Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/01290

 

 

 

 

Б К ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00890 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б К ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Т.Болдсайхан оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани 12 шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлбөр төлөхөөр болсон. Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Ариунцэцэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Б К ХХК-ийн ...дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг 2019 оны 11 сарын 21-ний өдөр 225/05 тоот эд хөрөнгө хураан авах тогтоол үйлдэн хурааж, 2019 оны 12 сарын 25-ний өдрийн 4/29003 дугаартай мэдэгдлээр хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар 4 360 320 000 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн болохоо мэдэгдсэн. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарахын өмнө манай компанийн захирал Б.Бнь шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр хураан авсан байгаа дутуу барилгын үнэлгээг 11 000 000 000 төгрөгөөр тооцож өгсөн. БКХХК-ийн барьж буй үйлчилгээтэй 132 айлын /2 блок барилга /12 давхар орон сууцны барилга/ нь 2015 оноос эхлэн баригдаж одоогоор зоорийн давхраа бүрэн барьж дуусаад А блок нь 5 давхар, Б блок нь 4 давхар баригдаж барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Компанийн зүгээс одоогийн байдлаар барилгын ажилд 6 000 000 000 орчим төгрөгийн зардал гаргасан бөгөөд барилга хотын төвийн А зэрэглэлд байршилтай 1 м.кв талбай зах зээлийн судалгаагаар 2 800 000 төгрөг байгаа. Гэтэл хөндлөнгийн шинжээч нь барилгын өртгийг тооцож тухайн барилгын байршил худалдан борлогдох зах зээлийн үнийн ханшийг огт харгалзахгүй хэт доогуур үнэлж анхны дуудлага худалдаа явуулах болсон нь иргэний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй бөгөөд зөвхөн мэдэгдэл өгсөн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: НШШГГ нь төлбөр төлөгч БКХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичгийг 2016 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд нийт 12 гүйцэтгэх баримтаар ажиллагааг явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б К ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч шүүхийн шийдвэртэй төлбөрийг өөрийн компанийн өмчлөлийн барилгыг барьцаалж зээл авч барагдуулна гэж заагдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, шийдвэр гүйцэтгэгчээс дуудсан хугацаанд хүрэлцэн ирэхгүй зэргээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулсаар ирсэн. Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 9-р хороо Алтайн гудамж 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 сарын 16-ны өдөр битүүмжилж 2019 оны 12 сарын 27-ны өдөр хурааж талуудаас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 11 000 000 000 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч дээрхи үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК 4 360 320 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч Б К ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Бшийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад тогтоогдсон хаягаар болон 99007735 дугаарын утас руу нь удаа дараа залгасан боловч холбогдох боломжгүй байсан тул үнэлгээний дүгнэлт болон мэдэгдлийг зурвасаар илгээж, баталгаат шуудангаар хүргүүлж боломжит бүх арга хэмжээг авсан. Төлбөр төлөгчтэй холбоо барих боломжгүй болсон тул эрэн сурвалжилж, 2020 оны 01 сарын 31-ний өдөр олж авчран үнэлгээний дүгнэлт болон анхны дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолтой танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шинжээч Б.Эрдэнэбаатарын тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 14 тоот шинжээч томилох тухай тогтоолыг манайд ирүүлсэн. Уг тогтоолоор Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, ..хаягт байршилтай 2 316.6 болон 1801.8 метр квадрат талбайтай орон сууцны зориулалттай А блок 45 хувийн, Б блок 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг үнэлэх ажлыг хийж, дүгнэлтийг 2019 оны 12 сарын 24-ний өдөр гаргаж үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгчийн албанд хүргүүлсэн. Үнэлгээний зүйлтэй 2019 оны 12 сарын 19-ний өдөр газар дээр нь очиж танилцаж, 2019 оны 12 сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй ярьж тухайн компанийн нягтлан н.Гэрэл гэх эмэгтэй тухайн барилгын зураг төслийг бидэнд танилцуулсан. Үнэлгээний ажил үндсэндээ албадан дуудлага худалдааны анхны үнэ, зах зээлийн үнэ цэнийг тогтоох зорилготой. Үнэлгээг хийхдээ зах зээлийн дундаж үнэлгээг барьж ажилласан. Уг барилга нь дуусаагүй барилга учир тухайн үнэлгээний өдрөөр бүрэн дууссан байгаа гэдэг төсөөллийг хийж, олон улсын стандарт 410 буюу өмчлүүлэлтийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө гэсэн үнэлгээний стандартаар зохицуулагдаж хийгдэх ажил байсан. Үнэлгээний аргыг сонгохдоо 410.1 дүгээр заалтын үлдэгдлийн аргаар үнэлсэн. Энэ нь эхлээд тухайн объектыг дууссан гэж төсөөлөөд дараа нь өнөөдрийн гүйцэтгэсэн байдлаар нь дуусах хүртэл зардлыг тооцоод хасаж үлдэгдлээр нь үнэ цэнийг гаргана. Уг аргаар бид үнэлгээг хийсэн. Гэхдээ нэгэнт дууссан барилгын үнэлгээг хийж байгаа учир өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын арга гэх 2 аргаар үнэлгээг хийсэн. Орлогын хандлагаар хийхэд манай төгөлдөржөөгүй зах зээлийн хувьд хүндрэлтэй учир орлогын хандлагаар үнэлгээ хийх боломжгүй гэх тайлбараа тайланд тусгасан. А, Б гэсэн 2 блок байгаа бөгөөд үнэлгээ хийгдсэн өдрөөр А блок нь зоорийн давхар дээшээ 4 давхрын бетон караказ цутгалтын ажил хийгдсэн. 3 давхар буюу блок дүүргэлтийн ажил хэсэгчилсэн байдлаар хийгдсэн байсан. Б блок нь зоорийн давхар болон дээшээ 3 давхар ажил хийгдэж байсан. Хамгийн дээд талынх нь цутгалтын ажил бүрэн дуусаагүй байдалтай байсан. Барилгын зурагт үндэслээд шаардагдах зүйлсийг хуулбарлаж аваад нийт барилгын талбайг тодорхойлсон. Батлагдсан гэж ойлгогдохоор зураг байсан. Үүн дээр нарийвчилсан талбайн тооцооллуудыг хийсэн. Талбай нь үндсэндээ барилгын тэнхлэг дэх талбай, барилгын ашигтай борлогдох боломжтой талбай гэсэн 2 хувааж тодорхойлсон. Тэнхлэг дэх талбай нь өртгийн хандлагын үнэлгээнд хэрэглэгддэг. Борлогдох талбай гэдэг нь зах зээлийн хандлагаар хийгддэг. Тэнхлэг дэх талбай нь 1 блокийн хувьд бүтэн баригдсанаар тооцвол 5 106 метр квадрат. Нийт 10 212 метр квадрат болно. Борлогдох боломжтой талбай гэдэг нь цэвэр талбайнаас шатны хонгил, лифт, гадаа коридор, техникийн зориулалттай талбай зэрэг нь хасагдаад гардаг. Өртгийн хандлагаар 1 блок нь 6 180 000 000 орчим төгрөг, нийт 132 359 000 000 төгрөг гэж гарсан. Орон сууц, үйлчилгээний зориулалттай талбай, зоорийн давхар нь авто зогсоол гэсэн 3 зориулалттай газар байсан. Орон сууцыг харьцуулалт хийгээд нэгжийн дундаж зах зээлийн үнийг тодорхойлоход 1 668 000 төгрөг гарсан. Үйлчилгээний талбай нь 2 590 000 төгрөг, зоорь 985 200 төгрөг гэж 1 метр квадратын үнэлгээг гаргасан. Зах зээлийн харьцуулалтаар тооцсон үнэлгээний дүн А блокийн хувьд 6 234 000 000 төгрөг, Б блокийн хувьд мөн ижил, нийт 12 468 973 000 төгрөг болсон. Энэ дүн уг барилга баригдаж дуусахад гарах үнэлгээ. Газрын үнэлгээ нь 692 900 000 төгрөг, газрыг барилгын зургаас нь тооцож нийт барилгажих талбайгаар нь тооцсон. Зах зээлийн нийт дүнг 12 868 000 000 төгрөгөөс газрын үнэ цэнийг хасаж тооцоход 11 776 000 000 төгрөг гарсан. Иж бүрэн болгож дуусгахад шаардлагатай өртөг зардлын тооцоо нь А блок 3 398 000 000 төгрөгийн нэмэлт зардал, Б блокийн хувьд 4 016 000 000 төгрөг, нийт 7 415 000 000 төгрөг гарсан. Үлдэгдэл үнэ цэнийн тухайд өртгийн хандлагын аргын хувьд 4 943 800 000 төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 4 360 300 000 төгрөг гарсан. Дүгнэлт гаргахдаа ямар нэгэн гадны нөлөөгүйгээр цэвэр бие даасан хараат бусаар Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад холбогдох шаардлага зарчимд тулгуурлаж бие даасан байдлаар гаргасан гэжээ.

  Шүүх:   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШШГГт холбогдох ..байршилтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203034115 дугаартай Б К ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б К ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 13-ний өдрийн 2020 оны 02 сарын 18-ний өдрийн 181/ШЗ2020/02589 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Шүрэнчулууны давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б К ХХК нь нэр бүхий 12 иргэн, аж ахуй нэгжид төлбөр төлөх тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг. Уг шүүхийн шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б К ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа .. 271, 272 дугаартай дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй барилгыг хураан авч, битүүмжпэн, улмаар хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар 4 360 320 000 төгрөгийн үнэлгээ хийлгэсэн. Гэтэл Б К ХХК-ийн битүүмжлэгдсэн дутуу гүйцэтгэлтэй барилга нь хотын А зэрэглэлийн бүсэд байгаа нь 1 м.кв-ийн үнэлгээ зах зээлийн судалгаагаар 2 800 000 төгрөгөөр худалдан борлуулахаар байхад Мөнх Оргил Трейд ХХК нь барилгыг өртгийн хандлагыг голчлон тооцож үнэлсэн нь зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн барилгын үнэлгээнд газрын үнэлгээг огт тооцолгүй орхигдуулсан нь хэт доогуур үнэлэх шалтгаан болсон. Нэхэмжпэгчийн зүгээс анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ маш тодорхой тайлбарлаж дахин шинжээч томилж үнэлгээг өөр байгууллагаар үнэн зөв тогтоолгох хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн барилгыг хураан авч, битүүмжилсэн байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс барилгад үнэлгээ хийлгэх эрх байхгүй, үнэлгээг үндэслэлгүй болохыг нотлох ямар нэгэн баримт гаргах боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлд заасны дагуу шүүх зохигчоос хүсэлт гаргасан тохиолдолд шүүхийн журмаар хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэх, талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх боломжийг хангаж өгөх үүрэгтэй байтал нэхэмжлэгчийг нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэж буруутгаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт шинжээч томилж дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б К ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч НШШГГ эс зөвшөөрч маргажээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б К ХХК-аас нэр бүхий 6 иргэн, 6 компанид төлбөр гаргуулж шийдвэрлэсэн байх ба төлбөр төлөгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй, хэрэв сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заажээ. /1хх16-25, 28-49/

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 49 дүгээр зүйлийн 49.4.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох ..хаягт байршилтай 2 316.6 м.кв, 1 801.8 м.кв талбайтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй байх тул шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Мөнх Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч барьцааны хөрөнгийг 4 360 320 000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн байна. /1хх246, 2хх1-30/

 

Шинжээчийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.3.1-9.3.11-д заасан хөрөнгийн үнэлгээ хийх журамтай нийцээгүй байна.

Шинжээч барилгын А блокийг 2 489 150 000 төгрөг, Б блокийг 1 871 170 000 төгрөгөөр үнэлэхдээ барилгын доорх газрыг тухайн газартай зориулалт, бүсчлэлийн хувьд ойролцоо худалдахаар зарлагдаж байгаа бусад газартай холбоотой эрхтэй харьцуулалт хийх замаар зах зээлийн жишиг үнийн аргаар 692 900 000 төгрөгөөр үнэлсэн байна. Гэвч уг газрын үнэлгээг хөрөнгийн нийт үнэлгээнд оролцуулан тооцоогүй байна. Хэрэгт тухайн барилгын газрын гэрчилгээ, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл байхгүй, мөн хэдэн м.кв талбайтай газрыг хамруулан 692 900 000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй, энэ талаар үнэлгээний тайланд тусгагдаагүй байгаагаас үзэхэд үнэлгээг хуульд заасан зохих журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.

 

Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх бөгөөд тухайн барилга болон газар нь тус тусдаа хөрөнгө болж үнэлэгдэх, эсвэл газар нь үл хөдлөх эд хөрөнгийн хамт байх шаардлагатай эсэхийг тодруулсны дараа үнэлгээг хийснээр дуудлага худалдаанд оруулах үнэлгээг зохих ёсоор хийгдсэн гэж үзнэ. Эдгээр шаардлага хангагдаагүй байгаа учраас нэхэмжлэгчийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00890 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан ..байршилтай орон сууцны зориулалттай А блок нь 45 хувийн гүйцэтгэлтэй, Б блок нь 35 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203034115 дугаартай Б К ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б К ХХК-д олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

А.МӨНХЗУЛ