдагдал - 223,636,160.00 төгрөгт хүрч, нийт хөрөнгийн 100 %-д хүрсэн үзүүлэлт гарсан тул төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус Д т ХХК нь 2015 оноос өөрийн хөрөнгийн ямар ч дүнтэй тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр зээл авч үйл ажиллагаа явуулахдаа Д т ХХК-ийн 2009-2011 онуудад газар эзэмших эрхтэй байсан бөгөөд тухайн хугацааны үйл ажиллагааны орлогоос гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй, 2008-2011 онуудын санхүүгийн тайлан ирүүлээгүй. Зээлийн үүргийн биелэлтийг хангаагүй, барьцааны зүйлийг худалдан борлуулсан бүртгэл байхгүй, санхүүгийн тайланг холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй нь хариуцлагагүй, санхүүгийн сахилга батгүй, хөрөнгө нөөцөө зөв удирдаагүй удирдлагын буруутай ажиллагаа байна гэж хэрэг гүйцэтгэгчийн зүгээс дүгнэж байна. Д т ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс Д т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Гэвч шүүгчийн захирамжийн дагуу нэмэлтээр ирүүлсэн материалыг судлан үзэхэд үйл ажиллагаа явуулж байсан 2008-2011 онуудын санхүүгийн тайланг үндэслэхгүйгээр Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй эсэхийг тогтоох боломжгүй юм гэжээ.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1 д т ХХК-ийг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, тоотод байрлан 2008 оны 08 сарын 08-ны өдөр 1 гишүүнтэйгээр Газар тариалан, Барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагджээ. д т ХХК нь 2020 оны 04 сарын 20-ны өдөр хувьцаа эзэмшигч нь П Г болж өөрчлөгдсөнийг бүртгэгдсэн талаарх улсын бүртгэлийн баримт хэрэгт авагджээ. /1хх-168/
7. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу дампуурлын хэрэг үүсгэж, түр хэрэг гүйцэтгэгчийг томилсон бөгөөд хэрэг гүйцэтгэгч нь төлбөрийн чадваргүйд тооцуулах хүсэлтдээ 2015-2021 онуудын санхүүгийн тайлан болон холбогдох бусад баримтуудыг үндэслэн д тХХК-ийн төлбөрийн чадварын талаар 2023 оны 03 сарын 09-ний өдрийн А/07 тоот дүгнэлтийг гаргасан байна. Тухайн дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32023/05923 дугаар захирамжаар д т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон. /2хх-09/
8. д т ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, уг компанитай холбоотой нэхэмжлэл гаргах хугацааг тогтоож, шүүх хэрэг гүйцэтгэгчээр Б.Х ыг томилж, томилогдсон хэрэг гүйцэтгэгч хүсэлт гаргагчийн хөрөнгө болон өр төлбөрийг тооцсон байх бөгөөд одоо д т ХХК нь арилжааны банкуудаас Хаан банкны тоот харилцах данс эзэмшдэг боловч үлдэгдэлгүй, бусад арилжааны банкинд дансгүй болохыг тодорхойлжээ.
9. д т ХХК-ийн өр төлбөрийн тухайд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.07.23-ны 5051 захирамжаар д т ХХК нь Хүнс, хөдөө аж ахуйн яам Тариалан эрхлэлтийг дэмжих санд 222,636,160 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байгаа үйл баримт тогтоогдож байна. /1хх-238-240, 2хх-10-14/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн А-134 дүгээр тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, авлага, өр төлбөрийг Хөдөө аж ахуйг дэмжих санд даалгасан байх ба уг санг МУ-ын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буулгаж, өр төлбөр, авлагыг Х а а к ТӨХХК-д шилжүүлжээ.
Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэгч Х а а к ТӨХХК-ийн 222,636,160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг д т ХХК-д холбогдуулан гаргаж, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан.
10. Улмаар хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс д т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн, өөрийн хөрөнгийн -222 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж тус тус дүгнэн, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулсан.
Мөн хэрэг гүйцэтгэгчээс ...д т ХХК-ийн Хаан банкны дансны хуулгаар 2008-2011 онд 129,069,827 төгрөгийн орлого орсон нь тодорхой байна. 2008-2011 оны санхүүгийн тайланг үндэслэхгүйгээр төлбөрийн чадваргүйг тогтоох боломжгүй, иймээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх саналыг гаргажээ.
11. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу зохигчдоос болон хэрэг гүйцэтгэгчээс д т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.
12. Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дах хэсэгт Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын "...санхүүгийн тайлан тэнцэл" гэдэгт Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн "...сүүлийн 3 жил" гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино гэж тайлбарласан ба хэрэг гүйцэтгэгчээс д т ХХК-ийн 2015-2021 оны санхүүгийн тайланд хийсэн шинжилгээг буруутгах боломжгүй байна. Учир нь:
д т ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж, үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь тус компани нь төлбөр барагдуулах өнөөгийн боломж байхгүй, санхүүгийн эх үүсвэргүй болсон байна. Төлбөрийн чадваргүй болсон шалтгаан нь 2015-2021 оны тайлангийн үзүүлэлтүүдээс болон шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар компанийн өр төлбөр 222,636,160.00 төгрөг болж тайлант хугацаанд хуримтлагдсан алдагдал -223,636,160.00 төгрөгт хүрч, нийт хөрөнгийн 100 %-д хүрсэн үзүүлэлт алдагдалтай ажиллаж төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. д т ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2008-2011 оны хооронд газар тариалангийн үйл ажиллагаагаа дэмжин техник, улаанбуудайн үр, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг авч зээлээр худалдах худалдан авах гэрээг тус тус байгуулжээ. Уг зээлийн гэрээнд заасан урьдчилгаа төлбөрийг компанийн мөнгөн хөрөнгөөр төлсөн нь талуудын тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.07.23-ны 5051 захирамжаар тогтоогдох бөгөөд мөн компани нь Газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба үйл ажиллагааны чиглэлийг 2020.04.20-ны өдөр Барилгын засвар хийхээр нэмсэн байх боловч үйл ажиллагаа явуулсан талаарх баримтгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачилгагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон гэж үзэхээр байна.
Шүүх 2025.05.26-ны 23730 дугаар, 2026.01.29-ний өдрийн шүүгчийн захирамжаар нотлох баримтыг хүсэлт гаргагчаас шаардсан бөгөөд хүсэлт гаргагчаас ...орон тооны санхүүгийн ажилтан ажиллуулж байгаагүй, удирдлагын хувьд санхүү хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас санхүүгийн тайлан, анхан шатны баримтуудыг зохих ёсоор хөтөлж, хадгалаагүй, тоног төхөөрөмжийг бүртгээгүй тул энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.
Мөн 2022.12.02-ны өдрийн 20372 дугаар шүүгчийн захирамжаар ...санхүүгийн тайлан мэдээг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлэхийг Сангийн яамд даалгасан ба Сангийн яамны 2022.12.22-ны өдрийн 0318724 дүгээр албан бичигт ...Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт "Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана. гэж заасан. ...Д т ХХК-ийн санхүүгийн тайлан, мэдээг ирүүлээгүй тул системд сураггүй алга болсон төлөвт шилжсэн байна. Иймээс санхүүгийн тайланг хүргүүлэх боломжгүй. гэснээс үзэхэд д т ХХК-ийн 2008-2011 оны санхүүгийн тайланг хэрэгт хавсаргах боломжгүй байна гэж үзлээ.
13. Түүнчлэн Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "өөрийн хөрөнгө" гэж хариуцагчийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүүг, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Дампуурлын хэрэг үүсгэхэд хариуцагчийн өмчлөлд байсан буюу түүнийг татан буулгаж улсын бүртгэлээс хасах хүртэлх хугацаанд шинээр бий болсон өмчлөлийн зүйлс, тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөд хамруулна. гэж зохицуулсан. д т ХХК нь Нийслэлийн дүүргүүдэд өмчлөлийн болон эзэмшлийн газаргүй, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, тус компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, мөн компанийн эзэмшилд ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүртгэлгүй, өмнө бүртгэлтэй байсан тухай мэдээлэл байхгүй, Х б ХК-д данс эзэмшдэг боловч үлдэгдэлгүй болохыг холбогдох байгууллагууд шүүхэд лавлагаа ирүүлсэн байна. Мөн хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын хэлтэс болон Татварын хэлтэст өр төлбөргүй байна. Харин д т ХХК нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байх тул уг дүрмийн санг компанийн өөрийн хөрөнгө гэж үзэх нь зүйтэй юм.
14. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс д т ХХК-ийн өр төлбөрийн нийт дүн, зохигчдын дахин хөрөнгөжүүлэх хүсэл сонирхолгүй, зохигчдоос болон хэрэг гүйцэтгэгчээс д т ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлт шүүхэд гаргаагүй байгаа зэргийг харьцуулан дүгнээд, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар д т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.
15. Хариуцагч д т ХХК-аас Хүнс, хөдөө аж ахуйн яам Тариалан эрхлэлтийг дэмжих санд 222,636,160 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Дээрх төлбөрийг хариуцагч төлж барагдуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэлийг хангав.
16. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар д т ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.
Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлыг хариуцагч хариуцах ба хариуцагчийн хуваарилагдах эд хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, татан буулгах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг баримтлан д т ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгасугай.
2. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг хариуцагчид хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч Б.Х хариуцуулсугай.
3. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дах хэсэгт заасныг баримтлан д т ХХК-аас 222,636,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х а а к ТӨХХК-д олгосугай.
4. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3-д заасныг баримтлан д т ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Б.Х т даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ