2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2026/00884

 

 

 

 

 

 

 

 

        2026            01             19                                     192/ШШ2026/00884

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 03 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,*******, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө 37/1 тоот хаягт байрлах “Жи Эс Би капитал ББСБ” ХХК (РД:5416078)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******-нд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 44,620,796.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Үүрийнтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариун-Эрдэнэ нар оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,620,796.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч нь автомашин худалдан авах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 сарын хугацаатай 2.9 хувийн хүүтэй 39,500,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ******* улсын дугаартай Volvo FM12 маркийн автомашиныг барьцаалж фидуцийн гэрээ байгуулсан.

1.2.Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учир бид хуваарийн дагуу зээлийг төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байсаар байна. Иймд үндсэн зээл 33,424,898.12 төгрөг, үндсэн хүү 10,449,358.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,540.16 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 44,620,796.65 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Би нэхэмжлэгч компаниас 2021 оны 07 дугаар сард зээл гаргуулан 2003 онд үйлдвэрлэгдсэн Volvo FM12 маркийн авто чирэгчийг худалдан авсан. Уг авто чирэгчээр 2 удаагийн тээвэрт яваад хил хаагдаж ажилгүй болсноор зээлийг төлөхөд хүндрэл үүсэж 2023 онд зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Улмаар барьцаа хөрөнгө болох авто чирэгчийг нэхэмжлэгч компанийн хашаанд аваачиж тавьж, кропыг нь 7,000,000 төгрөгөөр тавьж зээл хаагдсан гэж ойлгосон гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, нотариатын үйлчилгээний хөлс төлсөн баримт, “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дэд хорооны хурлын шийдвэрийн хураангуй гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЗГ0307230145 дугаар зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны хуулга, зээлийн гүйлгээ хийх шийдвэр гэх баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг,

Хариуцагч талаас хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,620,796.65 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь автомашин худалдан авах зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20 сарын хугацаатай 2.9 хувийн хүүтэй 39,500,000 төгрөгийг зээлж авсан боловч зээлийг эргэн төлөөгүй хугацаа хэтрүүлж, үндсэн зээл 33,424,898.12 төгрөг, үндсэн хүү 10,449,358.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,540.16 төгрөгийн үлдэгдэлтэй ба шүүхэд хандахад нотариатын зардалд 14,000 төгрөг зарцуулсан гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...2024 онд барьцаа хөрөнгө болох авто чирэгчийг нэхэмжлэгч компанийн хашаанд тавьж, кропыг нь сольж өгснөөр зээл хаагдсан...” гэж дурдсан ба шүүх хуралдааны товыг түүнд хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх баримт, мэдээллийг шүүхэд урьдчилан мэдээгдээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзэж, түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Зохигч талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэг талаас 39,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийг эргэн төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцох, нөгөө талаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл 39,500,000 төгрөг, зээлийн хүү 15,875,678.38 төгрөг, нийт 55,375,678.38 төгрөг төлөх нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 12-14 дэх тал)

 

5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлөөс үзэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” байгуулагдсан байх бөгөөд тус гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч талууд маргаагүй.

 

5.1.Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

6.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “барьцаа хөрөнгө болох авто чирэгчийг нэхэмжлэгч компанийн хашаанд тавьж зээл хаагдсан” гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар барьцаа хөрөнгийг хэдэн төгрөгт тооцож, хэнд хүлээлгэж өгсөн болохоо баримтаар нотлох үүрэгтэй.

 

6.1.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө болох авто чирэгчийг хүлээж авсан гэх байдал тогтоогдохгүй байх тул “зээл хаагдсан” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

 

7.Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “зээл хаагдсан” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч компанийн зээлийн хүүгийн тооцооллыг баримтаар няцаагаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч компанийн “үндсэн зээл 33,424,898.12 төгрөг, үндсэн хүү 10,449,358.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 732,540.16 төгрөг” гэх тооцооллыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

8.Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор шүүхэд гаргаж өгөх нотлох баримтыг бүрдүүлэхэд 14,000 төгрөгийн зардал гаргасан болох нь баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь нотариатын үйлчилгээний хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

 

9.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас үндсэн 44,620,796.65 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэлээ.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 381,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* 44,620,796.65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 381,054 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД