Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1270

 

 

 

   2025             11           11                                      2025/ДШМ/1270

 

 

А.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Энэрэл,

цагаатгагдсан этгээд А.Аын өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2202 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Энэрэлийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар эсэргүүцлээр А.Ад холбогдох ..............дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч П.Гандолгорын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ковогт Т-нА.А, ........оны ......... дугаар сарын ..........-ны өдөр ...... аймагт төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт .......... аймгийн ......... сумын ........ дүгээр баг, .........., ......... дүгээр хороолол, ......... байр, ......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........... дүүргийн .......... дүгээр хороо, “...........” хотхон, ......... дугаар байр, .........тоотод түр оршин суудаг гэх, ял шийтгэлгүй /РД:............/.

А.А нь “Л.Эын эзэмшлийн ........улсын дугаартай, “А.А” маркийн тээврийн хэрэгслийг 70.000.000 төгрөгөөр бусдад худалдаж, төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдах нотариатын газраар тээврийн хэрэгслийг худалдах, эрх шилжүүлэх итгэмжлэл хийлгүүлэх замаар эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсны улмаас хохирогч Л.Эт 49,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Ахолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч А.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэг гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тайлбартаа: “... Цагаатгах тогтоолыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт заавал тусгахаар тус тус хуульчилсан.

Гэтэл шүүх, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага зэрэг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр хэт ерөнхий дүгнэлтийг хийсэн буюу Л.Эын А.Ад олгосон итгэмжлэл нь иргэд хоорондын хэлцэл бөгөөд нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан, А.А уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу 20,050,000 төгрөгийг төлсөн, автомашины мөнгийг өгөхгүй удсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж, хохирогчийн “тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй” гэх мэдүүлэг, итгэмжлэл зэрэг нотлох баримтад тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Прокуророос хэрэгт авагдсан, 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 0427 бүртгэлийн дугаартай нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн хуулбар, хохирогч Л.Э, гэрч М.Э, П.Н, Г.Бнарын мэдүүлэг, Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай албан бичиг, хавсралт, “Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26- ны өдрийн 1491 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Л.Э нь өөрийн найз М.Энэбишээр зуучлуулан, түүний “Манай шавь тээврийн хэрэгсэл зардаг” гэсэнд итгэн А.Атай холбогдож, 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн ........улсын дугаартай, А.А /Mitsubishi Fuso Supergreat/ маркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэл хийн, эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн.

Дээрх итгэмжлэлийн дагуу төлөөлөгч нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулж, төлбөрийг Л.Эт шилжүүлэх талаар баталгаа гаргасан боловч тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр уг тээврийн хэрэгсэл 49,000,000 төгрөгийн үнэтэй байжээ.

2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дээрх тээврийн хэрэгсэл П.Нямдоржийн нэр дээр шилжсэн бөгөөд А.А нь өөрийн 65,000,000 төгрөгийн өрөнд тооцон түүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

“Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахын тулд хохирогчийг итгүүлэн хуурах, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулах хууль бус аргыг ашигласан байхыг шаардана.

Хуурч мэхлэх арга гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг, харин итгэл эвдэх арга гэдэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг тус тус ойлгоно.

Итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, гэрээ, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг.

Мөн бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагдана.

А.Аын үйлдлийн тухайд, хохирогчийн эд хөрөнгийг хэт өндөр үнээр худалдана гэсэн амлалт өгч, итгэмжлэлийн үндсэн дээр эд хөрөнгийнх нь эрхийг шилжүүлэн авчхаад уг итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, бусдад өрөө төлөх замаар захиран зарцуулсан ба 2022 оны 9 дүгээр сараас хойш 3 жилийн хугацаанд хохирлын талыг буюу 20,050,000 төгрөгийг нөхөн төлснөөрөө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөрийн хагасыг хийх субьектив санаа зорилготой буюу дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж, гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтдээ тусгасан.

Шүүх улсын яллагчийн дүгнэлтийг анхаарч үзэлгүй орхигдуулсан, мөн уг дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолд дурдалгүйгээр шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, илт үндэслэлгүйгээр хэргийн хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2202 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах талаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүхийн “2 тал итгэмжлэл хийж, тээврийн хэрэгслийн тал үнийг төлж, авто машины мөнгийг удаасан нь гэмт хэргийн шинжгүй” гэдэг үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Улсын яллагчаас хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийж, “анхнаасаа А.А нь Л.Эыг залилах санаа зорилготой байсан. Тухайн тээврийн хэрэгслийг итгэмжлэлээр шилжүүлэн авахдаа хэт өндөр үнийн дүнгээр зарж өгөхөөр амласан. 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэл олгож, А.Ад тээврийн хэрэгслийг шилжүүлсэн өгсөн. Энэхүү итгэмжлэлээр худалдах, арилжих, бүртгэлийн байгууллагад төлөөлөн гарын үсэг зурах эрхийг А.Ад олгосон. Итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг зөрчиж, тухайн тээврийн хэрэгслийн төлбөрөөс 3 жил хагасын хугацаанд тал мөнгийг төлсөн нь залилах гэмт хэргийн шинжтэй байна” гэж үзэн улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтдээ тусгасан. Анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо улсын яллагчийн энэ дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа тодорхой тусгаагүй. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг болсон цаг хугацаанд болсон үйл явдал, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэл, үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн хандлагад бодит дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Тиймээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд А.Аын өмгөөлөгч Т.Мөнхтуяа шүүх хуралдаанд: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Яагаад иргэний маргаан гэж үзсэн бэ гэхээр 1 дүгээр хавтас хэргийн 15 дугаар хуудаст итгэмжлэл авагдсан. Энэ итгэмжлэлийг А.А бичээгүй. Л.Э болон түүний эхнэр н.Баярчимэг, н.Энэбиш нар итгэмжлэл олгож, улмаар А.А хожуу очиж гарын үсэг зурсан. Үүгээр А.А нь “би та нарын машиныг зарж өгье” гэж субьектив шинж гаргаагүй болох нь тогтоогдож байна. 1 дүгээр хавтас хэргийн 38 дугаар талд эхнэр н.Баярчимэг нь нийт 26.000.000 төгрөг авсан мөртлөө “би аваагүй” гэж нөхөртөө ойлгуулсан нь байгаа. Тиймээс 2 дугаар хавтас хэргийн 27 дугаар талд хохирогч “бид нарын дунд эрүүгийн хэргийн шинжтэй зүйл байхгүй, үл ойлголцол бий болсон байна” гэж бичиж өгсөн. А.А “танай эхнэрийн данс руу 26.000.000 төгрөг шилжүүлсэн” гэж дансны хуулгаа үзүүлсэн. Тиймээс гэмт хэргийн шинжтэй гэж үзэхгүй байна. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэдэг үндэслэлийг хохирогч өөрөө гаргасан. Мөн А.Аын итгэмжлэл авсан хугацаанд дэлхий нийтэд ковид цар тахал гарсан. А.А өөрөө 70.000.000 төгрөг гэдгийг гаргаж ирээгүй. Өөрсдөө итгэмжлэл дээрээ 70.000.000 төгрөг гэж бичиж, үнэлгээний газар машиныг “49.000.000 төгрөг” гэж үнэлсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч 10 жил унасан, 50.000.000 төгрөгөөр авсан машинаа эргүүлэн 70.000.000 төгрөгөөр зарна гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн прокурор, Улсын Ерөнхий прокурорт удаа дараа хүсэлт гаргасан. Энэ бол гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан бөгөөд өгсөн, авсан зүйлээ мэдэхгүй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулаагүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хохирогч өргөдөлдөө “би хохирлоо авъя” гэж бичсэн болохоос гэмт хэргийн талаар огт бичээгүй байгааг дурдсан. А.А итгэмжлэл авч, ямар гэмт хэрэг хийсэн болох нь тогтоогддоггүй. Энэ итгэмжлэлийг авснаасаа А.А өөрөө хохирогч, 35.000.000 төгрөгийг өөрийнхөө байшингийн засварын ажилд оруулж, зарсан байдаг. Итгэл үнэмшил төрүүлж, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг бий болгох шинжүүд байхгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх А.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос А.А нь “Л.Эын эзэмшлийн ........улсын дугаартай, “А.А” маркийн тээврийн хэрэгслийг бусдад 70.000.000 төгрөгөөр худалдаж, төлбөрийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариатын газраар тээврийн хэрэгслийг худалдах, эрх шилжүүлэх итгэмжлэл хийлгүүлэх замаар эд хөрөнгийн эрхийг нь шилжүүлэн авсны улмаас хохирогч Л.Эт 49,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ... А.А, Л.Э нарын хооронд иргэд хоорондын хэлцэл байгуулж, нотариатаар баталгаажуулан гэрээ байгуулсан бөгөөд А.А нь өөрийн хүлээсэн үүргийг биелүүлж тээврийн хэрэгслийн төлбөрт Л.Эын эхнэр Т.Баярчимэгийн Хаан банкны 5195003524 дансанд нийт 20,050,000 төгрөг төлж байжээ. Хохирогч Л.Э нь “тээврийн хэрэгслийн үнийг буцаан авмаар байна" гэсэн агуулгатай гомдол гаргаж энэ талаар хохирогчоор мэдүүлэг өгсөн байна. Харин А.Аын хувьд залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй ба хохирогч Л.Эын хувьд зөвхөн автомашины мөнгийг өгөхгүй удсан гэсэн шалтгаан хэлж байгаа бөгөөд энэ нь залилах гэмт хэргийн шинжид хамаарахгүй. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан А.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан яллах талын нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, Нийслэлийн тойргийн нотариатчийн 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 0427 бүртгэлийн дугаартай Л.Эаас А.Ад FS54JVZ532753 арлын дугаар бүхий ........улсын дугаартай, “А.А” /Mitsubishi Fuso Supergreat/ маркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, гэрээ байгуулах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэлийн хуулбар. /хх 15/,

-хохирогч Л.Эын “... би найздаа итгээд тухайн А.А гэх эмэгтэйд итгэмжлэх хийж өгөөд машинаа өгсөн. Тухайн үедээ надад бичгээр машин худалдан борлуулж мөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор хийнэ гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Эрдэнэтэд 2022 оны 08 сард очоод 2022 оны 12 сар дуустал ажилласан, тэгэхэд А.А нь байнга очдог байсан бөгөөд "Ажил бүтсэнгүй, ажил бүттэл сар бүр 2,5%-ийн хүүтэйгээр бодож төлбөрийг төлье" гэж хэлж байсан. Түүнээс хойш эхнэр бид 2 хүлээсэн бөгөөд одоог хүртэл ердөө 11.050.000 төгрөгийг увуулж цувуулаад, зовлон жаргал ярьж байгаад өгсөн. Би яг гэрээ бол хийгээгүй, нотариатаар орж, тээврийн хэрэгслийг худалдан борлуулах итгэмжлэл хийж өгөөд тээврийн хэрэгслээ өгч явуулсан юм. Одоо бол ямар ч холбоогүй байгаа. Би тээврийн хэрэгслийн 70.000.000 төгрөгөө буцаан авмаар байна” /хх 23-24/,

-гэрч М.Энэбишийн "... Би Энхбаатарт туслах санаатай хүнээс асууж байгаад манай шавь А.А машин тэрэг авч зараад байдаг болохоор "машин авах уу" гэж асуухад А.А би зараад өгч болно гэхээр нь би тэр хоёрыг холбож өгсөн. 2022 оны 10 сард А.А Энхбаатарын машиныг зарчихаад мөнгийг нь өгөөгүй байхаар нь А.А, Энхбаатарын эхнэр болох Баярчимэг бид гурав уулзахад А.А "миний мөнгө болохгүй байна, мөнгө гарах хүртэл би сар бүр хүү бодож хүүгийнхээ мөнгийг нь өгч байя" гэж хэлсэн" /хх 32-33/,

-гэрч Т.Баярчимэгийн “... А.А нь "бид нар нэг зээл хөөцөлдөж байгаа, тухайн зээл бүтэхгүй байна, зээл бүтсэн үед бүрэн төлж өгөх болно” гэж хэлж тохиролцсон. 2023 оны 9 дүгээр сарын дундуур 10,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Миний тооцоогоор ойролцоогоор 17,000,000-18,000,000 төгрөг авсан болов уу гэж бодож байна" /хх 39/,

-гэрч П.Нямдоржийн "... Би ........улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшдэггүй. Тухайн тээврийн хэрэгсэл 2022 онд А.Аын нэр дээрээс миний нэр рүү шилжсэн. Учир нь А.А нь миний төрсөн эгч Баасанхүүгээр дамжуулан хүнээс зээлүүлж авсан 100.000.000 төгрөгөөс 65.000.000 төгрөгийн оронд өгсөн юм. Тухайн тээврийн хэрэгслийг би цааш нь зараад төрсөн эгч Баасанхүүгийн мөнгө зээлж авсан өрөнд өгсөн” /хх 42/,

-гэрч Г.Бат-Эрдэнийн "2023 оны 4 сард ........улсын дугаартай “А.А” маркийн тээврийн хэрэгслийг Нямдорж гэх хүнээс худалдаж авсан. Одоо тус тээврийн хэрэгслийг би зарчихсан. Харин миний нэр дээрээс шилжигдээгүй байгаа” гэсэн мэдүүлгүүд /хх 47/,

-Автотээврийн үндэсний төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 06 дугаартай албан бичиг, хавсралт. /хх 59-60/,

-“Дамно” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1491 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 63-67/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, мэдүүлгийг эрх зүйн ухамсарт тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарын дотор хэргийг хянахдаа шүүгдэгч Б.А.А,  Л.Э нарын хооронд “FS54JVZ532753 арлын дугаар бүхий ........улсын дугаартай, “А.А” /Mitsubishi Fuso Supergreat/ маркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, холбогдох баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон итгэмжлэл хийгдэж, шүүгдэгч итгэмжлэн авсан хөрөнгийг өөрийн өр төлбөрт тооцуулан өгч, хариу төлбөрийг бүрэн хийгээгүй үйлдэл нь өөр гэмт хэргийг шинжийг хангаж байгаа эсэх, өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхийг нягтлалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэргийг бодит байдалд нийцээгүйгээс гадна гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөв тодорхойлоогүй, итгэмжлэл хийсэн цаг хугацаагаар тогтоосон байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2202 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2.  А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ДАРЬСҮРЭН

 

                 ШҮҮГЧ                                                        Л.ОДОНЧИМЭГ

 

                 ШҮҮГЧ                                                        П.ГАНДОЛГОР