Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 303

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Т.Солонго,

улсын яллагч Ц.Майбаяр,

хохирогч Г.Наран,

шүүгдэгч П.А, түүний өмгөөлөгч Г.Баярмаа /№1817/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхан овогт П.ийн А.т холбогдох 1711015090168 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг, . оршин суух хаягтай, . тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Урианхан овогт П.йн А. /РД:./,

 

Холбогдсон хэргийн талаар: П.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.А нь 2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-10-803А тоотод байрлах Нийтийн байранд хохирогч Г.Наранг өөрийн нөхөртэйгээ хардсаны улмаас маргаж, улмаар түүний толгойн тус газарт заазуураар цохиж зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

П.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г 10-803А тоот буюу Нарангийн түрээсийн гэрт нөхрөө хардаад Нарангийн толгойд гэмтэл учруулсан. Манай нөхөр Ариунболдтой бэлгийн харьцаанд орчихсон байсан. Гэрт нь яваад ороход Наран чармай нүцгэн орон дотроо хэвтэж байсан мөн түүний бөгсөн доороос манай нөхрийн дотуур хувцас нь гараад ирсэн учраас яасан их хүний нөхөртэй унтдаг юм бэ би чамайг арай ч ийм гэж бодоогүй гээд уур хүрээд тавиур дээр байсан заазуурыг аваад Нарангийн үсийг огтлох гэтэл Наран хөдөлж байгаад толгойгоо зүсүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

хохирогч Г.Наран шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр гэртээ байж байтал П.Ариунцэцэг хаалга нилээн удаан нүдсэн. Би хаалгаа тайлж өгөлгүй байж байтал П.Ариунцэцэг “би та хоёрыг байгааг чинь мэдэж байна гээд” хараалын үг хэлж доромжлоод байхаар нь би ганцаараа байгааг харуулах гээд хаалгаа тайлсан. Тэгтэл П.Ариунцэцэг “яахаараа чи хүний нөхөртэй унтдаг юм, чамайг би ална” гээд гартаа жижигхэн юм барьчисан дайраад байхаар нь “та юу болоод байгаа юм бэ, байхгүй байгааг нь харж байгаа биздээ” гэхэд ална гэж дайрсан. Тэгээд заазуур аваад чиний үсийг хяргана гээд намайг заазуураар гэмтээсэн. Би цусаа гоожуулаад гэрийнхээ хаалгыг тайлаад туслаарай, авраарай гэж орилход байрны эзэн орж ирээд намайг эмнэлэг авч явсан. Тэр үед П.Ариунцэцэг зугтаачихсан. Нөхөртэй нь унтсанаа согтуу байсан учраас мэдэхгүй байна. Нөхрийнх нь дотуур хувцас үнэхээр миний орноос гарсан юм уу, гаднаас авч орж ирсэн юм уу гэдгийг тасарчихсан байсан болохоор мэдэхгүй байна. Заазуураар намайг гэмтээсэн учраас би гомдолтой. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Баримтаар өгсөн хохирол, ажилгүй байсан үеийн хохирол нийт 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

хохирогч Г.Нарангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэр архинаас ууж байгаад тасарсан байсан. Би гэртээ явж орсноо мэдээгүй, нэг мэдэхэд гэртээ унтаж байтал Ариунцэцэг манай гэрт орж ирээд, миний нөмөрсөн байсан хөнжлийг сөхөөд Ариунболдын турсикийг барьсан, чи миний нөхөр Ариунболдтой унтсан байна гэж хэлсэн. Би Ариунболдтой унтсан эсэхээ өөрөө ч хэлж мэдэхгүй байгаа. Ариунцэцэг миний үснээс зулгаагаад коридороор чирээд чамайг ална гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай байрны эзэн Батзаяа гаднаас орж ирээд "чи болиоч, хүн аллаа ш тэ наад хүнээ тавь" гэж хэлсэн. Тэгээд гэрт ороод тавьж, Ариунцэцэг манай гэрээс гараад явсан. ... Шөнө Ариунцэцэг эгч нөхөр Ариунболдын хамт манай гэрийн хаалга цохиод байхаар нь би хаалгаа тайлж өгөөгүй унтаад, өглөө үүрээр Ариунболд манай гэрийн хаалга цохиод байхаар нь нээж өгсөн, ус байна уу гэж асуухаар нь би ус хийж өгсөн. Тэгээд Ариунболд манайд байж байгаад гарч явсан, би ажил руугаа явсан, очиход Ариунцэцэг байсан ба намайг чи наад салтаа саамаа хумьж яваарай гэж хэлэхээр нь би ямар нэгэн юм хэлээгүй. Орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байж байтал 22 өнгөрч байхад нэг хүн манай гэрийн хаалгыг цохиод байсан сонсоход, Ариунцэцэг манай гэрийн хаалгыг цохиод хаалгаа тайл гээд байсан. Би чимээгүй суугаад байсан, нэг цаг гаран болсон. Энэ хугацаанд Ариунцэцэг төмрийн хөрөө байна уу гэж байрны эзэн Батзаяагийн гэрт орж асуусан байсан. Ариунцэцэг хаалгаа тайл тэгэхгүй бол би хаалгыг чинь эвдээд орно шүү гээд нүдээд байсан би онгойлгож өгөөгүй, бараг нэг цаг гаран манай хаалгыг нүдсэн. Ариунцэцэг би та хоёрыг байгаа гэдгийг чинь мэдэж байна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа байгаа гэдгээ харуулахаар Ариунцэцэгт хаалгаа тайлж өгсөн. Ариунцэцэг манай гэрт орж ирээд манай гэрийн хаалгыг дотор талаас нь түгжсэн. Ариунцэцэг надад би чамайг ална гээд байсан. Ариунцэцэг надад уурлаад нөхөр Ариунболдтой хардаад байсан. Манай гэрийн заазуур тавиур дээр байсан чинь түүнийг аваад чиний үсийг чинь хяргана гээд над руу дайрсан. Би чи юу яриад байгаа юм бэ гэж хэлээд ноцолдоод зууралдсан. Тэр үед Ариунцэцэг заазуураар миний толгой хэсэг рүү дээрээс цохисон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

гэрч Б.Билэгбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хажуу хөрш айлын хаалгыг 4 тоотын эмэгтэй балбаад зогсож байсан. Манай өрөөнд гадаа коридорын чимээ сонсогдож байдаг бөгөөд 9 тоотын хаалгыг 4 тоотын эмэгтэй балбаж байхдаа танай хаалга чинь араараа онгойно шүү гээд хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол чамайг ална шүү гээд байсан. Уг эмэгтэй гаднаас нь хаалгыг нь нэг юмаар гөшөөд үрээд байсан. 9 тоотыг эгч өөрөө хаалгаа онгойлгож өгтөл 4 тоотын эгч манай нөхөр хаана байна би одоо чамайг ална гээд орилоод байснаа гэнэт орилоод 9 тоотын эгч нь амь авраарай гэхээр нь гүйж гараад хартал 9 тоотын эгч үүдэн дээрээ толгой нь цус гарчихсан зогсож байсан. Нөгөө эмэгтэй нь коридороор гараад гүйж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15088 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Т.Нарангийн биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 34х/  хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураан авсан ахуйн хэрэглээний заазуур хутга 1 ширхэг болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч П.А нь хохирогч Г.Наранг өөрийн нөхөртэйгээ хардсаны улмаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.Наран нь өөрт учирсан хохиролд нийт 252.775 төгрөгийг зарцуулсан баримт хавтас хэрэгт /хх-ийн 37-40х/ авагдсан байх ба цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай надад учирсан хохирол бүрэн арилаагүй гэж байх тул П.Аээс нийт 252 .775 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Наранд олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин Г.Наран нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилэх зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Ат ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэл болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ахуйн хэрэглээний заазуур хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.