| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2508011590907 |
| Дугаар | 2025/ДШМ/1334 |
| Огноо | 2025-11-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/1334
2025 11 27 2025/ДШМ/1334
Ц.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Цээрүүгүндүү,
шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Борхүү,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Т-д холбогдох эрүүгийн 2508011590907 дугаар хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Т, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт 00 дүүргийн 00 тоотод оршин суух /РД:00000000/,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ.
Шүүгдэгч Ц.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.З-аас буяны үйл ажиллагаа хийж өгөх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 00000000, 0000000 дугаарын дансаар дамжуулан 2,545,000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Х.Х-ыг өөрийн ажиллуулж байгаа буяны байгууллагыг хамтарч ажиллуулъя, завсар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж хуурч, түүнд үйл ажиллагаа явуулдаг гэх барилгыг зааж өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгэл төрүүлж түүнээс нийт 14,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ч.Ц-д “өөрийгөө Амгалан-Буян ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг түргэний машинаар үйлчилье, өөрийнхөө цехээс оршуулгын хөшөө, суварга, хайрцаг хийж өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс нийт 3,700,000 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн 0000000 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Т-оос 19,385,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.З-т 2,545,000 төгрөгийг, хохирогч Х.Х-т 14,500,000 төгрөгийг, хохирогч Ч.Ц-д 2,340,000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан болон цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Т-оос гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд сургууль, цэцэрлэгт суралцдаг. Би ажил хийж цалингаараа байрны төлбөрөө төлж, эхнэр ажил хийж амьжиргаагаа залгуулдаг. Намайг хоригдсоноос хойш гэр бүлийн амьжиргаа эрс муудсан. ..Өөрийн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Б.Борхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Ц.Т-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд нэг жилийн хорих ял шийтгэсэн ба шүүгдэгчийн зүгээс хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төлийн ялаар сольж өгнө үү гэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Учир нь Ц.Т нь ам бүл 5-уулаа эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг залуу гэр бүл бөгөөд 3 хүүхэд нь бүгд бага насны эхнэр нь цэцэрлэгт ажилладаг орон сууцны зээлтэй, өнөөдрийн Монгол Улсын нөхцөлд залуу гэр бүлүүдийн нийтлэг жишгээр ажиллаж амьдарч байгаад өөрийн хайхрамжгүй, санхүүгийн зөв тооцоололгүйн улмаас тухайн гэмт хэрэгт холбогдсон нь хэрэгт цугларсан баримтыг хүрээгээр тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.
Тухайн гэмт хэргийн хохирогч болон Х.Х, Д.З, Ч.Ц нар нь шүүгдэгч Ц.Т-той хамтын ажиллагаатай өмнө хамт ажиллаж байсан зарим тохиолдолд хамтын үйл ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдож байгаа.
Холбогдсон гэмт хэргийн тухайд Ц.Т нь маш ихээр гэмшиж, дахин ямар нэг гэмт хэрэг, хууль бус шинжтэй үйлдэлд холбогдохгүй, гаргахгүй байх талаар өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийхээ бүрэн илэрхийлж, өөрийн биеэр ойлгон ухамсарлаж байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж хохирол төлөх талаар идэвхтэй санаачилга гарган өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийж байгаа боловч өөрөө хоригдсон байгаа тул хохирогч нартай уулзах, тэдэнд тодорхой санал тавих боломжгүй ч ах дүү нараараа дамжуулан хохирол барагдуулах ажиллагааг итэвхтэй явуулж байгаа болно. Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд Ц.Т-ыг заавал нийгмээс тусгаарлах байдлаар түүнийг нийгэмшүүлэх зайлшгүй хуулийн шаардлага үүсээгүй гэж үзэж байгаа тул Ц.Тын хувийн байдлыг харгалзан үзэж гурван хүүхдийн аавыгаа санан бэтгэрч байгаа нөхцөл байдалд энэрэнгүй хандаж, түүнийг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү ...” гэв.
Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, арга хэлбэр, үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2025 оны 06 дугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсанаас хойш хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа боловч идэвхтэй үйлдэл гаргасан зүйл байхгүй. Гэмт хэргийн эхний үйлдэл нь 2025 оны 03 дугаар сараас эхэлсэн байдаг. 2025 оны 09 дүгээр сараас шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд хохирол төлбөр төлөх талаар бодитой илэрхийлсэн гэж үзэхгүй байна. Шүүгдэгч Ц.Т-д торгох болон хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх боломжгүй. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хорих байгууллагад хоригдож байх хугацаандаа ажил хийж хохирол төлбөрөө барагдуулах боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Шүүгдэгч Ц.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух Д.З-аас буяны үйл ажиллагаа хийж өгөх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 00000, 00000 дугаарын дансаар дамжуулан 2,545,000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.З: “...Манай аав 2024.12.19-ний өдөр нас барсан ба алтан хайрцгийг нээлгэх шаардлага гараад танил Ц.Т-той холбогдсон ба өөрийгөө Амгалан буян ХХК-г үүсгэн байгуулсан гэж өмнө надад хэлж байсан. ..Тэгээд бид нар буяны ажлаа даалгахаар “Амгалан буян” ХХК-д хандахад захирал нь гэж З бид нартай уулзаад гэрээ хийх шаардлагагүй захиалгын хуудас бичээд өгье гэж хэлээд гэрээ хийлгүй захиалгын хуудас бичиж нийт 2,500,000 төгрөг гаргуулж авахаа болсон ба сүүлд нь 45,000 төгрөгийг сүр гэх зүйл авна гэж хэлээд нийт 2,545,000 төгрөг авсан. ..Тэгээд 2024.12.22-ны өдөр газраа сонгосон ба тухайн газар хариуцсан хүн нь “Амгалан Буян” ХХК-ний хүмүүс луйварчин, газрын мөнгөө өгдөггүй гэж хэлсэн. ...Тэгээд би Ц.Т-ыг олж уулзаад “..чи яасан бэ, ямар найдваргүй юм бэ, манай ХХК чадна гэж хэлээд ямар ч гэрээ байгуулаагүй шүү дээ чамд итгэж байхад хүнийг ингэж болохгүй” гэхэд Ц.Т “газрыг чинь ухуулсан, чулуу хайрцаг бэлэн байгаа” гэж хэлсэн. ..Тэгэхэд Ц.Т асуудалгүй ээ би бүх зүйлийг бэлдээд өгчихнө, буяны ажилд явах жолоочийн дугаарыг өгнө, найдвартай” гэж хэлэхээр нь би шууд Төв аймаг руу яваад аавын газар дээр очоод газраа ухуулаад байж байхдаа Ц.Т руу залгахад утсаа аваагүй, жолооч нь бас утсаа авахгүй байсан. ..Тэгээд буяны ажил хугацаагүй болоод болохоо байгаад Ц.Т, буяны хөсгийн жолооч руу “болилоо ирээд хэрэггүй чулуу, хайрцаг байх юм чинь яаж буяны ажил хийх юм бэ” гээд мессеж бичээд өөр буяны ХХК-д хандан буяны ажлаа хийлгэсэн. ..Үүнээс хойш Ц.Т, З нар нь утсаа авахгүй холбоогүй байгаад байхаар нь ажил явдал дууссаны дараа Ц.Т-ын оффис дээр очиж уулзахад Ц.Т “хайрцаг чулуу чинь бэлэн болсон байсан, чи ирэх хэрэггүй “ гэсэн болохоор очоогүй” гэж хэлсэн. ....Тэгэхээр нь би үнэн юм бол хайрцаг, чулууны зургийг харуулаа” гэхэд харуулах зүйл байхгүй, юм хэлж чадахгүй байсан. ..Ц.Т хохирлыг барагдуулна гэж хэлсээр байгаад сүүлдээ намайг фейсбүүкээр блок хийсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 13-15/,
гэрч Д.З: “...2024.12.19-ний өдөр Ц.Т /шүүгдэгч/ над руу яриад “манай найз Д.З-ын аав нас барсан байна, одоо манай Амгалан Амирлахуй ХХК дээр ирж захиалга өгнө чи захиалгын аваад өг” гэж хэлсэн. ..Тэгээд би ажил дээрээ очиж Д.З-тай уулзахад 2,5 сая төгрөгийг багц сонгосон. ..Тэгээд Д.З нь эхлээд 1 сая төгрөгийг шилжүүлсэн. ..1 сая төгрөгөөс 450,000 төгрөгийг Ц.Тын Хаанбанкны 000000 тоот данс руу гүйлгээний утга дээр нь “88” гэж шилжүүлсэн. ..200,000 төгрөгийг түрээсийн жолооч М гэх хүний 0000 тоот данс руу “түрээс” гэж шилжүүлсэн. ..Харин үлдэгдэл 350,000 төгрөгийг хайрцагны захиалга хийж Хаанбанкны 0000 тоот данс руу шилжүүлсэн. ..2024.12.20-ноос 21-ний хооронд Д.З нь над руу залгаад “Ц.Т утсаа авахгүй байна, манай ажил юу болж байна” гэхээр нь би Ц.Т руу залгаад “Д.З чамайг утсаа авахгүй байна, манай ажил юу болж байна” гээд асуугаад байна гэхэд Ц.Т “...асуудалгүй бүх юм болчихсон” гэж хэлсэн. ..Тэгээд би Д.З руу залгаад “та хэд өөрсдөө учраа олоорой би мэдэхгүй шүү” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 23-25/,
“Амгалан Буян” ХХК нь СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй талаарх мөрдөгчийн тэмдэглэл /1хх 103/,
шүүгдэгч Ц.Т яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн Д.З-аас авсан мөнгөөр 1xbet тоглодог байсан. ..Тэгээд 1 сая төгрөгөөр 1 удаа, 400,000 төгрөгөөр 1 удаа, 11,000 төгрөгөөр 1 нийт 1,411,000 төгрөгийг 1xbet мөрийтэй тоглоом тоглоход зарцуулж дуусгасан. ...Мөн Д.З-аас авсан 1,462,000 төгрөгөөр 1xbet тоглож дуусгасан. ...Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 112/,
хохирогч Д.З-ын дансны хуулга /1хх 30/, шүүгдэгч Ц.Т-ын дансны хуулга /1хх 42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх 43-46/ зэрэг баримтуудаар,
2. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Х.Х-ыг өөрийн ажиллуулж байгаа буяны байгууллагыг хамтарч ажиллуулъя, завсар үйлчилгээ хийх шаардлагатай байна гэж хуурч, түүнд үйл ажиллагаа явуулдаг гэх барилгыг зааж өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгэл төрүүлж түүнээс нийт 14,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Х.Х: “...2024.10.09-ний өдөр Ц.Т “буяны байгууллага байгуулж хамтарч ажил хийе” гэж хэлэхээр нь би Хас банкнаас 15 сая төгрөгийг цалингийн зээл авч Ц.Т-ын Хаанбанкны 0000 гэсэн тоот данс руу өөрийн Голомт банкны 0000 дугаартай 8 сая төгрөг, Хасбанкны 0000 дугаартай данснаас 7 сая төгрөгийг шилжүүлсэн. ..Тэгээд Ц.Т СХД-ийн 19 дүгээр хороо, нэгдсэн эмнэлгийн зүүн талд байх саарал өнгийн 2 давхар барилга байгаа гэж хэлсэн. ...2024.10.09-ний өдөр очиж үзэхэд “Амгалан буян” гэсэн бичигтэй оффис байсан ба 2024.11.21-ний өдөр очиход “Амгалан буян” үйл ажиллагаа явуулахаа больчихсон “Авшиг буян ХХК” болчихсон байсан. ...Ороод Ц.Т байгаа юу гэхэд “Ц.Т нь Амгалан буян ХХК”-г ажиллуулахаа больчихсон” гэж хэлсэн. ...Ц.Т руу залгаад юу болсон талаар асуухад “ажиллахаа больсон, дараа уулзаад тайлбарлаж хэлье” гэж хэлээд алга болсон. ...” гэх мэдүүлэг /1хх 130-131/,
хохирогч Х.Х дахин: “...2024.06.10-ны өдөр Ц.Т залгаад “хайрцаг, савны мөнгө хэрэгтэй болоод байна 7 хоногийн дараа өгье” гэж хэлээд 2 сая төгрөг авсан. ..2025.10.09-ний өдөр Ц.Т бид 2 СХД-т байрлах нэгдсэн эмнэлгийн зүүн талд байрлах саарал өнгийн барилга руу орж 2 давхрын хар бор өнгийн хаалгаар орж “энэ оффис” гэж хэлсэн. ..Тэгээд бид 2 хамтран ажиллахаар болж Ц.Т-ын данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 11,500,000 төгрөг шилжүүлсэн. ..Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 133/,
шүүгдэгч Ц.Т яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Х.Х-оос 14,500,000 төгрөг авснаас, 2 сая төгрөгийг зээлж авсан. Үлдсэн 12,500,000 төгрөгийг хамтарч ажиллана гэж хэлсэн авсан. .....Х.Х-оос авсан мөнгөөр тухайн өдөртөө өөрийнхөө өрийг дарж дуусгасан. ...Үлдэгдэл 7,500,000 төгрөгийг оффисын түрээс, ажлын бараа материал авахад зарцуулсан. ...Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /2хх 11-12/,
хохирогч Х.Хын дансны хуулга /1хх 217, 220, 223, 226/, шүүгдэгч Ц.Т-ын дансны хуулга /1хх 235-237, 240, 243/ зэрэг баримтуудаар,
3. 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Ч.Ц-д өөрийгөө “Амгалан-Буян” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг түргэний машинаар үйлчилье, өөрийнхөө цехээс оршуулгын хөшөө, суварга, хайрцаг хийж өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс нийт 3,700,000 төгрөгийг өөрийн Хаан банкны эзэмшлийн 0000 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Ч.Ц: “...Миний төрсөн дүү О-ийн найз болох Ц.Т нь “бэлэн мөнгөний хэрэгтэй байна та мөнгө өгөөч би хариуд нь өөрийнхөө түргэний машинаар үйлчилье өөрийнхөө цехээс оршуулгын хөшөө, суварга, хайрцаг хийж өгье” гэж хэлээд гуйгаад байхаар нь би 2024.03.20-ны өдрөөс 03.27-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 2,340,000 төгрөгийг би өөрийн болон төрсөн дүүгийнхээ данснаас Ц.Т-ын Хаанбанкны 0000 дугаартай данс руу шилжүүлсэн. ..Гэвч Ц.Т нь надаас авсан мөнгөнийхөө оронд хийж өгнө гэсэн ажлаа хийж өгөөгүй, утсаа салгаад алга болсон. ...” гэх мэдүүлэг /2хх 36/,
хохирогч Ч.Ц дахин: “...Ц.Т нийт 3,700,000 төгрөгийг авсан. ...Үүнээс жижиг бурхан, хадаг, цөгц өгснийг хасаад нийт 2,340,000 төгрөгийн үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа. .Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ...” гэх мэдүүлэг /2хх 84/,
шүүгдэгч Ц.Т яллагдагчаар: “... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /2хх 82, 92/,
хохирогч Ч.Ц-гийн дансны хуулга /2хх 37-38, 40-12/, шүүгдэгч Ц.Т-ын дансны хуулга /2хх 64-70/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Т-ыг “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх төдийгүй, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга, үргэлжилсэн үйлдлээр 3 хохирогчид хохирол учруулсан, хохирлоо төлөөгүй зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийн дагуу гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
4. Шүүгдэгч Ц.Т болон түүний өмгөөлөгч Б.Борхүү нараас гаргасан “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар тусгайлан олгосон бүрэн эрх юм.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний бусдын уй гашуутай, сэтгэл санаа тавгүй байх үеийг далимдуулан бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлж барагдуулаагүй зэрэгт тус тус тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Т-ын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/2180 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Б.Борхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ын цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ