| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2023/05619/И |
| Дугаар | 192/ШШ2026/01635 |
| Огноо | 2026-02-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2026/01635
| 2026 02 05 | 192/ШШ2026/01635 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн дугаар хороо, Жанжины дүгээр гудамж, тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, дугаар байр, давхарт байрлах, регистрийн дугаартай, ******* ХХК-д холбогдох,
Сүхбаатар дүүргийн дүгээр хороо, Хангай хотхон, дугаар байранд байрлах 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, түрээсийн төлбөрт 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч М.*******, түүний өмгөөлөгч *******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 21-400 тоот хаягт байрлах, худалдааны газарт хүнсний дэлгүүр болон үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг байсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 дугаар тогтоолын дагуу гэр хорооллыг дахин төлөвлөлтийн төсөлд хамруулахаар болсон. Улмаар 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Л.*******, ******* ХХК, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 3 талт гэрээ байгуулагдаж, ******* ХХК болон Л.******* нарын хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан. Уг хоёр талт гэрээнд 2016, 2021 онд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээгээр Л.*******д нийт 66.37 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхээс 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508 тоот орон сууц, үлдэх 26.47 м.кв талбайд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд баригдаж буй орон сууцнаас 17 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, нэг м.кв талбайг 1,800,000 төгрөгөөр тооцож, 9.47 м.кв талбайн үнэ 17,046,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 2015 оны 3 дугаар улиралд дээр дурдсан 39.9 м.кв талбайтай орон сууцыг хүлээж авсан. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээгээр зөрүү 26.47 м.кв талбайд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Л.*******д 2022 оны 1 дүгээр улиралд шилжүүлэн өгөх, өмнө нь байгуулагдсан 3 талт болон хоёр талт гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон боловч ******* ХХК нь уг орон сууцыг шилжүүлж өгөөгүй. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай 07 тоот гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 2.1-т зааснаар ажлын байрны нэг сарын түрээсийн төлбөрт 550,000 төгрөгийг барилга бүрэн баригдаж дуусах хүртэл хугацаанд төлөхөөр тохиролцсон. Иймд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэгт ажлын байрны түрээсийн төлбөр буюу 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны түрээс 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэхмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах, 21,1 м.кв орон сууцыг манай компани Л.*******д хүлээлгэн өгөх боломжгүй. Учир нь Хангай хотхоны орон сууцны хорооллыг манайх захиалан бариулаагүй, барилгын ажлыг гүйцэтгээгүй бөгөөд тухайн орон сууцны хороололтой ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаар гэрээний дагуу Л.*******д олгосон Хангай хотхоны 39,9 м.кв талбайтай, орон сууцыг бид тухайн орон сууцны хорооллыг барьсан хуулийн этгээдээс бартераар авсан байсан ба Л.*******д хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгч талаас шаардаж буй Хангай хотхоны 522 дугаар байрны 21,1 м.кв байрыг бид хүлээлгэн өгөх боломжгүй буюу манай компанид тийм орон сууц байхгүй. Хоёрдугаарт, ажлын байрны түрээсийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 2024 оны 5 дугаар сарыг дуустал нийт 105 сарын хугацааны төлбөр 57,750,000 төгрөг, алдангийн хамт гаргуулах тухайд Л.******* нь өөрийн үл хөдлөх хөрөнгө болох үйлчилгээний болон амьдрах зориулалттай 87 м.кв талбайтай барилгыг 288 м.кв газрын хамт манай компанид гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцаар солихоор газраа чөлөөлж өгсөн. Тухайн 87 м.кв талбай бүхий барилгад Л.******* нь амьдрахаас гадна дэлгүүр ажиллуулдаг байсан тул ажлын байргүй болох гэж байна гээд биднээс нөхөн олговор авах хүсэлт гаргасны дагуу манай компани 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Л.*******той байгуулсан ажлын байрны нөхөн төлбөр олгох гэрээг байгуулахаас өмнө буюу 2013 оноос Л.*******д ажлын байрны нөхөн олговрыг олгож байсан нь нэхэмжлэгч талын дансны хуулгаар нотлогдоно. Улмаар нэхэмжлэгч Л.*******той ажлын байрны нөхөн олговор олгох гэрээг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр байгуулж баталгаажуулсан бөгөөд тус гэрээ нь эхний ээлжийн барилга бүрэн баригдаж дуусах хүртэл хүчинтэй үйлчлэх байсан боловч гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжилт биднээс үл шалтгаалан удааширч, бид Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, төсөл хэрэгжих газрыг чөлөөлсөн олон иргэнд тодорхойгүй, урт хугацааны турш нөхөн олговор олгох болсон тул тухайн газрын өмчлөгчдөд нөхөн олговор олгох гэрээнд тэдгээртэй харилцан зөвшилцөж өөрчлөлт оруулсан. Ингэхдээ газар өмчлөгчдийг хохироохгүй байх тал дээр анхаарч, гэрээний талуудын хэрэгцээ, боломжид нийцсэн байдлаар нөхөн олговор олгох талаар зохицуулалтуудыг илүү уян хатан болгож, гэрээг шинэчлэн байгуулах ажиллагаа хийсэн. Түүнчлэн ******* ХХК-ийн зүгээс Л.*******д ажлын байрны нөхөн олговроос гадна оршин суух газрын нөхөн олговрыг олгож байсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. 2015 оны 3 дугаар улиралд Хангай хотхоны 39,9 м.кв талбайтай орон сууцыг Л.*******гийн өмчлөлд шилжүүлэн өгснөөр 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээг байгуулах үндэслэл нь дээр дурдсанчлан Л.******* нь амьдрах орон сууц хүлээн авсан тул амьдрах газрын нөхөн олговрыг олгохгүй болох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл тодорхойгүй хугацаагаар зогсонги байдалд орсонтой холбогдуулан Л.*******д ажлын байрны нөхөн олговрыг сарын 150,000 төгрөг болгохоор талууд харилцан тохиролцсон нөхцөл юм. 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 91-1 тоот гэрээний 2.5-д энэхүү гэрээтэй холбогдуулан А талын үйл ажиллагаа явуулж байсан объектыг буулгаж, нураасантай холбогдуулан амьжиргааг дэмжих зорилгоор Б тал нь А талд үлдсэн 17 м.кв бүхий талбай буюу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд сар тутам энэхүү төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгох ба Хаан банкны 5753554092 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу ажлын байрны нөхөн төлбөрийг 550,000 төгрөг байсныг сарын 150,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон нь нотлогддог. Түүнчлэн хавтаст хэргийн 82 дугаар талд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00050 дугаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн Үндэслэх хэсэгт ...Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд сар тутамд 150,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Л.*******д олгож байхаар тохиролцсон гэж хэргийн үйл баримтыг дурдсан байна. Улмаар ******* ХХК болон Л.******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Л.*******гийн ажлын байрны нөхөн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 00050 дугаар захирамж гарснаас хойш байгуулагдсан. Энэхүү гэрээгээр талууд өмнө нь байгуулагдсан гэрээнүүд болох 2013 оны 91 тоот хоёр талт гэрээ, 2013 оны ГХДТ2013/7/011 дугаар гурван талт гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 тоот хоёр талт гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 91-2 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн IX/07 дугаар түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ГХДТ2013/7/011 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Хаан банк дахь ******* ******* эзэмшигчтэй 5753554092 дугаар дансны 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, 000050532 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, 000081591 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 000240223 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, давж заалдах гомдол болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2021/09966 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2021/00050 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/165 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай захирамж, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлт, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22/11/693 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг,
Хариуцагчаас 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2 дугаар итгэмжлэл, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 24/18 дугаар итгэмжлэл, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 25/56 дугаар итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2024/28084 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК-иас шаардсан 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 91 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ ирснийг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон, 522 дугаар байранд байрлах 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, түрээсийн төлбөрт 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ ******* ХХК биелүүлэхгүй байх тул 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 91-2 дугаар бүхий нэмэлт гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21.1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг даалгах, 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот гэрээний үүрэг буюу ажлын байрны түрээсийн төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарыг дуустал хугацаагаар тооцож, 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч үндэслэлээ ... 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаар гэрээний дагуу Л.*******д олгосон Хангай хотхоны 39,9 м.кв талбайтай, орон сууцыг бид тухайн орон сууцны хорооллыг барьсан хуулийн этгээдээс бартераар авсан байсан ба Л.*******д хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэгч талаас шаардаж буй Хангай хотхоны 522 дугаар байрны 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй буюу манай компанид тийм орон сууц байхгүй. Хоёрдугаарт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00050 дугаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн Үндэслэх хэсэгт ...Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд сар тутамд 150,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Л.*******д олгож байхаар тохиролцсон... гэж хэргийн үйл баримтыг дурдсан байна. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээгээр 2013 оны 91 тоот хоёр талт гэрээ, 2013 оны ГХДТ2013/7/011 дугаар гурван талт гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 тоот хоёр талт гэрээг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчийн тайлбараар дараахь үйл баримт тогтоогдов.
5.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Нийслэлийн Засаг захиргааны байгууллага, иргэн, төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд үүссэн харилцааг зохицуулахаар иргэн Л.*******, ******* ХХК, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ГХДТ2013/7/011 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулагдаж, төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал , Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын дарга *******, иргэн Л.******* нар гарын үсгээ зуржээ. /х.х 8-11дэх тал/
6.Улмаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 тоот тогтоолоор баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмыг үндэслэн Л.*******, ******* ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 91 дугаартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдсан байх ба гэрээний зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, төсөл хэрэгжүүлэх хэлбэрийг сонгох, төлбөрийн хэмжээ ба хугацааг тогтоох, нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах, газар чөлөөлөх, газар эд хөрөнгийн эрх шилжүүлэхэд иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд үүссэн харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход орших ба гэрээнд ******* ХХК-ийг төлөөлж, төслийн ахлах менежер , иргэн Л.******* нар гарын үсгээ зурсан байна. /х.х 109-111 дүгээр тал/
7.Уг гэрээгээр Л.******* өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалан, Жанжин-21, 407 тоот, 288 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах, 87 м.кв талбай бүхий хувийн сууц /хүнсний дэлгүүр/-ыг шилжүүлэх, гэрээний 2.3.1-т зааснаар орон сууцаар солих буюу 49,37 м.кв орон сууцыг барьж өгөх, гэрээний 2.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хоёр тал харилцан тохиролцсны эцэст төсөл хэрэгжүүлэгч газрын үнэлгээн дээр нэмэж 5 м.кв үйлчилгээний талбайг үнэ төлбөргүй, мөн 87 м.кв хүнсний дэлгүүрийн барилгад 12 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг нөхөн олгохоор тохирчээ.
8.Талууд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт 91-1 дугаар бүхий гэрээ байгуулж, /х.х 4-5 дахь тал/ гэрээний 2.1-т дээрх 91 дугаар бүхий гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.1-т заасан 49,37 м.кв, тус гэрээний 2 дугаар зүйлийн 3.3-т заасан 5 м.кв үйлчилгээний талбай, 12 м.кв үйлчилгээний талбайг олгохоор тохиролцсныг газар болон түүний дээрх үл хөдлөх хөрөнгө, объектийг хамтад нь үнэлэн 66.37 м.кв орон сууцыг Б тал буюу ******* ХХК нь А тал буюу Л.*******д олгохоор харилцан тохирсныг тодотгож, ийнхүү тодотгосонтой холбогдуулан гэрээний 2.2-т нэмэлт өөрчлөлт оруулжээ.
9.Тус өөрчлөлт оруулсан гэрээний 2.2-т энэхүү гэрээний 2.1-т заасан 66,37 м.кв талбайтай орон сууц болгон тодотгосонтой холбогдуулан А талын хүсэлтийн дагуу дээрх орон сууцнаас Б тал нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 508 дугаар байрны 39,9 м.кв талбай бүхий 108 тоотод байрлах, орон сууцыг эхний ээлжинд буюу 2015 оны 3 дугаар улиралд оруулах, үлдсэн /66,37 м.кв -39,9 мкв=/ 26,47 мкв бүхий орон сууцыг компанийн төсөл хэрэгжүүлж буй Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууцнаас олгохоор тус тус харилцан зөвшилцөв гэж,
-2.3-т энэхүү гэрээний 2.2-т заасантай холбогдуулан үлдсэн 26,47 м.кв талбайгаар 9,47 м.кв талбайн үнийг нэг м.кв-ын үнийг 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 17,046,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууц ашиглалтад орох үед Б тал нь А талд олгохоор талууд харилцан зөвшилцөв гэж,
-2.4-т энэхүү гэрээний 2.3-т заасан 26,47 м.кв орон сууцны талбайгаас үлдсэн 17 м.кв талбайг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууцнаас үйлчилгээний зориулалттай талбайг олгохоор тохиролцов гэж,
-уг гэрээтэй холбогдуулан А талын үйл ажиллагаа явуулж байсан объект буулгаж, нураасантай холбогдуулан амьжиргааг дэмжих зорилгоор Б тал нь А талд үндсэн 17 м.кв талбайг Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууц ашиглалтад орох хүртэлх хугацаанд сар тутам 150,000 төгрөг олгохоор тохиролцож, энэхүү төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нөхөж олгох ба Хаан банкны 5753554092 тоот дансанд шилжүүлнэ гэж тус тус тохирчээ.
10.Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 91 дугаартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т ... гэрээг биелүүлэх явцад гарсан санал зөрөлдөөнийг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ... гэж заасныг үндэслэн дахин 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 91-2 дугаар бүхий нэмэлт гэрээ байгуулж, өмнөх 91-1 дугаар бүхий гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байна. /х.х 5 дугаар тал/
11.Уг гэрээний 3.1-т гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 91-1 дугаар бүхий гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан нийт олгох 26,47 м.кв бүхий орон сууцыг иргэний хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангаж, компани нь иргэнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21,1 м.кв бүхий орон сууцаар дүйцүүлэн тооцож, 2022 оны 1 дүгээр улиралд шилжүүлэн олгохоор нэмэлт өөрчлөлт оруулав гэж,
-3.2-т энэхүү нэмэлт гэрээний 3.1-т заасантай холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 91 дугаар бүхий гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт ГХДТ2013/7/011 дугаар бүхий гэрээ болон 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 91-1 дугаар бүхий гэрээнүүдийн үүрэг бүрэн биелэгдсэнд тооцож гэрээг дуусгавар болгохоор талууд тус тус харилцан тохиролцов гэж,
-3.3-т энэхүү нэмэлт гэрээ нь 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 91 дугаар бүхий гэрээ, 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт ГХДТ2013/7/011 дугаар бүхий гэрээ болон 2016 оны 7 сарын 05-ны өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 91-1 дугаар бүхий гэрээний салшгүй хэсэг болно гэж заажээ.
12.Мөн Л.******* болон ******* ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ******* ХХК нь газрыг чөлөөлөх, барилгын ажил үргэлжлэх хугацаанд Л.*******гийн ажлын байрны нөхөн төлбөрийг хариуцах буюу нэг сарын нөхөн төлбөр 550,000 төгрөг төлөх үүрэг хүлээж, уг гэрээний хугацаа эхний ээлжийн барилга бүрэн баригдаж дуусах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар тохирсон байна. /х.х 6-7 дугаар тал/
13.******* ХХК нь түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээний дагуу Л.*******д 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр нийт 20,900,000 төгрөгийн ажлын байрны нөхөн төлбөр төлсөн нь Л.*******гийн дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
14.Дээр дурдсанаар талуудын хооронд байгуулсан гэрээнүүд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Л.******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу газраа шилжүүлэх, нөгөө талаас ******* ХХК тухайн газрын үнэд дүйцэх орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж, шилжүүлэх үүрэг хүлээснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
15.Гэрээний үргэлжлэх хугацаанд талууд хоёр удаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн нэмэлт гэрээгээр өмнөх 91-1 дугаар гэрээгээр тохирсон 26,47 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэж өгөх үүрэгт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах, 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг дүйцүүлэн тооцож, 2022 оны 1 дүгээр улиралд шилжүүлэх, өмнөх 91, 91-1 дугаар гэрээ болон ГХДТ2013/7/011 дугаар гэрээний үүрэг биелэгдсэнд тооцож, уг гэрээнүүдийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-т ...үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно... гэж, 236.1.3-т ...талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон... гэж заасанд нийцжээ.
16.Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга, иргэн М.*******, ******* ХХК-ийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан ГХДТ2013/7/011 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ, Л.*******, ******* ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 91 дугаартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.
17.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т ...Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргээ шаардах эрхтэй... гэж зааснаар нэхэмжлэгч Л.*******, хариуцагч ******* ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 91-2 дугаар бүхий гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний үүргийг буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-иас шаардах эрхтэй гэж үзлээ.
18.Харин талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсантай холбоотойгоор Түмэн амгалан орон сууцны хорооллын эхний ээлжийн барилга ашиглалтад орох хүртэлх хугацаанд ******* ХХК-ийн зүгээс сар бүр 550,000 төгрөгийн ажлын байрны нөхөн төлбөрийг Л.*******д төлөх үүрэг бүхий түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байх ба уг гэрээний дагуу хариуцагч компаниас 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сар дуустал 20,900,000 төгрөгийн нөхөн төлбөрийг Л.*******д төлж байсан байна.
19.Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сараас хойшхи хугацаанд дээрх гэрээний дагуу ажлын байрны нөхөн төлбөрт 7,350,000 төгрөг гаргуулахаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/00050 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
20.Захирамжийн Үндэслэх хэсэгт ...Л.*******, ******* ХХК-ийн хооронд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр түр оршин суух хугацаан дахь орон сууцны түрээсийн төлбөр олгох тухай гэрээ, 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд сар тутам 150,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Л.*******д олгож байхаар тохиролцсон байна, нэхэмжлэлд дурдсанаас үзэхэд ******* ХХК, 2017 оны 1 дүгээр сард 1,000,000 төгрөг өгснөөс хойш төлбөр төлөөгүй байх тул гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөрийг төлөх үүрэгтэй байна... гэж дүгнээд Л.*******гийн нэхэмжлэлийн шаардлага 7,350,000 төгрөгийг хариуцагч тал бүрэн хэмжээгээр төлөхийг зөвшөөрч, хэсэгчлэн төлөхөөр хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
21.Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаартай нэмэлт гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д ...Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нэгж талбарт баригдаж буй орон сууц ашиглалтад орох хүртэл хугацаанд сар тутам 150,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Л.*******д олгож байхаар тохиролцсон... тохиролцоог үндэслэн Л.******* ******* ХХК-иас түрээсийн төлбөр нэхэмжилснийг шүүх 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дээрх захирамжаар шийдвэрлэсэн ба түүнээс хойш буюу 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 91-2 дугаар бүхий нэмэлт гэрээ байгуулж, өмнөх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 91-1 дугаартай гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж, өмнөх 91-1 дугаар гэрээгээр тохирсон 26,47 м.кв талбай бүхий орон сууц хүлээлгэж өгөх үүрэгт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах, 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг дүйцүүлэн тооцно гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу нэхэмжлэгч Л.******* 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-иас шаардсан хирнээ 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 2024 оны 5 дугаарыг дуустал хугацаагаар тооцож, түрээсийн төлбөрт 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах, 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.*******д шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, хариуцагч ******* ХХК-иас түрээсийн төлбөрт 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
22.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 522 дугаар байранд байрлах 21,1 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Л.*******д шилжүүлж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Л.*******гийн түрээсийн төлбөрт 57,750,000 төгрөг, алданги 5,197,500 төгрөг, нийт 62,947,500 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 647,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 174,665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН